| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/1136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
2022 12 23 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Э.Уранчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Шүүгдэгч: Д.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” төвөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан Xiaomi брэндийн Poco X3 pro загварын гар утас 1 ширхэг, Huawei брэндийн Nova 9 загварын гар утаснуудыг завшиж бусдад 2.335.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 000 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
“Р” ХХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн P14/22/165 дугаартай “туршилтын хугацаанд ажилтан авах тухай” тушаал /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Д.Аийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №2020/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Д.А нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” төвд худалдааны зөвлөхөөр ажиллахдаа 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан “Xiaomi брэндийн Poco X3 pro” загварын гар утас 1 ширхэг, “Huawei” брэндийн Nova 9 загварын гар утаснуудыг завшиж бусдад 2.335.120 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эий “...Д.А гэдэг хүн Xiaomi брендийн Poco X3 pro /6+128GB Phantom Black/, хөх шаргал эрээн алаг өнгийн 1 ширхэг гар утас, Huawei брендийн Nova 9 /Starry Blue/51096UCY/ цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг гар утас зэргийг манай байгууллагаас завшиж 2.335.120 төгрөгийн хохирол учруулсан. Гаргасан үйлдэлд нь гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,
Р ХХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн P14/22/165 дугаартай “туршилтын хугацаанд ажилтан авах тухай” тушаал,
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди баримтыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн баримт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Бичлэг дээр залуу нь шилэн лангуу дотроос цагаан өнгийн хайрцагнаас утас мэт хар өнгийн зүйл авч байгаа нь харагдаж байна. Юүдэнтэй цамцны гадуур хар өнгийн цамц өмссөн, жинсэн өмдтэй, урд хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй бусад хэсгээрээ хар өнгийн пүүзтэй залуу орж ирж байгаа нь харагдаж байна. Бичлэг дээрх залуу хар өнгийн утас мэт зүйл авч баруун талын халаасанд хийж байгаа нь харагдаж байна...” гэсэн баримт,
Эд зүйл хүлээн авсан тухай “...Xiaomi брендийн Poco X3 pro /6+128GB Phantom Black/, хөх шаргал эрээн алаг өнгийн 1 ширхэг гар утас, Huawei брендийн Nova 9 /Starry Blue/51096UCY/ цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг гар утас зэргийг хүлээн авав...хүлээлгэн өгсөн Д.А...” гэсэн тэмдэглэл,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Xiaomi брендийн Poco X3 pro /6+128GB Phantom Black/, хөх шаргал эрээн алаг өнгийн 1 ширхэг гар утас, Huawei брендийн Nova 9 /Starry Blue/51096UCY/ цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг гар утас зэргийг иргэн Т.Эд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Xiaomi брендийн Poco X3 pro /6+128GB Phantom Black/, 1 ширхэг гар утас, Huawei брендийн Nova 9 /Starry Blue/51096UCY/ 1 ширхэг гар утас зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.335.120 /хоёр сая гурван зуун гучин таван мянга нэг зуун хорь/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,
Д.Аийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах П салбарт 3 сарын хугацаатайгаар ажилд орсон. Би зохих журмын дагуу бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулах эрхтэй болсон. Би 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажил дээр очиж үзүүлэнгийн гар утас болох Poco X3 pro загварын гар утсыг савнаас нь гаргаж аваад хоосон савыг нь буцааж тавьсан. Тэгээд би 2022 оны 5 дугаар сарын 30-аас хойш ажилдаа очоогүй. Би ажлаасаа авч явсан гар утсаа эргүүлж өгсөн. Би Сөүлд 2022 оны 6 дугаар сарын 19-нд болох тэмцээнд орох зорилгоор ломбардад 750.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Д.А нь “Р” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох Xiaomi брэндийн Poco X3 pro загварын гар утас 1 ширхэг, Huawei брэндийн Nova 9 загварын гар утаснуудыг өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч нараас тодорхой мэдүүлсэн, хэрэг гарсан нөхцөл байдал нь эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт тусгагдаж, хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар, тэрээр тус “Р” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан нь “Р” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг тодорхойлохдоо итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр үүрэг хүлээж хариуцах ба итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь уг нөхцөл байдлыг хууль бусаар ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөгчид нь тогтсон хугацаанд хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байж шунахай зорилгоор, ямарваа хариу төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн хууль бус эзэмшил тогтоож, захиран зарцуулах нөхцөл бүрдсэн, захиран зарцуулсан байдлыг илэрхийлдэг.
“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
“Р” ХХК-аас Д.Аийг эд хөрөнгө хариуцах үүрэг хүлээлгэн ажиллуулах явцад тэрээр дур мэдэн тухайн гар утаснуудыг өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Аийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллаж, шүүгдэгч Д.А нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогчийн гар утаснуудыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн“...гар утсаа буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.А нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн санал гаргаж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН