Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0076

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2024/0078 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 123/2024/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2024/0078 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Би Н.Бгийн төрсөн эгч Н.Б гэж хүн байна. Би дүүгээ төлөөлж тус шүүх хуралдаанд оролцож байна.

3.1. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэд нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авч өмчлөх, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь хуульчилж өгсөн байдаг. Мөн тухайн өмч хөрөнгийг төр хууль бусаар хураан авахыг хориглосон. Мөн захиргааны байгууллагын үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх, ил тод байх, зорилго бодит нөхцөл байдалд тохирсон байх, шийдвэр нь хуульд үндэслэлтэй байх зэрэг зарчмуудыг мөн тусгаж өгсөн. Сэргэлэн сумын Засаг даргын гаргаж буй шийдвэр нь ил тод, нээлттэй мөн Захиргааны хуульд зааснаар сонсох ажиллагааг бодитой явуулах ёстой байсан. Тухайн иргэн мэдэх боломжтой суваг сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэнд мэдээлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал сонсох ажиллагааг явуулсан гэж 2 зүйлээр тайлбарладаг. Нэгдүгээрт, нэхэмжлэгчид 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгийг 25-ны өдөр хүргүүлсэн гэдэг. Гэвч энэ албан бичгийг 2023 оны 11 дүгээр сард Н.Бд мэдэгдсэн. Үүнийг илгээснээс хойш 3 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Н.Б мэдсэн байдаг.

3.2. Дараагийн нэг зүйл нь “Зууны мэдээ” гэх сонинд бид мэдээлсэн гэдэг. Гэтэл гадаад улсад суугаа иргэн Зууны мэдээ сониныг харах ямар ч боломжгүй. Хятад улсад Зууны мэдээ сониныг захиалан унших боломж байхгүй. Иргэнд мэдээлэл хүргэх сувгуудыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд маш дэлгэрэнгүй зааж өгсөн. Өөрөөр хэлбэл утсаар, мессежээр, тухайн хүнтэй харилцах ямар боломж байна тэр бүх зүйлүүдээр мэдээллийг хүргэх ёстой гэдэг. Гэвч зөвхөн хэлбэрийн төдий шаардлага хангасан нэртэйгээр хийж байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааг илтгэж байна. Дээрээс нь тухайн иргэний өмчлөх эрхэд шууд, ноцтойгоор халдсан. Мэдээж олон тооны иргэнд газар, сонсох ажиллагааны талаар мэдээллийг хүргүүлж байгаа байх. Гэвч тухайн нэгж талбарын дугаартай гэрчилгээтэй газар дээр зөвхөн Н.Бгийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Иргэний асуудал хөндөгдөж байгаа учраас тухайн иргэнийг сонсох ёстой. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дүгээр захирамжаар зөвхөн Н.Бгийн өмчлөх эрхийг дуусгавар, хүчингүй болгосон. Тухай захирамж зөвхөн Н.Бгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг ярьж байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд зааснаар 20 дээш иргэдийн сонсох ажиллагаа гэдэгт хамаарахгүй. Тухайн хүний субьектив эрх буюу газар өмчлөх эрхийг хөндөж ярьж байгаа учраас нэхэмжлэгчийг сонсох ёстой байсан.

3.3. Иргэний өмчлөх эрхийн асуудлыг шийдвэрлэхэд шүүхээс эрх ашгаа хамгаалах, мэтгэлцэх боломжийг нь хангаагүй. Төлөөлөх эрхгүй шүүх хуралдаанд оролцсон, 2024 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр 90 хоногийн хугацаатай итгэмжлэл авсан Т.Х, мөн хавтаст хэрэгт 4 дүгээр сард итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Ж гээд хүн авагдсан ба итгэмжлэл нь 7 дугаар сард дууссан байхад 9 дүгээр сард шүүх хурал болж энэ асуудлыг шийдсэн. Процессын алдаатай, тухайн иргэний өмчлөх эрхэд халдсан учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Б нь “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/103 дугаар захирамжаар Б.Т-ын эзэмшиж байсан 4109048638 нэгж талбарын дугаартай, тус сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байрлах 15 га газрыг нэхэмжлэгч Н.Бд шилжүүлж, 15 жилийн хугацаатай хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №04167-2018/00179 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна.

3.2. Мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/359 дүгээр захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан.

3.3. Дээрх шалгалтаар нэхэмжлэгч Н.Б нь эзэмшиж буй газраа 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон байна.

3.4. Улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1331 дүгээр захирамжаар Н.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

4.2. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамал М.А, нэхэмжлэгч Н.Б нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №04167-2018/00179 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 7.3-д “Газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06-р сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07-р сарын 01-ний дотор багтаан дүгнэнэ” гэжээ.

4.3. Гэтэл нэхэмжлэгч Н.Б нь тус сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байрлах 15 га газрыг 2018 онд эзэмшиж авснаас хойш зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний биелэлтийг тайлагнаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

4.4. Нэгэнт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон тул Н.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1331 дүгээр захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй ... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрээг дахин байгуулсан байхад шүүх 2021 онд гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл” гэж тайлбарлаж байна.

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №04167-2018/00179 дугаартай гэрээ нь гарын үсэг, тамгагүй, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №04167-2018/00179 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-тэй ижилхэн дугаартай байх ба 2021 онд маргаан бүхий газарт гэрээ байгуулагдаагүй болох нь Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа, тус сумын газрын даамал Б.Х-ийн өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

5.2. Мөн, хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хэрхэн явуулсан, нэхэмжлэгчээс мэдэх боломжгүй байснаас үл хамаараад эзэмшиж авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй 5 жил болсон, Н.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2024/0078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ