| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0441/З |
| Дугаар | 221/МА2025/0071 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0071
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэлийн шаардлага “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 900 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0441/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 900 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтыг баримтлан М ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “М ” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө төлөөгүй тул мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу цуцлах үндэслэл тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1042 дугаар албан бичгийг “М ” ХХК-д шуудангаар хүргүүлсэн. “М ” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй. Энэ хугацаа өнгөрснөөр цуцлах үндэслэл бүрдэж, төрийн захиргааны байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн.
3.2. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон” талаарх хариу мэдэгдэл биш, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч заавал мэдэгдэл хүлээн авснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.3. ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно’’, 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын “m” сайтад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, “Өнөөдөр” сонины 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаарт нийтэлж нийтэд мэдээлсэн. Мөн цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг кадастрын хэлтсийн системд бүртгэлтэй албан ёсны Хан Уул дүүргийн 1 дүгээр хороо 0000 тоот хаягаар хүргүүлэхэд шуудангийн буцалтаар ирсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр манай хороо өөрчлөгдөн 15 дугаар хороо болсон гэж тайлбарладаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу албан ёсны хаягаа төрийн захиргааны эайгууллагад бүртгүүлээгүй. Анхан шатны шүүхээс төрийн захиргааны байгууллагыг буруутгаж, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
3.4. ... Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт Б.Э-г 2024 оны 02 дугаар сарын 07-26-ны хооронд амбулаторийн төлбөртэй тусламж үйлчилгээ авсан тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу “М ” ХХК-ийн захирал Б.Э шүүх хуралдаан дээр гэрээр эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарладаг. Дээрхээс үзэхэд Б.Э нь А шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэгт очиж үзүүлсэн, нөгөө талаар гэрээ эмчилгээ хийлгэсэн зэргээс харахад тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг ямар ч байдлаар /интернэт банк/ төлөх боломжтой нь харагдаж байна. Мөн захирал Б.Э-г “М” ӨЭМТ-ийн эмчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “өрхийн эмчийн тодорхойлолтод” 2024 оны 03 дугаар сарын 01-26-ны хооронд гэрээр эмчилгээ хийлгэсэн нь хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт гэж тооцоход эргэлзээтэй гэж дүгнэснээс харахад захирал Б.Э нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хугацаанд төлөх боломжтой байсныг харуулж байна.
3.5. Гэтэл анхан шатны шүүхээс төрийн захиргааны байгууллага цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөөгүйгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тайлбар баримт бичиг гаргах эрхээр хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “... хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид дээрх хуульд зааснаар хүргүүлэх үүргээ зохих журмын хэрэгжүүлээгүй, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэжээ. Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдээгүй байхад буюу 3 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид явуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10/1042 дугаар албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийн хамт 34.7-д заасан хугацаанд төлөхийг, төлж баримтаа ирүүлээгүй тохиолдолд цуцлах үндэслэл бүрдэхийг урьдчилж мэдэгдсэн агуулгатай байх тул уг албан бичгийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдэл хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь буруу байна. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт, албан бичгийн агуулгаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10/1042 дугаар албан бичиг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдэл биш байна … Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөөгүйгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийг энэ талаар тайлбар, баримт бичиг гаргах 56.3-т заасан эрхээр хангаагүй, 56.4-т заасан тайлбар баримт бичгийг хянах, харгалзан үзэж шийдвэрээ гаргах процесс ажиллагааг орхигдуулсан … төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй нь эрүүл мэндээс хамаарах шалтгаан, нөхцөл байдал байсан эсэхийг, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэхийг шийдвэр гаргахдаа харгалзах 56.4-т заасан процесс ажиллагааг орхигдуулсан байна. Ийнхүү тусгай зөвшөөрөл цуцлах тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан журмыг буруу хэрэглэснээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тайлбар баримт гаргах эрхээр хангаагүй, гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйн дээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангаагүй” гэж дүгнэж, нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.3. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж тус тус заасан.
2.4. Хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “М ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
2.5. Нэхэмжлэгч “М ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлэхгүй байх ямарваа зорилго байгаагүй, захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, улмаар хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг заасан хугацаанд төлөх боломжгүй байсныг харгалзаагүй” гэж тайлбарлажээ.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10/1042 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн ээлжит 2 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд МV-00000 дугаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн мэдэгдлийг тус компанийн хариуцагчид бүртгүүлсэн албан ёсны хаяг болох “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 0000 тоот” хаягт шуудангаар илгээсэн боловч уг хаяг байхгүй гэсэн үндэслэлээр шуудангийн буцаалт хийгдсэн байна.
2.7. Дээрхээс үзэхэд захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдлийг хүлээж аваагүй байх тул хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.
2.8. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаягийн өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй энэ тохиолдолд хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй.
2.9. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг учраас төлбөр төлөөгүй шалтгаанаа “...мэдэгдэл хүлээн аваагүй”-тэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй, мэдэгдэл хүлээн авсан эсэхээс үл хамаарч хуулийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийг зөвтгөх үндэслэл болохгүй.
2.10. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
2.11. Тодруулбал, хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
2.12. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ