Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн Таргуд овогт С.А-ийн нэхэмжлэлтэй

Гуравдагч этгээд: Б.Я оролцсон,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох,

“Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-нийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж ,дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн жинхэнэ албан хаагч С.А би Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д заасан эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Аймаг,нийслэл,сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох,хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч,шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэсэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн.Учир нь би урд нь төрийн жинэхэн албаны мэргэшлийн шалгалтын дүнгээр төрийн албан хаагчаар томилогдож,2008 онд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч.

Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй намайг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны Б/52 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажилд томилсон.

 

2016 оны 11 дүгээр сард Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар намайг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд оруулах эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэж байх үед би 1990 оноос хойш тасралтгүй төрийн үйлчилгээний байгууллага болон сонгуульд төлөөлөгчөөр оролцож, олон газарт үр бүтээлтэй ажиллаж байсан талаараа танилцуулгаа хийж, ажиллаж байх хугацаандаа хэрхэн ажиллаж байсан талаар мөн төрийн албанд ажиллах шаардлага шалгуураа хэрхэн хангасан талаараа танилцуулсан. Төрийн албаны салбан зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн Х.Д байсан ба Х.Д бид хоёр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж тэнцээд бид хоёр Эрүүл мэндийн төвд хамт ажиллаж байсан. Х.Д-ийн зүгээс намайг төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан туршлагатай ба уг ажил албан тушаалд ажиллаж чадна гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн хурал дээр хэлж байсан. Сонгуулийн үр дүнгээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар өөрчлөгдсөн. Төрийн албаны зөвлөлийн зүгээс төрийн жинхэнэ албан тушаалтад өөрчлөлт оруулж, халж сэлгэж болохгүй гэсэн мэдэгдэл албан тоотыг удаа дараа хүргүүлж байхад төрийн жинхэнэ албан тушаалтан болох намайг улс төрийн чиг хандлагаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. 2020 оны 11 дүгээр сард манай аавын дүү нас барсан тул ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар хот руу яваад буцах гэтэл ковид-19 буюу цар тахлаас болж хөл хорио тогтоож Увс аймагт ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Увс аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар өөрчлөгдсөн байхад баяр хүргэхгүйгээр өөрсдийн ажлаас болж хаяад явсан гэдэг үндэслэлээр бүх хэлтсийн дарга нарыг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнээс хассан байсан.

Гэтэл Г.Б дарга шууд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаа явуулахдаа надад харилцан ярилцаж, ойлголцох боломж олгоогүй. Г.Б дарга төрийн албаны ёс зүйг зөрчиж намайг дарамталсан нь сонсгол хийсэн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Сонсох ажиллагааны үеэр Г.Б даргын зүгээс намайг “тусгай шалгалтад ороогүй” гэж хэлсэн. Би 2016 онд ажилд орохдоо 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны шалгалтад орж тэнцсэн байдаг. 2017 оны Төрийн албаны тухай шинэ хууль батлагдахдаа Төрийн албаны шалгалтыг ерөнхий болон тусгай шалгалт өгөхөөр шаардлага тавигдсан. Хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Намайг ажилд орох үед хэрэгжиж байсан хууль тогтоомжийн дагуу төрийн албаны шалгалт өгч ажил албан тушаалд томилогдсон.

Би ажиллаж байх хугацаандаа анализ дүн шинжилгээ хийх арга барилыг хэрэгжүүлж, Боловсролын салбар болон Эрүүл мэндийн салбарт ажлын үзүүлэлтийг нэмэгдүүлж, өмнөх жилүүдээс сайжирсан талаар Ч.Ч даргад танилцуулаад ажлаа хүлээлгэж өгсөн байдаг.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалд үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтууд судалж үзэхэд намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлд хамааралгүй байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх 4 үндэслэл байдаг боловч уг 4 үндэслэлийг намайг зөрчсөн гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэсэн зүйл заалтыг намайг зөрчсөн гэх нотлох баримт байхгүй. Мөн сонсох ажиллагааны үеэр энэ талаарх ямар нэгэн өгүүлбэр байгаагүй.

 Г.Б дарга надад өгсөн мэдэгдэл дээрээ аудитын дүгнэлтийг үндэслэн гэж дурдсан байсан. Надад төсөв захиран зарцуулах эрх мэдэл байхгүй. Төсвийн тухай хуульд зааснаар Дотоод аудитын мэргэжилтэн өөр ажил хийх ёстой байдаг. Би мөнгө төгрөг шамшигдуулсан бол тухайн актыг надад танилцуулах ёстой байсан боловч танилцуулаагүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх 4 үндэслэл байдаг боловч уг 4 үндэслэлд хамаарахгүйгээр намайг ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ч.Ч, Г.Б нар улс төржсөн өнцгөөс харж намайг ажлаас халсан гэж үзэж байна. Би шударга зарчмын дагуу ажил хийж байхад намайг ажлаа өг гэж дарамталсан. Жендерийн эрх тэгш байдлыг зөрчсөн гэж үзэж байгаа яагаад гэвэл би Увс аймгийн нийт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үүрэг оролцоог хангах зорилгоор чадлынхаа хэрээр тэмцэж ирсэн. Миний тэтвэрт гарах нас болж байгаа тул би төрийн албанд ажилласан тэтгэмжээ авах ёстой гэж үзэж байна. Миний ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолт, хийж хэрэгжүүлж байсан ажлын тайлангууд он оноороо хадгалагдаж байгаа. Надад залуучуудын чиглэлээр эмэгтэйчүүдийн чиглэлээр аваагүй шагналууд байхгүй ба Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон медаль авч байсан. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, мэдэгдлийг хэрэгжүүлэхгүйгээр намайг хуульд заагдаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлж Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж ,дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Маргаан бүхий тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7-д заасныг үндэслэн гарсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна” гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д төрийн захиргааны албан тушаал, 10.1.4-д төрийн үйлчилгээний албан тушаалтны нөөцийг бүртгэлийг Төрийн албаны төв байгууллага эрхлэн төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, албан тушаалын нөөцийн бүртгэлийг тусгасан байхаар зохицуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ гэж 18 үүргийг зохицуулсан байдаг. Уг хуулийн зохицуулалтаас С.А-г 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг мөн хуулийн 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.3.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д зааснаар хуульд заасан бусад үндэслэлийг зөрчсөн гэж ажлаас халах маргаан бүхий тушаал гаргасан байдаг.

С.А нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн холбогдох 3 үндэслэлийг зөрчсөн байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д зааснаар хуульд заасан бусад үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байгаа нь тухайн ажилтны хөдөлмөрийн харилцааг зогсоож чадах хуулийн ямар зүйл заалт гэдэг нь тодорхой байх ёстой байсан.

Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол болон Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийг үндэслэсэн гэсэн журам барьсан байдаг. Хэм хэмжээ тогтоосон акт гэдэг нь хуульд заасан бусад үндэслэл гэдэгт орохгүй. Журам нь өөрөө хэм хэмжээ тогтоосон акт юм. Актыг үндэслэн нөөцөд байхгүй улс төрийн албан тушаалтан гэдэг зүйл яригдах ёсгүй гэж үзэж байна.

Хуульд заасан үндэслэл гэдэг нь Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа юу эсвэл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй гэж үзэж байгаа юу гэдгийг тухайн захиргааны актаас харах боломжгүй байсан. Хуульд заасан бусад үндэслэл гэсэн ерөнхий зохицуулалт нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бусад хууль тогтоомжоор нотлогдож байх ёстой.

Хариуцагч хариу тайлбартаа төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад ороогүй, шаардлага хангаагүй байхад томилогдсон гэх Санхүүгийн хяналт аудитын газрын улсын байцаагчийн актаар тогтоогдсон гэдэг зүйл яригддаг. Уг актыг С.Ад танилцуулаагүй ба хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

С.А 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж, 2016 он 11 дүгээр сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажилд томилогдсон байдаг. Уг хоёр акт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ба хүчингүй болгосон эрх зүйн акт гараагүй. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж, бүртгэлийг тусгах үүрэг нь Төрийн албаны төв байгууллагад хадгалагдаж байгаа. 2009 оны 99 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг нөөцөд бүртгэх журмыг авч үзвэл Төрийн албаны салбар, аймаг нийслэлийн салбар зөвлөл нь нөөцөөс хасагдсан иргэний бүртгэлийг тусдаа үйлдэж архивд шилжүүлсэн байна. Уг журмын 3.1 дүгээр зүйлийн 5-д “Төрийн албаны зөвлөлийн нөөцийн сан хариуцсан болон салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж буй ажилтан нөөцийн сангийн бүртгэл, бүрэлдэхүүний хөдөлгөөнийг эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан. Нөөцөд байх хугацааны хувьд “зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэний нөөцийн санг бүртгэлээс хасна” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтад С.А-г төрийн албаны нөөцөөс хассан гэх нотлох баримт байхгүй. Зөвхөн бүртгэл байхгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Төрийн захиргааны байгууллага нь уг нөөцийн санг хөтлөх, эрхлэх нөөцийн сангийн шилжилт хөдөлгөөнийг хариуцсан байгууллага нь өөрөө үүргээ хэрэгжүүлээгүй байгаагийн төлөө С.А хохирох ёсгүй гэж үзэж байна. Бүртгэл байхгүй гэсэн албан хариуг өгсөн болохоос биш С.А-г нөөцийн бүртгэлээс хасагдсан гэж гэдэг зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. С.А-г нөөцийн санд бүртгэлгүй байна гэдэг үндэслэлээр төрийн албанд томилогдох ёсгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. С.А-г төрийн албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна. С.А нь төрийн албаны үүргээ зөрчсөн бол ямар байдлаар хэрхэн яаж зөрчсөн талаар шалган тогтоосон зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү .” гэв.

Хариуцагч Увс аймгийн засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”Маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох С.Ад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг” зохион байгуулж санал, тайлбар гаргах боломж олгосон байдаг. Иргэн С.А нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасан заалтыг зөрчиж төрийн жинхэнэ алба хаагчийн нэмэгдэл, баталгааг зөрчсөн хууль бус халаа сэлгээ Увс аймагт хавтгайрлаа гэжээ.

Иргэн С.А нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Увс аймгийн Засаг Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 06 тоот тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.15, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дэх заалт, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09- ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Увс аймгийн Засаг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд С.А-г томилуулахаар нэр дэвшүүлсэн. Улмаар Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар Увс аймгийн Засаг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд Самандын Амрааг томилсон байдаг. Нэхэмжлэгч С.А нь Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар тушаалаар сонгуульд нэр дэвших үндэслэлээр сувилахуйн менежерийн албан тушаалаас чөлөөлөгдөж, 2008-2016 онд 8 жилийн хугацаанд 2 удаа Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

 Иймд Монгол улсад 2002 оноос мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан төрийн улс төрийн албан тушаалд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хамаарахгүй байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.3-д /Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө: 23.3.1 .хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдпын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эм» түүлж, сувилуулах шаардлагатай болсон; 23.3.2.гурван сараас дээш хугацааны сургалтаар  бэлтгэгдэх болсон; 23.3.3. “цэргийн жинхэнэ алба хаах болсон; 23.3.4. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан мөн зүйлийн 23.4-тТөрийн жинхэнэ албан хаагч төрийм улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан ба түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөнд байгаад тооцно” гэж заасан төрийн албан хаагчийн нөөцөнд бүртгэх үндэслэлгүй юм.

Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоол “Төрийн албанд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам”-ыг баримталсан байна. Тэгвэл уг журмын 6.1-д Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д заасны дагуу төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна. 6.2.Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь тус тусын харьяаллын дагуу дараахь хэлбэрээр нөөцийн сангаас нэр дэвшүүлнэ: 6.2.1. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасан байхад хууль, журам зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 тоот захирамжаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон уг томилгоо нь анхнаасаа хууль, түүнд нийцэн гарсан эрх зүйн актыг зөрчиж гарсан нь тогтоогдож байна.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 1 дэх заалтанд "Төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай алба (цаашид “Төрийн жинхэнэ алба” гэх)-ны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтлана гэж, 2 дахь заалтад “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээш бусад албан тушаал хамаарна" гэж, 10 дахь заалтанд "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ нь энэ журмын 9-д /Төрийн албаны зөвлөл нь дор дурдсан удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна: /Төсвийн байгууллагын удирдпага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.1- 45.1.7-д заасан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ажлын албаны дарга болон хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн дарга, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтан; б/дор дурдсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон энэ журмын 9-ийн "а"-д зааснаас бусад удирдах албан тушаалтан:1/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар; 2/Улсын Их Хурлын Тамгын газар; З/Засгийн газрын Хэрэг эрхлэх газар; 4/Үндсэн хуулийн цэц; 5/Улсын дээд шүүх; 6/Улсын ерөнхий прокурорын газар; 7/яам /хэлтэс, алба, тасгийн дарга хамаарахгүй/; 8/Шүүхийн ерөнхий зөвлөл; 9/хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага. в/Засгийн газрын тохируулагч агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс дээш, энэ журмын 9-ийн “а”-д зааснаас бусад удирдах албан тушаалтан; /Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээш удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/ зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна гэж, мөн журмын 38 дахь заалтанд Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл уг журмын дагуу төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох иргэн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд албан тушаалд томилогдох зохицуулалттай байсан.

Төрийн албаны нөөцөнд бүртгэлгүй, удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байхад Увс аймгийн Салбар зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 тоот тогтоолоор Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж томилсон нь 2002 онд батлагдан гарч мөрдөж байсан Төрийн албаны тухай хууль, холбогдон гарсан журмыг зөрчсөн бөгөөд зохих журмын дагуу томилогдоогүй байгаа учраас Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Нийгмийн бодпогын хэлтсийн дарга С.А-г албан тушаалаас чөлөөлсөн болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Я шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Саманд овогтой Амрааг ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын дүгнэлт, түүнийг хэлэлцсэн тус зөвлөлийн 2021 оны 9 дүгээр хуралдааны шийдвэрт дурдсанаар нотлогдож байна.

Дээрх дүгнэлт, шийдвэрийн талаар С.Ад ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 01/723 дугаар албан бичигт "Төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй Таныг 2016 онд Салбар зөвлөлөөс Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилсон нь Төрийн албаны тухай хууль/2002/, холбогдох журмыг зөрчсөн бөгөөд зохих журмын дагуу томилогдоогүй тул зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах албан хаагч гэж үзэх боломжгүй байна" гэсэн дүгнэлтээс үзэхэд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Б/ 52 дугаар тушаал нь холбогдох эрх зүйн актыг зөрчсөн нь тодорхой байна. Иймд Увс аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалтын болон аймгийн дотоод аудитын хорооны шийдвэрүуд хуульд нийцсэн бөгөөд энэхүү зөрчлийг үндэслэн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар С.А-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ний 2021 оны 02 сарын 15-ны өприйн Б/14 дүгээр тушаалаар тус Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байгаа билээ. Мэргэжил боловсролын хувьд хими-биологийн багшаар бакалаврын, боловсрол судлалаар магистрын, багшлахуйн зөвлөх багшийн зэрэгтэй, төрийн удирдлагаар мэргэшсэн бөгөөд төрийн албанд нийтдээ 36 дахь жилдээ ажиллаж байна.

Удирдах ажилтны туршлагын тухайд 1996-2000 онд Зүүнговь сумын Засаг дарга, 2006-2007 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2013-2017 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжпийн хэлтсийн даргаар тус тус ажиллахын зэрэгцээ төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг 2006 онд өгч тэнцэж, тангараг өргөсөн, 2007 онд төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч юм.” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.А нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 сарын 11-ний өдрийн 01/723 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй тухай хариуг өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэн, хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З-д мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг үргэжлүүлэхээр шийдвэрлэсныг тэмдэглэв.

Гуравдагч этгээд Б.Я шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр явуулах хүсэлт гаргасан болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотой Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж хууль бусаар ажлаас чөлөөлсөн, ажилд томилогдох үед төрийн албаны нөөцөөс нэр дэвшүүлж ажилд томилдог байсан, ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үндэслэсэн боловч энэ нь нотлогдоогүй, тушаалын үндэслэл тодорхойгүй” гэж маргажээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа “С.А-г төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаагүй, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй байхад төрийн жинхэнэ албан тушаалд томолсон нь хууль зөрчсөн тул түүнийг ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээдээр татагдсан Б.Я шүүхэд “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаал холбогдох эрх зүйн актыг зөрчсөн тул С.А-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын 9.38, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийг баримтлан С.А-г төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй,төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон гэж үзэн ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.А-г Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын дагуу бүртгэгдсэн гэж үзэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна.

С.А-ийн хувьд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын сувилахуйн менежер албан тушаалд нэр дэвшин төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцэж 2008 оны 3 сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2008 оны 9 сарын 22-ны өдрийн 106 дугаар тушаалаар орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас сувилахуйн менежер албан тушаалаас чөлөөлөгджээ.

Ингээд 2008-2012, 2012-2016 онуудад Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ.

С.А-г ажилд томилох үед Төрийн албаны тухай 2002 онд батлагдсан хууль үйлчилж байсан бөгөөд уг хуульд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд хэрхэн томилгоо хийх, ямар тохиолдолд нөөцөд байгаад тооцох талаар дараах байдлаар зохицуулагдсан байна.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, мөн зүйлийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж,

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон... бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогдох болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн  тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх дараахь албан тушаал хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.2-т “Аймаг,нийслэл,сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг төрийн улс төрийн албан тушаалтанд хамруулаагүй байна.

2016 онд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах журам” мөрдөгдөж байсан байх ба уг журмын 2 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи бусад албан тушаал хамаарна” гэж, 10 дахь хэсэгт “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна” гэж,38 дахь хэсэгт “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч С.А нь төрийн жинхэнэ албаны удирдах албатан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдохооргүй байхад Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс түүний нэрийг төрийн жинхэнэ албаны албан тушаалд нэр дэвшүүлж, түүнийг томилсон нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.А-ийн 2008 онд төрийн захиргааны албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөн Увс аймгийн Эрүүл мэндийн газарт менежерээр ажиллаж байсан байдлыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллах хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд хуульд заасны дагуу бүртгэлтэй гэж тооцохгүй, түүнчлэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн байх журмын дагуу томилогдоогүй тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм.

 Иймд С.А нь Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, 62.1.2-т заасан “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” баталгааг зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д заасны дагуу “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” эрхийг хэрэгжүүлэх төрийн жинхэнэ албан хаагч биш юм.

Хариуцагч тал маргаан бүхий актаар С.А-г “төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон” гэж үзэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь    нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болор-Эрдэнийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж,дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болор-Эрдэнийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалд баримталсан 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7 дахь хэсгүүд нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох тухай зохицуулалт бөгөөд хуульд заасан журмын дагуу томилогдоогүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас тайлбарласан хэдий ч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэв.

Энэ талаар нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчөөс тайлбар гаргасан ба уг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэв.

 

   Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ийн “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж,дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.АЛТАНЦЭЦЭГ