Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 48

 

М-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0048/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Б.Бямбасүрэн,

Иргэний хариуцагч О,  

Шүүгдэгч М нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-н давж заалдах гомдлоор М-д холбогдох эрүүгийн 1939004230250 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 2000 онд төрсөн, эрэгтэй, 19 настай, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б-н М нь

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 багийн нутаг “Хадтайн гол” гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4.в-д заасан “мотоцикл, мопид жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А-н эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Б-н М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч  М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч М-д  тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч М нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх уг шийдвэрийг  хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-н гаргасан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэл шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан эмчилгээний төлбөрийн талаарх нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь эмчилгээний зардлыг буруу тооцон гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч М нь А-ны Баян-Овоо сумын эмнэлэгт эмчлүүлсний төлбөр болох 372641 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг үгүйсгээгүй боловч уг 372641 төгрөг нь А-г 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Баян-Овоо сумын эмнэлэгт эмчлүүлсний төлбөрт тооцогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчид гаргаж өгсөн эмчилгээний зардлаас тусдаа тооцогдох төлбөр юм.

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 114-118 талд авагдсан 28 ширхэг эмчилгээний зардалтай холбоотой баримтууд нь бүгд хохирогчийн Хэнтий аймгийн Батноров сумын эмнэлгээс Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойших эмчилгээний баримтууд юм.

Миний хүү хохирогч А нь шүүгдэгч М, иргэний хариуцагч О нарын хамтаар зорчиж яваад авто осолд орж хүнд гэмтсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд хуульд зааснаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хохирогчид учирсан бүхий л зардлыг төлөх үүрэгтэй. О нь иргэний хариуцагчийн хувьд 500000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч М нь хохирлыг төлөхөө илэрхийлж шүүхээс 1 хоногийн хугацаатай завсарлага авч 401634 төгрөгийг төлсөн боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан эмчилгээний төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хохирогч талаас гаргасан төлбөрийн нотлох баримтыг буруу үнэлэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын зайлшгүй төлөх үүрэгтэй байсан Баян-Овоо сумын эмнэлгийн төлбөр 372641 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн хохирлын төлбөр буюу иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч М-гоос 372641 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөөлөгчийн нэхэмжилсэн 372641 төгрөгийг О-тай хувааж төлөх саналтай байна гэжээ.

Иргэний хариуцагч О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 372641 төгрөгийг М-той хувааж төлөх саналтай байна гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 багийн нутаг “Хадтайн гол” гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А-н эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Анхан шатны шүүх М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хохирол, төлбөрийн хувьд мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

М нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 багийн нутаг болох “Хадтайн гол” гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4.в-д заасан “мотоцикл, мопид жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус  тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А-н эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү А 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Баян-Овоо сумын эмнэлэгт 4 хоног ухаангүй хэвтсэн. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ирж хэвтсэн. ...Баян-Овоо сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 400 гаруй мянган төгрөгийн эм тариа орсон. Хэнтий аймагт ирээд ор хоногийн мөнгө 36000 төгрөг, томографын зураг авахуулахад 90000 төгрөг төлсөн. Мөн эмнэлгийн нөөцөөс 80000 төгрөгөөр уураг авсан. Бид хувиараа эмнэлгээс авч ир гэсэн эм тариаг уургийг эмийн сангаас авч байсан. Эмчилгээний зардал мөнгийг тухай бүрт нь нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар 1371275 төгрөг эмчилгээний зардалд гаргасан бөгөөд бүгд баримт нь байна. А-г эрүүл болтол нь эмчилгээг тасралтгүй хийлгэнэ. Одоогийн байдлаар хүү А маань ухаан санаа нь орж гарсан байдалтай, хоёр хөл нь мэдээгүй байгаа тул сэргээн засах эмчилгээ хийлгэнэ. Бас нурууны зургийг нь авахуулна. Мөн өөрийн мэдэлгүй доороо шээгээд байгаа болохоор памперс хэрэглэдэг. Шөнө их бага унтдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас/,

Иргэний хариуцагч О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд мотоциклоо шилжүүлснээс болж зам тээврийн осол гарч А биедээ хүнд гэмтэл авсан гэдгийг шинжээчийн дүгнэлттэй танилцаад ойлгосон. Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А-н ээжид бэлнээр 500000 төгрөгийг өгсөн бөгөөд мөнгө өгсөн талаарх баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Цаашид найз А-н эмчилгээнд зориулж мөнгө өгнө...” гэх мэдүүлэг  /хх-ийн 28 хуудас/,

Гэрч О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сум Ангирт багт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 7 дугаар сарны 13-ны орой гэгээ тасарч байхад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн хайрхан маркийн мотоциклтой найз А-н гэрт очсон. Баян-Овоо сумаас манай цэргийн найз Б улаан өнгийн хайрхан мотоциклтой ирчихсэн байсан. ...Б-с мөнгө авч дэлгүүрээс 2.5 литрийн боргио нэртэй пиво, 750 граммтай соёрхол нэртэй архи худалдаж авсан. ...М утсаар яриад би унаагүй байна ирээд авчих гэж хэлэхээр нь А Б бид нар очиж авсан. Бид нар Баян-Овоо сумын зүүн урд талд байх Гүрмийн нуурны баруун хойд талд очсон. Гүрмийн нуурны хажууд очиж Б-, М-, А- бид нар архи, пивыг хувааж ууж дуусгаад А-ы гэр лүү явахаар болсон. Б- өөрийнхөө мотоциклыг жолоодоод ард нь би сууж явсан. М- миний мотоциклыг жолоодоод ард нь А- суугаад явсан бид нар цуг хөдөлсөн. ...Явж байгаад нэг эргээд хартал М- А- хоёр харагдахгүй байсан. Б- бид хоёр 1 км гаран буцаж явахад замын хажууд М-, А- хоёр хэвтэж байсан мотоцикл нь талаараа харчихсан хэвтэж байсан. А- ухаангүй байсан чихнээс нь цус гарсан байсан нүүр нь шалбарсан байсан. М- болохоор гар хугарчих шиг боллоо гээд хэвтэж байсан. Би мотоциклыг асааж замаас холдуулсан. Б- түргэн тусламж дуудахаар явсан. М- А- хоёр мотоциклтой шороон замын зүүн талаар явсан мөр байсан мөн онхолдож мөр үүссэн байсан мотоциклын эд анги хуванцарууд бутарч тарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/

Гэрч Г.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би жижүүртэй байсан. 18 цаг 55 минутад Баян-Овоо сумаас зүүн хойд зүгт мотоциклоос уначихлаа гэсэн дуудлага Б- гэх хүн өгсөн. Дуудлагаар Х эмч явсан. Өвчтөн А-ыг 19 цаг 30 минутын орчим Баян-овоо сумын эмнэлэгт авчирч эмчилгээ эхэлсэн. Биеийн байдал маш хүнд ухаангүй байсан. Нүүрний арьс нэлэнхийдээ шалбарсан шархтай, зүүн чихнээс цус гарсан байдалтай ирсэн. ...Хэнтий аймгийн нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлсэн. Тархиндаа гэмтэл авсан тул хөдөлгөж болохгүй гэж хэлээд эмийн эмчилгээ бичиж өгсөн. ...Мөн өвчтөн А-ы хамт өвчтөн М-г авч ирсэн. М- зүүн гарын бугалга хэсгээр хугарсан өвдөлт ихтэй байсан. Зүүн гарын бугалга хэсэг хөхөрсөн байсан өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан. М- анх ирэхдээ бөөлжөөд байсан. М-, А- нараас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Гэрч Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид М-г гэрээс нь аваад  Баян-Овоо сумын зүүн талд байх “Гүрмийн нуур”-ны хойд талд очиж нуурын эрэг дээр сууж архи, пивыг хувааж уусан. ...Норовлин сумын Ангирт багт очиж А- О- хоёрыг хүргэж өгөхөөр явсан. Би өөрийнхөө улсын дугааргүй улаан өнгийн “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодож миний ард О- сууж явсан. М- О-гийн шар өнгийн “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодож ард талд нь А- сууж миний араас явсан. ...М- А- хоёрыг ирэхгүй болохоор нь буцаж 1км орчим газар явахад М-, А- хоёр мотоциклоос унасан байсан. ...Мотоцикл нь талаараа хараад шороон замын зүүн талд хэвтэж байсан. М- мотоциклынхоо баруун талд дээшээ хараад хэвтэж байсан. А- шороон замын ховилд доошоо хараад хэвтэж байсан. А- амьсгалж байсан дуугарахгүй байсан. Баруун чихнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуудас/,

Яллагдагч М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид А-ыг гэрт нь хүргэж өгөхөөр 18 цаг өнгөрч байхад Норовлин сумын 2 дугаар баг руу хөдөлсөн. Б- өөрийнхөө улаан өнгийн “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодоод ард нь О- сууж байсан. Би О-гийн шар өнгийн “Хайрхан” маркийн мотоциклыг  жолоодоод миний ард А- сууж явсан. Гүрмийн нуураас баруун хойд зүгт явж байгаад “Хадтайн гол”-ын урд талд явж байгаад онхолдож осол гарсан. Би осол болсноос хойш  юм санахгүй байна нэг мэдсэн Баян-Овоо сумын эмнэлэгт  хэвтэж байсан... Би хэдэн километр цагийн хурдтай явсан гэдгээ мэдэхгүй байна. ...Надад жолоочийн үнэмлэх байхгүй. ...О- би согтуу байна мотоцикл барьж чадахгүй гээд Б-гийн ард суусан. Би нөгөө гурвыг бодоход бага согтолттой байсан тул О-гийн мотоциклыг жолоодсон. О-гийн мотоциклын түлхүүр нь мотоциклын хянах самбартаа зоолттой байсан. ...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. А-ы эмчилгээний зардалыг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн

- А-ын биед зүүн чамархай, суурь яс, зүүн хацар ясны хугарал, дух зулай, чамархайн дэлбэнгүүдэд цус хуралт, хамрын таславчны  мурийлт, хамар, шанаа,  мөрөнд зулгаралт  зүүн шанаанд сорви гэмтэл тогтоогдлоо...

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн 3.1.2-д зааснаар амь биед  аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хх-ийн 47 хуудас/,

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай

- Улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикль жолоодож явсан М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ мотоцикл, мопид жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус  тус зөрчсөн байх үндэслэлтэй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 129 хуудас/,  

М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан жолоочийн лавлагаа  /хх-ийн 76 хуудас/,   

М-гийн  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81 хуудас/,

М-  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Э.Алтантуяагийн нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 115-118 хуудас/,

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 372.641 төгрөгийн үнийн дүн бүхий эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 148 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийг талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин хохирогч А-ы 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны эмчилгээний зардал 1382275 төгрөгөөс /хх-ийн 114-118 хуудас/ иргэний хариуцагч О- 500000, шүүгдэгч М- 427641, шүүх хуралдааны үед 401634 төгрөгийг тус тус төлж 8000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн бөгөөд А-ы 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны эмчилгээний зардал 372641 төгрөгийг /хх-ийн 146-154 хуудас/ нэмж нийт 380641 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу шүүгдэгч М-, иргэний хариуцагч О- нараас хувь тэнцүүлэн /тэдний тохиролцсоны үндсэн дээр/ гаргуулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг зөвтгүүлэх талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар заалтын “бусдад төлөх төлбөргүй” гэснийг хасч, “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М-гоос 190320 төгрөг, иргэний хариуцагч О-гаас 190320 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д  олгосугай” гэсэн заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                         Я.АЛТАННАВЧ

                                                                                             Б.ДЭНСМАА