Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 102/2017/03416/и |
Дугаар | 558 |
Огноо | 2018-02-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 558
А.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03416 дугаар шийдвэртэй, А.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бд холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,
Хариуцагч Ц.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Бямбадорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь А.Гыг гадаадад сургуульд явуулж өгөхөөр 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр 4 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дансаар 6 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Гэтэл сургуульд явуулаагүй, мөнгийг эргүүлж төлөөгүй, нэхэхээр өгнө гэсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Хариуцагч Ц.Б мөнгийг цааш нь С.Энхцэцэгт өгсөн, түүнээс ав, надад хамаагүй гэсэн хариу хэлсэн байсан. Ер нь хүмүүсийг гадагшаа сургуульд явуулна гэж мөнгө авдаг, энэ байдлаараа цагдаад шалгагдан зарим хүмүүс мөнгөө авсан байдаг. А.Гын хувьд цагдаад хандаагүй.
Ц.Б нь А.Гын ээжийн дансанд гал унтраа гэж 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нэхэмжлэлийн шаардлагаас хасагдана. Иймд хариуцагч Ц.Баас үлдэгдэл 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2013 оны 4 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд нийт 10.000.000 төгрөгийг авсан нь үнэн. А.Г гадагшаа сургалтанд явмаар байна гэхээр нь С.Энхцэцэгт хэлж түүнд мөнгийг өгсөн. Энэ ажил бүтээгүй тул 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ээж Б.Нямсүрэнгийнх нь дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Манай гэр Ханбүргэдэй дэлгүүрийн хажууд байдаг. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр С.Энхцэцэгээс 5 000 000 төгрөг авч 17 цагийн үед Ханбүргэдэй супермаркет дэлгүүрийн өмнө А.Г нь ээж Б.Нямсүрэн, дүү охины хамт ирээд 5 000 000 төгрөг тоолж авсан. Дараа нь 5 дугаар сарын 28-ны өдөр С.Энхцэцэгээс 3 000 000 төгрөг бэлнээр авч Сүхбаатарын талбайн баруун талд уулзаж А.Г, түүний ээжид 3 000 000 төгрөг өгсөн. Энэ явдлаас хойш бүтэн 4 жилийн дараа ийм асуудал гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2017/15169 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь А.Гыг гадаад улсад сургуульд явууна гэж 10 000 000 төгрөг авсан ба сургуульд явуулалгүй, 2 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 8 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм. Ийм байхад шүүх гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх дүгнэлт хийхийн тулд талуудын хооронд ямар гэрээний эрх зүйн харилцаа, хэзээ хэрхэн үүссэн талаар дүгнэлт хийх ёстой. Ийнхүү дүгнэлт хийгээгүй байж гэрээний дагуу шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангаагүйн улмаас хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Ц.Бд холбогдуулан гадаад улсад сургуульд явах зорилгоор шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа 8 000 000 төгрөг болгон багасгасан ба хариуцагчаас нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
Харин 8 000 000 төгрөгийг хариуцагч төлөхгүй гэх үндэслэлээ “2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр С.Энхцэцэгээс 5 000 000 төгрөгийг авч А.Г, түүний эх Б.Нямсүрэн, дүү охины хамт байхад нь өгсөн, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийг С.Энхцэцэгээс авч А.Г, түүний эх Б.Нямсүрэн нарт хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа буюу маргааны зүйл болох хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн үйлдэлтэй холбоотой үүсэх үүрэг гэрээний болон гэрээний бус эрх зүйн харилцааны алинд хамаарахыг тодорхойлж, улмаар хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх байжээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 8 000 000 буцаан өгсөн гэх маргаантай үйл баримтын талаар С.Энхцэцэг, А.Гын эх Б.Нямсүрэн, дүү охиныг нь асуулгах хүсэлтийг бичгээр гаргажээ. Шүүх С.Энхцэцэг, Б.Нямсүрэн нарыг гэрчээр асуух хүсэлтийг хангаж, нэр болон хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч А.Гын дүүг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хариуцагч уг хүсэлтэд “нэхэмжлэгчийн дүүгийн нэрийг мэдэхгүй, А.Гаас нэр хаяг, утсыг тодруулах” гэж дурдсан байхад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хариуцагчийн эрхийг хангасан гэж үзэхгүй. Шүүх хүсэлттэй холбоотой тодорхой ажиллагаа хийж тухайн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой бөгөөд хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтооход ач холбогдолтой хүсэлт гэж үзнэ.
Түүнчлэн шүүх хуралдаанд дуудагдсан гэрч С.Энхцэцэг, Б.Нямсүрэн нар маргааны зүйлийн талаар буюу өр төлбөрийн асуудалтай холбоотой хэдэн удаа, хаана хэрхэн уулзсан, хэн юу ярьсан талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийх боломжтой. Харин гэрчүүдийн хувьд үнэн зөв мэдүүлэг гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, эсхүл уг үүргээ зөрчсөн эсэх, энэ нь өөр зөрчилд хамаарах эсэхэд ач холбогдолтой юм.
Хэргийн оролцогчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч өөрийн татгалзаж буй тайлбарыг нотлох зорилгоор гаргасан гэрч асуулгах хүсэлтийг шүүх хуульд заасан журмаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Т.ТУЯА