Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12        23                                    2023/ШЦТ/08

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзул,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр,  

Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Р.Баярхүү,

Шүүгдэгч: Э.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нар оролцсон эрүүгийн  0000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1975 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа,

 

1967 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Б ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, ганцаараа,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 00000 тоотод үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн Л, Д нарын бэлэн 500.000 төгрөг, куртик зэрэг эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж айлган сүрдүүлж дээрэмдсэн,

 

Шүүгдэгч М.Б нь бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 000 тоотод үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн Л, Д нарын бэлэн 500.000 төгрөг, куртик зэрэг эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж айлган сүрдүүлж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Вьетнам засвар дээр зарын дагуу ажилд орсон юм. Надад хэлэхдээ 15 хоног болоод цалин өгнө хэмээн Ш буюу 3 давхрын эзэн нь өөрөө тохирсон тэрээр сарын 1.700.000 төгрөгөөр цалинжуулъя гэж хэлсэн. Би тэгээд 09 дүгээр сарын 15-ны өдөр ч билүү, 16-ны өдөр ч билүү очсон. Гэрээний дагуу хугацаандаа цалингийн чинь өгнө, одоо хэсэг дулаан байгаа юм чинь нүүрсээ бэлдье гэж хэлсэн. Тэнд шатны дор том том нүүрс байсан. 6 шуудай нүүрсийг цуглуулаад ажлаа хийж эхлүүлж байгаад цалингийн талаар хэлээгүй. 20 хоноод цалингийн хэрүүл болсон. Штай ч би хэрэлддэг байсан ба хоёр вьетнам хүнийг хариуцдаг Урнаа гэдэг хүнтэй ч хэрэлддэг байсан. яагаад гэвэл Урнаа нь 6 шуудай нүүрс ирэхээр нь галчаа “...нүүрсээ аваарай...” гэж хэлсэн. Тэр үед би хоёр вьетнамын байрыг хөөсөнцөр хийгээд засаж байсан. Байрын хог бүх юмыг цэвэрлэсэн. Тэгээд цалин өгөхгүй байхаар нь “...би Ш, би саяхан шоронгоос гарсан, би одоо 50 хүрч явж байна, надад орох орон байхгүй, чамд баярлалаа, би чамаас цалингаа авмаар байна...” гэж хэлсэн. Тэрээр хоёр вьетнам мөнгийг чинь өгөхгүй байна, хоёр вьетнам 6 машин нүүрс гаргаж байна, хоёр машиныг 300.000-400.000 төгрөгөөр гаргадаг, би вьетнамыг ажлыг хянадаг хэн юм? гэж хэлсэн. Уранбилэг ирээд 2133 приустэй ирээд орлогыг нь байнга аваад явчихдаг байсан. Үүнээс болж асуудал үүссэн. Утэй таарахаас өмнө замын цаад талын дэлгүүрт давхар галч хийж байсан. Цалинг чинь өгнө, тэр хүртэл хоол хүнсээ аргалж бай гэж хэлсэн. Цас орвол шүүрдээд байж бай гэж хэлсэн. Утэй Дарханд шоронд таарч байсан буюу урьдын танил байсан. Утэй тэр өдөр тааралдахад ажил хийгээд явж байсан талаар хэлсэн. У өөрөө уусан бөгөөд надад нэг архи авч өгөөд манай галын өрөөнд орж уусан. Архиа уугаад байж байгаад 23.00 өнгөрч байхад архиа уусан. Тэгээд паар нэлээд хөөрсөн болохоор галаа түлье гэж доошоо орж ажил сонирх гэхээр нь доошоо Утэй цуг орсон. Галаа түлэх гээд явж байхад хоёр вьетнам шөнө 2-3 цагийн үед амраад өглөө 10 цагийн үед л хаалгаа онгойлгодог байсан бөгөөд өндөр вьетнам явж байхаар нь “...хүүе, нааш ир...” гэж хэлэхэд шууд гүйгээд явчихаар нь би том лантуугаар нүүрсээ хагалж байсан бөгөөд барьж байсан лантуугаа аваад тэдний өрөөнд хүчтэй саваад орсон чинь сөхрөөд суусан байсан. Намхан вьетнам нь монголоор бага зэрэг мэдээд байдаг байсан. Өндөр вьетнам монголоор ойлголцдоггүй байсан. Яваад ороход У үүд рүү заасан чинь намайг хойш нь татаад унагаагаад хаалгыг саваад зугтаасан. Тэнд байсан куртикийг би ч өмсдөг байсан, вьетнам хоёр залуу ч өмсдөг байсан. Машин засварт орж ирээд хаалгыг нь онгойлгоход би өмсдөг байсан. 500.000 төгрөгийг куртикэнд байсан гэж яриад байгаа, тэрийг би авсан бол авсан гэж хэлнэ. Мөрдөгч нар согтуу байхад авсан гэж мэдүүлээд байсан гэж хэлсэн. Дараа нь би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье гэж хэлсэн. Цалин өгөхгүй байгаа болохоор нь асуудал үүссэн. Хоёр сар гаруй ажиллачихаад цалингаа авмаар байна гэж хэлсэн. Штай ярихад “чи цагдаа дээр очоод хэлэхгүй юу, цагдаагаас очоод цалингаа ав” гэж хэлсэн. 500.000 төгрөгийг авсан бол авсан гэж хэлнэ...”гэв.

 

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ногоон нуурын 5 дугаар сургуульд ажиллаж байгаад ажлаасаа гараад явж байсан. Гадаа хүйтэн байсан. Ажлаас гараад бага зэрэг архи уучхаад дээшээ алхаж явж байтал нэг дэлгүүр орж юм авахаар дэлгүүр орох гэж явж байхад дэлгүүрийн гадаа Бтой тааралдсан. Б тэнд хог асгаад явж байсан. Хараад өрөвдсөн бөгөөд нэг удаа шоронд цуг таарч байсан. дэлгүүрээс авсан архиа ажил дээр буюу барилга руу ороод Бын амьдардаг уурын зуухны дээд талд байдаг өрөөнд очиж уусан. Дараа нь М.Б галаа түлнэ гээд гараад явсан. Би араас нь нэлээд согтуу байсан болохоор очсон. Нэг нүүрсний шуудайн амыг нь задлах гэж хайч бариад хайчлаад зогсож байсан. Галын хажууд зогсож байгаад хайчаар нүүрсний шуудайг хайчлахаар авсан. Быг яваад өгөхөөр нь араас нь дагаад явж байсан. Тэрнээс хойших зарим үйлдлийг сайн санахгүй байна. Дээрээс яаж бууж ирснээ санахгүй байна. Тэр болтол үйл явдлыг сайн санахгүй байна...”гэв.

 

Эрүүгийн 000  дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Хохирогч Лы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Хохирогч Ды цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Хохирогч Лы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 52-53, 70-71 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ды мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 60-65, 74-75 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 87-90 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх-ийн 91, 95 дугаар хуудас/,

 

“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 123-124, 127-128 дугаар  хуудас/,

 

Шүүгдэгч Уийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 136, 5 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх-ийн 135 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 141-145, 2 хх-ийн 7-32, 38-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 166 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 238 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 165 дугаар хуудас/, гэрч Ч.Болортуяагийн мэдүүлэг /1 хх-ийн 83 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 237 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б, Э.У нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үүрийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 23-43 тоотод үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт шүүгдэгч М.Б нь лантуу хэлбэртэй төмөр биет зүйл барьж, шүүгдэгч Э.У нь хайч хэлбэртэй зүйлийг барьж Вьетнам улсын иргэн хохирогч Л /L/, хохирогч Д /D/ нар руу хандан очиж тэдгээрийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “мөнгө нэхэж” улмаар бэлэн 500.000 төгрөгийг авч, хохирогч нар айгаад тухайн газрыг орхин гарсны дараа хохирогч Л /L/-ы куртик зэрэг эд зүйлийг дээрэмдэн авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Л /L/-ны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Д /D/-ны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Д /D/-ны “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шөнийн 02-04 цагийн үед шөнө би ганцаарааа ажлаа хийгээд байж байтал грашны гал түлдэг хаалганы цонхоор үл таних залуугийн хамт орж ирээд галч залуу гартаа галын өрөөнд байсан алхыг барьж над руу ирэхээр нь би айгаад Дуны амарч байсан өрөө рүү гүйгээд орсон. Би Монгол хэл огт мэдэхгүй болохоор Дун дээр очиж хэлэх гээд ороход нөгөө хоёр хүн ардаас ороод ирэхээр нь хаалгаа хаалтал хаалганы цонхыг галч залуу барьж явсан алхаараа хаалганы цонхыг хагалж орж ирээд айлгаад “мөнгө нэхэж байна” гэж Дун надад хэлээд орлогоны мөнгөнөөс 500.000 төгрөг аваад өгсөн. Мөнгөө өгсний дараа тэр хоёрын хажуугаар гүйж гарч зугтаад манайхаас 1 км орчим зайтай байдаг найзынхаа Вьетнам засвар дээр тусламж дуудах гээд очоод 15-20 орчим минутын дараа очиход тэр хоёр Дуны куртикийг аваад яваад өгсөн байсан. Гомдол санал гэхээр зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л /L/-ны “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 23-43 тоотод байрлах Вьетнам засварын газар ажиллаж амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагт өрөөндөө амарч байтал засварын газрын заалнаас манай Вьетнам ажилтан Тин Вьетнам хэлээр “галч ирчихлээ” гэж орилсон. Би өрөөнөөсөө гараад заал руу хартал манай засварын газар хуучин ажиллаж байсан зүс таних 40 орчим насны Монгол залуу гартаа алх барьчихсан мөн бас 40 орчим насны эрэгтэй хүн гартаа хайч барьчихсан манай ажилтан Тинийг хөөж байсан. Тин тэр хоёроос зугтаад шууд над руу гүйгээд ирэхээр нь би өрөөнийхөө хаалгыг дотроос нь хаагаад зогстол хаалганы шилэн цонхыг барьж явсан алхаараа цохиж хагалахаар нь бид хоёр айгаад хаалгаа нээгээд зогссон. Тэгтэл манайд галчаар ажиллаж байсан залуу надаас мөнгө нэхэхийг нь би ойлгоод орлогын 500.000 төгрөг гаргаж өгснийг аваад өөр юм онгичоод байхаар нь хажуугаар нь бид хоёр гүйж гараад Хай гэдэг найз дээрээ очоод буцаад иртэл куртик аваад яваад өгсөн байсан. Хохирлын бэлэн 500.000 төгрөгөө барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...гаднаас орж ирсэн 2 хүн шууд хохирогчийн ардаас нь хөөж байгааг харуулав.... хохирогч Вьетнам улсын иргэн Тин нь гаднаас орж ирсэн үл таних хүмүүсээс зугтан заалнаас гарч байгааг харуулав.... хаалгаар сүүлд нь орж ирсэн хүн баруун гартаа ямар нэг хурц үзүүртэй зүйл барьсан байхыг харуулав.... шар саарал өнгийн хүрэмтэй хүн гартаа төмөр мэт хэлбэртэй зүйл гартаа барьсаныг харуулав.... гэсэн баримт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хохирогч Лаас гаргаж өгсөн хайч, алх зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай... хяналтын камерын бичлэгийг сидинд хуулбарлаж өгсөн сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн баримтууд, 

 

“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь өвлийн хар саарал өнгийн куртик болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 108.000 /нэг зуун найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,

 

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би нүүрс хагалж байсан алхаа гартаа бариад тэр Вьетнамтай уулзахаар очтол тэр Вьетнам амрах өрөө рүүгээ яваад орсон. Миний ар талд У явж байсан. Амрах өрөөнд ортол уг өрөөнд 2 Вьетнам зогсож байсан. Би тэр хоёроос цалингаа авахаар нэхтэл өөдөөс Вьетнамаар яриад байсан...” мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Быг бусадтай бүлэглэн шөнийн цагаар хохирогч Вьетнам улсын иргэн Л /L/, Д /D/ нарт лантуу, хайч зэргийг үзүүлэн тэдэн рүү очиж довтлон айлган сүрдүүлж, улмаар мөнгө нэхэж авсан, куртик зэргээ алдсан болохыг хохирогч нараас мэдүүлж, шүүгдэгч М.Боос хохирогч нар руу лантуу, хайч барин очсон болохоо мэдүүлж, тэдгээрийн тухайн үйлдэл нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэгт тусгагдаж, алх, хайч зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлсэн, хохирогч нарт хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан бусад баримтуудаар тус тус тогтоогджээ.  

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч М.Б, Э.У нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо төмөр лантуу, хайч зэргийг хэрэглэж үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор халдагч этгээд халдлагад өртөгчийн эд хөрөнгийг авах зорилгоор эд хөрөнгөө өгөхгүй бол түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлах нөхцөл байдал үүсэж болохыг үг, үйлдлээр илэрхийлж айлган сүрдүүлж, довтолсон идэвхтэй үйлдлийг илэрхийлдэг.

Эрүүгийн хуулийн тайлбарт:

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно.

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тус тус тусгажээ.

Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан эсэхээс үл хамаардаг онцлогтой байдаг.

Өөрөөр хэлбэл халдагч этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор халдлагад өртөгч рүү чиглэсэн айлган сүрдүүлэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэргийн шинжийг хангадаг.

Шүүгдэгч нараас эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч нарт хүч хэрэглэхээр төмөр лантуу, хайч хэрэглэн айлган сүрдүүлж мөнгө нэхсэний улмаас хохирогч нар мөнгө өгч улмаар хэргийн газраас зугтаж явсны дараа тэдгээрээс хохирогч Л /L/-ны куртикийг авсан үйлдэл нь тогтоогдсон.  

Ийнхүү шүүгдэгч нарын хувьд бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад бие, сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогч нарын эд хөрөнгийг авсан болох нь тогтоогдож, тэдгээрийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан нь Эрүүгийн хуульд заасан хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч М.Б, шүүгдэгч Э.У нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг ялласан нь хууль зүй үндэслэлтэй байх ба шүүгдэгч М.Бын өмгөөлөгчөөс “...гал түлэх зорилгоор авч явсан алх бариад очсон, цалин өгөхгүй байна гэж шаардлага тавьсаныг  заналхийлсэн гэж үзэхгүй, хохирогч нар зөрүүтэй мэдүүлдэг, хохирогч нарт орчуулагчаар тогтоогдсон этгээд нь хэлний мэдлэг, ур чадвартай болохыг нотолсон гэрчилгээ баримт хэрэгт байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, шүүгдэгч Уийн өмгөөлөгчөөс “...Уийн довтолсон үйлдэл тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний гэм бурууг хангалттай нотлоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, иргэдийн төлөөлөгчөөс “...М.Бын үйлдэл хохирогч нарт чиглэсэн айлган сүрдүүлэх зорилготой байх учир гэм буруутай. Харин Уийн үйлдэл оролцоо харагдахгүй байх тул гэм буруугүй гэж үзэж байна...” гэж тус тус санал гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж заасны дагуу англи хэлний мэдлэг ур чадвартайг тодорхойлсон Монгол Улсын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бакалаврын дипломтой Н.Атарцэцэгийг хохирогчийн орчуулагчаар томилсон нь хууль зөрчөөгүй.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хохирогч нараас анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “...гражийг галладаг залуу нэг залуутай хоёулаа орж ирж алх, хайч барьж орж ирээд бид хоёроос 500.000 төгрөг, мөн 140.000 төгрөгийн үнэтэй куртик дээрэмдэж аваад явсан...” гэж дурдаж, хохирогч нараас удаа дарааллан мэдүүлэхдээ гомдолд дурдсан нөхцөл байдлыг тогтвортойгоор мэдүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, тэмдэглэлд шүүгдэгч М.Б, Э.У нараас лантуу, хайч барин эхэлж хохирогч Д /D/ рүү довтолсноос тэрээр айж зугтаж амрах өрөө рүү явж буй байдал бэхжүүлэгдсэн, шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би нүүрс хагалж байсан алхаа гартаа бариад тэр Вьетнамтай уулзахаар очтол тэр Вьетнам амрах өрөө рүүгээ яваад орсон. Миний ар талд У явж байсан. Амрах өрөөнд ортол уг өрөөнд 2 Вьетнам зогсож байсан. Би тэр хоёроос цалингаа авахаар нэхтэл өөдөөс Вьетнамаар яриад байсан...” гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хоорондоо уялдаа холбоотой, хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг тогтооход хүрэлцэхүйц хэмжээний баримтууд цугларсан байх тул шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

Түүнчлэн гэрч М.Ггийн “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-43 тоотод байх объектод галчаар 2018 оны 10 дугаар сарын дундуур ажилд орсон. 3 долоо хоног ажилласан. М.Б архи уугаад байхаар нь “архи уудаг хүн хэрэггүй” гэж ажлаас нь халсан. Ажлаас халагдсаныхаа дараа манай объектын 1 давхарыг түрээсэлдэг вьетнам засварын газрын хүмүүсийг дээрэмдсэн...” гэсэн мэдүүлгээр  хэрэг болсон өдөр шүүгдэгч М.Б тухайн газар ажилладаггүй, хохирогч нараас цалин нэхэх ямар ч үндэслэл байхгүй болох нь тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч нарын өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан саналууд нь шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэсэн тул тэдгээрийн саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэв.      

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д /D/ нь “...250.000 төгрөг нэхэмжилж байна...”, хохирогч Л /L/ нь “...250.000 нэхэмжилж байна. Мөн куртик аваад яваад өгсөн байсан. Өөр зүйл алдагдаагүй...” гэсэн хүсэлтээ бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжилсэн дүн тогтоогдсон гэж шүүх үзэж, шүүгдэгч тус бүрээс 304.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Д /D/-д 250.000 төгрөгийг, хохирогч Л /L/-нд 326.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.Б, Э.У, тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч М.Б, Э.У нараас тус бүр 304.000 төгрөгийг хохирогч нарт төлсөн байх тул тэдгээрийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б, Э.У нар нь Төрийн сангийн 100900005406 дансанд хохирлын мөнгийг шилжүүлсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус данснаас 608.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д /D/, Л /L/ нарт олгох нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Б, Э.У нарын гэм буруутайг тогтоосон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, санаатай гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Б нь бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Э.У нь бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Баян Өндөр” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Б, Э.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан төрөл, хэмжээний дотор тус бүрт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч М.Б, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүрт  6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч М.Б, Э.У нар нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Э.У 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Б нь 2021 оны  9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 28 хоног, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12  дугаар сарын 23-ны өдөр хүртэл 99 хоног нийт 127 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, хайч, лантуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, У нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар М.Б, Э.У нарт тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У нарт тус бүрт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Уийн цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 127 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лантуу, хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Э.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН

                              ШҮҮГЧИД                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                           А.МӨНХСАЙХАН