Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          01           05                                    2023/ШЦТ/44

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шинжээч: Б.Г /онлайнаар/,

Шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Р.Баярхүү оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1983 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, урьд:

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 00-00 тоотод А.Өтай үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүр, толгойн хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Шинжээч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Гавлын баруун талаас цохиход зүүн талын цалгих хөдөлгөөнөөр энэ судас гэмтэж цус хуралт үүсэх боломжтой. А.Өын цус бүлэгнэл бүлэгнэсэн байсан Мэс ажилбар хийхэд цусан бүлэн байгаа бөгөөд цус алдаж байгаа шинж чанараас хамаараад 12 цагийн дотор шингэн цус буюу бага хэмжээний цустай, 24 цагаас дээш бол бүлэгнэсэн цус нь давамгайлна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цусны бүлэгнэлтийн шинж алдагдсан байгаа тул энэ хугацаа удаан үргэлжилэх магадлалтай. 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэдэг нь тодорхойлогдож байна. Шинж тэмдэг нь согтуу хүнтэй адилхан яваад байж болох боломжтой. Өөрөөр хэлбэл эрүүл хүний болон согтуу байгаа хүний гэмтлийн улмаас авах мэдрэмж нь өөр гэсэн үг. Өвчнөө мэдрэхүй нь өөр байдаг. Толгой өвдөлт, архи хэрэглэсэн үедээ тархи дарагдахаар ухаангүй болох шинж тэмдэг илэрдэг...” гэв.

 

Эрүүгийн 000  дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-25 дугаар хуудас/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-31 дүгээр хуудас/,

 

            Хохирогч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 дүгээр хуудас/,

 

            Гэрч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54 дугаар хуудас/,  

 

Яллагдагч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5458 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн оношилгооны баримт, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт /хх-н 66-77 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59дүгээр  хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 87-89, 97-116 дугаар хуудас/, гэрч Ю.Бямбахатаны мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Б.Лгийн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18-19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 00-00 тоотод өөрийн найз А.Өыг “гутал, хувцасаа тайлахгүй орон дээр гарлаа” хэмээн уурлаж хэрүүл маргаан өдөөж улмаар түүний нүүр, толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн зулай, дух, чамархайн хатуу хальс доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, нүүр, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

            ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

            Хохирогч А.Өын “...7 буудал дээр архи ууж явж байгаад Алтанхуягтай тааралдаад гэрт нь очсон. Тэгээд бид 2 нэг шил архи хувааж уусан. Алтанхуяг согтохоороо их агсам зантай бөгөөд нэлээн согтож ирээд намайг зодсон. Гараараа миний толгой нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Тэндээсээ зурагтад байдаг Ганболд гэдэг ахын гэрт очоод хоол идээд цай уучихаад унтсан. Түүнээс хойш ямар нэгэн санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орсон гээд хэвтэж байсан. Алтанхуяг намайг зодсон. Өөр хэн нэгэн хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Гэртээ архи ууж байгаад зодсон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Зын "...Би Өнөржаргал гэх хүнтэй 4-5 жилийн өмнө 7 буудалд автобусны буудал дээр архи ууж байгаад танилцаж байсан. Өнөржаргалыг би Номио гэж дууддаг. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 23-ны 10 цагийн үед 7 буудлын автобусны буудлын орчимд уулзсан. Надтай уулзахад Номио нь 7 буудлын тэр хавиар амьдардаг 4-5 хүмүүстэй байсан ба согтуурлах ундаа хэрэглэсэн халамцуу байдалтай байсан. Мөн хоёр нүд нь хөхөрчихсөн, аль нүд нь гэдгийг нь санахгүй байна нэг тал нь илүү хавдсан байдалтай байсан, ороолтоороо нүүрээ ороочихсон байсан учраас нүүрний бусад хэсгийг нь хараагүй. “Нүдээ яачихсан юм” гэхэд “Хуягаад цохиулчихсан гэсэн” тэгэхэд нь би “ямар аймар болгочихсон юм бэ” гэсэн ямар учраас цохиулсан болох талаар нь би асуугаагүй....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ю.Бямбахатаны “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн орчим 7 буудал дээр Номин-Эрдэнэтэй тааралдахад Хуягаад зодуулсан гээд хоёр нүд нь хөхөрчихсөн явж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Бгийн “...миний амьдардаг нийтийн байрны өрөөний хөрш айлд нэг хөгшин амьдардаг. Хааяа тэднийд нэг эмэгтэй ирээд архи ууж байгаад явдаг. Өнөөдөр 12 цагийн үед Номио гэх эмэгтэй 2 нүд нь хөхөрчихсөн байдалтай хажуу айлд ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Гын “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед би нийтийн байрны 2 давхарт айлд сууж байтал Номин намайг хайгаад орж ирсэн. Ирэхдээ хүнд зодуулсан гээд нүд, нүүр нь хавдаад хөхөрчихсөн ирсэн...унтаж байгаад орой 23 цагийн үед сэрэхэд гараа хөдөлгөөд татаад байх шиг болохоор нь 103 дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Бгийн “...Манай нөхрийн утас руу нэг хүн залгаад охин чинь Гэмтэл согог судлалын төвд маш муу ухаангүй байна гэж хэлсэн. Энэ мэдээг сонсоод манай дүү гэмтлийн эмнэлэг орсон чинь танай дүү болох Өнөржаргал гэх хүн хэн болох нь тогтоогдохгүй  байдалтай ирсэн. Манай эмнэлэг дээр ирээд хоёр удаа хагалгаанд орсон гэсэн.... одоогоор биеийн байдал нь маш муу хүнээр түшүүлж байж бие засаж байгаа нэг талын нүд нь харахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Б.Алтануягийн яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Өнөржаргалын хамт гэртээ нэг шил архи уусан. Гэтэл Өнөржаргал гараад явсан Отгоо эгчтэй уулзаад ирнэ гээд нэлээд удаж байгаад буцаад ирсэн. Тэгэхдээ бүүр их согтчихсон орж ирээд гуталтайгаа орон дээр гараад хэвтсэн. Би “чи наад гутал хувцсаа тайлаад орон дээр гараач” гэхэд “яадаг юм” гээд өөдөөс уурлаад хэрүүл хийсэн. Түүнээс болж маргалдаад би шанаа хэсэг рүү нь 2-3 удаа цохиод хавирга хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд гутлыг нь тайлаад унтуулсан... ямар нэгэн цус нөж гараагүй зүгээр хурхираад унтаад өгсөн. Согтуу байсан болохоор нэг их хариу үйлдэл үзүүлээгүй... хавирга өвдөөд байна хавирга эвгүй болчихсон юм шиг байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5458 дугаартай “...1. А.Өын биед зүүн зулай,дух чамархайн хатуу хальс доорх цус хураа, аалзан хальс доорх цус харвалт, нүүр цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Зүүн зулай, дух, чамархайн хатуу хальс доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нүүр, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шинжээчийн “...Гавлын баруун талаас цохиход зүүн талын цалгих хөдөлгөөнөөр энэ судас гэмтэж цус хуралт үүсэх боломжтой. А.Өын цус бүлэгнэл бүлэгнэсэн байсан Мэс ажилбар хийхэд цусан бүлэн байгаа бөгөөд цус алдаж байгаа шинж чанараас хамаараад 12 цагийн дотор шингэн цус буюу бага хэмжээний цустай, 24 цагаас дээш бол бүлэгнэсэн цус нь давамгайлна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цусны бүлэгнэлтийн шинж алдагдсан байгаа тул энэ хугацаа удаан үргэлжилэх магадлалтай. 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэдэг нь тодорхойлогдож байна...” мэдүүлэг,

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн оношилгооны баримт, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

 

Дээрх нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, бусад баримтууд нь агуулгын хувьд хоорондоо харилцан уялдаатай, шүүгдэгч Б.А нь хохирогч А.Өын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримтыг бүрэн илэрхийлж, хангалттай хэмжээнд нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүч хэрэглэн халдсаны улмаас хүнд гэмтэл учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогчийн биед хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас А.Өын биед хүнд хохирол санаатай учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Аийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй...” гэж тус тус дүгнэлт, санал гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн хохирогч А.Өаас мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан хүсэлтэд “...2 удаа хагалгаанд орж эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн. Гэрээр эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний зардалд 300.000 төгрөг гарж эхэлсэн. Боолт болон зүүн нүдний гэмтэлд 200 гаруй мянган төгрөг болсон. Тархины хүнд гэмтлээсээ болж сэтгэл санааны хүнд байдалд орж өөрийгөө асрах чадваргүй бусдын асаргаанд хэвтэрт 3 сар гаруй болсон. Тархины хэлбэр өөрчлөгдөж байнга өвдөж чинэрч тэнцвэр алдагдсан. Нийт эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилж байна....” гэж, шүүхэд гаргасан хүсэлтдээ “...шүүх хуралдаанд оролцохгүй,  300.000 төгрөгийн хохирол барагдсан. Гомдол саналгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба энэ талаарх нотлох баримтаа гаргаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэм хорын хохиролд 300.000 төгрөг төлсөн талаар баримт гаргасан байх ба шүүгдэгчийг хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин хохирогч А.Ө гэм хорын хохиролд нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, түүнд учирсан гэмтлийн шинж, гэм хорын хохирол арилаагүй байдлыг харгалзан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.А нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суух тодорхой хаягтай, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан хохирол, түүний хор уршиг арилаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх арга хэмжээ аваагүй боловч шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогчоос гомдол саналгүй зэргийг тус тус харгалзан хорих ялын хэмжээг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохисгүй харьцсан, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид 300.000 төгрөгийн гэм хорын хохирол төлсөн, нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Өаас гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН