Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 15

 

ХААН  банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00951/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХААН  банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дэбүт” ХХК,

Хариуцагч Д- овогтой Ч-гийн Б-,

Хариуцагч Б- овогтой М-ын Т- нарт холбогдох

          “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт  115.144.076 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч ХААН банкны захирал С.Энхсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, М.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзаяагаас:

“Дэбүт” ХХК, Ч. Б-, М.Т- нар нь ХААН банкны Дархан салбарын харьяа Бизнес төвөөс 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/89 тоот зээлийн гэрээ, БГҮ/89-1, БГҮ/89-2 тоот  барьцааны гэрээнүүд байгуулан 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн зэлийг 36 сарын хугацаатай жилийн 20,4%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн барилга барихад  зориулан зээлж авсан.Бизнесийн орлого буурсан тул 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ЗГ/89-1 тоот гэрээг байгуулж 115.541.737,60 төгрөгний зээлийг хавсралт 2-ын эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан.

Зээлийн барьцаанд 8 төрлийн газар болон орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 28.690.074,57 төгрөг нийт, хүүгийн төлбөрт 53.534.718,62 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222.637,46 төгрөг, нийт 82.247.430,65 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2015 оны 9 сарын 3-ны өдөр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус тус зээл буцаан төлөх мэдэгдлийг өгч банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/89 тоот зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/89-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус цуцлах, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

“Дэбүт” ХХК болон иргэн М.Т- нар нь хамтран Хаан банкны Дархан бизнес төвтэй барьцааны гэрээ хийж 120.000.000 төгрөгийн зээлийг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. “Дэбүт” ХХК нь барилгын бетон хийц үйлдвэрлэдэг бөгөөд 2015 оны дунд үеэс эдийн засгийн хямралтай холбоотой “Дэбүт” ХХК-ийн бизнесийн орлого илт буурснаас зээлийг эргэн төлөх хуваарь, зарим тохиолдолд зөрчигдсөн асуудал гарсан. Бид бизнесийн орлого буурсантай холбоотой Хаан банкинд зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсны дагуу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан юм. Улс даяар эдийн засгийн хямрал болж аж ахуйн нэгжүүдийн орлого багасч байгааг Хаан банк харгалзаж үзэлгүй зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах гэж байгааг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан зарим үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд тавих үед буюу 2014 онд дөнгөж худалдаж авсан дулааны шугам сүлжээнд холбогдоогүй байсан тул бид 3 өрөө байраа зарж 63.000.000 төгрөгийн хөрөнгөөр Хаан банкны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг дулааны шугам сүлжээнд холбох, их засварын ажлуудыг хийж тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ барьцаанд тавих үеийнхээс нэмэгдсэн болно.

ХААН банкнаас авсан 120.000.000 төгрөгийг үйлдвэрийн барилга барих зориулалтаар авсан боловч тухайн зээл нь барилга барихад хаана ч хүрэхгүй байсан тул бид хувь хүнээс их хэмжээний зээл авч нийтдээ 430.000.000 төгрөгийг үйлдвэрийн барилга барихад зарцуулсан. Цаашид банктай байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр өөрсдийн боломжоор зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх   2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Хаан банк, Дэбүт ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ /89 тоот 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, хариуцагч Дэбүт ХХК-иас  үндсэн зээл  91.309.925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23.409.118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16.500 төгрөгийг тус тус гаргуулан ХААН банкны Дархан салбарт олгож, Ч.Б-, М.Т- нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байх тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг  Дархан сум, 1-р баг Партизан 1-4 тоот хаягт орших 000145974 гэрчилгээний дугаартай, Ү-2003015474 тоот улсын бүртгэлийн дугаартай 160мкв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг  Дархан сум, 1-р баг Партизан 1-4 тоот хаягт орших 080122660 гэрчилгээний дугаартай, Г-2003002001 тоот улсын бүртгэлийн дугаартай 259 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-5 тоот хаягт орших 000132857 гэрчилгээний дугаартай, Ү-2003015065 тоот улсын бүртгэлийн дугаартай 115.3 мкв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг Партизан 1-5 тоот хаягт орших 000166743 гэрчилгээний дугаартай, Ү-20030011526 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 мкв талбайтай өвлийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг Партизан 1-5 тоот хаягт орших 08012249 гэрчилгээний дугаартай, Г-2003001627 тоот улсын бүртгэлийн дугаартай 625.2 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг  1-5 тоот хаягт орших 000232537 гэрчилгээний дугаартай, Ү-2003017279 тоот улсын бүртгэлийн дугаартай 310 мкв талбайтай  ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг 1-4 тоот хаягт орших 000232538 гэрчилгээний дугаартай Ү-2003017280 тоот улсын бүртгэлийн дугаартай 150 мкв  талбайтай байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 000322411 гэрчилгээний дугаартай, нэгж талбар 4505100179 тоот 0,9 га талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734.171 төгрөгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дэбүт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 734.171 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХААН банкны захирал С.Энхсувд давж заалдсан гомдолдоо:

            Банкны ЗГ/89 тоот зээлийн гэрээг зээлдэгч тал биелүүлээгүйгээс банкинд учирсан хохирол төлбөрийг “Дэбүт” ХХК-иар гаргуулахаар шийдвэрлэхдээ иргэн Ч.Б-, М.Т- нарыг зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөхөөр тогтоосныг хууль болон гэрээний эрхийн хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ЗГ/89 тоот гэрээний зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Т- гэж тодорхойлсон бөгөөд Ч.Б-ийг “Дэбүт” ХХК-ний захирлын хувьд төлөөлөн оролцсон болох нь уг зээлийн гэрээнд зээлийн гэрээтэй танилцаж, зөвшөөрч, гэрээг байгуулсан зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын гарын үсэг зурсан, компанийн тамга тэмдэг, дарсан байдлаар нотлогдож байна.

ЗГ/89 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Ч.Б- мөн хамтран үүрэг гүйцэтгэгч М.Т- нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Дэбүт” ХХК-иас зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг нь хэвээр үлдээж, ЗГ/89 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлдэгч Ч.Б- болон хамтран үүрэг гүйцэтгэгч М.Т- нараас зээлийн гэрээний үүрэг хүлээх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон заалтыг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар хариуцагч “Дэбүт” ХХК, Ч.Б-, М.Т- нарт холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 115.144.076 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “Дэбүт” ХХК-иас нэхэмжлэлээр шаардсан 115.144.076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгож, Ч.Б-, М.Т- нар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, болсон үйл баримтыг  шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зээлдэгч “Дэбүт” ХХК ХААН банкнаас үйлдвэрийн барилга барих зориулалтаар 120.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, зээлийн барьцаанд 8 үл хөдлөх хөрөнгө болон газар барьцаалсан байна.

2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бизнесийн орлого буурсан үндэслэлээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэргийн 8-21 дүгээр талд авагдсан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/89 дугаартай “Зээлийн гэрээ”, БГҮ/89-1 дугаартай “Барьцааны гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/89-1 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдоно.

Зээлдэгч “Дэбүт” ХХК  зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар гэрээгээр тохиролцсон үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй  байх бөгөөд энэ талаар маргаагүй, зээлдүүлэгч ХААН банкны Дархан салбар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зааснаар зээлдэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Талуудын хооронд хийгдсэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үүрэг гүйцэтгэх хугацааг 74 сар буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тогтоосон нь зээлдүүлэгч тал зээлдэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно...” гэж зааснаар үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон байна гэж үзнэ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнгийн хэмжээ зэрэг дээр талуудын хэн аль нь  маргаагүй болно.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Дэбүт” ХХК болон иргэн Ч.Б-, М.Т- нарыг оролцуулан 3 этгээдийг хариуцагчаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн төгсгөл хэсэгт үндсэн зээлдэгчээр иргэн Ч.Б-, хамтран зээлдэгчээр “Дэбүт” ХХК болон иргэн М.Т- нар гарын үсэг зурж баталгаажуулсан тул зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь иргэн Ч.Б-, хамтран үүрэг гүйцэтгэгч нь “Дэбүт” ХХК болон иргэн М.Т- гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарласан нь учир дутагдалтай байх бөгөөд хэргийн 8-21 дүгээр талд авагдсан зээлийн болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, барьцааны гэрээнүүдийн удиртгал хэсгээс үзвэл зээлдүүлэгч талыг төлөөлж Дархан бизнес төвийн захирал Б.Гансүх, зээлдэгч “Дэбүт” ХХК-ийг төлөөлж захирал Ч.Б-, хамтран зээлдэгч М.Т- нар гарын үсэг зурцгааж, тамга тэмдгээр баталгаажуулснаар уг зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь “Дэбүт” ХХК,  хамтран үүрэг гүйцэтгэгч нь иргэн М.Т- байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ иргэн Ч.Б-, М.Т- нарыг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн нь буруу байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

   “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ХААН банк “Дэбүт” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/89 тоот, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж,хариуцагч “Дэбүт” ХХК-иас үндсэн зээл 91.309.925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23.409.118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16.500 төгрөгийг тус тус гаргуулан ХААН банкны Дархан салбарт олгож, Ч.Б-, М.Т- нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байх тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

   “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан ХААН банк “Дэбүт” ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/89 дугаартай “Зээлийн гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 28-ны байгуулсан “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус цуцалж, зээлдэгч “Дэбүт” ХХК болон хамтран зээлдэгч М.Т- нараас үндсэн зээл 91.309.925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23.409.118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.533 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг нийт 115.144.076 төгрөг гаргуулж, ХААН банкны Дархан салбарт олгож, хариуцагч Ч.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 733.671 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.НАРАНГЭРЭЛ   

                                          ШҮҮГЧИД                                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                      Л.АМАРСАНАА