Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 01253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ө/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХК/РД: /-д холбогдох,

 

10 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, Ж.Дамбаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ө миний бие өөрийн эзэмшлийн 2001 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Nissan H-trail 3214 УНЛ маркийн автомашиныг 2018.02.20-ны өдөр А ХК-иар 10 сая төгрөгөөр СТАНДАРТ+ гэсэн ангилалд даатгуулж, 993001800003 баталгааны дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ байгуулж, даатгалын хураамжинд 240 000 төгрөгийг төлсөн.

Мөн өдөр жолоочийн албан журмын даатгалд ч А ХК-иар даатгуулж, 18161101900031 тоот гэрээ байгуулж, хураамжинд 71 280 төгрөгийг төлсөн.

2019.01.08-ны 14 цагийн үед машинаа асаах гэхэд машин маань асахгүй хөлдсөн байсан тул машиныхаа доор “галын цог” тавьж гэсгээх гэж байх үед гал алдаж, машинаа шатаасан.

Гал команд ирж галыг унтраасан бөгөөд цагдаа, даатгалаа ч мөн дуудсан.

Миний бие өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө даатгалаас санаатай мөнгө авах шуналын сэтгэлээр албаар шатаагаагүй бөгөөд өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, машин бүрэн шатсан.

Миний бие шунахайн сэдэлттэй аливаа үйлдэл хийгээгүй, энэ асуудлаар эрх бүхий хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй болно.

А ХК-д очиж хохирол авах талаар уулзахад 2019.01.24-ний өдөр 02/69/50 тоот албан бичгээр өөрийн эд хөрөнгийг санаатай шатаасан гэж даатгалын тохиолдол бий болгосон гэж нөхөн төлбөр олгохоос татгалзлаа.

Дээд шатны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад шийдвэрлэх боломжгүй гэсэн тодорхойгүй хариу өгч шүүхэд хандахыг зааж өглөө. Миний машин бүрэн даатгалтай байсан учир 10 000 000 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Даатгалын нөхөн төлбөрт 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.15-д Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол гэж байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдлыг санаатай гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч талаас санаатай гэх зүйл байхгүй. Хохирлын хэмжээг худал мэдүүлээгүй бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Иргэний хуулийн 434, 435, 436, 439, 443 дугаар заалтуудад манай тохиолдол энд хамаарахгүй. Нөгөө талаар гэрээнд галын тохиолдлыг бүрэн даатгагдсан. 100% төлбөр төлөхөөр даатгагдсан байгаа. Тийм учраас даатгалын гэрээнд заагдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гаргуулах боломжтой юм.” гэв.

 

Хариуцагч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дуүргийн шүүхэд Сэлэнгийн Ө нь А ХК-иас даатгалын нөхөн төлбөр 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Жолоочийн албан журмын болон Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Даатгуулагч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 1-32 тоот хашаанд хөлдсөн тээврийн хэрэгслийг асаахын тулд доор нь цог тавьсанаас автомашин нь шатсан гэж 8 000 000 төгрөгийн нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан.

Нөхөн төлбөрийн хүсэлтэнд хавсаргасан Нийслэлийн Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Гал түймэр гарсан тухай акт, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр гал түймэр гарсан шалтгааныг даатгуулагч бүрдүүлсэн байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгсөн. Даатгалын тухай хууль болон гэрээнд заасны дагуу нөхөн олговрыг олгох үүргийг даатгагч хүлээсэн болно. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн моторын доод талд түмпэнд галыг цог байршуулсан үйлдэл нь гал түймэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн бол даатгагч нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй тодорхойлсон.

Даатгуулагч авто тээврийн доор гал гаргахдаа өөрөө хажууд нь байхгүй байсан бөгөөд гал түймэр гарахыг хөрш айлын хүн мэдэж гал түймэр дуудсан байдаг нь Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр гаргасан акт дээр тэмдэглэгдсэн байдаг.

Иймд Сэлэнгийн Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

         Нэхэмжлэгч С.Ө хариуцагч “А” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “А” ХК нь гал түймэр гарсан шалтгааныг даатгуулагч бүрдүүлсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1/нэг/ жилийн хугацаатай “Даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулж, нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 240 000/хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг төлж, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг тус тус хүлээсэн болох нь Гэрээ болон Даатгалын баталгаагаар тогтоогдож байна.

 

Тус Гэрээгээр нэхэмжлэгч нь сайн дураар өөрийн өмчлөлийн 3214 УНЛ улсын дугаартай Ниссан маркийн икс-трэйл загварын тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Гэрээ болон Даатгалын баталгаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян-уулын 1-р гудамж, 32 тоотод байрлуулсан байсан Гэрээний даатгалын зүйл болох 3214 УНЛ улсын дугаартай Ниссан маркийн икс-трэйл загварын тээврийн хэрэгсэл нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гал түймэрт өртөн бүрэн шатаж, 3214 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8 000 000/найман сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь Нийслэлийн Онцгой Байдлын Газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12/42-192 дугаар Гал түймэр гарсан тухай актын болон 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35/192 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № 12588074 Автомашин техникийн үнэлгээний тайлан болон № 340 тайлангийн хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь даатгалын үнэлгээ 10 000 000/арван сая/ төгрөг гэх үндэслэлээр хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан нөхцөл, хугацаа, хэмжээнд даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.

 

Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө агаарын хамгийн бага температур -25.9С градус, хөрсний гадаргын хамгийн бага температур -32.9С градус байсан байх ба нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 3214 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын хэсгийн доод талаас саванд мод хийж халаах гэж байгаад гал алдаж 3214 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатсан болох нь Цаг Уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №8/244 Албан бичиг, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12/42-192 дугаар Гал түймэр гарсан тухай актын болон 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35/192 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтыг нэхэмжлэгч нь санаатайгаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлэн даатгалын зүйлд хохирол учруулахыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 3214 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл санаатайгаар шатаасан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг санаатай бүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 3214 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторыг халаах зорилготой байсан болох нь Нийслэлийн Онцгой Байдлын Газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12/42-192 дугаар Гал түймэр гарсан тухай актын болон 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35/192 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 6-ийн 6.4, Даатгалын баталгаанд заасан гал гарсны улмаас даатгалын тохиолдол бий болж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 3214 УНЛ улсын дугаартай Ниссан маркийн икс-трэйл загварын тээврийн хэрэгсэл шатаж, 3214 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8 000 000/найман сая/ төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2 000 000/10000000-8000000=2000000/ /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХК-иас нийт 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгож, үлдсэн 2 000 000/хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХК-иас нийт 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгож, үлдсэн 2 000 000/хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ