Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг

            улсын яллагч О.Дэлгэрмөнх

            шүүгдэгч Ц.Од түүний өмгөөлөгч Д.Дашдорж, 

            шүүгдэгч Б.Баасандалай түүний өмгөөлөгч А.Гантуяа,

            шүүгдэгч Ц.Төмөр-Очир түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар Бат-Эрдэнийн Баасандалай, Ичинхорлоогийн Төмөр-Очир, тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Ц.Од нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021479 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28-168 тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ 89010618 / Боржигон овогт Цогбадрахын Од,

 

            2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 18-441 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 524 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ТГ 89011334 / Хонин онход овогт Бат-Эрдэнийн Баасандалай,

 

            3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 486 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 25 хоногийг хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖМ 87021079 / Суваргачин овогт Ичинхорлоогийн Төмөр-Очир нар нь:

 

-2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө И.Төмөр-Очир, Б.Баасандалай нар нь бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "32 шөнийн клуб"- ын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн Ч.Одыг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

 

          -Ч.Од нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 09 хорооны нутаг дэвсгэрт байрлах "32 шөнийн клуб"-ын гадна Б.Баасандалайг өөрийгөө зодлоо гэх нэрийдлээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хохирогч Ц.Од мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал танихгүй 3 залуу тэр бааранд байсан хүмүүсийг өдөөд яваад байсан. Тэгээд бид бааранд 1 цаг суучаад баарнаас гарч Гантулгыг таксинд суулгаж өгсөн. Баарнаас гарах үед гадна хаалган дээр хүмүүсийг өдөөд яваад байсан 3 залуугийн нэг залуутай санамсаргүй мөрөөрөө шүргэлцсэн. Тэгтэл тэр залуу “ Хөгшөөн ганц тамхи өгчих “ гэсэн. Тэгэхээр нь би “ Тамхи байхгүй “ гэхэд тэр залуу, Наад татаж байгаа тамхиа өгчих “ гэхээр нь “ Яахаараа чамд тамхиа өгдөг юм бэ “ гэсэн. Гэтэл тэр залуу над руу тамхиа өгчих гээд ойртохоор нь би “ Цаашаа бай “ гээд түлхсэн. Тэгээд хоорондоо барилцаад авсан. Тэгж байтал хажуу талаас тэр залуугийн найз гэх туранхай залуу шууд миний нүүр рүү цохьсон. Тэр үед би нөгөө барилцаж байсан залуутайгаа зууралдаж байтал намайг цохьсон залуу миний ар талаас боогоод би ухаан алдаад ойчсон юм. Тэр үед тэр хоёртой хамт явж байсан залуу нь зодооныг салгах гэж оролдоод байх шиг байсан. Ухаан ороход 32-ын баарны үүдэнд шорлог зарж байсан залуу намайг машиндаа оруулсан байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний үүдэн нэг шүд  хиймэл байсан. Зодуулсны улмаас хиймэл шүд хажуугийн ургаа шүдний хамт ойчсон гэжээ. / хх 34 /

 

Хохирогч Б.Баасандалай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би найз Төмөр-Очирын хамт 32 бааранд орсон. Тэр бааранд орсон хойно би ширээн дээр пиво уугаад сууж байтал Төмөр-Очир бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад над дээр ирээд “ Энд нэг залуу намайг өдөөд байна. Улаан гейпиктэй хошногоо гараад зодолдъё “ гээд байна гэхээр нь би “ Зодоон цохионоор яах вэ, Хөгшөөн гэж хэлсэн. Тэгээд баар хаах цаг болоод би баарнаас гартал тэр залуу манай найз Төмөр-Очир руу дайраад “ Зодолдъё “ гээд байсан. Төмөр-Очир тэр залууд “ Андаа яах юм бэ. Би чамаас айж байна “ гээд зугтаагаад холдоод байсан. Тэгэхээр нь би “ Тэр залууг яах юм бэ хөгшөөн. Юу болсон бэ. Яасан бэ. Заавал ингэж зодоон цохион хийх хэрэг байгаа юм уу “ гэсэн чинь тэр залуу “ Чам шиг муу банди зүгээр дуугай бай. Нааш ир “ гээд намайг дагуулаад “ Намайг Хайлаастын Одко гэдэг юм “ гэхээр нь би “ Тэр нэр ямар хамаатай юм “ гэхэд тэр залуу толгойгоороо миний духанд мөргөсөн. Мөргөснийхөө дараа миний хамарнаас цус гарахад би хамраа дараад цусаа доошоо цусаа гоожуулаад жоохон тонгойгоод зогсож байтал тэр залуу намайг 2 удаа гараараа баруун талын шанаа, зүүн талын мөр рүү цохьсон. Гэхдээ миний зүүн талын мөр рүү гараараа цохьсон уу, өшиглөснийг сайн мэдэхгүй байна. Доошоо тонгойчихсон байсан юм. Би “ Чи намайг яасан гэж мөргөж байгаа юм бэ “ гэхэд тэр залуу “Чам шиг муу лалрын банди цагдаад өргөдлөө гаргахгүй юу “гэхээр нь миний уур хүрээд тэр залууг заамдаж аваад байж байтал би санаандгүйгээр дундуур орж салгах гэж байсан Одкоог мөрөн тушаа газарт нь цохьсон юм. Тэр залуу намайг мөргөж, цохиж зодсон. Харин би тэр залууг цохиж, зодож чадаагүй. Би нэг л удаа заамдалцаж авсан гэжээ. / хх 38 /

 

     Гэрч Ө.Отгонбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг өнгөрч байхад би "32 клубт" ганцаараа орсон. Дараа нь И.Төмөр-Очир найз Б.Баасандалайгийн хамт тэр бааранд орж ирсэн. Орж ирэхдээ тэр 2 согтоогүй гайгүй байсан. Тэгээд хоорондоо уулзаад ганц нэг пиво уугаад, баахан бүжиглэж байгаад үүрээр 03 цаг өнгөрч байхад тэр баарнаас гарсан. Баарнаас гарахад Б.Баасандалай түрүүлээд гарчихсан байсан. Араас нь И.Төмөр-Очир бид 2 гартал Б.Баасандалай Одко гэх залуутай зодолдоод байж байсан. Тэр 2 хэн нь хэнийгээ хэдэн удаа яаж цохьсныг хараагүй. Одко цаад талд нь Б.Баасандалай наад талд нь хоорондоо зууралдаад зогсож байсан. И.Төмөр-Очир бид 2 тэр 2-ыг салгая гээд дөхөөд очтол миний өөдөөс нэг нь гараараа савсан. Хэн нь тэгснийг мэдэхгүй байна. Би хойшоогоо ухраад холдсон. Тэгтэл Ц.Одко И.Төмөр-Очир руу шууд дайраад, И.Төмөр-Очир ухраад Одког нэг цохиод унагаасан. Ц.Одко босож иртэл И.Төмөр-Очир Ц.Одког дахиад нэг цохиод унагасан. Одкогийн нүднийх нь хажуу талаас цус гарчихсан байхаар нь би тэр хоёрыг больцгоо больцгоо гээд салгасан. Ц.Одко тэр үед нэг залуутай хамт явж байсан. Тэр залуу нь Ц.Одког машиндаа суулгаж байсан. Тэгээд И.Төмөр-Очир, Б.Баасандалай бид 3 гэр гэр рүүгээ явсан. Тэгээд харих гээд явж байхад Б.Баасандалайгийн дух нь бондойгоод 2 хөмсөгнийх нь гол дээр аймаар том хавдчихсан байсан гэжээ. / хх 40 /

 

    Гэрч Ө.Гантулга мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 21-ний шөнө Ц.Одын гэрийн гадна такситай очоод гэриинх нь гаднаас дуудаад хамт 32 бааранд орсон. Тэр бааранд 2 цаг өнгөрч байх үед ороод дундаа нэг шил архи ганц хоёр пиво, ундаа авч уусан. Ц.Од бараг босоогүй. Хүнтэй маргалдаагүй. Би л жаахан бүжиглэсэн. Ц.Од маргааш ажилтай машин барина гээд бараг уугаагүй. Би харихаар болж, Ц.Од намайг зам дээрээс таксинд суулгаж өгөөд, би гэртээ харьсан гэжээ. / хх 44 /

 

     Гэрч Б.Гантогтох мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 21-ээс 22-ны хооронд шилжих шөнө "32 клуб"-ын хажуугаар таксинд явж байсан. Тэр үед шөнө 04 цагийн үед 32 клубын хажуугийн автомашин угаалгын газрын хажууханд машинаа тавьсан байсан. Гэтэл миний автомашины хажуухан талд нийт 4 хүн хоорондоо зодолдоод байгаа бололтой байхаар нь автомашинаа харах санаатай тэд нар дээр очсон. Намайг очиход Ц.Одко гэх залууг нэг махлагдуу намхан нуруутай залуу буланд шахаад гараараа боогоод зогсож байхаар нь би “ Автомашины хажууд байна. Боль боль “гээд салгасан. Тэр үед хажууд нь байсан десант маягийн хувцастай залуу тэр махлаг залууг боль боль гээд тэр зодооныг салгах гээд оролдоод байсан. Тэгсэн чинь улаан өнгийн гейпик малгайтай залуу гэв гэнэт “ Одоо тэгвэл чи манай найзтай зодолдож байгаа бол би чамтай зодолдъё “ гээд Ц.Одыг цохиход ухаан алдаад унасан. Тэгээд Ц.Одыг босоод ирэхэд нь тэр залуу дахиад цохиод унагаасан. Унангуут нь тэр цохиж унагаасан залуу Ц.Одын нүүр рүү өшиглөсөн. Ц.Одыг цохиж унагаасан залуу нь " Ямар овоо пизда вэ" гээд угаалгын газрын үүдэн дээр байсан том чулууг толгой дээрээ өргөөд Ц.Од руу ойртоод дөхөөд ирэхэд нь би “ Боль боль “ гээд цааш нь холдуулсан. Тэгээд тэр залуу чулуугаа хаячихсан. Тэгээд тэр 3 залуу яваад өгсөн. Ц.Од зодуулсан газартаа уйлаад үлдсэн. Би утсаа Ц.Одод өгөөд Ц.Од миний утсаар цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд эхнэрийг нь юм уу эгчийг нь дуудаж өгсөн гэжээ. / хх 46 /

 

     Гэрч Н.Зоригоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би бааранд зохион байгуулагчаар ажилласан. Төмөр-Очир, Ц.Үд нар бааранд орж ирээд үйлчлүүлээд гарсан. Баарандотор баахдаа хоорондо маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Би сайн мэдэж байна. Манайх дотроо бичлэгтэй бөгөөд зодоон цлхилн болсон бичлэг байхгүй байна лээ. Бид нар бичлэгээ шүүж үзсэн. Би баар болон ажилчдаа хариуцан ажиллуулдаг. Манай ажилчид ч тийм юм болсон бол надад заавал хэлнэ. Харин дараа нь Төмөр-Очир “ Зодоон хийгээд цагдаад шалгагдаж байгаа ёстой балай юм болсон “ гэхээр нь би “ Хохь чинь. Дандаа далдаганаж явдаг юм. Чамайг би томоотой бай “ гэж хэлсэн шүү дээ гэж хэлж байсан гэжээ. / хх 48-50 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1007Б тоот дүгнэлтэнд:

 

1. Шинжээч эмч Ө.Сарангэрлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №7119 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

2. Ц.Одын биед баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор хана сүүн ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, дотор хананд хугарал, хамрын зүүн хажуу хананд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хүний гар, хөлний оролцоотойгоор үүссэн байж болно. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Хохирогчийн нүүрийг засрашгүй эвдэж дүрсийг алдагдуулсан гэмтэл учраагүй байна. Зүүн зовхины сорив нь ердийн явцаараа бүдгэрнэ гэжээ. / хх 64, 65 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1007А тоот дүгнэлтэнд:

 

1. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн
8470 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгтэй санал нийлэхгүй байна.

2. Б.Баасандалайгийн биед зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах
тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн
хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 67 /

 

Шүүгдэгч Ц.Одыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 36-37 /, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /

Шүүгдэгч Б.Баасандалайг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 36-37 /, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /

Шүүгдэгч И.Төмөр-Очирыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 36-37 /, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /

 

Шүүгдэгч нарыг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 114, 124, 136 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Од мэдүүлэхдээ: Тэр орой намайг гэртээ байхад манай найз Ө.Гантулга жаахан юм уучихсан ирээд бид хоёр хамт 32 бааранд орсон. Ороод нэг шил архи, пиво аваад суусан. Би маргааш нь ажилтай учир их уугаагүй. Тэгээд найз маань муудсан учир би түүнийг гаргаж таксинд суулгаж өгөөд тооцоогоо хийгээд гартал нэг залуутай мөрөөрөө шүргэлцсэн. Тэр Б.Баасандалай бөгөөд “ Хөгшөөн тамхи өгчих “ гэхээр нь би байхгүй гэтэл “ Наад татаж байгаа тамхиа өгчих “ гээд над руу тулаад ирэхээр нь би цааш нь түлхтэл намайг боогоод авсан. Гэтэл И.Төмөр-Очир нь хажуунаас нүд рүү цохьсон. Б.Баасандалай мөр болон нүүрэнд ганц хоёр цохьсон. И.Төмөр-Очир намайг боосон. Ингээд би машин дотор сэргэсэн.

Би хэнийг ч зодоогүй. Б.Баасандалайг мөргөөгүй. Хэрвээ би 2-3 хүнтэй зодолдож чадах байсан бол ингэтлээ зодуулахгүй байсан. Би цагдаад өргөдөл өгөөд сар гарангийн дараа эд нар баригдсан. Энэ хугацаанд хэзээ духандаа хавдартай болсныг мэдэхгүй. Би хагалгаа хийлгэж нийт 1,700,000 төгрөгний зардал гарсан. Одоо дахин 2 удаа хагалгаанд орно. Энэ хоёр надад эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн. Тэгээд адилхан залуу хүмүүс, бас нялх хүүхэдтэй учир бид нар эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч, хохирогч Б.Баасандалай мэдүүлэхдээ: Би өөрөө зодуулчихаад эцэст нь танхайрсан болоод байгаагаа ойлгохгүй байна. 32 бааранд сууж байхад И.Төмөр-Очир бүжиглэж байгаад ирэхдээ “ Нэг залуу намайг өдөөд байна “ гэхээр нь би “ Хэрэггүй шүү дээ. Гурвын гурван хүүхдийн эцэг байж яах гэсэн юм бэ “ гэсэн. Тэгээд баарнаас гараад иртэл манай найз И.Төмөр-Очир руу нөгөө залуу дайраад “ Зодолдъё “ гээд байсан. Би очоод “ Юу болсон юм бэ. Хөгшөөн. Заавал зодолдох хэрэг байгаа юм уу. Би найзыгаа дагуулаад явлаа “ гэхэд тэр залуу намайг хэл амаар доромжлоод дагуулж яваад шууд миний духанд мөргөсөн. Миний хамраас цус гараад толгой эргээд би түүний энгэрээс зуураад автал баруун шанаанд 1 удаа,  нүүрэнд 2 удаа цохьсон. Би түүнийг цохих гээд гараа савтал Одкогийн мөрөнд цохьсон. Тэгээд би хамраа дараад доошоо тонгойсон. Тэр үед Ц.Од замын тийшээ гүйгээд И.Төмөр-Очиртой зодолдсон.

Ц.Одод зодуулснаас болоод одоо хүртэл толгой ойр ойрхон байнга өвддөг. Духанд мөргөсөн хавдар нь одоо болтол хэвээрээ байгаа. 7 сарын 12-нд гэнэт ухаан алдаж унасан. Тархины судас нарийссан байна гэсэн. Тухайн үед миний хамраас цус гараад энгэр рүү гойжоод дарайгаад хатсан байсан. Мөн өглөө босоход хамар, эрүүнд цус хатсан байсан. Зодуулснаасаа болоод би гэртээ 7 хоног хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Сарын дараа тархины зураг авахуулсан. Одоо надад гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн, Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 3 хүүхэдтэй, эхнэр маань удахгүй төрөх гэж байгаа  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч И.Төмөр-Очир мэдүүлэхдээ: Ц.Од намайг бааранд байхад “ Улаан  малгайтай хошногоо “ гээд айсан. Б.Баасандалайд энэ тухай хэлэхэд “ Зодоон хийгээд яах юм бэ “ гэсэн. Баар хаах болод гарах үед Ц.Од араас ирээд надтай маргалдаад “ зодолдъё “ гээд намайг өдөөд байсан. Би түүнд 3 хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Тэгтэл Ц.Од Б.Баасандалайг мөргөөд цохьсон. Тэгээд Ц.Од намайг ирээд цохихоор нь би түүнийг нэг цохьсон. Дахиад намайг цохихоор нь зөрүүлээд нүүрэнд нь цохьсон. Намайг цохиход унаад босож ирсэн нь үнэн. Энэ явдлаас хойш олон хоногийн дараа Ц.Од гэмтэл авсныг мэдсэн. Түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг Б.Баасандалай бид хоёр төлсөн. Олон нялх хүүхэдтэйг минь харгалзаж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

И.Төмөр-Очир, Б.Баасандалай нар нь 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бүлэглэн Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "32 шөнийн клуб"- ын гадна согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн Ч.Одыг “ тамхи өгсөнгүй “ гэх шалтгаанаар зодож, бие махбодид  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …баарны үүдэнд нэг залуутай санамсаргүй мөрөөрөө шүргэлцсэн. Тэр залуу “тамхиа өгчих “ гэснээс болж маргалдаад намайг заамдаж боосон хажуу талаас туранхай залуу шууд миний нүүр рүү цохьсон, Араас боогоод би ухаан алдаад машинд ухаан орсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ц.Одын мэдүүлэг / хх 34 /,  … Баарнаас Б.Баасандалай түрүүлээд гарсан. Араас нь И.Төмөр-Очир бид 2 гартал Б.Баасандалай Ц.Одко гэх залуутай зодолдоод байж байсан. И.Төмөр-Очир ухраад Одког нэг цохиод унагаасан. Ц.Одко босож иртэл И.Төмөр-Очир  дахиад нэг цохиод унагасан. Одкогийн нүднийх нь хажуу талаас цус гарчихсан байхаар нь би тэр хоёрыг салгасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ө.Отгонбатын мэдүүлэг / хх 40 /,  ... Намайг очиход Ц.Одко гэх залууг нэг махлагдуу намхан нуруутай залуу буланд шахаад гараараа боогоод зогсож байсан. Хажууд нь байсан десант маягийн хувцастай залуу тэр махлаг залууг боль боль гээд тэр зодооныг салгах гээд оролдоод байсан. Тэгсэн чинь улаан өнгийн гейпик малгайтай залуу гэв гэнэт “ Чи манай найзтай зодолдож байгаа бол би чамтай зодолдъё “ гээд Ц.Одыг цохиход ухаан алдаад унасан. Тэгээд Ц.Одыг босоод ирэхэд нь тэр залуу дахиад цохиод унагаасан. Унангуут нь тэр цохиж унагаасан залуу Ц.Одын нүүр рүү өшиглөсөн. Ц.Одыг цохиж унагасан залуу нь "ямар овоо пизда вэ" гээд угаалгын газрын үүдэн дээр байсан том чулууг толгой дээрээ өргөөд Ц.Од руу ойртоод дөхөөд ирэхэд нь би боль боль гээд холдуулахад тэр залуу чулуугаа хаячихсан. Тэгээд тэр 3 залуу яваад өгсөн. Ц.Од зодуулсан газартаа уйлаад үлдсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Гантогтохын мэдүүлэг  / хх 46 /, ... хохирогч Ц.Одын биед баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор хана сүүн ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, дотор хананд хугарал, хамрын зүүн хажуу хананд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1007Б тоот дүгнэлт / хх 63-65 /, гэрэл  зургийн үзүүлэлт / хх 61 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч И.Төмөр-Очир, Б.Баасандалай нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Баасандалай, И.Төмөр-Очир нар нь урьд ял шийтгүүлсэн боловч  И.Төмөр-Очирын ялгүйд тооцох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар, И.Төмөр-Очирын тэнсэнгийн хугацаанаас үлдсэн хугацаа нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар тус тус өршөөгдсөн тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч И.Төмөр-Очир, Б.Баасандалай нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

     Прокуророос шүүгдэгч Ц.Одыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "32 шөнийн клуб"-ын гадна Б.Баасандалайг өөрийгөө зодлоо гэх нэрийдлээр зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

     Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд авагдсан дараах нотлох баримтуудаар Ц.Од нь хохирогч Б.Баасандалайг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь үндэслэлгүй байна. Үүнд:

           1. Гэрч Отгонжаргалын ... баарнаас Б.Баасандалай түрүүлж гарч ирсэн ба Ц.Одтой зууралдаад зогсож байсан. Хэн хэнийгээ цохихыг хараагүй. И.Төмөр-Очир Ц.Одыг нэг цохиод унагаасан. Ц.Од босож иртэл И.Төмөр-Очир дахиад цохиод унагаачихсан. Ц.Одын нүднийх нь хажуу талаас цус гойжиж байсан гэсэн мэдүүлэг / хх 40 /, ...Ц.Одыг нэг махлагдуу залуу буланд шахаад боогоод байж байсан. Тэр үед хажууд нь байсан десант маягийн хувцастай залуу тэр махлаг залууг боль боль гээд тэр зодооныг салгах гээд оролдоод байсан. Тэгсэн чинь улаан өнгийн гейпик малгайтай залуу гэв гэнэт “ Одоо тэгвэл чи манай найзтай зодолдож байгаа бол би чамтай зодолдъё “ гээд Ц.Одыг цохиход ухаан алдаад унасан. Тэгээд Ц.Одыг босоод ирэхэд нь тэр залуу дахиад цохиод унагаасан. Унангуут нь тэр залуу Ц.Одын нүүр рүү өшиглөсөн. Намайг харж байхад  Ц.Од Б.Баасандалайг цохиж зодоогүй гэж мэдүүлсэн гэрч Б.Гантогтохын мэдүүлэг / хх 47 / зэргээр Б.Баасандалай эхэлж баарнаас гарч Ц.Одтой маргалдан түүнийг заамдан авсан байхад И.Төмөр-Очир ирж, Ц.Одыг цохиж, ухаан алдуулсан бөгөөд Ц.Од намайг мөргөж хамраас цус гаргасан гэсэн нь дээрх гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

           2. Хохирогч Б.Баасандалай хохирогчоор байцаагдахдаа ... тэр залуу өөрийнхөө толгойгоор миний духанд мөргөсөн. Миний дух хавдсан гэж / хх 38 / мэдүүлсэн ба гэрч Ө.Отгонбат ...гэр рүүгээ харих замд Б.Баасандалайгийн хоёр хөмсөгнийх нь голд мангар том овойгоод хавдчихсан байсан гэж / хх 40 / тус тус мэдүүлсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид үзүүлэхдээ ... дух руу нэг удаа мөргөсөн / хх 67 / гэж тэмдэглүүлсэн байна.

           Дээрх Б.Баасандалайд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1007А тоот бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үндэслэлгүй болохыг / хх 69 / тогтоосон байна.

           3. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан Б.Баасандалайгийн биед учирсан зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч Ц.Од учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэзээ учирсан нь тодорхойгүй, хэрэг учрал болсноос хойш 10 хоногийн дараа авсан гэх гэрэл зураг нь хэзээний зураг болох нь тодорхойгүй, Ц.Одод зодуулсан талаараа тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

           Иймд Ц.Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ц.Од нь эмчилгээний зардалд 1.700.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Б.Баасандалай, И.Төмөр-Очир нар нь 1 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдсон, үлдэх хохирлоо хохирогч нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэж, Ц.Од нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.Одын тархины томографын 2 ширхэг зургийг Ц.Одод, Б.Баасандалайгийн тархины томографын бичлэг бүхий 1 ширхэг сиди 1 ширхэг зургийг Б.Баасандалайд тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 293, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                       

 

  ТОГТООХ нь: 

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Цогбадрахын Ц.Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Ичинхорлоогийн Төмөр-Очир, Бат-Эрдэнийг Баасандалай нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар И.Төмөр-Очирыг 3 жил 6 сар, Б.Баасандалайг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар И.Төмөр-Очир, Б.Баасандалай нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Баасандалай, Ц.Од нарын тархины томографын бичлэг бүхий сиди болон рентгэн зургийг Б.Баасандалай, Ц.Од нарт буцаан олгож, Ц.Од, И.Төмөр-Очир, Б.Баасандалай нар нь цагдан хоригдоогүй, И.Төмөр-Очир, Б.Баасандалай нар төлөх төлбөргүй, хохирогч Ц.Од нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар И.Төмөр-Очирт оногдуулсан 3 жил 6 сар, Б.Баасандалайд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Ц.Одод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, И.Төмөр-Очир, Б.Баасандалай нарт авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

8. Шийтгэх  тогтоолыг  ялтан,  хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                 

                   

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ