Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

2023          01          13                                  2023/ШЦТ/79

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,

Шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нар оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

2002 оны 7 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Т нь фейсбүүк цахим орчинд “Солонгос дахь Монголчууд” групп дээр “Болорсувд Отгонбаяр” гэх нэртэй хуурамч хаягаар “Вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Тгаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг ХААН банк дахь 5431247737 дугаарын данс руу шилжүүлүүлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвийн АТМ-ээс гарган авч, залилсан,

 

Мөн Хөвсгөл аймгийн мөрөн суманд байхдаа цахим хэрэгсэл ашиглан “Солонгос дахь Монголчууд” фейсбүүк хаягт “вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ц.Хгээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны 5017057099 дугаарын дансаар дамжуулан авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол, саналгүй. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг авмаар байна. Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн байна. 2.450.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэв.

 

Эрүүгийн 00 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Тгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

 

            Б.Тгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

            Ч.Аы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

            Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 83-87 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Аы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 124-126, 245-246 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч У.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 152, 243 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,

 

СД /компакт диск/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 199 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Г цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 200 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 229-230 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 234 дүгээр хуудас/,

Гэрч У.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 244 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 248-249 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Аы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /2-ын хх-н 2-3 дугаар хуудас/,

 

Н.Нын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 18-30 дугаар хуудас/,

 

Итгэмжлэл /1-р хх-ийн 226 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 6, 2-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 153 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 156 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 160-185 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь фейсбүүк цахим сүлжээнд “Солонгос дахь Монголчууд” групп дээр “Болорсувд Отгонбаяр” гэх нэртэй хуурамч хаягаар “Вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Тгаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг “ХААН” банк дахь 5431247737 дугаарын данс руу шилжүүлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвийн АТМ-ээс гарган авч, залилсан,

Мөн Хөвсгөл аймгийн мөрөн суманд байхдаа цахим сүлжээ ашиглан “Солонгос дахь Монголчууд” фейсбүүк хаягт “вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ц.Хгээс  2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг “Хаан” банкны 5017057099 дугаарын дансаар дамжуулан авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Б.Тгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Б.Тгийн “...Манай нөхөр Даваасамбуугийн Амартүвшин нь 2016 оноос хойш Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа юм. Манай нөхөр Д.Амартүвшинд 8.000.000 төгрөгийн хэрэг гараад “Болорсувд Отгонбаяр” гэх фэйсбүүкийн эзэмшигчтэй харьцаад Монгол мөнгийг вон болгож авах гээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр над руу 5431247737 дугаартай Анужин гэх данс өгөөд энэ данс руу би 8.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 16 цагийн үед шилжүүлсэн юм. Тэгээд манай нөхөр Д.Амартүвшин тухайн зуучилдаг хүн рүүгээ “манай эхнэр шилжүүлчихлээ” гэсэн чинь одоо “вон болгож авъя” гэсэн чинь нөгөө вон болгож өгдөг хүн нь “байж байгаараа” гэж байснаа хэсэг хугацааны дараа сураггүй алга болсон гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

            Б.Тгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

            Ч.Аы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

            Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Аы “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хороололд уулзсан чинь Мянганбаяр ТҮЦ-нд ажилладаг юм “өдрийн 5000 төгрөг өгье картаа ашиглуулаач” гээд 35000 төгрөг өгсөн юм. Тэгээд миний картыг аваад фэйсбүүк хаягаа устгаад алга болсон байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд 8.000.000 төгрөг ороод удалгүй гарсан байсан учраас 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шинэ фэйсбүүк /Thav Zimple/ хаягаар нь асуусан чинь манай эгчийн мөнгө байгаа юм, асуудалгүй гэхээр нь тодруулж асуугаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч У.Мын “...Би 2020 онд ТҮЦ-д худалдагчаар ажиллах гэхэд надад данс байхгүй байсан учраас Ч.Аы 5431247737 дугаарын данстай картыг түр ашиглахаар авсан юм. Тэгээд ТҮЦ-нд ажиллаж байгаад ажлаас гарсны дараа Түмэн-Эрдэнэ ах надаас “Түр ашиглуулчих данс, карт байна уу? Ах мөнгө хийх юм. АТМ-ээс авчихаад буцааж өгье” гэж хэлээд надаас Ч.Аы картыг авсан. Тэгээд би картыг нь буцааж авахаа мартчихсан юм. Тэрнээс хойш Түмэн-Эрдэнэ ахтай холбогдоогүй байж байгаад би 2021 оны 02 сараас хойш Сэлэнгэд самарт явж байгаад сая буюу 2022 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хотод орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...CD /компакт диск/ 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

СД /компакт диск/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...20 орчим насны хүн АТМ бэлэн мөнгөний машин дээр яарч сандарсан байдалтай ирж гар утасныхаа арын хэсгээс карт гарган ирж АТМ бэлэн мөнгөний машинд хийж байх бөгөөд картны кодыг хийж 5.000.000 гэсэн бичиглэл АТМ бэлэн мөнгөний машинд хийн зүүн мөрөндөө зүүсэн цүнхээ урдаа авч цүнхийг онгойлгон гар утсаа оролдож байх бөгөөд АТМ бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн мөнгийг цүнх рүүгээ хийж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзлэг хийхэд тухайн АТМ бэлэн мөнгөний машинд дахин картыг хийж гар утсаа оролдох үедээ дахин картыг хийж 3.000.000 гэсэн тоог АТМ бэлэн мөнгөний машинд оруулан мөнгө авах гэж буй дүрс бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Б.Г цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Б.Г “....2020 оны 07 сард миний нагац эгч Ц.Хишгээ нь БНСУ-аас гэр бүл рүүгээ вон шилжүүлэхээр фейсбүүк группийн зарын Тэмка Сэксибоё гэх цахим хаягтай этгээдтэй холбогдон түүний зааврын дагуу Вүүри банкны 1002241670177 гэх данс руу воноо шилжүүлсэн... гэвч уг мөнгийг  Тэмка Сэксибоё гэх цахим хаягтай этгээд нь 5017057099 тоот хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Нын “....би тухайн ТҮЦ-нд худалдагчаар ажиллаж байхад манай тэр хавьд байдаг Эрдэнэшагай гээд манай ТҮЦ-ээр байнга ирж үйлчлүүлдэг хүүхэд над руу утсаар яриад “би таны данс руу мөнгө хийцэн байгаа, та буцаагаад энэ данс руу хийгээд өгөөч” гэсэн.... Тухайн үед над руу 2.450.000 төгрөгийг шилжүүлээд би тэрийг нь Эрдэнэшагайгийн өгсөн 5431247737 гээд данс руу шилжүүлсэн байна. Тэр хүүхэд надтай ярихдаа “та 10.000 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь шилжүүлчих” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч У.Мын “....нэг өдөр Түмэн-Эрдэнэ надаас “цалингаа авах гэсэн юм. Хаан банкны данс байна уу”  гэхээр нь би байгаа гээд Анужингийн картыг өгчихсөн юм. Түмэн-Эрдэнэ тухайн үед Анужингийн картанд 2 сая гаруй төгрөг шилжүүлж авч байсан, яг хэдэн төгрөг байсан гэдгийг санахгүй байна. Уг мөнгийг Түмэн-Эрдэнэ ах өөрөө аваад үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Эгийн “...тухайн үед мөнгө шилжүүлчихлээ гэхээр нь би Наранцацрал эгч рүү яриад “хөдөөнөөс ээж мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн юм, таны данс руу хийлгэчихлээ, нөгөө хүнийх нь данс надад ирэхээр та тэр данс руу шилжүүлчихээч” гээд хэлчихсэн. Тэгээд Наранцацрал эгчийн дансанд орсон мөнгийг Мянганбаярын танил охин болох Анужин гээд хүүхдийн дансанд шилжүүлэн авсан. Би Анужин гээд охиныг нь танихгүй. Мянганбаяр танидаг гэсэн түүний карт интернэт банкных нь код Мянганбаярт явж байсан. Наранцацрал эгчийн данснд яг хэдэн төгрөг шилжиж ирсэн гэдгийг сайн санахгүй байна. Одоо санаж байгаагаар 2.490.000 төгрөг шилжүүлсэн гэж санаад байна. Тэр мөнгөнөөс Тэлмэн Наранцацрал эгчид 10.000 төгрөг өгсөн тэгээд үлдсэнийг нь шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Аы “...тэр үед манай найз залуу мөнгөтэй болчихсон байсан. Би хаанаас мөнгөтэй болсон талаар Түмээгээс асуухад надад таньдаг ахаасаа авчихсан юмаа гэж хэлсэн. ...Би ямар хүний дансаар шилжүүлж авсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрт нь банкны карт байдаггүй болохоор өөр хүний карт ашиглаж авсан байх...” гэсэн мэдүүлэг,

 

Н.Нын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “....би өөрийн Болорсувд Отгонбаяр гээд хуурамч фэйсбүүк хаягнаас “Солонгос дахь Монголчууд” гэсэн цахим хаягт “вон шилжүүлнэ” гэж зар оруулсан. Тэгээд байж байтал над руу нэг хүн “шилжүүлэг хийх үү” гэж чат бичиж асуусан. Би “хийнэ” гээд хариу бичсэн. Тэр хүн “Монгол руу төгрөг болгож шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь би “болно” гэж хэлээд фэйсбүүкээс “Солонгос дахь Монголчууд групп”-ээс өөр хүний “воны гуйвуулга хийнэ” гэсэн зарын дагуу Солонгос дансных нь дугаарыг аваад над руу анх чат бичсэн хүн рүү явуулсан. Удалгүй нөгөө хүн воны данс руу чинь “1.038.000 вон шилжүүлчихлээ” гэсэн. Би нөгөө “воны гуйвуулга хийнэ” гэсэн хүн хүү “таны данс руу 1.038.000 вон хийсэн. та төгрөг болгоод энэ данс руу хийгээч” гээд Эрдэнэшагайгийн таньдаг эгчийн данс гэх Хаан банкны дансыг өгөөд өөртөө шилжүүлээд авсан.... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна...“ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар Б.Т нь фэйсбүүк цахим сүлжээ ашиглан “вон шилжүүлнэ” гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдон хохирогч Б.Тд “Монгол мөнгийг БНСУ-ын мөнгөн тэмдэгт вон болгон шилжүүлнэ” гэж, иргэн Ц.Хишгээд “БНСУ-ын мөнгөн тэмдэгт воныг Монгол улс руу шилжүүлнэ” хэмээн худал хэлж төөрөгдүүлэн хохирогч нараас мөнгө авсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Тд 8.000.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г /Ц.Хишгээ/-д 2.400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг.

 

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хүсэл сонирхолд нийцүүлэх дүр эсгэж худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн зохиомол байдал зориуд бий болгохыг ойлгоно.

 

Шүүгдэгч нь хохирогч нарын “Монгол мөнгийг БНСУ-ын мөнгөн тэмдэгт вон болгон шилжүүлнэ, “БНСУ-ын мөнгөн тэмдэгт воныг Монгол улс руу шилжүүлнэ” гэсэн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогч нарт зориуд хохирол учруулсан нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр цахим сүлжээ ашиглан  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргахгүй. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Ц.Хишгээд эд хөрөнгийн хохирол учирсан байх ба тэрээр гадаад улсад ажиллаж амьдардаг болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчоор тогтоогдох боломжгүй нөхцөл байдлын улмаас Б.Гантулгыг хохирогчоор тогтоожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон.

 

Иргэн Ц.Хишгээгээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б.Гантулгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд оролцуулах талаар итгэмжлэл олгож хүсэл зоригоо илэрхийлсэн байна. 

 

Тиймээс гэмт хэргийн улмаас Б.Г эрх зөрчигдөөгүй, харин иргэн Ц.Хишгээг төлөөлж оролцох тохиолдолд түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болохыг дурьдлаа.    

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гас “...2.200.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба шүүгдэгч Б.Тэс 2.200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Б.Тэс 8.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.Тд олгохоор шийдвэрлэв. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгчөөс “...Б.Тд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч  гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид Б.Тд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, Хан-Уул дүүрэгт авто угаалгын газарт ажилладаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг бүрэн хангахын тулд шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон хувийн байдал зэргийг үзвэл түүнд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэв.  

 

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Б.Тыг цахим сүлжээ ашиглан бусдыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэс 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН