Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я, Ш.Г,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Б А-д холбогдох 2228000000195 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:   

Я овгийн Б А ...........................                     

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газар иргэн Ч.Я-тай маргалдаж зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,    

Мөн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газар иргэн Ш.Г-тэй маргалдаж зодож эрүүл мэндэд нь зүүн шанааны зүсэгдэж хатгагдсан шарх, нүүрний мэдрэлийн зүүн салааны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ч.Я-тай бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Ш.Г-тэй маргах үндэслэл байгаагүй. Хохирлыг хоёр талаас харилцан тохиролцож төлсөн гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн дүүтэй шүүгдэгчийн төрсөн дүү нь суусан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Б.А 1000 толгой малтай болсноос хойш ойрхон байж болохгүй болсон. Энэ удаа биед халдаж хохирол учруулсан үйлдэл нь хэтэрч даварч байна. Бид худ ургийн харьцаатай учир юм хэлэхгүй өнгөрөөдөг байсан нь ийм байдалд хүргэлээ. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө 3 удаа агсам тавьж байсан. Шөнө 03 цагийн орчимд ирж нэг нэгээр нь босгоод бүгдийг чинь буудаж ална гэж агсам тавьсан. Бидний зүгээс хийсэн буруу зүйл байхгүй. Манай дүүг удаа дараа зодоход чимээгүй өнгөрснөөс ийм байдал үүссэн. Хэрэг гарах өдөр тухайн үйлдлийг Б.А санаатайгаар үйлдсэн гэж үзэж байна. Манай гэр бүл айдас түгшүүртэй байдаг. Ш.Гийн эрүүл мэнд гайгүй болно гэдэгт эргэлзэж байна. Хууль шүүх байдаг бол таниулах хэрэгтэй. 12 дугаар сарын 06-ны өдөр агсам тавихдаа чамайг ална, хүүхдэдээ хүртэл танай хүүхдийг алаарай гэж хэлнэ, хүүхдийн хүүхдэд ч тэгж хэлнэ гэж заналхийлж байсан. Манай эхнэр болон дүүг гутаан доромжилсон. Нэр төрийг нь сэргээлгэмээр байна. Би өндөр насны эцэг, эхтэй. Тэд минь хүртэл тайван байж чадахгүй байгаа. Цагдаа нар яадаг юм, шоронд орсон ч яадаг юм, орсон ч оргож гарч ирээд чамайг алчихаад эргээд орно гэж хэлж байсан. Заавал хорих ял оногдуулж яах вэ, өөр тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ч.Я-гийнд гэр бүлээр очиж, хүнс аваад байж байхад Б.А машинтайгаа ганцаараа ирж агсам тавьсан. Би Б.А-тэй ямар нэг харьцаа холбоо, өс санасан зүйл байхгүй. Шүүгдэгчийг санаатай ирж агсам тавьсан гэж үзэж байгаа. Тэр өдөр шүүгдэгч ирээд Ч.Я-тай барилцаад авсан. Би боль гээд салгах гэтэл эргэж хараад над руу нийлж байгаад зодчихооч гээд дайраад байсан. Гэрийн унь модыг аваад нүүрний шанаа хэсэгт цохисон. Тэгээд гараараа дарахад цус болсон байсан. Орой шөнө унтахад нүднээс нулимс гараад хэцүү байгаа. Ажилтай байхад халуулсан. Ажил хийх боломжгүй болсон. Эмчилгээ хийлгээд уух сарын эм гэхэд 140,000 төгрөг болж байгаа. Энэ байдал ажилгүй надад хэцүү байна. Би хүн гуйхад очиж тусалдаг тийм л хүн.  Заавал шоронд оруулах гээд яах вэ, шүүгдэгчийг ойлгож ухамсарлаад ярих байх гэхэд ярьдаггүй. Заримдаа утсаа хаагаад алга болчихдог. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг ...... гэх газарт байдаг. 2022 оны 12 дугаар сарын 06-ны 16 цагийн үед гэрийнхээ гадаа машины дугуй хийлээд байж байхад өндөр хаазтай машин ирээд зогссон. Дотроос нь манай нутгийн А гэж хүн машинаасаа согтуу бууж ирээд ханцуй шамлаад зодох гээд ирсэн. Тэгж байгаад танай малын им тэмдэг ямар илтэй байдаг юм гэхээр нь би чи өөрөө сайн мэдэж байж яагаад асуугаад байгаа юм бэ гэсэн чинь үгийн зөрүүгүй бүгдийг чинь ална шүү гээд заамдаж авах гээд дайраад байхаар нь би холоо зугтсан чинь араас чулуу шидээд байхаар нь эргүүлээд 1 удаа чулуу шидсэн. Миний шидсэн чулуу А-ийг оноогүй. Тэгээд манай гэрт байсан Г гэрийн гадаа зогсож байсан чинь А очоод та нарыг ална шүү гэсэн чинь Г би яасан юм гэж 2-3 удаа хэлж байгаа дуулдсан. Тэгээд А гэрийн хажуу талд байсан гэрийн хана модны хугархай аваад Г-ийн мөрөн дундуур нь 1 удаа цохисон чинь нөгөө мод үзүүр гараад хугарсан чинь модны үзүүрээр нь Гийг толгойны хэсэгт 1 удаа цохиод авсан чинь нэг гараараа Г чихээ дараад нөгөө гараараа А-тэй зууралдаад байхаар нь би очоод боль гэсэн чинь эрээд нөгөө үзүүртэй модоо бариад над руу дайрч ирсэн би зугтаагаад яваад түрдэг тэрэгний ишинд таварцаглаад газар унасан чинь А уг түрдэг тэргийг над руу шидэх гээд өгсөн. Би босоод цаашаа зугтааж явж байгаад чулуунд тээглээд газар унасан чинь А ирээд миний дээр мордож суугаад нөгөө модны хугарсан хэсгийн үзүүрээр миний мөрний хэсэгт хувцас руу дүрээд толгой нүд рүү дүрэх гээд байхаар нь гараараа хаасан чинь миний баруун гарын эрхий, долоовор хурууны салааны хэсгийг нэвт дүрж цус гаргасан. Тэгээд байж байхад Г лоом бариад хүрч ирээд боль гэсэн чинь А миний дээрээс босоод Г-тэй хэрүүл хийж ална тална гээд байсан. Тэгээд би гараа бариад сууж байсан чинь А эргэж ирээд намайг газар түлхэж унагаагаад дээр гарч суугаад заамдаж аваад намайг боох гэж ноцолдоод байсан. Тэгээд босоод машинаа унаад яваад өгсөн. Гийн зүүн талын чихнээс цус гараад миний баруун гараас цус гараад байхаар нь Баяндалай сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн... А согтуугаар ирээд агсам тавихдаа малын бэлчээр малаараа идүүлсэн гэж агсам тавиад байсан... А миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн байгаа. Би А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 14, 16 дахь/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газар Ч.Я ахынд 16 цагийн үед усанд явах гээд машиныхаа дугуйг хийлээд байж байтал А ирээд Я ах руу малаа эргүүлж тойруулсангүй өвөлжөө рүү орууллаа гээд чулуу бариад дайраад Я ах ухарсан чинь чулуугаа Я ах руу шидчихээд газар байсан ханын модыг аваад Я ах руу ална гээд дайраад байсан. Тэгээд би дундуур нь ороод модын булааж авах гэтэл намайг ханын модоороо цохисон. Тэгэхэд ханын мод нь хугараад хугарсан ханын модоороо миний чих рүү дүрсэн. Би тонгойгоод чихээ барьтал цус гарж байхаар нь гараараа миний малгайтай цамцны малгайнаас барьцан байхаар нь гарын нь тавиулаад цааш зугтсан. Тэгээд 100 метр орчим зугтаад тонгойход бөөн бөөн цус гараад байсан. Тэгээд хартал хугархай ханын модоо бариад Я ах руу дайрахад Я ах зугтаж байгаад бүдэрч ойчиход нь А дээр нь тэгнэж суугаад Я ахыг нөгөө ханын модоороо цохисон. Тэгээд би гүйж очоод салгахад Я ахын гарнаас нь цус гоожиж байсан. А ахиад бид хоёр руу та 2 элбэж намайг зодох нь уу та 2 намайг нийлээд алаадах гэхлээр нь бид 2 цааш зугтсан. Тэгээд Я ахын араас чулуу шидээд байсан. Бид 2 зугтаад уулын хажуугаар гарсан. Тэгэхэд буугаад хүрээд ир ална шүү гээд орилж байгаад яваад өгсөн. Тэгээд байж байтал хүнсэнд явсан 2 хүүхэд ирээд тэгээд сумын эмнэлэг рүү хүрч ирсэн. Миний нуруу хэсэгт  1 удаа чулуугаар цохисон, бас чих рүү хананы хугархай модоор дүрсэн, Я ахын хөл хэсэгт 2 удаа чулуугаар цохисон, мөн гарны эрхий хуруу ядам хуруу хоорондох хөвч хэсэг хананы модоор нэвт дүрсэн... А миний Улаанбаатар хотод очиж үзүүлсэн эмчилгээний зардал замын зардал болох 1,000,000 төгрөг төлсөн байгаа, одоо нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа, хариуцаж төлнө гэсэн байгаа. Би нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа энэ эмчилгээний зардлыг А төлнө гэж тохирсон байгаа, нөхөн сэргээх эмчилгээ үр дүнтэй байвал надад гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 20, 22 дахь тал/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баяндалай сумын эрүүл мэндийн төвд 2022 оны 12 дугаар сарын 06-ны 18:10 цагийн үед Ч.Я, Г нар нь хүнд зодуулсан гэж ирсэн. Би тухайн өдөр Я, Г нарт үзлэг, эмчилгээ хийхэд Я-гийн баруун гарын эрхий, долоовор хурууны салааны алга нэвтэрсэн шархтай цус гарсан байдалтай байсныг үзлэг хийж 6 оёдол тавьж боолт хийж, өвдөлт намдаах, цус тогтоох, даралт буулгах эмчилгээ хийж явуулсан. Тухайн үед хамт ирсэн Гийн зүүн талын чихний омгийн харалдаа гадна талдаа 2х2 хэмжээтэй хатгагдсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай, зүүн нүдний дээд зовхи буусан, зөөлөн тагнай нааш цүлхийж хөхөрч цус хурсан, хүүхэн хэл баруун тийш шахагдсан байсан. Тэгээд Гийн биед нарийн шинжилгээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн. Ягийн биеийн байдал тогтвортой байсан тул гэмтэлд нь боолт хийж ар гэрт хүлээлгэн өгсөн. Я, Г нар нь манай саахалт айлын А гэж хүн согтуу ирж агсам тавьж үзүүртэй модоор гэмтээсэн гэж ярьж байсан би бол хараагүй. Я, Г нарт учирсан гэмтлүүд нь ямар нэгэн гаднын хүчин зүйлийн улмаас үзүүртэй зүйлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан.” /хавтаст хэргийн 39 дэх тал/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газарт гэртээ байж байхад манай хамаатан А машинтай ирсэн. Гэрийн гадаа манай нөхөр Я-тай хэрүүл маргаан хийгээд байж байгаад Я-г зодох гээд байсан. Я ар тийшээ ухраад байсан. Тэгээд гэрт орчоод дахиад гараад ирсэн чинь А Г-ийг чи муу яах гээд байгаа юм гэсэн чинь Г би яасан юм гээд гэрийн баруун өмнө талд зогсож байсан чинь А хана модны хугархай барьж ирээд Г-ийн нүүр хавьд цохиод авсан чинь нөгөө мод нь хугараад үзүүр гарсан харагдсан. Түүгээр Г-ийг цээж, нурууны хэсэгт нь модны үзүүрээр хатгаж дүрж байгаад Г-ийн чихний ойролцоо оноод Гийн зүүн талын чихний хажуу талаас цус гарахаар нь би чи хүн аллаа цус гараад байна гэсэн чинь цаашаа эргээд Я-тай хэрүүл хийгээд араас нь туугаад чулуу шидээд урдаас нь А яваад байсан би Г-ийн чихний ойролцоо гараад байсан цусыг цэвэрлэх гэж байсан чинь А гэрийн зүүн талд Я-г унагаасан дээр нь гараад сууж байгаа харагдсан. Би айгаад очиж чадахгүй байсан чинь Г А-ийг айлгах гээд гэрийн хажууд байсан лоомон төмрийг барьж очоод А-ийг боль гэсэн чинь хэрэлдээд байсан. Би айгаад машинаа унаад хажуу айлдаа хэлж хүн авчрах гээд машинаа унаад явсан. Би саахалт айлдаа очсон чинь хүн байхгүй болохоор нь гэрт буцаад ирсэн чинь А яваад өгсөн байсан. Манай нөхөр Я-гийн гараас нь цус гарсан даавуугаар ороогоод байж байсан. Тэгээд Я, Г нарыг Баяндалай сумын эмнэлэг рүү явуулсан. А архи уусан нэлээд согтуу бололтой байсан. Малын бэлчээрээс болж хэрүүл хийгээд байсан танайх малаа харсангүй гээд байсан.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг Хөндий Ус гэх газар байх гэртээ байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад Сэнгүүр нэртэй 2,5 литрийн пиво эхнэр О-тэй хамт хувааж уусан. Дахиад гэрт байсан 0,5 гр архинаас би ганцаараа 100-г орчмыг уусан чинь манай эхнэр уурлаад одоо чи согтоно гээд гадаа гаргаж ирээд архийг хагалсан. Тэгээд гэрт байж байгаад манай зүүн талд 4 орчим км байх Я-гийнд очиж архи өгвөл уух гээд өөрийн 76-86 өмө улсын дугаартай суудлын машинаа ундаа Ягийн гэрийн гадаа очоод зогссон чинь Я гэрийнхээ баруун талд зогсож байхаар нь би машинаасаа буугаад чи малаа маллахгүй байна бүгд завгүй байгаа шүү дээ танай мал манай малд нийлээд удлаа гэсэн чинь бид нар малаа харах завгүй байна манай мал явдаг газраараа явж байна гэхэд би уурлаад Я-гийн өөдөөс алхсан чинь Я ар тийшээ ухраад байсан. Би нэг чулуу аваад шидсэн чинь Я-г оноогүй. Я над руу бас чулуу шидсэн намайг оноогүй. Би тухайн үед архи уусан байсан болохоор машинаас гараад салхинд цохиулаад ухаан орон гаран байсан юм байна. Би одоо зарим зүйлийг сайн санахгүй байна нэг мэдэхэд би Я зодох гээд байна гээд Г миний гарт байсан модыг авах хугархайгаар Гийг зүүн шанаа хэсэгт 2, 3 удаа цохиж авсан чинь Г намайг тавиад цаашаа эргээд явсан чинь Я гэрийнхээ хойд талд малын хорооны зүгт зугтааж байгаа харагдсан. Би тэгээд болсон зүйлийн талаар сайн санахгүй байгаа. Би сүүлд нь Ятай уулзаад таны гарыг би яаж гэмтээсэн юм бэ гэж асуусан чинь Я ах чи миний дээр гарч суугаад миний нүүрний хэсэгт модоор шаах гээд байхаар нь гараараа хаасан чинь миний гарын салаагаар модны үзүүр хэсэг орж гэмтээсэн гэж хэлсэн. Би тэгээд бодоод байсан чинь нээрээ тэгж байсан санаанд орсон. Би Я, Г нарт гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Ягийн биед учирсан хохирол гэх эмчилгээ хийлгэж боолт хийсэн зардал ирж очих унааны зардал гэх мөнгийг төлж Ятай эвлэрсэн ямар нэгэн хохирол байхгүй гэж хэлсэн. Г нь Улаанбаатар хот орж биеэ үзүүлсэн эмчилгээний зардал, унаа, хоолны зардал гарсан гэх 1,000,000 төгрөг өгсөн цаашид нөхөн сэргээх эмчилгээний зардал мөнгийг би төлнө гэж тохирсон байгаа.” /хавтаст хэргийн 85-86 дахь тал/  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ш.Г-ийн биед зүүн шанааны зүсэгдэж хатгагдсан шарх, нүүрний мэдрэлийн зүүн салааны гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.4.19 заалтаар нүүрний мэдрэлийн үйл ажиллагаа 25% буюу их хэмжээгээр алдагдсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.Я-гийн биед баруун сарвууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 65-66 дахь тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/

Өмнөговь аймаг Баяндалай сумын Наран багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 89 дэх тал/

Ш.Г-ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримт /хавтаст хэргийн 100-101 дэх тал

Ш.Г-ийн хүсэлт/хавтаст хэргийн 107 дахь тал/

Ч.Я-гийн хүсэлт /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, хохирогч Ш.Г-ийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхээр хангуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Б.А нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх тул энэхүү эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх, шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж байна гэх тайлбарыг гаргав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газар иргэн Ч.Я-тай маргалдаж зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газар иргэн Ш.Г-тэй маргалдаж зодож эрүүл мэндэд нь зүүн шанааны зүсэгдэж хатгагдсан шарх, нүүрний мэдрэлийн зүүн салааны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт;

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн “...А гэрийн хажуу талд байсан гэрийн хана модны хугархай аваад Гийн мөрөн дундуур нь 1 удаа цохисон чинь нөгөө мод үзүүр гараад хугарсан чинь модны үзүүрээр нь Г-ийг толгойны хэсэгт 1 удаа цохиод авсан чинь нэг гараараа Г чихээ дараад нөгөө гараараа А-тэй зууралдаад байхаар нь би очоод боль гэсэн чинь эрээд нөгөө үзүүртэй модоо бариад над руу дайрч ирсэн би зугтаагаад яваад түрдэг тэрэгний ишинд таварцаглаад газар унасан чинь А уг түрдэг тэргийг над руу шидэх гээд өгсөн. Би босоод цаашаа зугтааж явж байгаад чулуунд тээглээд газар унасан чинь А ирээд миний дээр мордож суугаад нөгөө модны хугарсан хэсгийн үзүүрээр миний мөрний хэсэгт хувцас руу дүрээд толгой нүд рүү дүрэх гээд байхаар нь гараараа хаасан чинь миний баруун гарын эрхий, долоовор хурууны салааны хэсгийг нэвт дүрж цус гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 16 дахь/,   

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-ийн “...Я ах руу шидчихээд газар байсан ханын модыг аваад Я ах руу ална гээд дайраад байсан. Тэгээд би дундуур нь ороод модын булааж авах гэтэл намайг ханын модоороо цохисон. Тэгэхэд ханын мод нь хугараад хугарсан ханын модоороо миний чих рүү дүрсэн. Би тонгойгоод чихээ барьтал цус гарж байхаар нь гараараа миний малгайтай цамцны малгайнаас барьцан байхаар нь гарын нь тавиулаад цааш зугтсан. Я ах руу дайрахад Я ах зугтаж байгаад бүдэрч ойчиход нь А дээр нь тэгнэж суугаад Я ахыг нөгөө ханын модоороо цохисон. Тэгээд би гүйж очоод салгахад Я ахын гарнаас нь цус гоожиж байсан. Миний нуруу хэсэгт  1 удаа чулуугаар цохисон, бас чих рүү хананы хугархай модоор дүрсэн, Я ахын хөл хэсэгт 2 удаа чулуугаар цохисон, мөн гарны эрхий хуруу ядам хуруу хоорондох хөвч хэсэг хананы модоор нэвт дүрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22 дахь тал/,

гэрч Ц.Д-гийн “...Баяндалай сумын эрүүл мэндийн төвд 2022 оны 12 дугаар сарын 06-ны 18:10 цагийн үед Ч.Я, Г нар нь хүнд зодуулсан гэж ирсэн. Би тухайн өдөр Я, Г нарт үзлэг, эмчилгээ хийхэд Я-гийн баруун гарын эрхий, долоовор хурууны салааны алга нэвтэрсэн шархтай цус гарсан байдалтай байсныг үзлэг хийж 6 оёдол тавьж боолт хийж, өвдөлт намдаах, цус тогтоох, даралт буулгах эмчилгээ хийж явуулсан. Тухайн үед хамт ирсэн Гийн зүүн талын чихний омгийн харалдаа гадна талдаа 2х2 хэмжээтэй хатгагдсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай, зүүн нүдний дээд зовхи буусан, зөөлөн тагнай нааш цүлхийж хөхөрч цус хурсан, хүүхэн хэл баруун тийш шахагдсан байсан. Я, Г нар нь манай саахалт айлын А гэж хүн согтуу ирж агсам тавьж үзүүртэй модоор гэмтээсэн гэж ярьж байсан би бол хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

гэрч Д.М-ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой Баяндалай сумын Наран багийн нутаг ...... гэх газарт гэртээ байж байхад манай хамаатан А машинтай ирсэн. Гэрийн гадаа манай нөхөр Ятай хэрүүл маргаан хийгээд байж байгаад Я-г зодох гээд байсан. А Гийг чи муу яах гээд байгаа юм гэсэн чинь Г би яасан юм гээд гэрийн баруун өмнө талд зогсож байсан чинь А хана модны хугархай барьж ирээд Гийн нүүр хавьд цохиод авсан чинь нөгөө мод нь хугараад үзүүр гарсан харагдсан. Түүгээр Г-ийг цээж, нурууны хэсэгт нь модны үзүүрээр хатгаж дүрж байгаад Гийн чихний ойролцоо оноод Гийн зүүн талын чихний хажуу талаас цус гарахаар нь би чи хүн аллаа цус гараад байна гэсэн чинь цаашаа эргээд Ятай хэрүүл хийгээд араас нь туугаад чулуу шидээд урдаас нь А яваад байсан би Гийн чихний ойролцоо гараад байсан цусыг цэвэрлэх гэж байсан чинь А гэрийн зүүн талд Яг унагаасан дээр нь гараад сууж байгаа харагдсан... А архи уусан нэлээд согтуу бололтой байсан. Малын бэлчээрээс болж хэрүүл хийгээд байсан танайх малаа харсангүй гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ягийн эрүүл мэндэд баруун сарвууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-ийн эрүүл мэндэд зүүн шанааны зүсэгдэж хатгагдсан шарх, нүүрний мэдрэлийн зүүн салааны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.А, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн эрүүл мэндэд баруун сарвууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-ийн эрүүл мэндэд зүүн шанааны зүсэгдэж хатгагдсан шарх, нүүрний мэдрэлийн зүүн салааны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогч Ч.Яд 355,000 төгрөгийн хохирол, төлбөр төлсөн нь хохирогчийн прокурорын шатанд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 109 дэх тал/, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Ч.Я-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-эд нийт 2,050,000 төгрөгийн хохирол, төлбөр төлөгдсөн нь түүний прокурорын шатанд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 107 дахь тал/ болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Харин хохирогч Ш.Г-ийн цаашид эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тайлбарыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох тухай,  шүүгдэгчийн өмгөөлөгч манай үйлчлүүлэгчийн ар гэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн 1,150,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-ийн хувьд энэ хүн сүүлд нь би торгуулаад л гарчихдаг юм гэж хэлнэ, тиймээс торгох ял тохирохгүй гэж үзэж байна гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-гийн зүгээс манай эхнэр ч мөн адил өвчтэй, цагийн тариа хийлгэдэг, цаг хэцүү байгаа нь үнэн, гэхдээ тухайн үед Б.А намайг харааж загнах, агсам тавихдаа завтай байсан, Б.А-д тохирох ял оногдуулж өгнө үү гэх, шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээсэн боловч үнэмшихгүй байна, би дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ шүүхийн өмнө хэлж байна, миний ард хэдэн хүн байдгийг хохирогч нар мэдэж байгаа, ар гэрийн санхүүгийн байдал болон эхнэрийн биеийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.    

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Б.А-ийг 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус сонгосон болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 см урттай, дундаа бөөрөнхий нүхтэй, дөрвөлжин хэлбэртэй, үзүүр хэсэгтэй 9 см газарт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г-эд 2,050,000 /хоёр сая тавин мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Я-д 355,000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Я овгийн Б А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 см урттай, дундаа бөөрөнхий нүхтэй, дөрвөлжин хэлбэртэй, үзүүр хэсэгтэй 9 см газарт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.     

6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Гэд 2,050,000 /хоёр сая тавин мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Яд 355,000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ВОЛОДЯ