Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Хуланшагай, Г.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдинсүрэнгийн Хуланшагай, Готовын Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201625021448 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Алтанговь гудамж, 14 дүгээр байр, 28 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол 09 дүгээр байрны орчимд байрлах Түрээсийн нийтийн байрны 25 тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ОЕ84071717 / Элжгэн овогт Дамдинсүрэнгийн Хуланшагай,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 48 дугаар гудамж 603а тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол 09 дүгээр байрны орчимд байрлах Түрээсийн нийтийн байрны 25 тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан,

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 475 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих,

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 164 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

4. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 325 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

5. Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 463 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих,

6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЛЖ 68050806 / Боржигон овогт Готовын Отгонбаяр нар нь:

Д.Хуланшагай нь Г.Отгонбаяртай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Смайл" нэртэй баарны гадна Ч.Батжаргалтай төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гар болон хөлөөрөө өшиглөж цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Г.Отгонбаяр нь Д.Хуланшагайтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Смайл" нэртэй баарны гадна өөрийн нөхөр Г.Отгонбаярыг өмөөрч иргэн Ч.Батжаргалын нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Батжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хөзөр тоглож байгаад том Мөөгий, нүдэн хоёр архи ууя гэхээр нь нэг шил архи дэлгүүрээс авч өгсөн. Тэгээд ууж байтал Д.Хуланшагайгийн эхнэрийн төрсөн өдөр гээд 100 айлын автобусны буудлын урд талын бааранд орцгоосон. Тэнд ороод 9-үүлээ нэг шил архи авч ууцгаасан. Би харих гээд тооцооны 5000 төгрөгөө өгчихөөд баарнаас гарах гэтэл Д.Хуланшагай ирээд “ 8500 төгрөг өг “ гэхээр нь “ Ах нь тооцоогоо өгсөн. Би 5000 төгрөг өгсөн “ гэхэд миний толгойны ар тал руу цохихоор нь түүнийг түлхээд баарнаас гарсан. Гэтэл Д.Хуланшагай араас ирээд шууд зүүн шанаа руу цохиж унагаад газар унасны дараа миний толгой, бие рүү маш олон удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хөлийг нь бариад автал Д.Хуланшагайгийн эхнэр нь ирээд миний нүүр рүү өшиглөж хөлийг нь тавиулсан. Д.Хуланшагайгийн эхнэр нүүр рүү 1-2 удаа өшиглөж миний хөмсгийг сэтэлсэн. Д.Хуланшагай миний ам руу цохиж уруулыг сэтэлсэн. Энэ хоёр миний биед учирсан гэмтлийг хоёулаа учруулсан. Хагалгаа эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. / хх 10-11 /

 

Гэрч Т.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Манайд үйлчлүүлсэн хүмүүсийн тооцооноос 8500 төгрөг дутсан. Би нэг шар царайтай хүнээс дутсан мөнгийг нэхэхэд “ Дээшээ гараад аваад ирье “ гэхээр нь араас нь гартал хамт явсан ахыгаа “ Тооцоогоо хий “ гэхэд тэр хүн нь “ Би эхний тооцоогоо хийсэн. Одоо хийхгүй “ гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд барьцалдаад авахаар нь манай хамгаалагч М.Баярбат салгасан. Баарнаас гараад баруун тийшээ явж байснаа шар царайтай ах нь хөгшин ахын нүүр рүү 1-2 удаа гараараа цохьсон. Тэгээд нөгөө цохиулсан ах зам руу алхаж байтал нөгөө шар царайтай ах араас нь очиж дахиж цохиод настай ах унасан. Унаад хөлийг нь бариад автал шар ахын эхнэр нь бололтой эмэгтэй нөгөө ахыг хөлийг нь тавь гээд 1-2 удаа нүүр рүү нь өшиглөсөн гэжээ. / хх 12-13 /

 

Гэрч М.Баярбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед "Смайл" бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Д.Хуланшагай болон хамт орж ирсэн хүмүүс нь тус тусдаа тооцоогоо хийчихсэн байсан. Харин Д.Хуланшагай нь тооцоогоо дутуу хийчихсэн байсан юм шиг байна лээ. Тэгээд тэр хамт явж байсан хөгшин хүнтэйгээ тооцооноосоо болоод муудалцсан юм. Намайг гараад харахад хажуу талын "Бас нэг" нэртэй авто угаалгын газрын хашааны дэргэд Д.Хуланшагай хамт явсан арай хөгшин хүнийгээ хэд хэдэн удаа цохиод газарт унагаагаад чирээд дээрээс нүүр рүү нь өшиглөөд, гараараа цохиод Д.Хуланшагайтай хамт явсан хөгшин эмэгтэй ар өврөөс нь тэр газарт унасан хөгшин эрэгтэйг зодож цохиж байсан.Тэр газарт байсан хүний нүүр амнаас нь маш их цус гарсан, нүд ам нь хөхөрсөн, хамар амнаас нь цус гарчихсан байсан. Зодоон болсон газарт камер байхгүй гэжээ. / хх 69-70 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6392 тоот  дүгнэлтэнд:

1. Ч.Батжаргалын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд шархтай, доод уруулд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 16 /

Хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зураг / хх 19 /

Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 33, 64 /

           Шүүгдэгч Хуланшагайг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр / хх 29-31 /,  2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 47-48 /

Шүүгдэгч Г.Отгонбаярыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр / хх 43-44 /, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 45-46 /  зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хуланшагай мэдүүлэхдээ: Тэр өдөр сааданд 4-н хүн хөзөр тоглож байхыг хараад байж байтал нэг хөгшин ах нь 0.75л архи авчруулж, 5-уулаа хувааж уусан. Тэгж байтал манай эхнэр ирээд нөгөө ах дахин 0.75л архи авч 9-үүлээ хувааж уусан. Тэгээд манай эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэхээр “ Смайл “ бааранд орж дахин 1ш архи авч уугаад дуулж байгаад гарцгаасан. Караокеноос гарах гэтэл тооцоо дутуу байна гэхээр нь би Ч.Батжаргал ах дээр очоод “ Ганц мөнгөтэй нь та байна. Тооцоогоо гүйцээгээд хийчих “ гэхэд би яахаараа хийдэг юм бэ гээд намайг цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд 1-2 удаа цохьсон. Тэгээд гадаа салхинд цохиулаад яаснаа сайн мэдэхгүй байна.

Ч.Ба

тжаргал ахад учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардалд эхнэр бид хоёр 400.000 төгрөг төлсөн. Цаашид хагалгааны төлбөрийг төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Отгонбаяр мэдүүлэхдээ: Тэр өдөр миний төрсөн өдөр байсан юм. Бид нар караокед 7-8-уулаа Ч.Батжаргалын хамт орсон. Тэнд 0.5л архи 2 шилийг авч уусан. Тэгээд явахаар болоод би Мөөгий, Тулгаа 2-ын эхнэртэй түрүүлж гараад ТҮЦ-нээс тамхи аваад ундаа уусан. Тэгтэл энэ 2-ыг муудалцаад байна гэхээр нь би салгах гэтэл намайг түлхээд унагаачихсан. Би босоод өөрийг нь түлхтэл хөдлөхгүй байхаар нь өшиглөсөн нь үнэн. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Д.Хуланшагай, Г.Отгонбаяр нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Смайл" баарны гадна иргэн Ч.Батжаргалыг төлбөрөө бүрэн төлсөнгүй гэх тооцооны асуудлаас болж маргалдан улмаар Д.Хуланшагай нь түүний нүүрэн тус газарт гар болон хөлөөрөө цохиж, өшиглөн, Г.Отгонбаяр нь нөхрийгөө өмөөрч түүний нүүр рүү өшиглөж, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Д.Хуланшагай ирээд 8500 төгрөг өг гэхээр нь “ Ах нь тооцоогоо өгсөн. Би 5000 төгрөг өгсөн “ гэхэд миний толгойны ар тал руу цохихоор нь түүнийг түлхээд баарнаас гарсан. Гэтэл Д.Хуланшагай араас ирээд шууд зүүн шанаа руу цохиж унагаад газар унасны дараа миний толгой бие рүү маш олон удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хөлийг нь бариад автал Д.Хуланшагайгийн эхнэр нь ирээд миний нүүр рүү өшиглөж хөлийг нь тавиулсан. Д.Хуланшагайгийн эхнэр нүүр рүү 1-2 удаа өшиглөж миний хөмсгийг сэтэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ч.Батжаргалын мэдүүлэг / хх 10-11 /, ... Тооцооноос болж тэд маргалдаад шар царайтай ах нь хөгшин ахын нүүр рүү 1-2 удаа гараараа цохьсон. Цохиулчихаад зам руу алхаж байтал нөгөө шар царайтай ах араас нь очиж дахиж цохиод настай ах унасан. Унаад хөлийг нь бариад автал шар ахын эхнэр нь бололтой  эмэгтэй нөгөө ахыг хөлийг нь тавь гээд 1-2 удаа нүүр рүү нь өшиглөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг / хх 12-13 /,  ... "Бас нэг" нэртэй авто угаалгын газрын хашааны дэргэд Д.Хуланшагай хамт явсан арай хөгшин хүнийгээ хэд хэдэн удаа цохиод газарт унагаагаад чирээд нүүр рүү нь өшиглөөд, гараараа цохиод Д.Хуланшагайтай хамт явсан хөгшин эмэгтэй ар өврөөс нь тэр газарт унасан хөгшин эрэгтэйг зодож цохиж байсан. Тэр газарт байсан хүний нүүр амнаас нь маш их цус гарсан, нүд ам нь хөхөрсөн, хамар амнаас нь цус гарчихсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Баярбатын мэдүүлэг / хх 69-70 /,  ... хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6392 тоот  дүгнэлт /  хх 16 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хуланшагай, Г.Отгонбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Хуланшагай нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Г.Отгонбаяр нь урьд ял шийтгүүлсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний ялтай хугацаанаас үлдсэн хугацаа нь өршөөгдсөн тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шүүгдэгч нар нь хохирогчид учирсан баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн зэргийг  хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Ч.Батжаргалын хавтаст хэрэгт өгсөн / хх 21-23 / эмчилгээний зардлын баримтыг тооцож үзэхэд баримтаар нотлогдсон нь 95.500 төгрөг болж байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн толгойн томографын шинжилгээ хийлгэсэн 80,000 төгрөгний баримтыг 3 удаа хуулбарлан өгчээ. Гэвч шүүгдэгч нар эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул тэдгээрийг төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамдинсүрэнгийн Хуланшагай, Готовын Отгонбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар Д.Хуланшагайг 350 цаг, Г.Отгонбаярыг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Хуланшагай, Г.Отгонбаяр нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Батжаргал нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Д.Хуланшагай, Г.Отгонбаяр нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурьдсугай.

 

            4. Д.Хуланшагай, Г.Отгонбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ