Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/1011/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1130 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1130
2022 11 30 2022/ШЦТ/1130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т... ургийн овогт Б.Мд холбогдох 2... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын ...-ний өдөр .. хотод төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .. мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр .. хүүхдийн хамт .................... 1-2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-С.... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 12 дугаар сарын 31-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж дууссан гэх, хэрэг хариуцах чадвартай, Т М, /РД:............/.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.М нь “С” ХХК-ийн нягтлан бодогч Д.М 2021 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж тус компанийн гүйцэтгэх захирал М (РД:...........)-н 2021 оны 10, 11, 12 дугаар сарын цалин болох 9,558,000 төгрөгийг Г... банкны ............... тоот данс руу андуурч шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 6,372,000 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагчаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг хийсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогчийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “Байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай, хэргийн баримтаас уншиж судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг,
Шүүгдэгч Б.Мгаас: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд “гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М “С” ХХК-ийн нягтлан бодогч Д.М 2021 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж тус компанийн гүйцэтгэх захирал Э. овогтой М (РД:...)-н 2021 оны 10, 11, 12 дугаар сарын цалин болох 9,558,000 төгрөгийг Г... банкны .. тоот данс руу андуурч шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 6,372,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд;
-“С” ХХК-иас шүүгдэгч Б.Мгийн Г... банкны данс руу андуурч шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн /2021.10.15-нд 1,600,000 төгрөг, 2021.10.29-нд 1,586,000 төгрөг, 2021.11.15-нд 1,600,000 төгрөг, 2021.11.30-нд 1,586,000 төгрөг, 2021.12.15-нд 1,600,000 төгрөг, 2021.12.30-нд 1,586,000 төгрөг/ мэдээллийн хуулбар (хавтаст хэргийн 17-22 дугаар тал),
-Гэрч Д.М “...Би “С” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд манай компани нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Л... оффисын 8 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Манай компанид техник технологийн албанд техникчээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн Б.Мг манай өөр ажилтан ижил нэртэй Э.Мтай андуурч Б.Мгийн Г... банкны .. дугаарын данс руу 2021 оны 10 дугаар сарын 15-нд, 2021 оны 10 дугаар сарын 29-нд, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд, 2021 оны 11 дүгээр сарын 30-нд, 2021 оны 12 дугаар сарын 15-нд, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийт 9,558,000 төгрөг андуурч шилжүүлсэн юм. Андуурч шилжүүлснийг мэдээд Б.Мтай уулзаж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнх нь гараар компанид буцааж төлөх хуваарь бичүүлсэн боловч үүний дагуу шилжүүлэхгүй байгаа. Өөртэй нь холбогдох гэхэд утсаа салгаж төлөхөөс зайлсхийж андуурагдсан гүйлгээг завшиж байгаа юм. Уулзах үедээ Б.Мгаас андуурч шилжүүлсэн 9,558,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар асуухад “Баяр таараад үрчихсэн юм” гэж хэлсэн юм. Б.М нь өөрийнх нь үндсэн цалин 1,200,000 төгрөг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30 хүртэл өөрийнхөө цалинг авсан. Харин нэр андуурагдсанаас болж Б.Мд өөр албан тушаалтай хүний цалинг давхар өгчихсөн юм. Б.М нь өөрөө хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. Одоо “Т..” ХХК-д ажилладаг юм... Б.М нь 2021 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 5,558,000 төгрөг байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...Э.гийн М нь манай “С” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд данс андуурсан шалтгаан нь Б...гийн Мтай ижил нэртэй байсан учраас нягтлан бодогч маань андуурч шилжүүлсэн байсан юм... Б.Мгаас 5,558,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-Шүүгдэгч Б.Мгийн Г... банк дахь дансны хуулга (хавтаст хэргийн 34-35 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.
Эд хөрөнгө завших гэж төлбөр тооцооны алдаатай эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Тухайлбал, бусдын төлбөр тооцооны алдаатай эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулж, захиран зарцуулдаг болно.
Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн үйл баримтын тухайд дүгнэхэд хохирогч “С” ХХК-ийн нягтлан бодогчийн удаа дараагийн андуурч хийсэн гүйлгээнээс болж тухайн эд хөрөнгө компанийн эзэмшлээс гарсан бол шүүгдэгч Б.Мгийн хувьд тухайн эд хөрөнгийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад дансанд нь удаа дараа мөнгө орж ирсэн, энэ мөнгө хэн нэгний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө /мөнгө/ гэдгийг мэдэж байсан, ухамсарласан атлаа өөртөө олж авч, шунахайн сэдлээр өөртөө завших гэсэн гэмт үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирчээ.
Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч “С” ХХК-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.
Хохирогч “С” ХХК төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шүүгдэгч Б.Мгийн “Г...” банкны данс руу 9,558,000 төгрөг шилжүүлснээс үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 9,558,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс 6,558,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Б.М нь нийт учруулсан хохирлоос 6,558,000 төгрөгийг төлсөн, одоо 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, энэ мөнгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэх хүсэлттэй байна” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “С” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “хохирол нөхөн төлүүлэх хугацаа”-ны талаарх хүсэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч “энэ ондоо багтаад нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлгийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан байхыг хуульчилсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын саналыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 3,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг сануулсан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын саналыг гаргасан бол хохирогчийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тухайд “хэлэх саналгүй” гэж, шүүгдэгч “ялын талаар хэлэх тайлбар байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүхээс оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлин 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “С” ХХК-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хохирогчид учирсан 3,000,000 төгрөгийн хохирлыг 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Мд сануулсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН