Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/1062

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Дд холбогдох 1906003440199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Орлой овгийн Бат-Оршихын Д, 1989 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 12-39 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЛК89020719/;

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;

1. Б.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “Малчин” телевизэд адуу алдсан талаар өгсөн зарын дагуу иргэн Б.Г руу 88217152 дугаарын утаснаас залган “алдагдсан адууны чинь сургийг гаргаж өгнө, эхлээд Хаан банкны 5042231663 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг,

            2. 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “иргэн З.Агийн алдагдсан гэх адууг хэлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 500.000 төгрөгийг,

            3. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Согинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Баас “алдсан адууг заагаад өгье” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг,

            4. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т.Сд “алдсан 14 тооны адуу байгаа газрыг зааж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг,

            5. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн С.Бгийн алдсан 10 тооны адууны сургийг гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг,

            6. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг, Бор толгойн 15-01 тоотод оршин суух иргэн Д.Дийн “алдсан малын сураг гаргаж өгнө, та миний данс руу 1.000.000 төгрөг яаралтай шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг,

            7. 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр иргэн Б.Өод “ямаа өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 600.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 700.000 төгрөгийг,

            8. 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Бод “алдагдсан 9 тооны адууны сургийг гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг,

            9. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн Р.Мд “мал өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан нийт 10.650.000 төгрөгийг,

            10. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн П.От “40 ширхэг төлөг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 2.500.000 төгрөгийг,

            11. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Ат “1 ширхэг бяруу худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 400.000 төгрөгийг,

            12. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Оын Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын фэйсбүүк зарын групп дээр тавьсан “бяруу болон адуу худалдаж авна” гэсэн зарын дагуу утсаар холбогдож, “би Сайнбаярын малчин байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгож, төөрөгдөлд оруулан 1.500.000 төгрөгийг,

            13. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхарт үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг иргэн Э.Доос эд зүйл худалдан авах гэж байгаа болж төөрөгдөлд оруулан “мөнгийг мобайл банкаар шилжүүлчихлээ” гэж хуурч мөнгөн бугуйвч, бөгж, гинж, хаш хөөрөг зэрэг 755.000 төгрөгийн эд зүйлийг,

            14. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны 30 тоотод оршин суух иргэн Д.Гийн “алдсан 4 тооны адууг олсон” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 500.000 төгрөгийг,

            15. 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Аийн “алдсан адууг олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Дг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дгийн урьд цагдан хоригдсон нийт 203 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дгаас нийт 27.605.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Гд 1.000.000 төгрөг, З.Ад 500.000 төгрөг, Д.Дид 1.000.000 төгрөг, С.Бд 1.000.000 төгрөг, Ж.Бт 1.000.000 төгрөг, Б.Мөнхтэнгэрт 3.000.000 төгрөг, П.От 2.500.000 төгрөг, Т.Өод 700.000 төгрөг, Р.Мд 10.650.000 төгрөг, Э.Од 1.500.000 төгрөг, Э.Дт 755.000 төгрөг, Д.Гт 500.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 500.000 төгрөг, Б.Ат 1.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэгтэй байна. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, маш их гэмшиж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 12-39 тоотод өндөр настай өвөө, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие “Суман гүн” ХХК-д ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Иймд эрхэм шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр эдлэх ялаас минь хасаж, хорих ялын дэглэмийг өөрчлөн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. Миний бие нээлттэй хорих байгууллагад ял эдлэх хугацаандаа ажил хийж, хохирол төлбөрөө төлөх чин хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь бусдад учруулсан хохирол болох 27.605.000 төгрөгийг хохирогч нарт нөхөн төлөхөө илэрхийлсэн. Үүнээс хохирогч Аын хохирол болох 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хор уршиг зэргийг харгалзан нээлттэй буюу хаалттай эдлүүлэхээр хуульчилсан. Тэрээр цагдан хоригдож байх хугацаандаа хийсэн хэрэгтээ гэмшсэн ба нээлттэй хорих байгууллагад ял эдэлж, ажил хийж, хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Шүүхээс Б.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Б.Д нь ам бүл 7, эхнэр, 5-аас 12 насны 3 хүүхэд, өвөө Л.Дугаржав, эгч Н.Анхцэцэг нарын хамтаар амьдардаг. Эхнэр Оюунчимэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эмээ нь 2004 онд нас барсан ба өвөө Л.Дугаржав нь 87 настай хүн байгаа. Б.Д нь багаасаа өвөөтэйгөө өссөн бөгөөд өвөөгөө харж, асардаг ганц хүн нь байсан. Түүний 5-аас 12 насны 3 хүүхэд нь эцэггүй, эцгийн хайр халамж үзэхгүй, эхнэр нь ар гэрээ тэжээх, өрх толгойлсон эмэгтэй болж, ар гэрийн хүнд хэцүүг нуруун дээрээ үүрч, энэ олон жил хүнд хэцүү амьдралыг туулах болж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны 1266 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие “...Шүүгдэгч Б.Дг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь үндэслэлгүй. ...” гэх гомдлоосоо татгалзаж байна. Харин түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 15 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилан мэхлэж, нийт 27.855.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Г /1хх 21-22/, З.А /1хх 39-40/, Ж.Баатар /1хх 55-56/, Т.С /1хх 86-87/, С.Б /1хх 117-118/, Д.Д /1хх 144-145/, Б.Ө /1хх 179-180/, Д.Б /1хх 109-110/, Р.М /1хх 246-248/, П.О /2хх 36/, Б.Мөнхтэнгэр /2хх 55-57/, С.А /2хх 83-84/, Э.О /3хх 64-65/, Э.Д /3хх 111-112/, Д.Г /3хх 152-153/, С.Чулуунцэцэг /3хх 193-194/, гэрч Б.Нямсүрэн /1хх 24-25/, Д.Эрдэнэбаатар /1хх 55-56/, М.Одонцэцэг /1хх 150-151/, Г.Мөнхбат /1хх 185-186/, Б.Номиндалай /2хх 32/, Э.Болдбаатар /2хх 90-91/, М.Олонхүү /3хх 195-196/ нарын мэдүүлэг болон Б.Дгийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн /2хх 121-122, 127-128, 145-146, 3хх 218/ мэдүүлгүүд, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 23, 41, 90, 128, 152, 197, 230, 2хх 21-28, 45, 55-57, 74-75, 95, 3хх 64-65, 75, 167, 190, 4хх 22/, хохирлын тооцоо /4хх 49-50/, эд зүйлийн үнэлгээ /3хх 130-131/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, залилан авсан мөнгийг өөрийн амьдралын ахуйн хэрэгцээ шаардлагыг хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь дээрх шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Дгийн яллагдчаар болон гэрчээр өгсөн “...Би худал хэлж, залилан мэхэлж авсан мөнгөө өөртөө хэрэглээд дууссан. ...” /1хх 60-61/, “...Тухайн 20 ямааны мөнгө болох 700.000 төгрөгийг гэр бүлдээ зориулсан. ...” /1хх 187-189/, “...1.000.000 төгрөгийг залилан авч шоудаад дуусгасан. ...” /1хх 216-217/, “500.000 төгрөгийг ... Очироо гэх хүнд өрөндөө өгсөн. ...300.000 төгрөгийг гэр орондоо юм авч дуусгасан. ...300.000 төгрөгөөр нэг портер нүүрс авсан. ...200.000 төгрөгийг ар гэртээ зарцуулсан. ...1.100.000 төгрөгийг хашаа байшингийнхаа түрээсийн төлбөрт өгсөн. ...1.000.000 төгрөгийг идэш, хоолондоо зарцуулсан. ...Тухайн 1.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг Жанцангийн ломбардны эзэн Очироод өгсөн. Үлдсэн 500.000 төгрөгөөр гэртээ хүнсний зүйл авсан. ...” /2хх 3-5/, “...Би Очироогоос 5.000.000 төгрөг зээлсэн байсан өрөндөө 2.500.000 төгрөгийг өгсөн. ...” /2хх 39-41/, “...1 бярууны мөнгө болох 400.000 төгрөгийг ... 250.000 төгрөгөөр бензин, үлдэгдэл 150.000 төгрөгийг замын хүнсэнд хэрэглэсэн. ...” /2хх 87-89/ гэх мэдүүлгүүдээр тэрээр 15 удаагийн үйлдлээр хохирогч нараас залилаж авсан мөнгөө өөрийн өр, зээлийг дарж, гэртээ хүнс авч, ахуйн хэрэглээндээ зарцуулж байсан нь тогтоогдож байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд эхлээд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулах аргаар “алдагдсан малын сургийг гаргаж өгнө, мал зарна” гэх мэтээр бусдыг хуурч, итгэл төрүүлсний дараа нь тодорхой хэмжээний мөнгө авч залилдаг, залилсан мөнгөө өөрийн амьдрал, ахуйн хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Дгийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Д “...Миний бие ... өндөр настай өвөө, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. “Суман гүн” ХХК-д ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Иймд ... эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр миний эдлэх ялаас хасаж, хорих ялын дэглэмийг өөрчлөн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг “...Б.Д нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргийн талаар буюу яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөн. ...Бусдад учруулсан хохирол болох 27.605.000 төгрөгийг хохирогч нарт нөхөн төлөхөө илэрхийлсэн. ...Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж, 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба урьд энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан боловч өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин залилах гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг түүний хувийн байдлыг дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Д нь ажил, хөдөлмөр эрхэлж байсан талаарх бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо хэрхэн төлөхөө баримтаар нотлоогүй тул түүнийг хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.Дгийн залилах гэмт хэргийн улмаас олон тооны хохирогчид хохирол учруулсан, учруулсан хохирлын хэмжээ, хохирол барагдуулаагүй нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд 7 жил хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг “шүүгдэгч Б.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлоосоо давж заалдах шатны шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ