Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1147

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12          07                                    2022/ШЦТ/1147

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Н.Энхтулга /томилолтоор/,

Шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар нар оролцсон эрүүгийн 0000  дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

... оны 3 дугаар сарын 02-ны өдөр ... хотод төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд угсрагчаар ажилладаг, ам бүл 1, ганцаараа, урьд ял шийтгэлгүй,   

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....ны нутаг дэвсгэрт Ц.Этай үл ялих шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны уг, хоёр хажуугийн хугарал, зүүн нүдний алимын салст, 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.   

 

Эрүүгийн ...... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, 

 

            Хохирогч Ц.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн.... дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 18-19, 22-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....ны нутаг дэвсгэрт Ц.Этай хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны уг, хоёр хажуугийн хугарал, зүүн нүдний алимын салст, 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Ц.Эын “...Миний бие Сүхбаатар дүүргийн ....нд үйл ажиллагаа явуулдаг “Х...” гэх ресторанд 22 цагийн үед хөрш Б, найз Э, танил Э нартай ганц хоёр пиво уусан. Э бид 2 тухайн ресторанд бусад нь ариун цэврийн өрөө болон тамхи татахаар гарсан. Хоёулаа үлдээд байж байтал Э намайг “чам шиг юмыг шоронд оруулж бандидуулна” гэх мэтээр доромжилж эхэлсэн. Би “чамтай муудалцмааргүй байна” гэж хэлээд байж байтал гаднаас Б, Э нар орж ирсэн. Ер нь хэрүүл маргаан болох нь байна гээд Быг гаръя гээд цуг гарсан. Бай У...ийн урд талын явган хүний гарц арай хүрээгүй байхад Э араас гүйцэн ирж, намайг яг цохих гэж байна даа гэж бодон нүдний шилээ автал миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж заамдан авсан бөгөөд угсруулан 4-5 удаа нүүрэн тус газарт цохисон. Тэгээд Б бид хоёрыг салгасан. Миний хамраас цус гарч, зүүн нүд тэр дороо хавдсан. Мөн зүүн талын шанаа хэсэг хөндүүрлэж өвдсөн...” гэсэн мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр 14-ний өдрийн №.... дугаартай дүгнэлтэд “...1. Ц.Эын зүүн нүдний алимын салст, 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

      

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр 28-ны өдрийн №... дугаартай дүгнэлтэд “...Ц.Эын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны уг, хоёр хажуугийн хугарал, зүүн нүдний алимын салст, 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их дэлгүүрийн урд “Х...” нэртэй ресторанд байрны дүү Э, Б, Э нарын хамт орж пиво уусан. Тооцоо хийхээр болж би 10.000 төгрөг байгаагаа өгтөл Э “ядуу гуйлгачин” гэж намайг доромжилсон. Тэр газраас тооцоо хийгээд Э Бын хамт гарч явсан. Э өөр хүнтэй тааралдаад Х... гэх газартаа үлдсэн. Миний бие гэртээ харих гээд явж байтал их дэлгүүрийн гарцын наана Б, Эын нар зогсож байсан. Би очоод Эад “чи яахаараа намайг гуйлгачнаар нь дуудаад байгаа юм” гэхэд намайг эргэж хараад шууд нүүрэн тус газарт цохисон. Нүүрэн тус газарт нь зөрүүлээд баруун гараараа нэг удаа цохисон. Эыг цохисны дараа Б бид хоёрыг “та хоёр ах дүү байж боль” гээд салгаад хоёр тийшээ явсан. Би Эад 300.000 төгрөг шилжүүлсэн. Эмчилгээний зардалтай холбоотой төлбөр мөнгө гарвал нотлох баримт хуудсанд үндэслэн би хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Ц.Этай зүй зохисгүй харьцаж хэрүүл маргаан үүсгэж, улмаар Ц.Эын биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн биед хүч хэрэглэн түлхэх, цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Ц.Эын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э нь “...Э... эмнэлгийн хагалгааны зардалд 3.899.400 төгрөг нэхэмжилж байна. Мөн Хараа зүйн нүдний О... эмнэлгийн хагалгааны төлбөрт 3.500.000 төгрөг. Нийт 7.399.400 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба гаргасан баримтууд дутуу нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Харин хэрэгт эмчийн үзлэг, шинжилгээтэй холбоотой 262.000 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу шүүгдэгч Д.Эаас 300.000 төгрөг төлсөн байх тул нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Э нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд угсрагчаар ажилладаг, ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгуулийн ялын доод нэгж болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ...” гэсэн болохыг тэмдэглэв.

Шүүх Д.Э нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.Эаас гомдолтой байгаа байдал, хохирогчийн биед учирсан гэмтэл хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзсан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй болохыг дурдав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч Ц.Эад 300.000 төгрөгийг гэм хорын хохиролд төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Эын 7.399.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.     

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН