| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
2023 01 11 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Б.Сарантуяа,
Хохирогч: С.О,
Шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 00 тоотод 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “надтай зэрэгцэж архи уусан” гэх шалтгаанаар хамтран амьдрагч С.Огийн толгойн тус газарт хараа нэртэй архины шил шидэж, түүний эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаа таараад архи уусан. Намайг архи уусан гэж маргалдсан. Эгч рүүгээ явахаас өмнө маргалдчихаад бага зэрэг үлдээсэн архийг аваад хог руу шидсэн. Шилийг эхнэр рүүгээ шидье гэж бодоогүй. Шидэхэд эхнэр рүү оносон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.
Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Надаас уучлалт гуйсан. Гомдол саналгүй...” гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Хохирогч С.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн №14951 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
ЦЕГ-ын бүртгэл хайлтын систем /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
Шийтгэлийн хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-50 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 51-54 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 00 тоотод 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “надтай зэрэгцэж архи уусан” гэх шалтгаанаар хамтран амьдрагч С.Огийн толгойн тус газарт хараа нэртэй архины шил шидэж, түүний эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч С.Огийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу хагас сайн өдөр найз Дагийгийн хамт гэрийн ойролцоо байрлах "Өнөбар”-д орж нэг шил вино 2 шил пиво уучхаад гэртээ 17 цагийн үед очоод хоолоо хийгээд хувцаснуудаа угаагаад байж байтал нөхөр Ганбаяр гаднаас 19 цагийн үед гаднаас архи уучихсан согтолт ихтэй орж ирсэн юм. Орж ирчихээд намайг “архи уусан байна” гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би бас уучихсан байсан болохоор нь өөдөөс нь маргалдаад байсан. Тэгсэн гаднаас орж ирэхдээ 0,33-ын хараа архи барьчихсан байсан архиа над руу шидчихсэн. Би доошоо харчихсан яг юм угаагаад байж байсан болохоор толгойн дээр шил хагараад маш их өвдсөн. Тэгээд толгойгоо барьтал цус гарч байхаар нь том хүү Эрхэстээ гар утсаа өгөөд цагдаа түргэн дуудаарай, аав чинь зодож магадгүй хоёр дүүгээ аваад гадаа гар гээд гаргасан юм. Миний толгой маш их өвдөөд байсан учир би толгойгоо дараад сууж байсан...1 жилийн өмнө намайг зодоод цагдаа дуудаад торгуулж байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зодсон зүйл байдаг. Цагдаад дуудлага өгөхөөр “чи дуудлага өглөө” гээд байдаг учраас би дуудлага өгдөггүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дугаар 03-ны өдрийн №14951 дугаартай дүгнэлтэд “...1. С.Огийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэсэн дүгнэлт,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
ЦЕГ-ын бүртгэл хайлтын систем,
Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа гараад гэр рүүгээ харих замдаа ажлынхантайгаа архи ууж байгаад гэр рүүгээ харьсан. Тэгээд гэр рүүгээ орох замдаа дэлгүүрээс нэг шил аваад тэрийгээ гэрт орж ууж байгаад эхнэртэйгээ маргалдаад ууж байсан архины шилээ эхнэр рүүгээ шидээд гэмтээчихсэн юм...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Ог “надтай зэрэгцэж архи уусан” гэж түүн рүү эд зүйл шидэж цохисон болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Хохирогч С.О, шүүгдэгч Б.Г нар хоорондоо эхнэр, нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн ойлголтонд халдагч этгээд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбодь, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж тэрхүү үйлдлээ тогтсон хугацаанд хэвшмэл маягаар үйлдэхийг хамааруулах ба урьд 2022 оны 8 дугаар сарын 21, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд хохирогчоос шүүгдэгчид холбогдуулан “биед нь хүч хэрэглэсэн” талаар цагдаагийн байгууллагад хандаж байсан, зөрчлийн шийтгэлийн арга хэмжээ авагдаж байсан болох нь тогтоогдсон.
Энэ нөхцөл байдлыг дүгнэвэл шүүгдэгчээс тодорхой хугацааны туршид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг тодорхой шалтгаангүйгээр хүчирхийлэл үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч С.Огийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Огаас “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн санал, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй...” талаар дурьдсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Г нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж нийгэм, гэр бүлийн харилцаанд бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН