Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12          26                                    2023/ШЦТ/19

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: М.Гансувд,

Шүүгдэгч: Г.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрхэт Монгол” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Л” нэртэй шөнийн клубд Э.Этэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр, шанаа тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, дух, хамар, зүүн чихэнд зулгаралт, 2 чихэнд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.            

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 91 дүгээр хуудас/, 

 

            Хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №3906 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

Гэрч Р.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Шинжээч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 100-104 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Л” нэртэй шөнийн клубд Э.Этэй хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүр, шанаа тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, дух, хамар, зүүн чихэнд зулгаралт, 2 чихэнд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

            Хохирогч Э.Эийн “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Энбаярын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн бааранд үйлчлүүлж байх үедээ үл таних залуутай маргалдсан...тухайн залуу миний баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа цохиод эрүү дугараад шүд зөрчих шиг болсон тэгэхээр нь буцаад сандал дээр суухад дахин чирж 2 чихнээс зулгаагаад дахин толгой цохихоор тухайн залуутай барилцаж авахад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд гэр рүүгээ явж байтал гар утас байхгүй байхаар нь гар утсаа үлдээчихсэн байна гэж бодоод буцаад Л баар руу очиход намайг цохиж зодсон залуу баарны үүдэнд зогсож байсан тэгээд намайг хараад “яах гэж яваа пизда вэ” гээд баарнаас чирч гаргаад баарны зүүн талын нарийн гудамж руу оруулаад намайг газар унагаж байгаад цохиж зодсон бөгөөд тухайн үед баарны хамгаалагч нар нь гээд 4-5 хүн байсан хэн нь цохиж байгаа нь мэдэхгүй толгой руу цохисон тэгээд газраас босоход хэн нэгэн байгаагүй бүгд явчихсан байсан тэгэхээр нь би буцаж баар руу оролгүй цааш гэр рүүгээ явсан. Би тухайн баарны 2 давхарт үйлчлүүлж байгаад ариун цэврийн өрөө орох гээд 1 давхар руу бууж ирэхэд шатан дээр таараад хажуугаар нь гарах гэтэл “яасан пээдгэр пизда вэ” гээд үүд рүү чирээд явсан. Тэгээд маргалдаж эхэлсэн...Гараараа миний баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа хүчтэй цохисон...дахин ирж миний 2 чихнээс базаж татаж босгоод гараараа 10 орчим удаа миний толгой руу цохисон....Баруун талын шанаа хэсгийн эрүү хугарсан, баруун талын хэнгэрэг хагарсан, толгой хавдаж доргисон, нуруу хөл хэсгээр хөндүүртэй байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай “...1 ширхэг саарал өнгөтэй CD-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл,

 

CD-нд үзлэг хийсэн “...03 цаг 09 минут 25 секундэд хохирогчийн сууж байгаа сандлын хажууд сэжигтэй этгээд суугаад гуя нь дээр гараараа хүрээд хохирогчтой уулзаж байгаа бичигдсэн байв бичлэгийг цааш үзэхэд 03 цаг 09 минут 35 секундэд сэжигтэй этгээд нь сандлаас босоод хохирогчийг сандлаас босох үед 03 цаг 09 минут 38 секундэд сэжигтэй этгээд нь эргэж хараад зүүн гараараа хохирогчийн баруун талын шанаа, нүүр хэсэг рүү цохиход хохирогч нь буцаад сандал руу унаад босох үед дахин нүүр хэсэг рүү гараараа цохиод, хөлөөрөө нүүр хэсэг рүү өшиглөсөн баруун гараараа хохирогчийн баруун талын шанаа, нүүр хэсэг цохиход салгах бөгөөд хохирогч нь сандал дээр суугаад нүүр, толгойгоо бариад сандал дээр сууж байх үед сэжигтэй этгээд нь 03 цаг 10 минут 37 секундэд буцаж ирж хохирогчийн 2 чихнээс дахин татаж сэгсрэх үед хохирогч нь сандлаас босож хоорондоо барилцаж аваад газар унахад баарны хамгаалагч нар салгах бөгөөд хохирогч нь буцаад сандал дээр суух бөгөөд сэжигтэй этгээд нь баар руу ороод явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл,

 

Гэрч П.Бгийн “...Би тухайн бичлэгийг үзлээ. Тухайн бичлэг дээр манай бааранд ажиллаж байсан Г.С нь ганцаараа нэг хүнтэй зодолдож байсан. Хэн хэнтэй хэрхэн яаж зодолдсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Р.Мийн “...Би тухайн үеийн асуудлыг сайн санахгүй байсан ба сая бичлэг үзээд саналаа. Тухайн өдөр С /манайд хуучин ажиллаж байсан/ нь Э гэх хохирогчтой зодолдсон. Өөр хэн нэгэнтэй зодолдож маргалдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хяналтын камерийн бичлэгийн 02 минут 16 секундэд С нь дээгүүрээ нүцгэн хаалганаас гарч ирж буйг харуулав. Хяналтын камерын 05 минут 47 секундэд хохирогч Э нь хаалганаас гарч ирэв. 09 минут 34 секундэд С нь хохирогч Эийн нүүрэн тус газарт зүүн гараараа цохиж буйг харуулав. 09 цаг 40 секундэд С нь хохирогч Эийн толгойн тус газарт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж буйг харуулав. 10 минут 34 секундэд С нь хохирогч Эийн хоёр чихнээс зулгааж буйг харуулав. 10 минут 38 секундэд С нь Эийн чихнээс дахин хазаж буйг харуулав. 10 минут 56 секундэд С нь хохирогч Эийг газар дарж унагааж байгааг харуулав. 23 минут 36 секундэд хохирогч Э нь Лаакс баарны үүд хэсгээр гарч байгааг харуулав...” гэсэн баримт,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар 11-ний өдрийн №3906 дугаартай дүгнэлтэд “...1. Э.Эийн биед эрүү, ясны хугарал, дух, хамар, зүүн чихэнд, зулгаралт, 2 чихэнд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.Сгийн яллагдагчаар өгсөн “...Э.Э гэх хүнтэй хэрэлдэж маргалдсан. Тухайн үед Э.Э гэх хүн над руу дайраад байхаар нь би хоёр чихнээс нь базсан ба босоод над руу ойртохоор нь би Эийн зүүн гараараа эрүү хэсэгт нь цохисон тэр үед Э гэх хүний биед үүссэн гэх гэмтэл нь үүссэн... гэмтлээс үүссэн гэх хохирлыг нөхөж төлөхөд бэлэн байна... би өөрийн хийсэн үйлэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь Э.Этэй зүй зохисгүйгээр харьцаж маргалдан улмаар нүүр, шанаа тус газарт нь гараараа цохиж түүний биед хүч хэрэглэн зодсон болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хэрэг болсон нөхцөл байдал нь камерын бичлэгт тусгагдсан, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Г.С нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Э.Эийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Эөөс “...шүүх хуралдаанд оролцохгүй  1.157.756 төгрөгийн хохирол барагдсан...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэм хорын хохиролд 1.157.756 төгрөг төлсөн талаар баримт гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Э.Эд учирсан гэмтлийн шинжийг харгалзан цаашид гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.С нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрхэт Монгол” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Сд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн санал гаргаж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Сг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Эөөс цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сд   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН