| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
2023 01 03 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжны 5-20 тоотод оршин суух иргэн Б.Ггийн гэрт нэвтэрч нийт 1.258.685 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн,
Мөн тухай цаг хугацаанд дээрх тоотод оршин суух иргэн Э.Агийн гэрт нэвтэрч нийт 1.112.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн 000 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19, 24-28 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-45 дугаар хуудас/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 91-94, 98-101 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-10, 200 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 131 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 135-164 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 185 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжны 5-20 тоотод оршин суух иргэн Б.Ггийн гэрт нэвтэрч нийт 1.258.685 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн,
Мөн тухай цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжны 5-20 тоотод оршин суух иргэн Э.Агийн гэрт нэвтэрч нийт 1.112.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч Б.Ггийн “...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед хашааны хүүхэд сургуульд хүргэж өгөх гэж гараад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Байшингийн 3 цонхны хамгийн зүүн талын вакум цонх онгорхой байсан тухайн үед онгорхой орхисон юм байх гэж бодоод түлхүүрээрээ байшин руугаа ороход гэр дотор хамаг юм буулгасан гэрийн эд зүйлс энд тэнд байсан. Би хулгай орсон байна гэж мэдээд цагдаа дуудсан. Луутай улаан хүрэн дайлан дотроо ямар хөөрөг байсныг би сайн мэдэхгүй байна. Улаан шигтгээтэй 2 бөгж байсан. Нэг нь хуурамч нөгөөх нь их үнэтэй эд байсан. Хуурамчийг нь үлдээгээд жинхэнийг нь аваад явсан байсан. Хар өнгийн булган шуба 1 ширхэг, сваровскигийн бугуйн цаг 1 ширхэг, Эрдэнэцогт дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяга /жижигхэн/ 1 ширхэг, мөнгөөр бүрсэн тагш нэг ширхэг, дунд зэрэг мөнгөн аяга 2 ширхэг, хөргөгчид байсан 2 кг орчим мах, хөргөгчид байсан шилтэй дарсыг уусан байсан. Үүдэнд байсан цагаан өнгийн пүүз 3 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Агийн “...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг өнгөрч байхад ээж над руу залгаад манайх болон танай гэрт хулгайч орсон байна гэсэн... монетон ээмэг 2,7 граммын 4 жилийн өмнө 510.000 төгрөгөөр авч байсан. Алтан ээмгийг 3,7 грамм гээд 1.200.000 төгрөгөөр авч байсан. Самсунг А6 маркийн гар утсыг 3 жилийн өмнө худалдаж авч байсан. Камерын утас 100.000 төгрөг, 5 ханатай гэрийн баруун урд хатавч эвдэрсэн үнэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-нд үзлэг хийсэн “...Ch2_2022-09-08_10-28-50_2021-09-08_10-35 гэх цонх руу орж үзэхэд 25-35 орчим насны эрэгтэй нь улаан шаргал өнгийн футволктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, улаан өнгийн үүргэвч үүрсэн эрэгтэй нь иргэн Б.Ггийн хашаан дотор алхаж байгаад гэрийн үүдэнд очоод бичлэг дууссан...” гэсэн тэмдэглэл,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Уг бичлэг нь 15:00 цагт улаан өнгийн цүнх үүрсэн гартаа тортой зүйл барьсан цэнхэр өнгийн өмдтэй улбар шар өнгийн футволктой эрэгтэй хүн автобусанд сууж байгаа бичлэг байлаа... 4 дэх файлыг нээхэд улаан өнгийн футболктой улаан өнгийн цүнхтэй эрэгтэй хүн байшингаас гарч хашааны хаалга руу чиглэж байгаа бичлэг байлаа. Уг бичлэгт буцаж гэрийн хаалга руу ирэхдээ нүүрээ төмөр тагаар таглаад гэр рүү орж байгаа бичлэг байлаа...” гэсэн баримт,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тухай “....Анар шигтгээтэй улаан өнгийн ээмэг, хос, Чонын зурагтай бөгж 1 ширхэг, Сваровский шигтгээтэй ээмэг бөгж бугуйвчийн хамтаар, гоёлын ээмэг 1 хос зэргийг Э.Ад хүлээлгэн өгөв... Улаан ягаан өнгийн шигтгээтэй металл бөгж 1 ширхэг, алтны түрхэцтэй ногоон шигтгээтэй жижиг бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний бүсний шигтгээ 1 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн бичиг баримт хийдэг үүргэвч 1 ширхэг, самсунг а-7 маркийн гар утас зэргийг Б.Гд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэлүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хуучин алтан ээмэг, монетон ээмэг, самсунг а6 маркийн гар утас, камерын утас, 5 ханатай гэрийн баруун урд хавтавч зэрэг эд зүйлс болно. Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.112.000 /нэг сая нэг зуун арван хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... Үнэлэгдэж буй хөрөнгө нь хөөрөг, улаан шигтгээтэй бөгж, бугуйнд зүүдэг энергийн чулуу, ээмэг хослол, сваровски бугуйн цаг, дурсгалын үгтэй жижиг мөнгөн аяга, мөнгөөр бүрсэн тагш аяга, мөнгөөр бүрсэн аяга, 2 кг мах, брэнд тодорхойгүй пүүз 3 ширхэг зэрэг эд зүйлс болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.258.685 /нэг сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед би Зурагтын шинэ эцэс дэх гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны буудал дээр очоод ертөнцийн зүгээр зүүн хойд талын уул руу айлууд дундуур явж байгаад блокон хашаатай төмөр гүйдэг хаалгатай улаан тоосгон байшинтай, уг хашаан дотроо 5 ханатай Монгол гэртэй айл руу хашааг нь давж ороод байшингийн вакум цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгоод ороод үнэд хүрчихээр зүйл хайсан. Би 1 ширхэг жижиг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 2 ширхэг өрөөсөн, бөгж 3-4 ширхгийг авсан. Монгол гэрт нь ороод үнэд хүрчихээр зүйл байгаагүй тул эд зүйл аваагүй. Би жижиг мөнгөн аягыг Хархорин зах дээр алт мөнгө авдаг хүнд 180.000 төгрөгөөр зарсан....” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч нараас өөрсдийн байшин, гэрээс эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогч нарын эд зүйлсийг авсан талаар тус тус мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт тодорхой тусгагдаж, шүүгдэгчээс хохирогч нарын эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тусгагдаж, хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас бусдад 2.370.685 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзлээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсаныг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Г.Гаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас“...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогчийн эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46-47/, хохирогч Б.Ггийн хүсэлт “...миний хохирол болон Э.Агийн хохирлыг хамтад нь барагдуулсан. Гомдол санал байхгүй...” /хх-ийн 185/ гэсэн хүсэлт зэргээр хохирогч нарын хохирол төлөгдсөн үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г нь оршин суух тодорхой хаягтай, ам бүл 3, эгч, дүүгийн амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Гад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Г.Г танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчид ял оногдууллахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 91 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН