Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1146

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12          07                                    2022/ШЦТ/1146

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Н.Энхбуян,

Шүүгдэгч: Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

  Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Е” дэлгүүрийн гадна хохирогч З.Эыг “янзагын муу хөгшин төгцөг” гэж хэлж маргалдан, улмаар цээжинд нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийн хий хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.            

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Хохирогч З.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, 

 

            Хохирогч З.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №12858 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, Б.Тгийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Е” дэлгүүрийн гадна хохирогч З.Эыг “янзагын муу хөгшин төгцөг” гэж хэлж  зүй зохисгүй харьцаж маргалдан, улмаар цээжинд нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийн хий хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч З.Эын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадна өмнөх танил Төмөртэй таарсан. Би мах аваад гарсан чинь “Янзага-н муу хөгшин төгцөг явж байна” гэхээр нь би уурлаад бариад авсан. Тэгээд гадагшаа гараад хоорондоо нэг хоёр удаа цохилцсон. Салаад явж байсан чинь Төмөр үсэрч ирээд цээж рүү хүчтэй өшиглөсөн. Би амьсгалж чадахаа байгаад суусан. Цагдаа дуудсан. Шууд гэмтэл руу явсан. Гомдол санал гэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр 22-ны өдрийн №12858 дугаартай дүгнэлтэд “...1. З.Эын биед зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийн хий хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын Бэк махны дэлгүүрт зогсож байтал урд таньдаг Хандгайтын Янзага зуслангийн манаач орж ирсэн. Тэгээд мах худалдаж аваад гарсан. Гарч байхад нь Золзаяа баярлалаа гэж хэлсэн. Тэгэхэд мах зөөж байсан Онон бас уу гэж хэлээд хоорондоо инээсэн чинь Э үүдэн дээр зогсож байгаад буцаж орж ирээд “юу гэж хүний араас хараагаад байгаа гуйлгачин бэ” гээд шууд над руу дайрсан. Дайраад үүрч явсан цүнхээ цамцаа тайлаад намайг цохиж эхэлсэн. Би зөрүүлээд түлхэж холдуулаад нэг өшиглөсөн боловч оноогүй. Тэгээд үүдэн дээр зогсож байсан нэг хүн орж ирж салгаад намайг Этай цуг дэлгүүрээс гаргасан. Э урагшаа алхаад явсан. Намайг дуудаад “муу гөлөг минь алалцъя” гээд дуудаад байхаар нь би очсон чинь намайг дахин хэд хэдэн удаа цохиод барьцалдаад буцаж салаад дэлгүүрийнхээ үүдэн дээр очоод байж байсан чинь Э машин тойроод над руу гүйгээд ирэхээр нь би урдаас нь гэдэс цээж хавьцаа нь хөлөөрөө жийсэн. Тэгсэн чинь Э хавиргаа гараараа бариад цаашаа явснаа буцаж ирснээ шатан дээр надтай хэрүүл хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь “янзагын муу хөгшин төгцөг” гэж хэлж З.Этай маргалдан, улмаар цээжинд нь хөлөөрөө өшиглөж түүний биед хүч хэрэглэн зодсон  болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч З.Эын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нь  өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Хохирогч З.Эаас “...шүүх хуралдаанд оролцохгүй,  гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Тг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Тд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.Т танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадамцэцэгийн Төмөрөөг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН