Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 113/ШШ2021/0012

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигон овогт ******* *************, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 38 тоотод оршин суух;

Хариуцагч: 1/ Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс;

2/ Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл;

Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч*******, хариуцагч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдон ажиллаж байгаад тус шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Үүнийг эс зөвшөөрч миний бие шүүхэд ...Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах... тухай нэхэмжлэл гаргасан. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2021/0003 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч тал буюу Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай Гэрээ байгуулах тухай тушаалаар намайг ажилд авсан боловч мөн удирдлагын зүгээс гаргаж байгаа харилцаанаас болж миний бие өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгч, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно.

Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдөөгүй гэж шийдвэр гарсан тул мөн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан учир миний нийгмийн даатгал үргэлжлүүлэн төлөгдсөн гэж үзэх үндэстэй. Иймд миний бие 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гарган урьд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг одоо авах тэтгэмжид суутган тооцох, эсвэл өмнөх авсан ажилгүйдлийн тэтгэмжийг төлье, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөний дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ бодуулж авах тухай хүсэлт гаргасан боловч Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч******* ...шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалингаас ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан тул Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-д заасны дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас авсан 76 хоногийн тэтгэмжийг буцаан төлнө. Харин Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын Е бүлгийн дагуу иргэний ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд ажил олгогч хариуцан төлөхөөр заасан, ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлдөггүй учир дахин ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй гэсэн хариу өгсөн. Хариуг эс зөвшөөрч миний бие Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд уг асуудлаар хандан зөвлөлөөс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоол гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу эргэж ажилдаа тогтоолгон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж байгаа тул намайг ердөө ажлаас чөлөөлөгдөөгүй гэж үзэн шүүхээс зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгч байгаа ойлголт. Ажлаас чөлөөлөгдөөгүй учир хууль бусаар чөлөөлөгдсөний дараа авсан ажилгүйдлийн тэтгэмжийг даатгалын санд өгөх нь зөв, түүнийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Мөн ажлаас чөлөөлөгдөөгүй учир 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзнэ. Гэтэл зөвлөлийн дээрх тогтоолд ...үүрэгт ажилдаа томилогдох... гэж бичсэн миний энэхүү асуудлыг ойлгоогүй, ажлаас гарч байж байгаад эргэж ажилд шинээр томилогдон орж байгаа мэтээр бичсэн байна. Миний бие 2009 оноос хойш улсад 11 жил, түүнээс Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газарт 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 жил 8 сарын хугацаанд ажилласан байна. Гэтэл зөвлөлийн дээрх тогтоолд сүүлийн 9 сар тасралтгүй ажиллаагүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн ажилдаа тогтоолгож байгаа учраас ажиллаж байгаа албан хаагч нартай нэг ижил нийгмийн даатгал төлөгдөж байгаа гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгож байгаа тохиолдолд ажилгүйдлийн даатгал төлөгддөггүй гэж байгааг ойлгохгүй байна. Шүүхээс шийдвэрлэхдээ буруутай тушаалын улмаас******* миний эрхийг зөрчигдсөн тул сэргээж өгч байгаа, урьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаагаар шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэртэй холбоотой ямар нэгэн үр дагавар гарах,******* миний Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн *******оос Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гомдол гаргасан. Иргэн******* аймгийн шүүхийн Тамгын газраас ажлаас чөлөөлөгдсөн тул 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 23-ны хооронд ажилгүйдлийн даатгалын сангаас 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж 2,882,511 төгрөг авсан байна. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2021/0003 тоот шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингаас ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул*******ийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 тоот тушаалаар ажилд эргүүлэн томилж, мөн өдрийн Б/18 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгон авах өргөдөл гаргасан тул Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч өргөдлийг хүлээн авч хянан үзээд дахин ажилгүйдлийн тэтгэмж олгох эрх үүсгэхгүй талаар иргэнд хариу хүргүүлсэн байдаг.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 4.6-д Даатгуулагчийг хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээр тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь, хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ гэж заасны дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас авсан 76 хоногийн тэтгэмжийг буцаан төлнө. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод шимтгэл ногдуулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин олговроос шимтгэл тооцох хуулийн хэрэгжилт нь Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 1 дэх хэсэгт Тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогч..... төлсөн нөхцөлд шимтгэл төлснөөр тооцох гэсэн заалтаар хууль бусаар ажлаас халагдсан нь шүүхийн байгууллагаар тогтоогдсон тул*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, орлогоос тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлөгдөнө. Харин дээрх хууль тогтоомжоор бусад даатгалын сан /ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах/-д шимтгэл төлөхөөр заагаагүй, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй буюу 2021 оны 05 дугаар сарын 31-нд ажлаас дахин чөлөөлөгдсөн нь*******т ажилгүйдлийн тэтгэмж тогтоон олгох эрх үүсээгүй болно.

Мөн Засгийн газар 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2 дахь хэсгийн Е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш 1 сарын дотор 1 удаа даатгалын зохих санд төлнө гэсэн заалт өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй ба*******ийн ажилгүй байсан хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэл нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй байна. Иймд дээрх тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

I. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Х.Ганзориг нь Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөгдөж, улмаар ажилгүйдлийн даатгалын сангаас 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2021/0003 дугаар шийдвэрээр, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож,*******ийг урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,976,122 төгрөг олгож, ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад даалгасан байна.

Түүнчлэн Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2021/00204 дүгээр шүүгчийн захирамжаар*******ийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 2,727,506 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хувьд, шүүхийн шийдвэрээр ажилд буцаан томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосон тул ... 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 76 хоногийн хугацаанд олгосон 2,882,511 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийн санд буцаан төлөхийг шаарджээ.

Харин нэхэмжлэгчийн зүгээс, өмнө авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлөх тохиолдолд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж авахаар шаардаж, үндэслэлийг Дорноговь аймаг дахь анхан шатны захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, дээрх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан сүүлийн 9 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаж, тэтгэмж авах эрх үүссэн гэж маргажээ.

Үүнд хариуцагчаас хууль бусаар ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон буюу ажилгүй байсан хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлдэг, харин ажилгүйдлийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зохицуулалт байхгүй. Иймд сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэхгүй гэж тайлбарласан байна.

Иймд хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд хамаарах маргааны үйл баримтыг, ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид тэтгэмж олгох үндэслэл, тэтгэмжийг буцаан төлүүлэх /эсэх/-тэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, журмын зохицуулалттай уялдуулан тайлбарлах буюу эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын төрөл, ойлголт, шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын тухай хуулиар; ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид тэтгэмж олгох нөхцөл, түүнтэй холбоотой бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар; тус тус зохицуулжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтээ хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ ... нийгмийн даатгалын байгууллагад гаргана гэж заасан.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ харилцааг нарийвчлан зохицуулах журам батлах эрхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд олгожээ.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 4.6 дахь заалтаар Даатгуулагчийн хууль бусаар халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ гэж зохицуулж байжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор уг журмыг шинэчлэн батлахдаа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.

Шинэчлэн баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 5.5-д Тэтгэмж авагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд ажилд орсон эсвэл тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон бол энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэн, тэтгэмж олголтыг зогсоож, тооцоо хийнэ гэж тухайн харилцааг өөрчлөн зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс*******ийн өргөдлийг шийдвэрлэх үед үйлчилж байсан даатгуулагч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнийг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон тохиолдолд түүний ажилгүй байх хугацаанд авсан тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын санд буцаан төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үед даатгуулагч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнийг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон тохиолдолд ажилгүй байсан хугацаагаар суутган тооцож, тэтгэмж олголтыг зогсоох /тооцоо хийх/ болж, өөрчлөгджээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталдаг Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам нь захиргааны хэм хэмжээний акт болохыг хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд үйлчилж эхлэх ба Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсноос[1] хойш буюу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс тус зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоол хүчингүй болсноор даатгуулагч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнийг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон тохиолдолд түүний ажилгүй байх хугацаанд авсан тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын санд буцаан төлүүлэх зохицуулалт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд үүрэг хариуцлага хүлээхгүй.

Нэхэмжлэгч******* нь Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилгүйдлийн даатгалын сангаас 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авсан, энэ хугацаанд ажил эрхэлж цалин хөлс аваагүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Тиймээс эрх зүйн үйлчлэлгүй /үр нөлөөгүй/ буюу хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгож, урьд олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу тухайн харилцааг өөрчлөн зохицуулсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 5.5 дахь заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хэрэглэж, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

II. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн зохицуулалтуудыг /нэгтгэн/;

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2021/0003 дугаар шийдвэр, Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2021/00204 дүгээр шүүгчийн захирамжаар тус тус тогтоосон эрх зүйн үйл баримттай харьцуулан дүгнэвэл:

- нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

- ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож,

- ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж,

- эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шүүхээс шийдвэрлэсэн энэ тохиолдолд даатгуулагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон тул нийгмийн даатгалын шимтгэл /тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, эрүүл мэндийн даатгалыг хамтад нь/-ийг ажилгүй байсан хугацаагаар нөхөн төлөх үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн гэж үзнэ.

Хариуцагчийн даатгуулагчийн ажилгүй байсан хугацаанд зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалыг нөхөн төлөх зохицуулалттай. Засгийн газар 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-д ингэж заасан, хуулийн зохицуулалт бол байхгүй гэх тайлбарт дурдсан энэ журам нь Засгийн газрын уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адил орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлох журам-аар зохицуулсан, тодорхой салбар /хүрээ/-ын даатгуулагчдаас тэтгэврийн болон тэтгэмжийн даатгал төлөхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Харин дээрх журмын зохицуулалтыг, шүүхийн шийдвэрээр хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон нийт даатгуулагчдад ажилгүй байсан хугацаанд нь зөвхөн тэтгэврийн, тэтгэмжийн гэсэн 2 төрлийн даатгалын шимтгэл төлүүлэх /хязгаарлагдмал/ агуулгатай гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон,******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ эдэлсэн байх бөгөөд тус хуульд заасан үндэслэл бүрдээгүй нөхцөлд дахин ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй болно.

Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан үл харгалзан, тухайн тохиолдолд нэг удаа тэтгэмж олгох нь тус хуулийн зорилт, зохицуулалтад нийцэх тул нэхэмжлэгчийн гаргасан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж*******т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ


[1] Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 5403 дугаарт 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн.