Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

 

 

 

2022           12           22                                      2023/ШЦТ/07

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Оюунцэцэг /Баянзүрх дүүргийн прокурор/,

Шүүгдэгч: Г.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Буджав нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Монголын Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эмэг эх, дүү нарын хамт амьдардаг,

           

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Т нь Б.Дтай бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Оффис-35 дугаар барилгын 202 тоот өрөөнд хохирогч Ц.Рээс Блейк мэжик Покет /Black magic pocket cinema camera 6k pro/ загварын кино зураг авалтын зориулалтаар ашигладаг мэргэжлийн камер түүний дагалдах Рокинон синема /Rokinon cinema/ камерын 4 ширхэг линз Блейк Мэжик про батерей грип /Black magic pro battery grip/ нэмэлт батерей Тилт хальф сан рүүф 6к про /Tilta half sun roof 6k pro/ сүүдрэвч, Тилта эдвенсед кит эф/би эм пи си си 6к про /Tilta advanced kit f/bmpcc 6k pro/ камерын хамгаалалтын хайрцаг, Ватсон дуо Эл Си Ди чаржер эф/сони /Watson duo icd charger f/sony/ цэнэглэгч Блейк мэжик 3500 эм эе жэе эл ая реплэйс байт /Black magic 3500 mAj Li Replace Bait/ 5 ширхэг камерын батерей Пэлчиан 1650 кейс /Pelcian 1650 case/ камерын хамгаалалтын хайрцаг Самсунг Эм5 Эс эс Пи хард /Samsung M5 SSD hard/ хард дискийг өдрийн 200.000 төгрөгөөр түрээсэлнэ хэмээн хуурч, клипний зураг авалтад ашиглана хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдад худалдсаны улмаас хохирогч Ц.Рт 14.076.747 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн Б.Дтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг 19 дүгэр байранд байрлах Студи фото хаус түрээсийн газраас “түрээсээр камер авъя, мөнгийг нь шилжүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 5 дугаар сарын 22, 7 дугаар сарын 25-ны өдөр Canon 70*200 mm F268 IS3 камерын дуран, Canon 90D загварын камерыг залилан авч Ү.От 12.125.840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 Шүүгдэгч Б.Д нь Г.Ттэй бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Оффис-35 дугаар барилгын 202 тоот өрөөнд хохирогч Ц.Рээс Блейк мэжик Покет /Black magic pocket cinema camera 6k pro/ загварын кино зураг авалтын зориулалтаар ашигладаг мэргэжлийн камер түүний дагалдах Рокинон синема /Rokinon cinema/ камерын 4 ширхэг линз Блейк Мэжик про батерей грип /Black magic pro battery grip/ нэмэлт батерей Тилт хальф сан рүүф 6к про /Tilta half sun roof 6k pro/ сүүдрэвч, Тилта эдвенсед кит эф/би эм пи си си 6к про /Tilta advanced kit f/bmpcc 6k pro/ камерын хамгаалалтын хайрцаг, Ватсон дуо Эл Си Ди чаржер эф/сони /Watson duo icd charger f/sony/ цэнэглэгч Блейк мэжик 3500 эм эе жэе эл ая реплэйс байт /Black magic 3500 mAj Li Replace Bait/ 5 ширхэг камерын батерей Пэлчиан 1650 кейс /Pelcian 1650 case/ камерын хамгаалалтын хайрцаг Самсунг Эм5 Эс эс Пи хард /Samsung M5 SSD hard/ хард дискийг өдрийн 200.000 төгрөгөөр түрээсэлнэ хэмээн хуурч, клипний зураг авалтад ашиглана хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдад худалдсаны улмаас хохирогч Ц.Рт 14.076.747 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн Г.Ттэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг 19 дүгэр байранд байрлах Студи фото хаус түрээсийн газраас “түрээсээр камер авъя, мөнгийг нь шилжүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 5 дугаар сарын 22, 7 дугаар сарын 25-ны өдөр Canon 70*200 mm F268 IS3 камерын дуран, Canon 90D загварын камерыг залилан авч Ү.От 12.125.840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Т нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн ..... дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хохирогч Рийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29, 34, 39 дүгээр хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/,

“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 123, 158 дугаар хуудас/,

Хохирогч Ү.Оын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 124 дүгээр хуудас/,

Хохирогч Ү.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 129-131, 163-164 дүгээр хуудас/,

Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 133-134, 169 дүгээр хуудас/,

“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 138-139, 174-175 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 147-149 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагчдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 155, 186 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Мын хүсэлт /хх-ийн 226 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т шүүгдэгч Б.Д нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Оффис-35 дугаар барилгын 202 тоот өрөөнд хохирогч Ц.Рээс Блейк мэжик Покет /Black magic pocket cinema camera 6k pro/ загварын кино зураг авалтын зориулалтаар ашигладаг мэргэжлийн камер түүний дагалдах Рокинон синема /Rokinon cinema/ камерын 4 ширхэг линз Блейк Мэжик про батерей грип /Black magic pro battery grip/ нэмэлт батерей Тилт хальф сан рүүф 6к про /Tilta half sun roof 6k pro/ сүүдрэвч, Тилта эдвенсед кит эф/би эм пи си си 6к про /Tilta advanced kit f/bmpcc 6k pro/ камерын хамгаалалтын хайрцаг, Ватсон дуо Эл Си Ди чаржер эф/сони /Watson duo icd charger f/sony/ цэнэглэгч Блейк мэжик 3500 эм эе жэе эл ая реплэйс байт /Black magic 3500 mAj Li Replace Bait/ 5 ширхэг камерын батерей Пэлчиан 1650 кейс /Pelcian 1650 case/ камерын хамгаалалтын хайрцаг Самсунг Эм5 Эс эс Пи хард /Samsung M5 SSD hard/ хард дискийг өдрийн 200.000 төгрөгөөр түрээсэлнэ хэмээн хуурч, клипний зураг авалтад ашиглана хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдад худалдсаны улмаас хохирогч Ц.Рт 14.076.747 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн Г.Т шүүгдэгч Б.Д нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг 19 дүгээр байранд байрлах Студи фото хаус түрээсийн газраас “түрээсээр камер авъя, мөнгийг нь шилжүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 5 дугаар сарын 22, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Canon 70*200 mm F268 IS3 камерын дуран, Canon 90D загварын камерыг залилан авч Ү.От 12.125.840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Рийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Хохирогч Ц.Рийн “...2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Д надтай 89969190 дугаарын утсаар холбогдож уулзсан. Д нь камер түрээслэхээр ирэхдээ хамтарч ажилладаг гэх нэг найзынхаа хамтаар ирж манай камерыг шалгаад бид камераа нэг өдрийн 200.000 төгрөгөөр 2 өдөр түрээслэхээр болж тохиролцсон. Барьцаа болгож Дын иргэний үнэмлэхийг авч үлдэхээр болсон. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай ажилтан Есөнчулуут Дын 99106431, 89969190 дугаарын утаснууд руу удаа дараа залгаад авахгүй болохоор нь аваад ирэх байх гэж итгээд байж байтал 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д манай хамт ажилладаг байсан М.Отгон-Эрдэнэд “М.Отгон-Эрдэнэ” гэх фэйсбүүк хаяг руу өөрийн “Davaajargal Battulga гэх хаягнаас “камераа ашиглаж дуусаагүй байна, түрээсээ 1 хоногоор дахиж сунгаад төлбөрийг нь өгье” гэж хэлсэн байсан. Тэр өдрөөс хойш бид удаа дараа гар утас болон фэйсбүүк хаяг руу нь холбогдох гэсэн боловч утсаа авахгүй салгаад фэйсбүүкээгр блоколчихсон байсан. Дын залилсан иж бүрэн камернаас болоод манай компани ойролцоогоор 6.000.000 төгрөгийн хохирол учирсан тул гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.Мын “...2022 оны 8 дугаар сарын 06-ны өглөө “камер зарна” гэсн зар фейсбүүкээс харсан тул холбогдож 7.000.000 төгрөгөөр камер линз авахаар болсон. Д, Төгсөө гэх 2 эрэгтэйтэй уулзаж 24 нэртэй ломбард руу очсон.... 1 ширхэг 24 мм-ийн, 1 ширхэг 35 мм-ийн, 1 ширхэг 50 мм-ийн линзээс бусдыг нь авахаар болж ломбарданд барьцаа мөнгийг нь буюу 3.456.500 төгрөг ... дугаарын данс руу шилжүүлж барьцаанд тавьсан байсан өөрийн худалдан авах гэж байсан эд зүйлсээ авсан. Ломбардны төлбөрөөс гадна анхны тохиролцсон үнэ болох 7.000.0000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Э гэх хүний 5379177641 дугаарын данс руу өөрийн .. дугаарын данснаас 2.040.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 1.500.000 Төгсөө гэх эрэгтэй өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Эын “...Би Т болон Д хоёрын зар гэсэн эд зүйл буюу 3 ширхэг линзийг зарсан нь үнэн. 3 ширхэг линзийг үл таних эрэгтэй хүнд зарсан...  Би Хаан банкны .. дугаартай даныг би ашигладаг. Тус дансаа Төгсөө, Д хоёрт ашиглуулдаг. Төгсөө, Д хоёр банкны данс ашиглах боломж байхгүй, шинэ үеийн утасгүй нокиа загварын гар утас барьдаг байсан тул тэр хоёр бид Отгонзаяа бид хоёрын дансыг ашигладаг байсан...” гэв.

Гэрч Б.Огийн “...Д, Т нар Э бид хоёртой хамт байх хугацаандаа бид хоёрын гар утас, интернэт банкыг ашиглаж байсан. Миний дансыг ашиглаж юу хийж байсныг мэдэхгүй байна. 2022 оны 8 дугаар сарын 10-н гаргаад байж байхад Т миний фэйсбүүк хаягаар “линз зарна” гэж пост оруулсан. Тэр зарна гэсэн линз нь Т Д хоёрт сар гаран байсан тул өөрсдийнх нь юм байна гэж бодоод олон юм асууж шалгаагаагүй. Т, Д хоёрын оруулсан зар дээр нэг хүн сэтгэгдэл бичиж линз авна гэсэн тул тэр хүнд Д, Т хоёр линз зарахаар болсон. Яг зарах дээрээ тулаад ирсэн чинь Д, Т хоёр өмнө нь наад хүнтэй чинь уулзаад одоо өөрсдөө очоод зарах гэхээр эвгүй байна, одоо зарж байгаа болохоор санаа зовоод байна, чиний фэйсбүүк хаягаар зар оруулсан учраас чи очоод зараад өгөөч” гэх утгатай зүйл надад хэлж гуйгаад байсан учраас би Эын хамт очиж М гэдэг хүнд 3 ширхэг линз зарсан. 1 линзийг нь дараа авна гээд маргааш нь авч байсан...” гэсэн мэдүүлэг,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...1 ширхэг Black magic 6k pro camera /мэргэжлийн камер/, 1 ширхэг Black magic 6k pro Tiltacage /камерны хамгаалалтын хайрцаг/, 5 ширхэг Black magic 6k pro Sony battery /камерны баттерэй/, 5 ширхэг Black magic 6k pro Battery grip /нэмэлт баттерэй/, нийт 4 ширхэг линз Rokinon Cine Lens /кино зураг авалтын камер хийдэг линз/ буюу 1 ширхэг 24 мм-ийн, 1 ширхэг 35 мм-ийн, 1 ширхэг 50 мм-ийн, 1 ширхэг 85 мм-ийн линзүүд буюу дурангууд 1 ширхэг Samsung T5 загварын 1 террабайт багтаамжтай SSD Hard тус бүрийг хүлээлгэн өгөв...” гэсэн баримт,

“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 14.076.747 /арван дөрвөн сая далан зургаан мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,

Хохирогч Ү.Оын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Хохирогч Ү.Оын “...Манай байгууллагаас 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Д гэдэг зүс танидаг эрэгтэй ирээд Canon 70*200 mm F2.8 IS3 загварын 6.800.000 төгрөгийн үнэтэй дуранг 5 хоногийн хугацаатай өдрийн 70.000 төгрөгөөр түрээслэхээр аваад явсан. Түрээсийнхээ мөнгийг гараад явуулъя гэж хэлж гараад тэр чигээрээ алга болчихсон. 5 хоног дуусаад 99106431 дугаарын утсанд нь өөрийн 88118018 дугаараасаа залгатал утсаа авахгүй байсан. Хэд хоногийн дараа дахиад залгасан чинь “бөөнд нь өгье” гэж хэлсэн. Тэгээд удаа дараа залгатал худал үнэн шалтаг хэлээд өгөхгүй сүүлдээ утсаа унтраагаад холбоо барихаа больсон. Мөн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Т гэх эрэгтэй ирээд барьцаа үлдээгээд Canon 90D маркийн камерыг 24-70 mm f2.8 2-р үеийн дурантай хамт авч яваад буцаж ирээгүй....” гэсэн мэдүүлэг,

“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 12.125.840 /арван хоёр сая нэг зуун хорин таван мянга найман зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,

Шүүгдэгч Г.Т, Б.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Г.Т, Б.Д нар нь танилын холбоотой байдлаа далимдуулан хохирогч нарт “зураг авалт хийх зорилгоор камерыг нь түрээслээд буцааж өгнө” гэсэн ойлголтыг төрүүлж тухайн эд зүйлсийг авч улмаар бусдад барьцаалж өөрсөддөө эдийн ашигтай байдлыг үүсгэж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгэлийг нь урвуулан ашиглаж хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо шунахай зорилгоор бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг ба шүүгдэгч нарын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Т, Б.Д нарыг бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь хохирогч Ц.Рт 14.076.747 төгрөгийн хохирол биет байдлаар буцаан төлсөн, хохирогч Ү.От 12.125.840 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Мт 9.800.000 төгрөгийг тус тус /хх-ийн 226, шүүхэд гаргаж өгсөн баримтууд/ нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Т, Б.Д нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх Шүүгдэгч Г.Т, Б.Д нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн:

 

- шүүгдэгч Г.Т нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эмэг эх, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан,

- шүүгдэгч Б.Д нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 126 хоног цагдан хоригдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр....тооцож эдлэх ялаас хасна...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Тийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /126*15=1890/ 1890 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.890.000 төгрөгийг хасаж /2700-1890=810/ 810 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 810.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /126*15=1890/ 1890 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.890.000 төгрөгийг хасаж /2500-1890=610/ 610 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 610.000 төгрөгөөр тус тус торгох ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоож шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Т, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан 1.890.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож ялыг дүйцүүлж өгнө үү...”, шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ж.Буджаваас “...миний үйлчлүүлэгчид 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо бүрэн төлсөн байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан тус бүрээр дүгнэлт хийж зохих ялгамжтайгаар ял оногдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.   

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т, Д нарыг бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь 126 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож дүйцүүлэн  1890 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг эдлэх ялаас нь хасаж тооцон /2700н-1890н=810н/ 810 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 810.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Д нь 126  хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож дүйцүүлэн  1890 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг эдлэх ялаас нь хасаж тооцон /2500н-1890н=610н/ 610 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 610.000 төгрөгөөр тус тус торгох ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т, Б.Д нарт урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН