Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00900

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03357 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 480 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.06-ны өдрийн №19260389/08 шинжээч томилох тухай тогтоол, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.06-ны өдрийн №19260389/08 тогтоолоор төлбөр төлөгч ******* миний өмчлөлийн Улсын бүртгэлийн У-2204042478 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хорооллын 76 дугаар байрны 74 тоот 66.39 м.кв 3 өрөө байрыг үнэлүүлэхээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Гэтэл төлбөр төлөгч нь өөрийн дээрх үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр үнэлж, энэ тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр мэдэгдсэн бөгөөд төлбөр авагч Л.Одгэрэл нь дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаагүй байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2019.08.06-ны өдөр шинжээч томилсон тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасантай нийцээгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас төлбөр төлөгч болон төлбөр авагч хоёрт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцох ажиллагааг явуулалгүйгээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцээгүй гэж үзэж байна. Сэлэнгэ эстимэйт ХХК-аас төлбөр төлөгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 123,999,325 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн нь зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлсэн байна. Тухайлбал, Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланд зөвхөн 3 судалгаа хийсэн байх бөгөөд тус судалгааг хийхдээ unegui.mn сайтаас маш хямд, яаралтай хямд гэсэн зараас сонгож  харьцуулан тайлан гаргасан нь орон сууцны зах зээлийн үнэлгээг бодитой болсон гэж үзэх боломжгүй, шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасан. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт бус тайлан гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.06-ны өдрийн №19260389/08 шинжээч томилох тухай тогтоол, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.04-ний өдрийн 101/ШШ2018/03119 захирамжаар *******гаас 111,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404,075 төгрөгийг гаргуулж Л.Одгэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042478 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол /13372/, 76 дугаар байрны 74 тоот байрлах 66.39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019.04.30-ны өдрийн 19260389/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019.05.10-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019.07.31-ний өдрийн 19260389/05 тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019.08.06-ны өдөр 19260389/08 тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-аар тогтоолгоход 123,999,325 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019.08.13-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019.08.16-ны өдөр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03357 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19260389/08 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 480 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс төлбөр төлөгч ******* болон төлбөр авагч Л.Одгэрэл нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар шийдвэр гүйцэтгэгчээс санал авч, үнийн талаар өөр өөр байр суурь илэрхийлснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү заалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцсон бол уг тогтоосон үнээр, харин харилцан тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдааг явуулахаар байгаа бөгөөд төлбөр төлөгч, авагч нарын үл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх байр суурь илэрхийлсэн, саналыг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоо тэмдэглэл үйлдэнэ, 13.2-т Тэмдэглэл нь доор дурдсан шаардлагыг хангасан байна. 13.4-т Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа, албадлагын арга хэмжээний үйл явц, үр дүнг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, бэхжүүлж болно гэж зааснаар талуудыг байлцуулан, харилцан тохиролцуулах арга хэмжээ авч, тохиролцоогүй тохиолдлыг хэлэхээр байна. Я.Цэвэлийн Монгол хэлний их тайлбар толинд харилцан зөвшөөрөлцөх, хэлэлцэж тохирох, тохиролцоо, харилцан хэлэлцэх, харилцан үгүйсгэх гэх үгүүдийг тайлбарлахдаа талууд хэн хэн нь зөвшөөрөх, ярьж шийдэх, ярьж нэг тийш болгох, асуудлыг хэлэлцэн тогтох, хэлэлцэн шийдэх, хэлэлцэн санал нэгдэх, санал солилцох, хэн нэгийгээ үгүйсгэх, хэн хэнийхээ санаа бодлыг сонсох, хамтран хэлэлцэх зэргээр тайлбарласан тул талуудын аль алиныг байлцуулан санаа бодлыг сонсож, тэмдэглэл хөтлөн баталгаажуулснаар харилцан тохиролцоогүй гэж үзнэ. Тиймээс талуудыг харилцан тохиролцуулах ажиллагааг хийж, энэ талаар тэмдэглэл хөтлөөгүй тул хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн үзэх үндэслэлгүй. Түүнчлэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг 123,999,325 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн тайлан гаргасан бөгөөд тайланг гаргахдаа зөвхөн 3 судалгаанд тулгуурласан байх ба тус 3 судалгаа нь зөвхөн unegui.mn сайтад тавигдсан маш хямд, нэн яаралтай зарах гэсэн үнийг баримтлан тайлангаа гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 2019.08.06-ны өдрийн №192.60389/08 Шинжээч томилох тухай тогтоол, уг тогтоолын дагуу хийсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШШ2018/03119 дугаар шүүгчийн захирамжаар ******* нь Л.Одгэрэлд зээлийн гэрээний үүрэгт 111,600,000 төгрөгийг төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл буюу Баянзүрх дүүрэг, XXV хороо, XIII хороолол, 76 дугаар байрны 74 тоот, 66.39 м.кв талбайтай орон сууцны үнээс хангуулахаар эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллага 2019.01.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах болон үнэлгээ хийх ажиллагааг хуульд нийцээгүй гэж шүүхэд ханджээ.

Төлбөр төлөгч ******* нь 2019.08.01-ний өдөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 132,780,000 төгрөгөөр үнэлсэн санал бичгээр гаргасныг хариуцагч байгууллага тухайн өдөрт нь төлбөр авагч Л.Одгэрэлд танилцуулсан ба Л.Одгэрэл нь 100,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцсон гэж үзэхгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь 2019.08.06-ны өдөр 19260389/08 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинжээчээр томилогдсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн орон сууцны үнэлгээг 123,999,325 төгрөг гэж тодорхойлохдоо орлого, өртөг, жишиг үнийн хандлагын аргыг хэрэглэсэн байх бөгөөд хэргийн баримтыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан 132,780,000 төгрөгийн үнийн дүнгээс шинжээчийн тогтоосон 123,999,325 төгрөгийн хэмжээг хэт зөрүүтэй, зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэхээргүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Хариуцагч нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аас ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн, төлбөр төлөгч нь мэдэгдэх хуудсыг 2019.08.19-ний өдөр шуудангийн салбараас хүлээн авсан боловч тэрээр 2019.08.27-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, хугацаа хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул ... шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03357 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 480 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН