| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
2023 01 11 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Э.Уранчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул,
Шүүгдэгч: Н.Ж, түүний өмгөөлөгч О.Санчирбал нар оролцсон эрүүгийн 000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л”-ийн 11 давхрын 1101 тоотоос 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр О.Нын эзэмшлийн “Acer i5” маркийн 10 дугаар үеийн үзүүлэлттэй 13 ширхэг, “Acer i7” маркийн 11 дүгээр үеийн үзүүлэлттэй 1 ширхэг, нийт 15 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 37.450.000 /гучин долоон сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-7 дугаар хуудас/,
Хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11-12, 132-133 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 108 дугаар хуудас/,
“О” барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
“К” барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 37-38, 110-111, 114-115 дугаар хуудас/,
Гэрч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч С.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
Гэрч О.Цын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 152-153 дугаар хуудас/,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 156-158 дугаар хуудас/,
Гэрч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/,
Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 169-170 дугаар хуудас/,
Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 дугаар хуудас/,
Гэрч С.Ан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 дугаар хуудас/,
Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 181-182 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 46 дугаар хуудас/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 69-94 дүгээр хуудас/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 95, 100 дугаар хуудас/,
“T” барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 97 дугаар хуудас/,
“О” барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 101 дүгээр хуудас/,
“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 120-124 дүгээр хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 186 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 52 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 9-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л”-ийн 11 давхрын 1101 тоотод иргэн Н.Тын зөвшөөрлөөр нэвтэрч, О.Нын эзэмшлийн “Acer i5” маркийн 10 дугаар үеийн үзүүлэлттэй 13 ширхэг, “Acer i5” маркийн 11 дүгээр үеийн үзүүлэлттэй 1 ширхэг, “Acer i7” маркийн 11 дүгээр үеийн үзүүлэлттэй 1 ширхэг, нийт 15 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 37.450.000 /гучин долоон сая дөрвөн зуун тавин мянган/төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч О.Нын “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай хүү болох Таас Ж гэх найз нь 2 ширхэг зөөврийн компьютерыг хэрэглээд өгье гэж хэлээд манай байгууллагын хаалганы нууц үгийг нь асууж авчихаад Ж нь өөрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Lux center" 11-1101 тоотод байрлалтай байгууллагын ажиллагаа явуулдаг өрөөнөөс Ж нь зөөврийн компьютерыг авсан гэдгийг Т надад хэлсэн юмаа. Тэгээд уг нь өдрөөс хойш 2-3 хоногийн дараа байхаа гэж санаж байна байгууллагын өрөөнд хамгийн дээд талд нь давхарлаж тавьсан 2 ширхэг зөөврийн компьютерын хайрцаг нь хоосон байсан тэгээд би уг өдрөө Таас асуугаад л дээрх шалтгааныг буюу Ж гэдэг хүүхдийг авсан талаар мэдсэн. Харин тухайн үед бусад хайрцгийг нь шалгаж үзээгүй. Тэгээд л уг өдрөөс хойш би Ж гэх хүүхдийн утасны дугаарыг аваад дээрх 2 ширхэг зөөврийн компьютерыг авч ирж өгөхийг шаардсан. Ахындаа аваачаад тавьсан байгаа манай ах хөдөө явчихсан гэж хэлээд 7 хоносон. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй байгаад байсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээрээ ганцаараа байж байх үедээ дээшээ давхарлаж тавьсан байсан зөөврийн компьютерын хайрцгийн хамгийн доод талынх нь хайрцаг дарагдаад шалчийсан байхаар нь дотор талыг нь үзэх гээд авах үед дээрээсээ дандаа хоосон хайрцаг болж таарсан тэгж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Мөн миний бие ямар ямар хугацаанд эд зүйл алдагдсан талаар болон Ж нь манай байгууллага руу хэдэн удаагийн давтамжтай орсон талаар огт мэдэхгүй. Миний бие хохирлоо барагдуулж авчих юм бол надад гомдол санал байхгүй. Мөн дээрх цагдаагийн байгууллагаас хүлээж авсан 14 ширхэг зөөврийн компьютерыг өөр байгууллагад нийлүүлж, худалдан борлуулсан байгаа. Одоо 1 ширхэг зөөврийн компьютерын хохирол үлдээд байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Тын "..Би Сүхбаатар дүүргийн 1-р хороо "Л"-ийн 11 давхар 1101 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Аркос" нэртэй аавын компанид бичиг хэргийн ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай найз Ж “Гадаад улс руу сурахаар явах гэж байгаа хэлний ярилцлага өгөх болохоор веб камертай нөүтбүүк хэрэгтэй байна чамд байна уу өнөө оройдоо хэрэглэчихээд өгнө яаралтай хэрэгтэй байна" гэхээр нь би ажил дээр Боловсролын яаманд нийлүүлэх ёстой "ACER" маркийн нөүтбүүк байгаа чи очоод авчих гэж хэлээд оффисын хаалганы кодыг найз Жөд хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Гн "...Н.Ж гэж танихгүй. Харин 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13цаг 05 минутын үед "UB" гэсэн нэршилтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 59-4 тоотод барьцаалан зээлдүүлэх газарт Н.Ж нь гэсэн цахим үнэмлэхийг авч ирээд тулгаж үзэхэд уг хүн нь өөрөө байсан. Уг залуу нь 2 ширхэг хайрцагтай, 1 ширхэг хайрцаггүй, шинэ, дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч нь гялгар ууттай, acer Fre G515 загварын 15 загварын 10 дугаар үеийн 3 ширхэг зөөврийн компьютерыг 3.300.000 төгрөгийн барьцаанд тавиад, харин барьцаанд тавьсан мөнгийг би өөрийн хаан банкны дугаарын данснаас Н.Жийн эзэмшлийн хаан банкны 5163571201 дугаарын дансанд 13 цаг 05 минутад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 59-4 тоотод барьцаалан зээлдүүлэх газарт байхдаа мөнгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Гын "...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад иргэн Н.Ж гэгч нь өөрийн цахим үнэмлэхээ харуулж "Acer" 15-10-р үеийн зөөврийн компьютерыг 800,000 төгрөгийн барьцаанд тавихаар болоод тухайн үед 800,000 төгрөгийг би өөрийн хаан банкны 5210115188 дугаарын данснаас уг Н.Жийн эзэмшлийн хаан банкны 5163571201 дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлж өгсөн..." гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Сын "...2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед Отгондэмбэрэл овогтой А, Намсрайжав овогтой Ж нар Acer брэндийн i5 10 дугаар үеийн зөөврийн компьютер барьцаанд 950,000 төгрөгт тавьсан. Маргааш өдөр 14 цагийн үед Н.Ж Acer брэндийн i5 10 дугаар үеийн 2 ширхэг зөөврийн компьютер барьцаанд 2,050,000 төгрөгөөр тавьсан. Дээрх 3 ширхэг зөөврийн нотебүүк барьцаанд тавьсан мөнгөө Хаан банкны 5163571201 дугаарын дансанд авсан. Оройдоо эргүүлэн авах болно гэж хэлээд явсан... 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 30 минутын үед Ж цагдаа нарын хамт ирээд 3 ширхэг зөөврийн нотебүүк хураагаад явсан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Аын "...2022 оны 08-р сарын 30-ны өдөр Honda Civic маркийн манай төрсөн эгч Аззаяагийн эзэмшлийн машинтай таксинд явж байтал орой шөнийн 4-н цагийн үед Сансарын тунел хавьцаа танихгүй маск зүүсэн нэг залуу гартаа жижиг хар өнгийн цүнхтэй юм барьчихсан залуу суугаад хороолол оръё гэж хэлээд явсан замдаа онгорхой ломбард байгаа болов уу гэж надаас асуусан би мэдэхгүй байна байхгүй байх гэж хэлэхэд, хороолол оръё нэг онгорхой газар байгаа тийшээ явчих гэсэн, тэгээд явж байтал тэр залуу бичиг баримтаа гэрт үлдээчихжээ ах танд бичиг баримт байгаа юу байгаа бол ломбардад тавих гэсэн юм гээд байхаар нь би тус болъё гэж бодоод за за тэгье хэлээд хорооллын эцсийн баруун талын 3-н давхар байшингийн гадна ломбардын эзэн гэх нэг залуу кровн маркийн машинтай зогсож байсан тэгээд би таксинд суусан залуутайгаа хамт буугаад ломбардын эзэн залуутай уулзаад таксинд суусан залуу хар өнгийн цүнхтэй нотебүүк гаргаад ломбардад тавих гэсэн юмаа гэхэд ломбардын эзэн залуу наад нотебүүкийн үзүүлэлт ямархуу вэ гэж асуухад нөгөө залуу энэ нотебүүк сүүлийн үеийн хүчин чадалтай нотебүүк ярьж байгаад миний бичиг баримтаар тавьсан. Тэгээд таксинд суусан залуу ломбардын эзнээс маргааш би ирээд авч болох уу гэхэд болно гэхээр нь тэр залуу за за ах би баярлалаа дүү нь маргааш авчихна ах яармаг оръё гэж хэлээд яармагийн 2-р буудал хавьцаа зам дагуу буусан надад таксины мөнгө гэж 40.000 төгрөг мобайлдаж өгсөн..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Цын “...Миний бие Баянгол дүүргийн 16 дугаар хороо 3 дугаар хорооллын Парадоксын Ур талд байрлах 60 дугаар байрны өргөтгөл 04 тоотод “Турбо” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг 2021 оны 10 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж байна "Миний бие тухайн Б.Баярмаа гэх хүний нэрийг нь мэдэж байна. Тухайн хүнийг ямар нэгэн байдлаар танихгүй, хамаатан садан найз нөхөд хүмүүс биш. Тухайн эмэгтэй нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт "Acer for earth planet" загварын 15.6 инч хэмжээтэй зөөврийн компьютерыг барьцаанд тавьж 1.3 сая төгрөг авсан бүртгэл байна. Миний бие тухайн эмэгтэйг санахгүй байгаа ба хэнтэй хамт явж байсныг нь мэдэхгүй байна. Мөн түүнийг зөөврийн компьютер барьцаанд тавьж байсныг мэдэхгүй ч гэсэн манай байгууллагын бүртгэл болон миний дансны хуулгаар нөгөөх эмэгтэй зөөврийн компьютер барьцаанд үнэн болж байна..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бгийн "...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз Энэрэлийн хамт 82-86 УЕВ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй хувиараа такси үйлчилгээнд 25 дугаар эмийн сангаас модны хоёр луу өгсөх замд нэг залуу замын хажууд гараа өргөсөн тэгэхээр нь уг залууг суулгаад хаашаа явах талаар асуухад Хан-Уул дүүрэг Яармаг орно гэж хэлсэн тэгээд миний явах зүгтэй таарч байсан болохоор уг залууг машиндаа суулгасан. Тэгээд машинд суугаад надад нэлээн яаруу байдалтай ярихдаа би Монгол Улсын их сургуульд мэдээлэл технологийн чиглэлээр сурдаг юмаа тэгээд маргааш хичээл орох гээд байгаа болохоор сургуулийнхаа төлбөрийг хийх гээд өөрийнхөө зөөврийн компьютерыг ломбардад тавиад сургалтын төлбөрөө хийх гэж байгаа юм. Харин барьцаанд тавих гэсэн чинь бичиг баримтгүй байна. Мөн лавлагаа авах гэсэн чинь лавлагаа гаргах газар олдохгүй байна гэж хэлээд тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Тэгээд надад хэлэхдээ дээрх шалтгааны улмаас өөрөө барьцаанд тавьж чадахгүй байгаа тул намайг ломбардад тавиад өгөөч би удаахгүй авчихна гэж хэлсэн. Тухайн үед би жолоо барьж байсан болохоор манай найз Энэрэл ломбард руу орох гэж байгаад болиод тэгээд би оронд нь "TURBO" гэх нэртэй ломбард руу бид уг Ж гэх залуутай хамт орсон юмаа. Тэгээд миний бичиг баримтыг үзүүлээд барьцаанд уг эд зүйлийг тавьчхаад үргэлжлүүлээд Яармаг руу яваад "Номин" супер маркетын гадаа буусан юмаа. Таксинаас буухаас нь өмнө уг залуугийн ломбардад тавьсан эд зүйлийн гүйлгээ орсон шиг санагдаж байна. Уг залуу нь ломбардад өөрийнхөө эзэмшлийн дансыг эзэмшлийн дансыг өгч байсан..." гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Оийн "...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уг "Очир" барьцаат зээлийн газар манай ажилтан С.Заяа ажиллаж байсан юмаа. Уг өдөр манай барьцаат зээлийн газарт Аваагийн Өлзий /ЛБ91121014/ нь 2 ширхэг Acer 1-5 загварын, хар өнгөтэй зөөврийн компьютерыг 1.000.000 төгрөгийг барьцаанд тавиад зээлийн мөнгийг ажилтан С.Заяа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данснаас Н.Жийн Хаан банкны дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлсэн байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр уг хүүхдийн аав гэх Намсрайжав нь ирээд 10 гаруй зөөврийн компьютер хулгайлсан хэрэгт орсон, өмнө цагдаагийн байгууллагаас манайд барьцаанд тавьсан 2 ширхэг зөөврийн компьютерыг аваад явсан байсан болохоор би хохирлыг барагдуулахаар ирлээ гэж хэлсэн юмаа. Тэгээд 950.000 төгрөгийг өгсөн “Тухайн үед тог тасраад 1 ширхэг нь хэвлэгдсэн байсан. Тэрнээс 2 ширхэг эд зүйлд барьцаанд тавьсан" гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Өын "...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 21-03 УНП улсын дугаартай саарал өнгийн приус загварын тээврийн хэрэгсэлтэй хувиараа такси үйлчилгээнд явж байхад 2022 оны "Гардан сити" гэх нэртэй хорооллоос нэг залуу такси бариад, уг газраас машин хөдөлж эхэлсэн үеэс л барьцаат зээлийн газар хайж эхэлсэн юм. Тэгээд хамгийн түрүүнд сансар ороод, Сансараас гараад хороолол, 25 дугаар эмийн сан. 1 дүгээр хороолол, сүүлд нь модны хоёр ороод "Очир" нэртэй барьцаат зээлийн газарт эд зүйлсээ барьцаанд тавихаар болсон юмаа. Эхлээд уг залуу нь өөрөө ороод хэдэн төгрөгт ямар эд зүйл тавих талаараа ярилцаж тохиролцоод тэгээд буцаж гарч ирээд ахаа би иргэний цахим үнэмлэхээ мартчихсан байна. Таны үнэмлэх байна уу, таны үнэмлэхээр эд зүйлээ барьцаанд тавиад маргааш авчихна, би эд зүйлсээ маргааш сургалтын төлбөрт өгөх гээл л байсан юмаа гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө цахим үнэмлэхийг л өгөөд оруулчихсан гэхдээ уг барьцаат зээлийн газар нь өглөө үүрээр байсан болохоор дотогш хүн оруулахгүй байсан гаднаас нь уг залуу нь үйлчлүүлээд байсан юмаа. Тухайн үед уг залуу нь надад нэрээ хэлээгүй, харин надад 90400390 гэсэн утасны дугаарыг өгч байсан. Яагаад гэвэл уг залуу нь модны хоёр эд зүйлээ барьцаанд тавиад Хан-Уул дүүргийн Гардан сити хотхонд очиж буухдаа таксины мөнгө 50.000төгрөг болсон юмаа гэтэл миний Хаан банкны 5630239988 дугаарын дансанд Н.Жийн эзэмшлийн Хаан банкны 5163571201 дугаарын данснаас таксины төлбөр 50.000 төгрөгийн тооцоог хийсэн юм. Тэгээд тухайн үед анх 50,000 гэж тохиролцсон боловч уг тохиролцсоноос илүү яваад илүү гарсан мөнгийг нь маргааш өгье гэж хэлээд надад утасны дугаараа өгөөд салсан. Дээрх барьцаанд тавьсан 2 ширхэг зөөврийн компьютер нь миний эзэмшлийнх бишээ надаас гуйсан болохоор нь би өөрийн бичиг баримтаараа барьцаанд тавьж өгч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Мын "...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай Хан-Уул дүүргийн 2-р хороо 10-3 тоотод "Тоонот" барьцаалан зээлдүүлэх газарт Эрдэнэбатын С нь ажиллаж байх хугацаанд тухайн өдрийн 20 цагийн үед иргэн Н.Ж нь өөрийн бичиг баримтыг ашиглаж манай байгууллагад "Acer" 15 загварын 10 дугаар үеийн зөөврийн компьютерыг 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн өдөр манай ажилтан Э.С нь өөрийн эзэмшлийн хаан банкны дугаарын дансны Н.Жийн Хаан банкны дугаартай данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Нийн "... Н.Ж гэж танихгүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 03-ны 16 цаг 12 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо нэхмэлийн 7-22 тоотод барьцаалан зээлдүүлэх газарт Н.Ж нь гэсэн цахим үнэмлэхийг гаргаж ирээд тулгаж үзэхэд уг хүн нь өөрөө байсан. Уг залуу нь хайрцаггүй, шинэ, дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч нь гялгар ууттай,aser Aspire G515 загварын i5 загварын 10 дугаар үеийн зөөврийн компьютерыг 700,000 төгрөгөөр барьцаанд тавьсан юмаа. Тэгээд манай ээж Дамбын Аийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данснаас Н.Жийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд 16 цаг 12 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо нэхмэлийн 7-22 тоотод барьцаалан зээлдүүлэх газарт байхдаа мөнгийг шилжүүлсэн юм. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед намайг ажлын байран дээрээ байж байхад Н.Жийн аав нь байна гэж хэлээд өөрийн цахим үнэмлэхээ харуулаад надад бүх зүйлийг тайлбарлаад би тэгээд тухайн зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцааг нь чөлөөлж тухайн зөөврийн компьютерыг аав гэх Намсрайжав хүнд хүлээлгэн өгч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөн миний ээж Дамбын Алтанцэцэгийн дугаарын данснаас 700,000 төгрөгийг шилжүүлж тооцоог хийсэн юм..." гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Агийн "...2022 оны 09 дүгээр сарын 02-03-ны шилжих шөнө үүрийн 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гэгээн" ломбардад манай нөгөө ээлжийн ажилтан Мөнхтүвшинийг ажиллаж байх үед иргэн Н.Ж нь өөрийн бичиг баримтыг ашиглаж "Acer i5" 10-р үеийн шинэ, 1 ширхэг зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан нь №0009636 дугаартай зээлийн гэрээнээс харагдаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Н.Жийн зээлийн мөнгө болох 850.000 төгрөгийг манай байгууллагын Бадарчийн Отгонжаргалын эзэмшлийн Хаан банкны 5 дугаартай данснаас Н.Жийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу мөнгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ан "... Н.Ж гэж танихгүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 03-ны 16 цаг 12 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо нэхмэлийн 7-22 тоотод барьцаалан зээлдүүлэх газарт Н.Ж нь цахим үнэмлэхийг гаргаж ирээд тулгаж үзэхэд уг хүн нь өөрөө байсан. Уг залуу нь хайрцаггүй, шинэ, дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч нь гялгар ууттай, ACER aspire G515 загварын i5 загварын 10 дугаар үеийн зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд манай ээж Дамбын Алтанцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5003985817 дугаарын данснаас Н.Жийн эзэмшлийн Хаан банкны 5163571201 дугаарын дансанд 16 цаг 12 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо нэхмэлийн 7-22 тоотод барьцаалан зээлдүүлэх газарт байхдаа мөнгийг шилжүүлсэн юм. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед намайг ажлын байран дээрээ байж байхад Н.Жийн аав нь байна гэж хэлээд өөрийн цахим үнэмлэхээ харуулаад надад хэлэхдээ миний дүү Н.Ж нь хулгайн зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцааг чөлөөлж тухайн зөөврийн компьютерыг танай байгууллагад барьцаанд тавьсан байна тэгээд авах хэрэгтэй байна гээд надад бүх зүйлийг тайлбарлаад би тэгээд тухайн зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцааг чөлөөлж тухайн зөөврийн компьютерыг аав гэх Намсрайжав хүнд хүлээлгэн өгч 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөн миний ээж Дамбын Алтанцэцэгийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу Хаан банкны дугаарын данснаас 700.000 төгрөгийг шилжүүлж тооцоог хийсэн юм...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйл хураан авсан мөрдөгчийн “...Мандах их сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газраас Acer маркийн 2 ширхэг нөүтбүүк хураан авсныг тэмдэглэл болгон бичив... “Күүл” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас “Acer” маркийн 3 ширхэг нөүтбүүкийг хураан авав...” гэсэн тэмдэглэл,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн “...Acer i5 10-р үеийн үзүүлэлттэй хар өнгийн 13 ширхэг зөөврийн нөүтбүүк, Acer i5 10-р үеийн үзүүлэлттэй саарал өнгийн 1 ширхэг зөөврийн компьютерын цэнэглэгчийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч О.Нт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,
“T” барьцаат зээлийн гэрээ,
“О” барьцаат зээлийн гэрээ,
“К” барьцаат зээлийн гэрээ,
“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Acer i5 10-р үеийн үзүүлэлттэй notebook 13 ширхэг, 15 ширхэг notebook-ний цэнэглэгч, Acer i5 11-р үеийн үзүүлэлттэй notebook 1 ширхэг, Acer i7 11-р үеийн үзүүлэлттэй notebook 1 ширхэг зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 37.450.000 /гучин долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
Шүүгдэгч Н.Жийн яллагдагчаар өгсөн “....Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө PC тоглоомын газарт байхдаа хүмүүсээс нөүтбүүкээ түр хэрэглүүлэх хүн байна уу гэж чат бичиж асуусан. Ингэж байхдаа Т руу чат бичиж асуухад надад хариуд нь нөүтбүүк бол байгаа хуучин ажлын оффис дээр байгаа гэж надад хэлсэн юм. Тэгэхээр би хаана юм бэ? хамт очоод авчхаж болох уу гэж асуусан чинь Т "peace mall" дээр явж байна. Л дээр очоод залгаарай гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би тухайн газар нь очоод залгахад надад 11 давхарт гээд тоотыг нь зааж өгсөн юм. Тэгээд би 11 давхарт нь гараад Т руу хэлсэн чинь надад хаалганы кодоо 20108080 гэж хэлж өгөөд наанаасаа ороод авчих гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн газар руу утсаар яриатай байдлаар орсон бөгөөд тухайн үедээ миний хувьд хайрцагтай байсан нөтбүүкнээс нь 2 ширхгийг авсан. Тухайн байр нь гал гараад завсар хийж байгаа байр байсан. Тухайн үед бол 12 цагийн орчим байсан бөгөөд миний хувьд тэнд байсан нийт хэдэн ширхэг байсан талаар тухайн үедээ би тоолж аваагүй. Миний бодлоор бол 10 гаруй ширхэг байсан байх. Яг тэр үедээ би тоолж аваагүй. Миний хувьд том цүнхтэй явж байсан бөгөөд том цүнхэндээ бүгдийг нь хийгээд тэгээд тэндээс гараад 3 ширхгийг нь ломбардад үлдсэнийг нь гэр рүүгээ аваад явсан юм. Анх Тт хичээл хийх гэсэн чинь веб камертай нөүтбүүк хэрэгтэй байна гэж хэлж авсан байсан юм. Ингээд үлдсэн нөүтбүүкийг нь гэрийнхээ доод граш дотор аавынх машины ард хэсэгт аваачиж тавьсан бөгөөд нийт 8 өөр ломбардад барьцаанд тавьсан байсан. Энэ үйлдлийг хийх болсон шалтгаан маань 1xbet мөрийтэй тоглоод тэгээд их хэмжээний өрөнд орсон байсан болохоор дээрх үйлдлийг хийсэн... Миний хувьд бол яг хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй бөгөөд Т надад тухайн байрныхаа хаалганы кодыг зөвшөөрч өгсөн. Би тэр үед мөнгөний хэрэг байсан учраас авах ёстой байснаас илүү нөүтбүүк авчихсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг нууцаар авсан талаар, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас хохирогчийн эзэмшлийн эд зүйлсийг барьцаанд авсан болон бусад байдлуудыг тус тус мэдүүлж, барьцаалан зээлдүүлэх газраас хохирогчийн эд хөрөнгийг хураан авч, хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тусгагдаж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид хохирол учирсан болох нь нотлогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Шүүх тус гэмт хэргийн улмаас хохирогчид 37.450.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учирсанд тооцсон.
Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэв.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Жөөс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Жийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч О.Нт Acer i5 10-р үеийн үзүүлэлттэй хар өнгийн 13 ширхэг зөөврийн нөүтбүүк, Acer i5 10-р үеийн үзүүлэлттэй саарал өнгийн 1 ширхэг зөөврийн компьютерын цэнэглэгчийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 100/, хохирогчийн “...Эд зүйлсээ буцаан авсан. Манай байгууллагад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 154/, иргэний нэхэмжлэгч Б.Оийн “...Хохирлоо авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 161-162/, иргэний нэхэмжлэгч Б.Сын “...гомдол саналгүй, хохирлоо авсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 108 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Жийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Н.Жийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Ж нь бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Н.Ж танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Н.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ж нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гарден сити хотхоны 1202-202 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Жийг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Жөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН