Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          01          12                                  2023/ШЦТ/73

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

                             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ө.Мөнхнавч  /Нийслэлийн прокурорын газраас томилолтоор/,

Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цд холбогдох эрүүгийн 00 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Эс Ти” хотхоны 712 дугаар байрны 4 давхрын коридорт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины /methamphetamine/ агууламжтай 1,8450 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 00 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-26 дугаар хуудас/,

 

М.Цн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-44 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59, 61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5538 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5537 /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээш авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 76-79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5750 /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,  

 

Шүүгдэгч М.Цн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 157-158, 162-163 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Цн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/, гэрч С.Отгонцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, гэрч М.Индрагийн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Э.Тодгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №869 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-100 дугаар хуудас/, “ГБЭТ” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 184 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 40 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Эс Ти” хотхоны 712 дугаар байрны 4 давхрын коридорт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины /methamphetamine/ агууламжтай 1,8450 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Шүүгдэгч М.Цн яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2022 оны 09 дүгээр сарын сүүл хавьцаа санагдаж байна. Би өдрөөс сайн санахгүй байна. Миний нэг танил Гооры гээд залуу Турк улс руу явах гэж байгаа гээд өөрт байсан зүйлээ надад өгсөн. Надад өгсөн зүйл нь бол мөс гэх нэршилтэй цагаан гялгар ууттай жамц давс шиг цагаан нунтаг зүйл байсныг авсан. Тэр зүйлээс би гэртэй байхдаа ганц хоёр удаа хэрэглэсэн. Өдрөө бол санахгүй байна. Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Эс Ти” апартмент 712 дугаар байрны 11 тоотод ганцаараа амьдардаг учир ганцаараа хэрэглэсэн. Мөс гэх нэршилтэй зүйлийг хэрэглэхэд би ганцаараа байсан учир намайг хэрэглэж байгааг харсан үзсэн гэх хүн байхгүй байсан. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр нэг удаа хэрэглэсэн. 10 дугаар сарын дундуур бас нэг удаа хэрэглэсэн. Би уг мөс гэх зүйлийг өөрийн биедээ буюу хувцасныхаа халаасанд хийж авч явж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэр рүүгээ орж явахдаа орцонд баригдсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Хар өнгийн саравчтай малгайтай, хар хүрээтэй нүдний шилтэй, ногоон өнгийн гадуур хувцастай, дотуураа хар өнгийн цамцтай, доогуураа саарал өнгийн богино өмдтэй, цагаан кээтэн гуталтай 33 настай 172 см өндөртэй, 110 кг жинтэй гэх эрэгтэй хүн байх бөгөөд түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байна... М.Ц нь надад одоо мансууруулах бодис байна гэж оролцогч М.Ц нь гадуур хувцасны дотор талын энгэрийн халааснаас улаан өнгийн цахилгаантай хайрцаг гаргаж ирэн түүнийг онгойлгоход зиплок ууттай мөс гэх нэршилтэй зүйл шилэн гуурс хагархай улаан өнгийн асаагуур хоосон зиплок уут зэргийг гаргаж өгснийг №1 гэж дугаарлан мөс гэх нэршилтэй зүйлийг зиплок уутанд хийж, №2 гэж дугаарласан зиплок уутанд улаан өнгийн асаагуур түүний нарын урт хушуу, хоосон зиплок уут болон хагархай шилэн цагаан цэнхэр өнгийн гуурс шилний хагархай зэргийг хийж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч албаны өрөөнд албаны цахилгаан жин дээр хэмжихээр тогтож үзлэгийг эхлүүлэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...угаалтуурын өрөөнд хар саарал өнгийн бүрэн автомат угаалгын машин байх ба түүн дээр цагаан өнгийн цахилгаантай жижиг цүнх байсныг онгойлгоход хуванцар, цагаан, цагаан цэнхэр зэрэг 4 ширхэг соруул байсныг нэгжлэгээр шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч №1 гэж дугаарлан зиплок уутанд хийж нэгжлэгийг цааш үргэлжлүүлэв.... унтлагын өрөөний үүд хэсэгт цаасан хайрцаг түүн дотор хувцас эд зүйл байх ба түүний хажуу талд цагаан өнгийн 3 ширхэг соруул гарч ирснийг №1 гэж дугаарласан зиплок уутандаа нэмж хийн хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5538 дугаартай дүгнэлтэд “...1. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гуурс, шар судалтай цагаан өнгийн гуурс, өнгөгүй гуурс, цагаан өнгийн гуурс, өнгөгүй гуурс, шар судалтай цагаан өнгийн гуурс, улаан өнгийн судалтай цагаан өнгийн гуурс зэргээс метамфетамин /methamphetmine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн соруул зэргээс метамфетамин /methamphetmine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5750 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Шинжилгээнд авсан дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд авсан М.Ц гэж хаяглан авсан цус, шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 3. Метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...№1 гэж дугаарласан зиплок уутанд давхарлан хийсэн цэвэр жин нь 1.8450 грамм ууттай нийт жин нь 3.4097 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай улаан өнгийн асаагуур цэнхэр өнгийн соруул шилэн бонготой шилний хэсгүүд төмөр зүйлүүд, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн 7 ширхэг соруул зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №1125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...

1. М.Ц нь урьд өмнө сэтгэцийн өвчин эмгэгтэй байсан гэх баримт үгүй байна.

2. М.Ц нь F15 Сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна.

3. М.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. М.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч М.Ц нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно гэж заасан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний тархины төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох, хянах чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд тодорхой хугацааны туршид үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин, түүнийг дагаад бие махбодод сөрөг нөлөө үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий химийн болон ургамлын гаралтай бодис юм.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, судалгаа, эм тарималжуулах түүнтэй холбоотой бусад ажиллагаа, харьцуулалт хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхтэй холбоотой гэх зэрэг тодорхой чиглэл, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах байгууллага нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх ба иргэнд зөвхөн эмчийн заалтын дагуу жороор олгохыг хуульд тусгайлан заажээ.

 

Дээрх хуульд зааснаас бусад арга, хэрэгслээр аливаа иргэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авах, бэлтгэх, хадгалах гэх мэт түүнтэй холбоотой харилцааг хууль бус гэж үзнэ.       

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, гэмт этгээд өөрийн хамаарал бүхий өөрийн эд зүйл, орон байр, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.

 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

 

Ийнхүү шүүгдэгч М.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Цг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...М.Цн гэм бурууд маргахгүй, Эрүүгийн хуульд заасан хэргийн зүйлчлэлийг хангасан...” гэсэн санал гаргасан.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг хор уршгийн шинж чанарын хувьд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулан, хараат байдал үүсгэж, улмаар хүний удмын санд эргэшгүй өөрчлөлт оруулдгаараа нийгмийн хор аюул ихтэй байх ба шүүгдэгч М.Ц нь дахин хэд хэдэн удаа мансуурч болох хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалсан нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж хэмжээгээр ихэсгэсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Ц нь 33 настай, байнгын оршин суух хаягтай, мэргэжилгүй, “ГБЭТ” ХХК-нд жолооч ажилтай, урьд ял шийтгэгдэж байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

            Шүүх шүүгдэгч М.Цн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шударга ёсны зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгч М.Цн өмгөөлөгчөөс “...Хувийн байдлыг нь харгалзаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Цгаас гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болох сэтгэцэд нөлөөт бодисыг хэд хэдэн удаа хэрэглэж мансуурах боломжийг бий болгож нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан зэргийг харгалзан цээрлүүлэх зорилгоор нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлаж, нөгөө талаас түүний ахуй амьдрал, ажил хөдөлмөр эрхэлж буй байдал, өөрийн гэмт үйлдэлд дүгнэлт хийж гэмшсэн зэргийг тус тус харгалзан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “...№1 гэж дугаарласан зиплок уутанд давхарлан хийсэн цэвэр жин нь 1.8450 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай улаан өнгийн асаагуур цэнхэр өнгийн соруул шилэн бонготой шилний хэсгүүд төмөр зүйлүүд, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн 7 ширхэг соруул зэрэг эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч М.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Цг хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан зиплок уутанд давхарлан хийсэн цэвэр жин нь 1.8450 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай улаан өнгийн асаагуур цэнхэр өнгийн соруул шилэн бонготой шилний хэсгүүд төмөр зүйлүүд, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн 7 ширхэг соруул зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН