Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч М.Энхжаргал,

Шүүгдэгч Х.Сэргэлэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт Хумбааны Сэргэлэнд холбогдох эрүүгийн 201624000728 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, эмэгтэй, 55 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2 нөхрийн хамт Хан -Уул дүүргийн 15 дугаар хороо, АОС 70-1 тоотод түр оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 9-4 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн  / РД:ХЙ 61040701 / Дархчууд овогт Хумбааны Сэргэлэн нь:

 

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн гэрлийн дохиотой уулзвар замд Тоёота приус маркийн 72-89 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7. "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мөнхтуяаг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 4-9 /

 

Хохирогч Б.Мөнхтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим би 7-н буудал орохоор Дамбадаржаагийн гэрлэн дохиотой уулзварын зүүн талын явган хүний гарцаар улаан гэрлээр зогсон хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гартал миний зүүн талаас машин ороод ирэхээр нь би зүүн гараараа түлхээд би хойшоо унаад зүүн хөл дээгүүр машины баруун урд дугуй гарчихсан. Тэгээд тэр машин зогсоод жолооч нь настайвтар эмэгтэй, бас нэг эрэгтэй хүний хамт бууж ирээд цагдаа, түргэн дуудсан. Тэгээд цагдаа түргэн хоёр зэрэг ирж, түргэний машинаар гэмтэл явсан гэжээ. / 58-59 /

 

Гэрч Ө.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн үед халтуур хийхээр Т.Приус маркийн 72-89 УНР дугаартай охин Б.Мөнхтуулын эзэмшлийн автомашинтай явж байтал хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн замаас нэг эмэгтэй гар өргөж суугаад Дэнжийн мянгын зах явж гэдэс дотор аваад цех дээрээ аваачиж өгсөн. Тэгээд тэндээсээ борлуулалт хийнэ гээд 7,8 уут юм аваад дэлгүүрээр явсан. Тэгээд баахан дэлгүүрээр явж тарааж байгаад Бэлхийн дэлгүүрээр тараана гээд Дарь- Эхийн замаар явж байтал " Би машиныг чинь барьж үзье. Эгч нь машинтай. Яг чинийх шиг Приус маркийн машин " гэхээр нь " та үнэмлэхтэй юм уу " гэсэн чинь " үнэмлэхтэй " гэсэн. Тэгэхээр нь зогсоод " За яахав. Та барь " гээд жолоогоо солилцоод тэгээд тэр замаараа хойшоо явж байгаад 4-н замын уулзвараар нэмэгдэл ногоон сум заасан сектэрээр баруун гар тал руу эрэгтэл зайрмаг барьчихсан нэг эмэгтэй буруу хараад гүйх шахуу алхаад гараад ирсэн. Би ч " хүүе наана чинь хүн " гээд жолоочийн өвдгөн дээр нь цохьсон. Жолооч ч хаазаа нэг гишгээд тэгээд тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй явган зорчигчийн хөл дээгүүр гараад зогссон байсан. Тухайн үед жолооч маш аажуухан аваараа татаад 5-7км цагийн хурдтай явж байсан гэжээ. / хх 62 /

 

Иргэний хариуцагч Б.Мөнхтуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Тоёото Приус маркийн 72-89 УНР улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. 2016 оны 07 дугаар сарын 29-нөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл би Төв аймгийн Зуун мод сумын Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дадлагын ажилтай байсан юм. Энэ хойгуур манай аав Ө.Бат-Эрдэнэ машиныг маань хариуцан үлдсэн байсан. Тэр хугацаанд тухайн осол гарсан байсан. Ослын улмаас миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл учраагүй гэжээ. / хх 65 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 15-16 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11050 тоот дүгнэлтэнд: 

  1. Б.Мөнхтуяагийн биед зүүн шилбэ ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал, шилбэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

  1. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  3. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. / хх 67 /

           

Техникийн шинжээчийн 316 тоот дүгнэлтэнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, жолооч, явган зорчигч нарын өгсөн тайлбар, бусад мэдүүлэг зэргээс үзэхэд Тоёото Приус маркийн 72-89 УНР улсын дугаарын автомашины жолооч Хумбаан овогтой Сэргэлэн нь Монгол Улсын замын хөдөлгөөны дүрмийн 12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Бямбаа овогтой Мөнхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. / хх 69 /

 

Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа / хх 77 /

 

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 91 /

 

Шүүгдэгч Х.Сэргэлэнг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 80-81 /, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 82-83 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 89 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Сэргэлэн нь мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд үнэнээ ярьсан. 1998 онд жолооч болсон. Үүнээс хойш нөхөр болон хүүхдийнхээ машиныг ээжлэн тасралтгүй унаж байсан. Тэр өдөр өөрийн таньдаг жолоочийг хөлслөж яваад их ядарсан шинжтэй харагдахаар нь би барья гээд машиныг жолоодсон. Хөдөлгөөн эхэлтэл цагдаагийн пүүтикний араас гэнэт нэг эмэгтэй гараад ирсэн. Тэгээд тормос гишгэсэн боловч тэр эмэгтэйг баруун гар талын урд хэсгээр мөргөчихсөн. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчийн эмчилгэний зардалд 2.200.000 төгрөг төлсөн. Дахиж ийм гэмт хэрэг хийхгүй. Маш их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Х.Сэргэлэн нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн гэрлийн дохиотой уулзвар замд Тоёота приус маркийн 72-89 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7. "Зөвшөорсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мөнхтуяаг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 4-9 /,  … ногоон гэрэл асахаар нь урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гартал миний зүүн талаас машин ороод ирэхээр нь зүүн гараараа түлхээд би хойшоо унаад зүүн хөл дээгүүр машины баруун урд дугуй гарчихсан гэж мөрдөн  байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Мөнхтуяагийн мэдүүлэг / хх 58-59 /, … 4-н замын уулзвараар нэмэгдэл ногоон сум заасан сектэрээр баруун гар тал руу эрэгтэл зайрмаг барьчихсан нэг эмэгтэй буруу хараад гүйх шахуу алхаад гараад ирсэн би ч " хүүе наана чинь хүн " гээд жолоочийн өвдгөн дээр нь цохьсон жолооч ч хаазаа нэг гишгээд тэгээд тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй явган зорчигчийн хөл дээгүүр гараад зогссон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ө.Бат-Эрдэний мэдүүлэг / хх 62 /…Тоёото Приус маркийн 72-89 УНР улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд аав Ө.Бат-Эрдэнэ машиныг маань хариуцан үлдсэн хугацаанд тухайн осол гарсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч Б.Мөнхтуул мэдүүлэг / хх 65 /, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 15-16 /, ... хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11050 тоот дүгнэлт / хх 67 /,  Техникийн шинжээчийн 316 тоот дүгнэлт / хх 69 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Сэргэлэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн  хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Хумбааны Сэргэлэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч,  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Сэргэлэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Х.Сэргэлэн нь төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Сэргэлэнгийн цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан Х.Сэргэлэнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

  1. Х.Сэргэлэнгийн 558864 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй

 

7. Х.Сэргэлэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч,  иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ