Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/1134/Э |
Дугаар | 2023/ШЦТ/09 |
Огноо | 2022-12-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
2022 12 23 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Б.Оргилболд,
Шүүгдэгч: Б.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлж/нар оролцсон эрүүгийн 000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо "Н" зочид буудлын гадна хохирогч Ш.Нтой тухай үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд "...баруун, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, завжинд шарх, нүүр баруун, зүүн чихний дэлбэн, зүүн гуянд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 000 дугаартай хэргээс:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9598 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дугаар хуудас/,
Гэрч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо "Н" зочид буудлын гадна хохирогч Ш.Нтой хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар нүүр, толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд "...баруун, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, завжинд шарх, нүүр баруун, зүүн чихний дэлбэн, зүүн гуянд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Ш.Нын “...2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө эхнэр болон түүний найзтай Н караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тамхи татах гээд 23 цагийн үед гарсан. Гадаа гараад тамхиа асаах гээд зогсож байтал араас 3-4 орчим эмэгтэй хүмүүс гарч ирээд надаас тамхи гал асуухаар нь “тамхи байхгүй, тамхи татмаар байгаа бол өөрсдөө тамхиа олж тат” гэсэн. Тэр дундаас жижигхэн жирэмсэн эмэгтэй нь “юун сүртэй юм” гэсэн. Цаанаас нь том биетэй өндөр хүүхэн “галаа өгчих” гэхээр нь “чадахгүй” гэхэд чи ямар их зантай юм гээд намайг түлхэхээр нь би буцаагаад түлхтэл хамт гарч ирсэн эмэгтэй нар шууд л учир зүггүй нүүр рүү цохиод эхэлсэн. Тэр намайг заамдаж байсан том биетэй хүүхэн нь хумстай гараараа нүүр базаад цохиод байсан. Намайг самардаад байхаар нь би доошоо болоход нүүрийг минь хумстай гараараа базаад байсан тэгээд арай гэж салаад хартал нүүр цус болсон байхад нөгөө хэд шууд зугтаад яваад өгсөн. Надаас өндөр биеэрхүү байсан. Надаас өндөр махлаг хүүхэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар 11-ний өдрийн №9598 дугаартай дүгнэлтэд “...1. Ш.Нын биед баруун, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, завжинд шарх, нүүр, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Н буудлын үүдний хэсэгт хохирогч Ш.Н, Б.Ш нар зогсож байгааг харуулав. Б.Ш нь хохирогч Ш.Нын нүүрэнд нь цохиж байгааг харуулав... ягаан өнгөтэй хувцас өмссөн гэрч Б.Ш нь хохирогч Ш.Ныг цохиж байгааг харуулав.... ягаан өнгөтэй хувцастай хүүхэн эрэгтэй хүнийг цохиж байгааг харуулав. Бичлэгийн 00 минут 49 дахь секундэд зодолдож байгааг харуулав....” гэсэн баримт,
Шүүгдэгч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...Нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээд найзуудтайгаа явж байсан.Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд явж байтал үл таних залуу миний бөгсөн дээр аймар чанга алгадсан. Тухайн үед маш их уур хүрээд за яах вэ адилхан хүмүүс гэж бодоод “аятайхан яваач” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд бүүр хэсэг хугацааны дараа бүх тооцоогоо хийж дуусаад дан хүүхнүүдээрээ гарч тамхи татъя гээд гарсан. Үүдэнд гараад тамхи татаад зогсож байтал нөгөө миний бөгсөн дээр гараараа цохисон залуу тухайн үед жирэмсэн байсан манай эмэгтэй найзаас гал асуухад нь гал өгөөд тамхиа асаалгасан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад зогсож байтал нөгөө залуу “яасан олуулаа яваа янхнууд бэ” “та нар хэдээр явдаг юм” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би татаж байсан тамхийг нь гараараа би базаж унтраагаад “чи яаж байгаа юм” гээд хэлсэн нөгөө залуу намайг заамдаж аваад үүдний хананд намайг шахаад бужигналдаад эхэлсэн. Тэгээд хэсэг юу болсноо санахгүй байна. Хүзүүнээс нэг хүн дараад байхаар нь “юу билээ” гээд бодсон чинь нөгөө залуу миний цамцан доогуур гараа хийгээд хөх базаад байхаар нь найздаа хэлсэн. Тэгсэн манай найз охин бид хоёрыг татаад салгасан. Тэгээд хоорондоо хэрүүл болж байх үеийг сайн санахгүй байгаа юм. Би хувцсаа засаад зогсож байтал нэг хүүхэн араас намайг түлхээд шатны уруу унагаачихсан. Босохын завдалгүй нөгөө хүүхэн хоёр далны голд их хүчтэй цохиод би цаашаа юу болсныг санахгүй байгаа...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь хохирогч Ш.Нтой зүй зохисгүй харьцаж улмаар нүүр, толгойн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн болохыг хохирогчоос тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хэргийн нөхцөл байдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.Ш нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Ш.Нын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Ш.Н гэм хорын хохиролд нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй боловч түүнд учирсан гэмтлийн шинжийг харгалзан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Шийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ш нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бүрэн дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Н нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН