Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12        22                                    2023/ШЦТ/06

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Э.Булганчимэг,

Шүүгдэгч: Т.Н нар оролцсон эрүүгийн 000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

         Шүүгдэгч Т.Н нь Монгол Улсын боловсролын их сургуулийн 0000 дугаартай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Завхан аймгийн Асгат сумын ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд ...”гэв.

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-58 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

 

Т.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 105-109 дүгээр хуудас/,

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1211 дугаартай албан бичиг /хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Завхан аймгийн Асгат сумын дунд сургуулийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай “Багш түр ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Завхан аймгийн Асгат сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай “Багш түр ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Завхан аймгийн Асгат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №37 дугаартай тодорхойлолт /хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  дансны хуулга /хх-ийн 116 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Н нь Монгол Улсын боловсролын их сургуулийн 000 дугаартай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Завхан аймгийн Асгат сумын ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Г.Оын “...Манай байгууллага Боловсрол, Шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага ойлгож болно. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго үр дагаврын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Эгийн “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Я.Нийн “....Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан..., ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Тнийн “...БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм..., …Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн..., …Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан…, … Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Дгийн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан..., … Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм..., … Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй…, …Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа…, ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Бгийн “....Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг..., …Esis систем бол  боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Hemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Агийн “...Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Т.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1211 дугаартай албан бичиг,

 

Завхан аймгийн Асгат сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай “Багш түр ажиллуулах тухай” тушаал,

 

Завхан аймгийн Асгат сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай “Багш түр ажиллуулах тухай” тушаал,

 

Завхан аймгийн Асгат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №37 дугаартай тодорхойлолт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Монгол Улсын Боловсролын их сургуулийн Урлаг биеийн тамирын сургуулийн 2018 оны D201830426 дугаартай цэнхэр өнгийн хавтастай диплом, хавсралт 1 хуудас бичгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ,

 

Шүүгдэгч Т.Нгийн “....Би 2017 оноос эхлээд багшилж эхэлсэн ба тухайн үедээ сумын сургуулийн захирал, засаг дарга нартай орж уулзаад миний төрсөн эх хүнд өвчтэй учраас намайг харж үзээд би өөрөө сургуулиа төгсчих учраас тэр болтол ажиллуулаад өгөх боломжтой юу гэх зүйлийг гуйж байгаад багшаар ажиллах болсон. Дипломынхоо эх хувийг 2018 оны 12 дугаар сард аваад очиж үзүүлсэн. Би хуурамч диплом ашигласнаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Т.Н нь Монгол Улсын боловсролын их сургуулийн 000 дугаартай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж багшаар ажиллахын тулд ашигласан болохыг шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, Т.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1211 дугаартай албан бичиг, Завхан аймгийн Асгат сумын дунд сургуулийн захирлын “Багш түр ажиллуулах тухай” тушаалууд, эд мөрийн баримтаар тооцсон хуурамч баримт зэргээр шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилан тодорхойлсон байдаг.

 

            “Хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, давуу байдал үүсгүүлэх, эдийн болон эдийн бус баялгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах болон бусад зорилгоор хэрэглэхийг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Т.Нгаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Нг тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, харин шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тусгайлан гаргах саналгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

 

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг тус хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Харин хохирогч байгууллагаас гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргавал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Т.Нг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Н нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Нд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Т.Н танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D201830426 дугаартай цэнхэр өнгийн хавтас, 2 хуудас бүхий баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Нг тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  000 дугаартай цэнхэр өнгийн хавтас, 2 хуудас бүхий баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага нь гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргавал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.    

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН