| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
2023 01 12 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Шүүгдэгч: Х.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.У нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй ломбардын гадна иргэн Г.Тийн халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох Айфоне 11 про /I phone 11 pro/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 00 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А.Цийн илтгэх хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-55, 67-73 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.У нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй ломбардын гадна иргэн Г.Тийн халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох Айфоне 11 про /I phone 11 pro/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Г.Тийн “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо их сургуулийн гудамжаар бага тойруугаар хүнсний 4 дүгээр дэлгүүрийн чиглэл рүү Номадст рестораны талаар найзтайгаа явж байсан. “Б” ломбардыг жаахан өнгөрөөд 2 байрны зааг дээр гар утсаа алдсанаа мэдсэн. Гар утсаа алдсанаа мэдээд эргэж харахад ойр орчимд хүн байгаагүй. Тэгээд явсан замаараа буцаад явж үзэхэд байхгүй байсан. Гар утас руугаа 80068377 дугаараас 2 удаа 18 цаг 40 минутад залгаж үзэхэд дуудсан боловч авахгүй байсан. Тэгээд I cloud-аа асааж үзэхэд Новотелын хажууд асаалттай явж байсан. Араас нь Новотел рүү алхаж байхдаа 20 цаг 53 минутад залгасан чинь унтраасан байсан. I cloud бас унтарсан байсан. Тэгээд “Б” ломбардын хяналтын камерыг шалгаж үзэхэд бид хоёрын ард 2 залуу алхаж яваад нэг урт хар куртиктэй хар малгайтай цэнхэр өнгийн масктай залуу нь миний ард явж байгаад тонгойгоод халааснаас авсан дүрс бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Уын яллагдагчаар өгсөн “....2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой ойролцоогоор 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүнсний 4-н ойролцоо “Б” гэх нэртэй ломбардын харалдаа явж байхад миний урд талд 2 эмэгтэй хүн нэгнийгээ сугадаад явж байгаа харагдсан ба хар өнгийн куртиктэй эмэгтэйн куртикний халаасанд гар утасны гэрэл харагдаад байхаар нь араас нь очоод би халааснаас нь гар утсыг авсан. Тухайн гар утас нь Ай фоне 11 про макс маркийн гар утас байсан. Тэр оройдоо Монтел дээр очоод тухайн гар утсаа танихгүй ченжид 200.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө найзтайгаа архи авч уусан....” гэсэн мэдүүлэг,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь I phone 11 pro загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,
Сидинд үзлэг хийсэн “...Уг бичлэгийг цааш гүйлгэн үзэхэд тухайн хар бараан өнгийн хувцас өмссөн залуу нь гомдол гаргасан иргэний ард тулж очин ямар нэгэн зүйл авч байгаа дүрс бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг авсан талаар тус тус мэдүүлж, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын дүрс бичлэгт шүүгдэгчээс хохирогчийн эд зүйлийг авч буй болох нь тусгагдсан, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид 1.900.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Х.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Г.Тийн гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн “...гар утсаа буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 62/ гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Уыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Х.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо буцаан төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Х.У нь бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн санал, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй” гэжээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Түдруулбал шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Уыг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.Уг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Х.У нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН