Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        01         03                                    2023/ШЦТ/37

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Шүүгдэгч: Э.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг (Орхон аймагт барилгын ажил хийдэг), ам бүл 4, эмэг эх, эгч, дүү нарын хамт урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Э.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 28-аас 2022 оны 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” / / нэртэй баараар үйлчлүүлж байхдаа мөн тус баараар үйлчлүүлж байсан хохирогч иргэн П.Лтэй “бүжгийн талбай дээр шахаж бүжиглэсэн” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар тус баарны гадна пивоны шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.            

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Хохирогч П.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, 

 

Хохирогч П.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн №6519 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31, 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Тэнгис нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” /L/ нэртэй баараар үйлчлүүлж байхдаа мөн тус баараар үйлчлүүлж байсан хохирогч иргэн П.Лтэй “бүжгийн талбай дээр шахаж бүжиглэсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар тус баарны гадна пивоны шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч П.Лгийн “... 2022 оны дүгээр сарын 28-аас 2022 оны 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Л” нэртэй бааранд 03:00 цагийн үед би найз Н.Б, Н.Г, Н.Бийн нэрийг мэдэхгүй 2 найз, Н.Э, Н.Т,Н.Г нартай хамт орсон. Дараа нь би Н.Гой хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхад миний дэргэд Э.Т гэх нэртэй үл таних залуу найзуудтайгаа хамт бүжиглэж байсан юм. Тэгээд Э.Т миний нуруу луу тохойлдсон юм. Дараа нь би хариуд нь Э.Тийн бие рүү тохойлдсон. Тэгээд Э.Т "Миний нуруу луу цохьчихлоо" гэж хэлээд надтай маргаан үүсгэж эхэлсэн. Дараа нь би тоохгүй орхиод бүжиглэж эхэлсэн. Дараа нь 07:00 цагийн үед баар хааж эхэлсэн. Тэгээд би найз Н.Э,Н.Ганцог, Н.Т нартай хамт "Л" баарны гадаа буюу үүд рүү гарсан. Тэгээд бид 4 гадаа байж байхад Э.Т гэх залуу үл таних 3 залуу, 2 охинтой хамт гарч ирсэн. Дараа нь Э.Т бид 2 дахиад маргалдаж эхэлсэн. Уг маргааны үеэр н.Э, Э.Т бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Тэгээд Э.Т намайг "Цагдаагаар яваад амжихгүй шүү, "Дурсамж" шөнийн клубт би ажилдаг, надтай ирж уулзаарай" гэж хэлсэн. Тэгтэл би хариуд нь шууд Э.Тийн зүүн хацар луу гараараа нэг удаа цохисон. Дараа нь н.Э намайг хойш татаж улмаар Э.Тээс холдуулсан. Дараа нь Э.Т гартаа барьж байсан "Хайненкен" нэртэй пивоны шилээ над руу шидсэн. Тэгээд уг пивоны шил нь миний толгой зүүн хөмсөгний хажуу хэсэг рүү оносон. Мөн уг пивоны шил нь дотроо дүүрэн пивотой, хүнд жинтэй байсан болохоор би газар унаж ухаан алдсан. Дараа нь би 2 минут орчим ухаан алдсан. Тэгээд би сэрсэн юм шиг байгаа юм. Сэрсэн мөртлөө би зарим зүйлийг санахгүй байгаад ухаан балартаад байсан. Дараа нь ГССҮТ-д би толгойдоо 5 ширхэг оёдол тавиулсан. Тэгээд 07цаг 40 минутын орчимд би толгойдоо оёдол тавиулсны дараа 100% өөрийн гэсэн ухаан орж эхэлсэн. Дараа нь би ажилдаа очсон ба тэр өдөр гэртээ амарсан. "Л" баарны гадаа маргаан болж байхад н.Ганцог цагдаад  дуудлага өгсөн байсан. Миний биеийн байдал одоо зүгээр байна... ” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар 03-ний өдрийн №6519 дугаартай дүгнэлтэд “...1. П.Лгийн биед зүүн хөмсөгт шарх,зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 4 дүгээр сарын 28-аас  2022 оны 4 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Л" бааранд би найз н.О болон түүний нэрийг нь мэдэхгүй найз буюу нийт гурвуулаа хамт орж үйлчлүүлсэн. Дараа нь би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад П.Л гэх залуу намайг шахаж бүжиглээд байсан юм. Тэгээд сүүлдээ бид хоёрын дунд маргаан үүссэн юм. Маргалдаж байх үед баарны хамгаалагч нар ирээд бид хоёрыг салгасан. Дараа нь би найзуудтайгаа цаг орчим  "Вип" өрөөнд орж сууцгаасан. Тэгээд үйлчлүүлж дуусаад би шилтэй 0,33 шилтэй пивоо ууж дуусаагүй болохоор аваад гарсан юм... баарны үүдэнд гараад ирсэн чинь надтай маргаан хийсэн П.Л гэх залуу 2-3 найзуудтайгаа хамт гадаа намайг хүлээгээд зогсож байсан юм. Тэгээд би хажуугаар нь найзуудтайгаа зөрөөд гарсан чинь П.Л гэх залуу миний араас татаад надад "Би чамайг нэг удаа цохимоор байна" гэж хэлсэн. Би хариуд нь "Тэг тэг" гэж хэлсэн. Тэгээд П.Л миний нүүрний зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд цохчхоод П.Л яваад өгсөн. Харин би уурласандаа П.Л рүү гартаа барьж байсан шилтэй 0,33 шилтэй пивоо шидсэн. Тэгтэл миний шидсэн шилтэй пиво П.Лгийн толгойг нь оносон. Тэгээд П.Л оногдсоны дараа газар унаад өгсөн. Дараа нь П.Л босож ирснээ дахиад маргалдах гээд байхаар нь би найзуудтайгаа хамт яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т нь “бүжгийн талбай дээр шахаж бүжиглэсэн” гэсэн шалтгаанаар хохирогч П.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар нь пивоны шил шидсэн болохыг хохирогчоос тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч П.Лгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Тээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч П.Лгээс “...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх шүүгдэгчийг хохирогчид хууль ёсны баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүх хохирогч П.Лгээс гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Э.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Т нь ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Тт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Э.Т танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Тийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Лгээс гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Тээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН