Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04065 дугаар шийдвэртэй, Н.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Дд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар,

Хариуцагч О.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Дтэй урьд нь ажил хэргийн холбоотой танилууд байсан. 2014 оны 5 дугаар сард надаас нийт 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Энэ хугацаанд зээлсэн мөнгөний хүүг төлж байсан. Сүүлийн хугацаанд зээлийн хүүг болон үндсэн зээлээ төлөхгүй байна. О.Д 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж үйл ажиллагаа нь явагдаж, орлого мөнгө олж байгаа хирнээ төлбөрийг барагдуулахгүй байгаад гомдолтой.

Үндсэн зээлээс 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг, хүүд ойролцоогоор 3 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд бэлнээр мөнгө төлж байгаагүй. Тэрээр аав Ө.Намжилдоржоос мөнгө зээлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д нь Ө.Намжилдоржоос 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг, Н.Наас 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан боловч сар бүр хүү өгч байсан. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 23 удаагийн төлөлтөөр нийт 22 117 000 төгрөг төлсөн. Н.Н нь нэхэмжлэлдээ зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл гэх 15 000 000 төгрөгийг нэхсэн байна. Нийт 20 000 000 төгрөг аваад 22 117 000 төгрөг төлсөн байхад хүүд хэдэн төгрөг, үндсэн зээлээс хэдэн төгрөг авсанаа бичээгүй байна. Зээл авснаас хойш Н.Нтай ярихаар аавтай уулз гэдэг байсан.

Үндсэн зээлд 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3 удаагийн төлөлтөөр Н.Нын данс руу шилжүүлсэн, бэлнээр Ө.Намжилдоржид 12 000 000 төгрөгийг өгсөн, Н.Нын дансаар 10 617 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний хугацаа сунгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 3 883 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Над олгож, нэхэмжлэлээс 13 117 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 77 078 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Над олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/19586 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн биелэлт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “Н.Н, О.Д нар нь хугацааны талаар бичгээр тохироогүй боловч зээлийг 3 сарын хугацаатай авсан талаар хэн аль нь маргаагүй тул 3 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан, О.Д 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н.Наас зээл авч, мөнгийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү гэх бичгийг өгч байснаас үзвэл зээлийн гэрээний хугацааг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдсан, хариуцагч нь нийтдээ 9 сарын хүүд 4 500 000 төгрөг төлөх үндэслэлтэй” гэжээ.

Н.Н, О.Д нар нь 2014 оны 05 дугаар сарын 20-нд 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн тухай баримт үйлдсэн бөгөөд уг баримтад “Дуламсүрэнд 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй ззэлүүлэв” гэж бичсэн ба талууд зээлийн гэрээний хугацааг тодорхойлоогүй байх тул нэг сарын хүү төлөх үндэслэлтэй. Мөн О.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н.Наас 3 сарын хугацаатай мөнгө зээлсэн гэж огт тайлбарлаагүй байтал шүүх 3 сарын хугацаатай авсан талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх О.Дгийн Н.Над 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн бичгийг үндэслэн гэрээг сунгагдсан гэж үзэн, 9 сарын хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Уг бичиг нь хуулийн шаардлага хангасан эсэхийг харгалзан үзэлгүйгээр гэрээг сунгагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан гэрээ байгуулсанд тооцох журмыг зөрчсөн.

Шүүх дээрх бичгийг гэрээний сунгалт гэж үнэлж, дүгнэж байгаа тохиолдолд О.Дгийн гаргасан хүсэлтийг Н.Н нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцохоор хуульчилсан. Нэхэмжлэгч ийнхүү гарын үсгээ зураагүй тул уг гэрээг сунгагдсанд тооцохгүй. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нэхэмжлэгчид 10 617 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн байх тул нэмж төлөх төлбөрийн үлдэгдэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч О.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15 000 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 2 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагч О.Д 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгийн зээлийн үүрэг үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. Мөн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч О.Джламсүрэн нь Ө.Намжилдоржоос 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай зээлсэн гэх баримт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч Н.Н нь тухайн зээлдүүлэгчийн өмнөөс үүргийг шаардах эрхтэй нь баримтаар нотлогдоогүйг шүүх зөв дүгнэсэн байна.

 

Харин нэхэмжлэгчээс авсан зээлийг 3 сарын хугацаатай байгуулсан талаар талууд маргаагүй, уг хугацааг 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэх шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээнд хугацааг харилцан тохиролцоогүй тул гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэхээр байна.

Дээрх тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан. Үүнээс үзвэл талууд зээлийн гэрээг сунгах шаардлагагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа, түүний сунгалтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцэхгүй байна. Гэвч зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нийт 10 617 000 төгрөгийг төлж, үүнээс үндсэн зээл 6 117 000 төгрөг, түүний хүү 4 500 000 төгрөгт тооцож, 3 883 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг шүүх зөв тооцжээ. Тухайлбал, зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийг төлөх хүртэл хугацаанд 5 хувийн хүү тооцож үзвэл хариуцагч 3 883 000 төгрөгийн зээлийн үүргийн үлдэгдэл гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай буюу холбогдох хуулийн зохих заалтыг тайлбарлан хэрэглэж, зээлийн тооцооллыг зөв хийсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах ажлын хөлс гэх 2 000 000 төгрөгийг шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА