Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 113/ШШ2021/0011

 

  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигон овогт******* ************* Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг,************* тоотод оршин суух;

Хариуцагч:*******;

Говьсүмбэр аймгийн******* 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *******г төрийн албанаас халах тухай Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Говьсүмбэр аймгийн******* Тамгын газрын даргаар 2017 онд томилогдож, ажил үүргээ хариуцлагатайгаар хашиж ирсэн билээ. Тус Тамгын газар нь намайг хариуцан ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын хяналт шинжилгээ, үнэлгээгээр жил дараалан А, В үнэлүүлсэн болно. Намайг ажиллах хугацаанд удирдлагын зүгээс ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлдэггүйгээс гадна ажлаа өгөөрэй, багаа өөрөө бүрдүүлнэ гэж байнгын сүрдүүлэхээс гадна үндэслэлгүйгээр халах зорилгоор сүүлийн үед ажлын байран дээр байнгын бэлгийн дарамт үзүүлж, сэтгэл зүйн асар хямралд байлгаж, элдвээр дарамталсаар байгаад 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *******г төрийн албанаас халах тухай Б/07 дугаар захирамжаар үүрэгт ажлаас халлаа.

Баянтал сумын Засаг даргын энэхүү захирамжаас болж Үндсэн хуулиар олгогдсон миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх, цаашлаад Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2, 61.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1 зэрэг баталгаатай хангагдах ёстой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.

Баянтал сумын Засаг даргын энэхүү захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулахаар шүүхэд хандсан билээ. Учир нь сумын Засаг дарга******* нь 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумын Засаг даргаар томилогдсоныхоо дараагаар манай намыг дэмжээгүй, надад санал өгөөгүй хүмүүсийг мэдэж байгаа шүү. Цаашдаа хамтарч ажиллахгүй шүү гэх үгээр сүрдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийг дарамталж байсан. Үүнд би эгдүүцэж танд ийм эрх байхгүй, ийм зүйл ярих нь буруу гэж маргалдаж байлаа. Мөн миний хувьд удирдах албан тушаалтан болох Засаг даргын орлогч******* нь төрийн албанд олон жил ажилласан хэрнээ төрийн албан хаагчийн ёс зүйг огтхон ч сахидаггүй, ажлын байранд үргэлж согтуу байх бөгөөд бусдыг хүчээр айлган сүрдүүлж, доромжлох, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, ажил албан тушаалаар айлгаж дарамталдаг хүн юм. Тэдний зүгээс намайг халах, ажлаа өөрөөр минь өгүүлэх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 16-26-ны хооронд байнга согтуу ажил дээрээ ирж намайг дарамтлах, доромжлох үйлдлийг гаргав. Би ажил дээрээ үргэлж сэтгэлийн дарамттай ажиллаад, мөн бэлгийн дарамтанд орчихоод дээрээс нь нэр төр, ажил хэргийн алдар хүнддээ халдуулаад эцэст нь үндэслэлгүйгээр үүрэгт ажлаасаа халагдав. Миний хувьд бэлгийн эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх маань зөрчигдөөд байна гэжээ.

Хариуцагч Баянтал сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн******* Тамгын газрын дарга ******* нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргын Тамгын газрын шуурхай хурлын үеэр Засаг даргын орлогч дарга*******тай маргалдан хэл амаар доромжилж, сумын Тамгын газрын албан хаагчдаа хүндлэхгүй, ажлын байран дээр танхайрсан нь олон нийтийн цахим сүлжээнд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Мөрч.мн, Daam.mn, Paparazi.mn сайтуудаар цацагдаж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээх үүрэг, хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь манай байгууллагын төдийгүй нийт төрийн албан хаагчдын нэр хүнд, аймаг, сумын нэр хүндийг сэвтүүлж, иргэд олон нийтэд төрийн албыг сөргөөр ойлгуулсан ноцтой үр дагавар үүсгэсэн. ******* нь удаа дараа иргэдтэй зүй бус, ёс зүйгүй харьцаж байсан бөгөөд энэ талаар иргэдээс утсаар болон цахим сүлжээгээр гомдол мэдээлэл ирж байсан. Тухай бүрд миний бие аман хэлбэрээр, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, дүрэм журамд заасны дагуу иргэдтэй төдийгүй албан хаагчидтайгаа ёс зүйтэй харилцаж ажиллахыг удаа дараа амаар сануулж ажиллаж байсан. Иймд *******г Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасныг зөрчсөн гэж үзэж 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь халсан. ******* нь хурц ширүүн ааш зантай би бүгдийг хийж байна, би бүгдийг чадна, би бүгдийг мэднэ, би энэ сумыг хөгжүүлсэн гэж намайг загнадаг бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмыг баримталдаггүй, удирдах албан тушаалтан болох миний албан өрөөнд орж ирж дайрч давшилж, хэл амаар доромжилсон үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэлд дурдсан сумын орлогч дарга*******тай холбоотой үүссэн маргаан нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд *******г ажлаас халсан үндэслэл хамаагүй асуудал болно. Нэхэмжлэгч ******* нь сумын орлогч дарга*******тай хэрүүл маргаан үүсгэж төрийн албаны ёс зүйг зөрчсөн үйлдэл Мөрч, Даам, Папараци зэрэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, аймгийн Засаг дарга Г.Батзам нарын хяналтаар илэрсэн мэдээ баримтад үндэслэсэн болно. *******гийн Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-г зөрчсөн талаарх гомдол мэдээллийг Засаг дарга******* миний бие, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, мөн Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нэргүйцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны салбар зөвлөлийн ажлын хэсэг,******* Тамгын газрын Санхүүгийн албаны дарга*******, хууль эрх зүйн мэргэжилтэн******* нар шалгаж, холбогдох баримтыг цуглуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн******* 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *******г төрийн албанаас халах тухай Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Маргаан бүхий захиргааны акт нь нэгд, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр болохын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан хэм хэмжээнд нийцэх; хоёрт, захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны шийдвэр болохын хувьд түүнийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагаас хамаарч түүний хуульд нийцсэн, алдаагүй захиргааны актын шинжийг хангасан гэж үзнэ:

1/ Төрийн албан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал, уг албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж, төрөөс цалин хөлс авч байсан ******* нь төрийн жинхэнэ албан хаагч тул тус хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа түүнд нэгэн адил хамаарч, эрх бүхий албан тушаалтнаас хөдөлмөрлөх эрхэд нь халдсан аливаа шийдвэр гаргахад энэ хуулийг баримтална.

Говьсүмбэр аймгийн******* 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.1.2, 2.1.7, 3.1.1.а, 3.1.4.б, 3.1.5.б, 3.1.7.а, 3.1.7.б, 3.1.7.ё, 3.1.7.и, 4.4, 5.1, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.5.3, 3.2, 3.3.4, 3.4.3, 6.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.5, 10.6, 10.7, 12.1.1, 12.1.2, 12.1.4, 12.1.5, 12.1.7-д заасныг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ингэхдээ *******д холбогдох зөрчлийг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, ажлын байран дахь дэг журмыг зөрчсөн гэж маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон бол шүүхэд гаргасан Төрийн албаны салбар зөвлөлийн даргын томилсон ажлын хэсэг зөрчлийг шалган тогтоож, дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргаас А/533 дугаар албан бичгээр үүрэг чиглэл өгсөн, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан гэх хариуцагчийн тайлбарыг шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, зөрчлийг холбогдох хууль журмын дагуу шалгаж тогтоогоогүй, Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн Засаг дарга нь сахилгын зөрчлийг шалган тогтоох эрх хэмжээ байхгүй гэж нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, маргажээ.

Баянтал сумын Засаг даргын 2021 оны Б/07 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон байх тул төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг шалгах, түүнд сахилгын шийтгэл ногдуулах зэрэгт хуулиар тогтоосон холбогдох журмыг захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа баримтлах шаардлагатай болох нь дараах эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдоно.Үүнд:

(а) Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... /-ны/ шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, 48.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж заасан.

Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийн үндэслэлийг шалгах, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой аливаа харилцаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам үйлчилнэ.

Тус журмын 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримт бичгийг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно, 2.2-т ... албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно, 2.3-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна гэж зохицуулжээ.

Хариуцагчаас *******гийн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл олон нийтийн сүлжээнд цацагдсан, Төрийн албаны зөвлөл, аймгийн Засаг даргаас ирүүлсэн баримтад үндэслэсэн, гомдол мэдээллийг миний бие Засаг дарга*******,******* Тамгын газрын Санхүү албаны дарга*******, хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Бодьгэрэл болон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс томилсон ажлын хэсэг шалгаж, холбогдох баримтыг цуглуулсан гэж тайлбарлана.

Хэрэгт цуглуулсан******* 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 234 дүгээр албан бичиг,******* Тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, цалингийн сан батлах тухай А/01 дүгээр тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг[1] харьцуулан үзвэл******* Тамгын газарт дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан байхгүй, Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон гэх ажлын хэсэг нь түүнд хамаарахгүй гэж дүгнэв.

Гэрч М.Анхбаяр, Б.Ганбаяр, Б.Нэргүйцэцэг нарын аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргаас өгсөн нөхцөл байдлыг тодруулж, танилцуулах үүрэг чиглэлийн дагуу Баянтал суманд очиж ажилласан. Удирдлагуудад илтгэх хуудсаар танилцуулсан, түүнээс биш Баянтал сумын Засаг даргаас бидэнд үүрэг чиглэл өгсөн, эргээд түүнд тайлан, илтгэх хуудас хүргүүлсэн зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх зөвлөмж өгсөн. Төрийн албаны салбар зөвлөл нь ёс зүйн зөрчлийг шалгах эрх бүхий этгээд гэдэг утгаараа ажлын хэсэг байгуулсан гэх мэдүүлгийг[2], Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаар албан бичигт дурдсан ... үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж, *******гийн гаргасан үйлдэлтэй холбоотой ёс зүйн зөрчлийг тодруулж, танилцуулах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн гэх тайлбар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/533 дугаар албан бичигт ...*******, ******* нар нь ... ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргасан байх тул холбогдох хууль, журмын хүрээнд зөрчлийг шалган шийдвэрлэж, хариу ирүүлэх гэж заасан зэрэг үйл баримттай харьцуулан үзэхэд Төрийн албаны салбар зөвлөлийн даргаас /аман шийдвэрээр/ томилсон гэх ажлын хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийг шалгах чиг үүрэгтэй, дээрх журамд заасан бүтцийн нэгж биш, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд /дээрх журмын дагуу/ төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын зөрчлийг шалган тогтоох чиг үүргийг олгоогүй, ажлын хэсгийн зүгээс *******гийн сахилгын зөрчлийг шалган тогтоох үйл ажиллагаа явуулаагүй, аймгийн Засаг даргаас мөн зөрчлийг тогтоосон гэж үзэхгүй.

Төрийн албаны зөвлөл, түүний хянан шалгах комиссын[3] хувьд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д заасны дагуу олгосон бүрэн эрх нь тус зүйлийн 75.1-д заасан маргааныг, тухайн байгуулагаас хянан шийдвэрлэхэд л хамааралтай болохоос төрийн захиргааны аль нэг албан тушаалтны зөрчлийг тухайлан хянан шалгахад чиглээгүй байна.

Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-аар ч ийм үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлд олгоогүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д Тамгын газрын даргыг ... Засаг дарга томилно гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасантай харьцуулан тайлбарлавал, сумын Засаг дарга нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, зөрчлийг шалган тогтоох эрх хэмжээтэй дээд шатны албан тушаалтан тул сумын Засаг даргын Тамгын газрын даргын сахилгын зөрчлийг шалган тогтоох учиртай.

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон арга зүйн удирдлагаар хангах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а/, 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, сумын Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах эрхтэй.

Гэвч үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1060, аймгийн Засаг даргаас 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр А/533 дугаартай албан бичгийг тус тус ирүүлсэн[4] явдал нь Баянтал сумын Засаг даргаас өөрийн удирдлага дахь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай, Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчих буюу тогтоосон журмыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан Төрийн албаны зөвлөл болон аймгийн Засаг даргаас *******д сахилгын арга хэмжээ тооцож ажиллахыг үүрэг болгосон албан бичиг ирүүлсэн. Дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргаас ажлын хэсэг томилж, зөрчлийг шалгаж тогтоосон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Баянтал сумын Засаг дарга*******ын хувьд би шийдвэр гаргахдаа цахим орчинд цацагдсан бичлэгийг үзсэн, холбогдох дүрэм журмыг цуглуулсан, хувийн тэмдэглэл үйлдсэн, энэ бүх ажил 1 сарын турш үргэлжилсэн гэж тайлбарлах боловч энэ нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2-2.6-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох хугацаа, холбогдох ажиллагаа, түүний хүрээнд бүрдүүлэх баримтад бүрэн нийцэхгүй ба тус журмын 1.6-д заасан ... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасныг хангаагүй байна.

Түүнчлэн (б) маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ээр тогтоосон ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн байдалд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай.

Тус дүрмийн 5.2, 5.4, 6.1, 6.6-д зааснаар тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан[5] /ажилладаг бол/ шалгалт явуулж, ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлэхээр, Ёс зүйн зөвлөл байгуулаагүй бол ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж, байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэхээр тус тус заасныг Баянтал сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа хэрэгжүүлээгүй байна.

Гэрч М.Анхбаяр, Б.Нэргүйцэцэг нарын******* Тамгын газрын Ёс зүйн хорооны гишүүд нь өөрсдөө ч гишүүд гэдгээ мэддэггүй, Төрийн албаны шинэ хуулийн дагуу Ёс зүйн зөвлөл байгуулаагүй байсан тул ажлын хэсгээс түүнийг байгуулах зөвлөмж өгсөн, бид бол дүгнэлт гаргаагүй. Аймгийн Засаг даргын А/533 дугаартай албан бичгээр ... зөрчлийн шинжтэй үйлдэл байна байна, шалгаач гэдгийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн болохоос биш зөрчлийг нь тогтоосон зүйлгүй гэх мэдүүлгийг дээрх дүрмийн зохицуулалт, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл, Баянтал сумын Засаг дарга*******ын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн Тайлбар гаргах тухай гэх хувийн тэмдэглэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4, 6.3, 6.6, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.5, 2.6, 3.1-д заасан *******гийн ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлох дүгнэлт биш юм.

Сахилгын зөрчлийг тогтоохын тулд /шийдвэр гаргахын өмнө/ тухайн албан хаагчаас тайлбар аваагүй, дээрх журамд заасан ажиллагааг явуулсан, мөн цуглуулсан гэх нотлох баримтад дүн шинжилгээ хийсэн талаар баримтжуулаагүй тул ингэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд ... 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хамт олны хурал дээр гаргасан үйлдлээ ... ёс зүйн зөрчил гаргаагүй гэж бодож байгаа[6] гэж тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй боловч захиргааны албан тушаалтны зүгээс холбогдох зөрчлийг Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс /хамтран/ баталсан дүрэм, журамд заасан тодорхой ажиллагаа явуулж, шалган тогтоосны үндсэн дээр хариуцлага ногдуулах үүрэгтэй.

2/******* нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу захиргааны байгууллага болохын хувьд 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг гаргахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаас гадна тус хуулийн 3 дугаар бүлэгт тодорхойлсон шийдвэр гаргах ажиллагааны журмыг мөрдөх шаардлагатай.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл хийгээд сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлсноос бус шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д ... бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ.

Тодруулбал, Баянтал сумын Засаг дарга нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг гаргахдаа тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.3-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:, 34 дүгээр зүйлийн 34.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй, 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу[7] хөтлөөгүй болох нь******* Тамгын газрын баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар[8] тогтоогдож байна.

Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол тухайн шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, санал тайлбарыг нь сонсох зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.

Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох агуулга бүхий хуульд үндэслэх зарчим-д нийцнэ.

Гэтэл Говьсүмбэр аймгийн******* 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг гаргах сонсох ажиллагааны талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй *******д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шаардлагын дагуу мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааны тэмдэглэлийг тус зүйлийн 27.6-д заасан агуулга, шаардлагын дагуу үйлдээгүй, шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлоогүй, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасан шаардлагыг хангаагүй, захиргааны актын хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны үндэслэлд хамаарах хийгээд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэнтэй холбоотой баримт байхгүй, уг актад хөтөлсөн хяналтын дагалдах хуудсанд шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтны оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй тэмдэглээгүй зэрэг нь сумын Засаг даргын 2021 оны Б/07 дугаар захирамж хууль бус байх үндэслэлд хамаарах тул хариуцагчийн гаргасан шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэрч*******,******* нарын Б/07 дугаар захирамжийг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан, сонсох ажиллагааг ингэж явуулдаггүй гээд ******* дарга уурлаад гараад явсан, тухайн үед сонсох ажиллагааны тэмдэглэл гэж хөтлөөгүй, маргааш нь нөхөж үйлдсэн гэх мэдүүлгийг, хариуцагчийн аймгийн Засаг даргын А/533 дугаартай албан бичиг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө миний хувийн чатаар ирсэн ... аймгаас ирсэн энэ бичиг болон Төрийн албаны зөвлөлөөс ирсэн бичгийг ******* хуулбарлаж авсан гэх тайлбарыг, сумын Засаг даргаас Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу сахилгын зөрчлийг шалган тогтоох ажиллагааны хүрээнд *******гийн тайлбар, хүсэлт гаргах эрхийг хангаагүй[9] зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримттай харьцуулан дүгнэвэл сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл, шаардлагын дагуу зохион байгуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Энэ тохиолдолд, шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлын талаар тайлбар, саналаа гаргах боломжийг төрийн жинхэнэ албан хаагчид олголгүйгээр, сумын Засаг даргаас гаргаж буй шийдвэрийн төслөө танилцуулсныг сонсох ажиллагаа гэж үзэхгүй.

Учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын агуулгаар тайлбарлавал захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актаас гадна уг шийдвэрийг гаргах ажиллагаа (процесс) нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй нь захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж тогтоох үндэслэл болно.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

******* нь******* Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ТЗ-9-4 шатлалаар цалинжиж, холбогдох нэмэгдэл авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[10] тогтоогдож байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д ... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр; тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: 6 сар 11 хоног (2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл)

Сүүлийн 3 сард бодогдсон цалинг авч үзвэл: 2021 оны 2 дугаар сард 1,623,707 төгрөг, 2021 оны 3 дугаар 1,688,441 төгрөг, 2021 оны 4 дүгээр сард 2,146,015 төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 5,458,163 төгрөг:3 сар=1,819,387 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 1,819,387 төгрөг:21 хоног (сүүлийн 3 сарын ажлын дундаж өдөр)=86,637 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааны дундаж цалин хөлсний олговор нь 1,819,387*6 сар=10,916,322 төгрөг, 86,637*11 хоног=953,007 төгрөг буюу нийтдээ 11,869,329 төгрөг байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар 11 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 11,869,329 (арван нэгэн сая найман зуун жаран есөн мянга гурван зуун хорин есөн) төгрөг олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэгтгэн дүгнэвэл,******* нь *******гийн гаргасан гэх, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан /ёс зүйн/ зөрчил, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тус хуульд нийцүүлэн баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан ажиллагаа явуулж, баримт цуглуулах замаар зөрчлийг шалгаж тогтоолгүй[11], бусад төрийн байгууллага, албан тушаалтнаас төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар мэдээлсэн, үүрэг чиглэл болгосон албан бичигт дурдсан баримт бичгийг үндэслэж, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Б/07 дугаар захирамжийг хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас ... халагдахгүй байх гэсэн заалттай нийцээгүй, *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул энэ захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн******* 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *******г төрийн албанаас халах тухай Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймгийн******* Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11,869,329 (арван нэгэн сая найман зуун жаран есөн мянга гурван зуун хорин есөн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч*******д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж *******д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

[1] Хэргийн I хавтасны 23-24, 51, 179-180

[2] Хэргийн I хавтасны 143-157, II хавтасны 17-20 дахь талд

[3] Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын томилсон гэх ажлын хэсэг энд хамаарахгүй.

[4] Эдгээр албан бичгүүд нь******* Тамгын газрын байгууллагын ирсэн бичгийн бүртгэл, албаны цахим шуудангаар дамжаагүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон ба хариуцагч нь сумын Засаг даргын хувийн фэйсбүүк чатаар ирсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан болно.

[5]******* Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан байхгүй талаар өмнөх хэсэгт дүгнэсэн.

[6] Хэргийн II хавтасны 42 дугаар талд авагдсан 2021.11.08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд

[7] Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар захиргааны актын хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хэрхэн тогтоосон, сунгасан эсэх, шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон, цуглуулсан нотлох баримт, сонсох ажиллагаа хийсэн бол хүргүүлсэн мэдэгдэл, баримтжуулсан тэмдэглэл зэргийг; хяналтын дагалдах хуудасны хувьд шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон албан тушаалтан тус бүрийг аль үе шатанд, ямар чиг үүрэг гүйцэтгэсэн тухай оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй баримтжуулахыг шаардана.

[8] Хэргийн I хавтасны 27-28, 71-78, 80-84, II хавтасны 35-37 дахь талд 2021.04.27-ны өдөр болсон гэх,*******ийн үйлдсэн сонсох ажиллагааны тэмдэглэл, сумын Засаг дарга*******ын үйлдсэн захиргааны актын дагалдах хуудас, гэрч*******,*******, Д.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл авагдсан.

[9] *******гаас Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажлын хэсэгт хандаж, 2021.04.23-ны өдөр гараар бичсэн тайлбар энд хамаарахгүй.

 

[10] Үүнд: Хэргийн I хавтасны 115, 120-121, 123-135 дахь талд *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн дэлгэрэнгүй карт,******* Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, *******г сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай******* 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр захирамж хамаарна.

[11] Харин 2021.03.26-ны өдөр******* Тамгын газрын нийт албан хаагчдын хурал дээр гаргасан *******гийн үйлдэл нь ёс зүйн шинжтэй зөрчил биш, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй учраас сумын Засаг даргын Б/07 дугаар захирамж хууль бус гэх агуулга бүхий дүгнэлтийг шүүхээс хийгээгүй болохыг тэмдэглэв.