Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 47

 

Б-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0047/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогч М-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдлоор Б-т холбогдох эрүүгийн 1839005720069 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Биндэр суманд 1974 онд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-н Б нь

2018 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.7.а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Н-н Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч  Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэх тоолж, эд мөрийн баримтаар “HYUNDAI grace” маркийн автомашиныг хураагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HYUNDAI grace” маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож автомашиныг эзэмшигч Б-т олгож, хэргийн хамт шүүгдэгч Б-ын В ангиллын жолоочийн үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хохирогч М нь өвчтэй байсан хугацаандаа өөрийнхөө болон эхнэрийнхээ авах байсан цалин хөлс, мөн өөрөө тэтгэврийн нас хүртлээ авах байсан цалин хөлс, өмгөөлөгчид төлсөн зардал, хүүхдийнхээ сургалтын зээлийн төлбөр зэрэгт тооцож 244.403.627 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчид төлсөн зардал болох 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 242.403.627 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хохирол төлбөр төлөгдөөгүй, хохирогчийн эрүүл мэнд муу дахин хагалгаанд орох шаардлагатай байхад анхан шатны шүүх Б-т тэнсэн харгалзах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн хохиролтой холбогдсон нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар байтал, гэм хор учруулснаас үүссэн хохирол, төлбөрийг барагдуулаагүй, Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2, 1.7 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 228.1, 228.3, 228.6, 229.2, 497.1, 505.1, 506, 507.1, 509.3, 510.1-т зааснаар хохирол арилаагүй байхад тэнсэн харгалзах ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тайлбарын 6.1.9-т “бодит хохирол болон олох ёстой орлогыг хамруулж ойлгоно, гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно”, 6.1.3-т “эрүүл мэндэд хор хохирол учирсан бол буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлд заасны дагуу хохирогчийн эмчилгээний бодит зардал, хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө олох байсан орлого түүний хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө, олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин орлого, авсан тэтгэвэр, тэтгэлгийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсаны хувь хэмжээ нь тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ихсэх, багасах тохиолдолд гэмт хор учруулсны төлбөр өөрчлөгдөх хэмжээгээр өөрчлөгдөж нэмэгдэнэ” гэж тус тус заасан. Мөн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай тайлбарт “зам тээврийн ослоос учирсан эрүүл мэндийн хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэнэ”, “учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь нэг мөр шийдвэрлэнэ” гэж заасан байтал хуулийг зөв хэрэглэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ гэмт хэргийн улмаас их хохирсон. Эхнэр бид хоёр цалингийн зээлтэй бөгөөд анх зээл авахдаа өрхийн орлогоо тооцоолж авсан. Би одоо группийн 315000 төгрөг авдаг. Би хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгээгүй, улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Учир нь надад хувийн эмнэлгээр явах мөнгө байгаагүй. Би ах дүү нараасаа мөнгө зээлж эмчилгээ хийлгэж байна. Би сэтгэл санааны хувьд их хохиролтой байна. Миний биед одоо 7 хадаас байгаа, авахуулж болохгүй, эдгэрэхдээ доголон болно гэж эмч хэлсэн. Би эрүүл болж, эхнэр, хүүхдэдээ тус дэм болохыг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш Б- надтай холбогдоогүй, залгахаар утсаа авдаггүй гэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би М-тэй холбоо барих гэж 8 дугаар сард хоёр, 9 дүгээр сард нэг удаа залгасан боловч утсаа аваагүй. Хохирол төлбөрийн хувьд шүүх хохирол гаргуулахаар шийдвэрлэвэл төлнө гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх цагаатгах болон шийтгэх талын нотлох баримтуудыг бүрэн судалж шийдвэр гаргасан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангах хэмжээнд нь үнэлж, дүгнэж хохирол төлбөрийг тогтоосон. Шүүгдэгчийн хувьд нийт 12000000 төгрөгийн хохирол, төлбөрийг хохирогчид өгсөн бөгөөд өөрийн боломж бололцоогоороо хэсэгчлэн өгсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг өгнө гэдгээ илэрхийлсэн.

Нэгдүгээр хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд 12000000 төгрөгийн хохирол төлсөн баримт, нэгдүгээр хавтаст хэргийн 168-221, хоёрдугаар хавтаст хэргийн 1-53 хуудсанд хохирогч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд байдаг. Эдгээр баримтууд дотор ахуйн хэрэглээний 1872384 төгрөгийн баримт байсан бөгөөд үүнээс архи тамхи зэрэг зардалд 617115, хүүхдийн шүдний эмчилгээний зардал, хичээлийн хэрэгсэл зэрэг гэмт хэргийн улмаас үүссэн шууд зардалд хамаарахгүй 438042, гар утасны нэгжийн зардалд 643742, эмийн эмчилгээ хийлгэсэн зардалд 334200, замын зардал 1047035, шаардлага хангахгүй баримтууд 854318, ном уншуулсан зардалд 226500 төгрөг тус тус зарцуулсан баримтууд байсан бөгөөд нийт эмчилгээний зардалд 4069159 төгрөг зарцуулсан байсан. Эдгээр зардлууд нь Б-ын М-гийн эмчилгээний зардалд өгсөн 12000000 төгрөгөнд орсон байсан. Гэвч шүүхээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэвэл төлөхөө илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд хавтаст хэргийн хүрээнд хохирлыг тооцож шийдвэрлэсэн ба нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Б- төлж барагдуулсан байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар шүүхэд шийдвэрлэх асуудлыг нь нээлттэй үлдээсэн. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-т холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б-ын 2018 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.7.а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүйгээс гадна хэрэгт шалгавал зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Б-ын үйлдлийн санаа зорилго, сэдэлтийг зөв тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА