Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0070

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/0000  дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 701 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/0923/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/0000  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.           

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 701 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.0 -д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/0000  дугаартай захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.0 -д зааснаар захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “... Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/59 дүгээр захирамжаар С  дүүргийн 0  дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 272 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар олгож, 2005 оны 00  дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай сунгасан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжаар 272 м.кв талбайн хэмжээг 518 м.кв болгон өөрчилсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2000  оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар авах гэсэн боловч маргаан бүхий газрын хувийн хэрэгт болон архивд хадгалагдаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд нотлох баримт бүрэн цуглараагүй мөн хэрхэн талбайн хэмжээг нэмсэн нь тодорхойгүй хууль бус захиргааны акт байж болох юм.

3.2. Нэхэмжлэгч Б  нь тус газрыг 2 жил дараалан ашиглаагүй буюу өөрийн эзэмшилд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 59 дүгээр захирамжаар авсан цагаас хойш ямар нэгэн байдлаар зориулалтын дагуу огт ашиглаагүй. Тухайн барилга нь 1978 онд баригдсан бөгөөд түүнээс хойш ямар ч өөрчлөлт ороогүй. Одоогоор хогийн цэг болсон байдалтай хуучны барилга байдаг нь хавтаст хэрэгт авагдсан зургуудаас тодорхой харагддаг. Тус газрыг эзэмшүүлэхдээ үйлчилгээний зориулалтаар олгож байхад нэхэмжлэгч нь нэг ч удаа энэхүү зориулалтаар ашиглаж байгаагүй тодорхой харагддаг. Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээний 5.3 дахь хэсэгт “Ашиглах эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй болон тогтоосон төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Иймд газар эзэмшигч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй газраа ашиглаагүй тул хүчингүй болгох үндэслэл хангалттай бүрдсэн байна гэж үзэж байна.

3.3. Иргэн Б.Б  нь тус газрыг зориулалтын дагуу ашиглаагүйгээс үүсэж ойр орчмын иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж, сөргөөр нөлөөлж байна. Энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогддог. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтад “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасан байгааг нэхэмжлэгч хангаж байна гэж үзэж байна. Энэ нь О  СӨХ-н гаргасан олон удаагийн өргөдөл, гомдол албан бичиг болон ойр орчмын оршин суугч аж ахуй нэгж болон эсэргүүцсэн иргэдийн гарын үсгийн жагсаалтаас тодорхой харагддаг.

3.4. ... Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоох чиг үүргийнхээ дагуу тогтоож Б ы сонсох ажиллагааны хариу тайлбарыг хүлээж авч судалсны үндсэн дээр уг маргаан бүхий актыг гаргасан. Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газар хуучны барилгатай, үйлчилгээний зориулалтын дагуу ашигласан гэх зүйл огт байхгүй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлсөн байдалтай байна.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 701 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Б.Б  нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/0000  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2.2. Анхан шатны шүүх  “... нэхэмжлэгч Б.Б ыг өөрийн эзэмшлийн газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/0000  дүгээр захирамжаар эзэмших эрхийг дуусгавар болгосон 518 м.кв талбай бүхий газарт нэхэмжлэгч Б.Б-н өмчлөлийн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн доорх 253 м.кв талбай бүхий газар багтаж байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эзэмшлийн 518 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хүчин төгөлдөр бүртгэлтэй нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг багтаан газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэйгээр өмчилж байгаа эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох байдлаар шийдвэрлэсэн нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн”  гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/0000  дүгээр захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.3. Учир нь нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/0000  дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ ... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.0  дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлэлгүйгээр зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй, мөн бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан зохицуулалт байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б  нь маргаан бүхий Улаанбаатар хот, С  дүүрэг, 0  дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 518 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байсан болох нь тогтоогдож байх төдийгүй С  дүүргийн 0  дугаар хороо, бага тойруу гудамж, Хуучин аж үйлдвэрийн 1 дүгээр дэлгүүрийн хойно байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 00  дугаар сарын 25-ны өдрийн 5/80 0 0 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн  1999 онд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2.0 . Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэйгээр өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болгожээ.

2.7. Түүнчлэн, Л.Цг, Ц.Э нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, 2010  оны 02 дугаар сарын 10 -ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаар шийдвэр, 2010  оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 281 дүгээр магадлал, 2010  оны 08 дугаар сарын 17-ны өдрийн  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 281 дүгээр тогтоолтой захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Б  нь гуравдагч этгээдээр оролцсон байх төдийгүй уг шийдвэр, магадлал, тогтоолд иргэн Б.Б ыг өөрийн газар дээр хуульд заасан журмын дагуу барилга барих зөвшөөрөл авсан талаар дүгнэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

2.8. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

2.9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ

 

   ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ