Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/1063

 

Ц.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

яллагдагч Ц.Тийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1323 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ц.Тт холбогдох 1810018550443 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ө овгийн Цийн Т, 2000 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 27а байрны 1102 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ц.Т нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн өргөө” амралтын газарт иргэн П.Хтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүний яс, их биеийн баруун болон зүүн өнцөг хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарлын баруун доод хажуугийн харалдаах баруун доод хажуугийн үүдэн шүд болон зүүн доод агт араа, шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэхээр тус тус хуульчилжээ. Гэтэл яллагдагч Ц.Тийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүйгээр хэрхэн, яаж учруулсныг яллах дүгнэлтэд дүгнэж бичээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг тогтоож чадаагүй гэж шүүх үзэв. Мөн ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” тухай хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд дээрх ажиллагаануудыг хийсний эцэст, хэргийг зөв зүйлчилж, шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Ц.Тт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Ц.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан зорилгын хүрээнд нийцүүлж, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан Ц.Тийг нийгэмшүүлж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Яллагдагч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.3, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй хохирол, хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

            Миний бие анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Анхан шатны шүүх “гэм буруугийн хэлбэрийг санаатай учруулсан гэж бичээгүй” гэж дүгнэсэн байгаа. “Санаатай” гэдэг үгийг орхигдуулсан прокурорын үйл ажиллагааны алдаа юм. Гэхдээ уг гэм буруугийн санаатай хэлбэрийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоох боломжтой байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй төрлийн ажиллагаа биш юм.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдал”-ыг нотолно гэж хуульчилсан бөгөөд уг зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлохоор хуульчилсан байхад анхан шатны шүүхээс “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүйгээр учруулсан болохыг дүгнэж бичээгүй” гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм. Гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзсэн шүүхийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан “Хэргийг прокурорт буцаах” шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй юм. Нөгөөтэйгүүр, шүүхээс яллагдагч Ц.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь мөн үндэслэлгүй байна.

            Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан” гэж ойлгогдохоор хуульчилсан нь яллагдагч Ц.Тийн үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарахгүй, хуулийн өөр зохицуулалт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульчилсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1323 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Яллагдагч Ц.Тийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэм буруугийн талаар заавал дүгнэж, гэмт хэргийн зүйлчлэлийг сонгох ёстой. Үүнийг шүүх хуралдааны үеэр нөхөн гүйцэтгэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1323 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...яллагдагч Ц.Тийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүйгээр хэрхэн, яаж учруулсныг яллах дүгнэлтэд дүгнэж бичээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Ц.Тт холбогдох хэрэгт гэм буруугийн хэлбэрийг санаатай учруулсан гэж бичээгүй ч Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд үйл баримт болон ямар хэрэгт ял сонсгож байгааг танилцуулж, гарын үсэг зуруулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд прокурор, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт гарган, тодорхой бус гэж үзсэн асуудлаа тодруулах ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Иймд прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Тт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1323 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Тт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Ц.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ