Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.У,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-ийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.У, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагч Д.У шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Улаангом сумын 3-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн. Гэтэл Увс аймгийн татварын хэлтэсийн татварын улсын байцаагч Б.Ц нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар сонгуулийн зардлын данснаас бэлнээр буюу хэвлэлийн зардлыг гаргасан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дах хэсэг зааснаар сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн торгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан ба Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын дүгнэлт, нь Д.У миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан заасан тусгай зарчимыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах учиртай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх зааснаар "...хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгаа этгээдэд...захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна." гэж заасан. Гэтэл Увс аймаг дахь Төрийн Аудитын газар, Увс аймгийн Татварын хэлтэсийн татварын улсын байцаагч Б.Ц нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө сонсгох ажиллагаа явуулж, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгаа этгээдийн эрхийг хангаагүй.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4 дэх хэсэгт зааснаар " сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн бичиг хэргийн зориулалтаар зарцуулна.”, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “...тус хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр буюу сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.” гэж хуульчилсан тул сонгуулийн зардлын данснаас бэлнээр буюу хэвлэлийн зардлыг гаргасан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дах хэсэг заалтыг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг намаас бэлтгэж өгсөн боловч миний нэр дэвшиж өрсөлдсөн Улаангом сумын 3-р баг хүн ам ихтэй тул би нэмэлтээр 700 мянган төгрөг гаргаж зурагт самбарыг байрлуулсан.Хуульд данснаас дансанд зарлага гаргаж болно гэж заасан нь заавал данснаас дансанд зарлага гаргана гэсэн үг биш. Би данснаасаа 700 мянган төгрөгийг бэлнээр гаргасан ч хуульд заасан сонгуулийн зардалдаа зарцуулсан.Өөрөөр зориулалт бусаар зарцуулсан зүйл байхгүй.Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар бүхий шийтгэлийн хуудасыг тус тус хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2020 оны 10 дугаар сард Ардчилсан намаас Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар тойрогт нэр дэвшсэн. Нэр дэвшсэн намын зүгээс хулдаасан хэвлэлийн зардлыг гаргасан боловч намаас хийж өгсөн хулдаасан хэвлэл нь Д.У-ийн нэр дэвшсэн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар тойрогт хүрэлцэхгүй байсан тул өөрсдөөсөө мөнгө гаргаж хулдаасан хэвлэл болон хөдөлгөөнт самбарыг нэмж байршуулсан. Уг хулдаасан хэвлэлийн зардлыг төлөх зорилгоор Д.У өөрийн ээж Б.Уранчимэг руу залгаад 700.000 төгрөг миний данс руу явуулахыг хүссэн боловч ээж нь андуурч түүний сонгуулийн зардлын данс руу 700.000 шилжүүлсэн байсан. Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн бичиг хэргийн зориулалтаар зарлагадана” гэсэн зүйл заалтын дагуу хулдаасан хэвлэлд уг мөнгийг зарцуулсан байдаг. Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Цгийн зүгээс Д.Уг зөрчил гаргасан гэдгийг нотолж тогтоогоогүй байдаг. Уг зөрчлийн хэрэг шалгагдаж байх үед Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Цгийн зүгээс Д.Уг зөрчил үйлдээгүй гэж эрх зүйн акт гаргасан боловч Увс аймгийн Прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед сонгуулийн зардлыг данснаас мөнгө бэлнээр гаргасан нь тогтоогдож байна гэж үзэн эрх бүхий албан тушаалтан Б.Цгийн эрх зүйн актыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол гаргасан. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Т  Д.У-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргахдаа холбогдогч Д.У-д мэдэгдээгүй ба дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэсэн бичиг баримтууд ч танилцуулагдаагүй учир хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Д.У-ийн сонгуулийн зардлын дансанд гадны өөр хүнээс хандив орж ирсэн зүйл байхгүй. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цгийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-гийн анх гаргасан Д.У-г зөрчил гаргаагүй гэж үзсэн эрх зүйн актыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасан байдаг боловч бэлнээр мөнгө гаргаж болохгүй гэсэн заалт байхгүй” гэв.

 

Хариуцагч татварын улсын байцаагч Б.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын Хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц би , Увс аймаг дахь Төрийн Аудитын Газраас гаргасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Улаангом сумын 3-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.У нь Сонгуулийн зардлын данснаас бэлнээр мөнгө зарцуулсан гэх зөрчлийн талаар ирүүлсэн зөвлөмж, гомдол, мэдээллийг 2021 оны 03 сарын 15 -ны өдрийн 13 цаг 40 минутанд хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн.

Нэр дэвшигч Д.У нь Сонгуулийн зардлын данснаас хэвлэлийн зардлыг бэлнээр зарцуулсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн Аудитын Газраас ирүүлсэн нотлох баримтууд, холбогдогчийн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтаар нотлогдож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 2135000673 дугаартай Зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг, материалд авагдсан нотлох баримтуудаар: Нэр дэвшигч Д.У нь орон нутгийн сонгуульд оролцохдоо 2020 оны 10 дугаар сарын 13- ний өдөр Хаан банкинд дахь өөрийн сонгуулийн зардлын данснаас хэвлэлийн материалын зардал болох 700,000 төгрөгийг бэлнээр зарцуулж ажилласан нь Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зардлын дансны тайлан болон ирүүлсэн гомдол зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа энэ үйлдэл нь Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-д заасан Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож , Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон прокурорын хяналтын дор шийтгэлийн хуудас бичсэн болно.

Иймд гомдлыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.У-д шийтгэлийн хуудсыг 2021 оны 08 дугаар сарын 5 -ны өдөр Татварын хэлтсийн 205 тоот өрөөнд 10 цаг 25 минутанд танилцуулахад хүлээн авахаас татгалзаж тайлбар бичиж өгсөн. Иймд татварын улсын байцаагч Б.Ц би журмын дагуу Монгол шуудан компанийн шуудангийн үйлчилгээгээр хүргүүлж шуудан хүлээн авсан өдрийн гарын үсэгтэй дэвтрийг канондон Зөрчлийн хэрэгт хавсаргасан болно.Нэхэмжлэгч талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.У  нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цгийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 0178787 дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасан байдаг.Харин зардлын данснаас бэлнээр мөнгө гаргаж болохгүй гэсэн заалт байгаагүй, прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээснийг танилцуулаагүй” тухай тайлбар гарган маргаж байна.

Хариуцагч улсын байцаагчаас “Холбогдогч Д.У  сонгуулийн хэвлэлийн зардлыг сонгуулийн зардлын данснаас бэлнээр гаргаж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн тул 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргажээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-гийн  үйлдсэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Уг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргаж хуульд заасан журмыг зөрчсөн болох нь холбогдогчийн мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зардлын дансны тайлан болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Д.У-д холбогдох зөрчлийн хэргийг Увс аймгийн прокурорын газрын хяналтын проукурорын  2021 оны 06 сарын 30-ны өдрийн тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн нийцлийн аудитын тайлан,  эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, Д.У-гийн дансны дэлгэрэнгүй хуулга, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл,нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталжээ.

Аудитын тайланд Улаангом сумын сумын 3-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Ундамаа нь Сонгуулийн зардлын данснаас бэлнээр 2535000 төгрөг гарган зарцуулсан тухай дүгнэлтийг гаргажээ.

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр гарган зарцуулсан нь аудитын тайлан, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Нам, эвсэл тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “ Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч сонгуулийн зардлын нэг данстай байж, сурталчилгаа явуулах зориулалтаар зардал гаргахдаа зөвхөн данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр гаргахыг тусгайлан заасан бөгөөд “зарлага гаргаж болно” гэснийг бэлнээр зарлага гаргах боломжтой гэж тайлбарлах үндэслэлгүй.

Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор” заасан байна.

Д.У нь сонгуулийн зардлын дансанд нийт 2.535.000 төгрөгийн хандив цугларсныг 2020 оны 10 сарын 13-ны өдөр 16:14 цагаас 16:20 цагийн хооронд данснаас гарч буй зарлагын агуулгыг хэвлэлийн материалын зардалд 500.000, шатахууны зардалд 100.000, хөдөлгөөнт самбарын зардалд 200.000, штабын зардалд 133.000, менежер шадар туслах,ухуулагчийн зардалд 1.600.000 төгрөг гэж тодорхойлон данснаас дансанд шилжүүлэхгээгүйээр бэлнээр авсан нь түүний ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Зөрчлийн хэрэгт 2020 оны 10 сарын 13-ны өдөр “Ч.д” ХХК-д хулдаасан хэвлэл,хөдөлгөөнт самбарын үнэ 700.000 төгрөгийг  бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгосныг “Ч.д” ХХК-ийг төлөөлөн авсан хүний гарын үсэг зурагдсан, мөн “Чинтэмүүлэл дизайн” ХХК 2020 оны 10 сарын 13-ны өдөр 700.000 төгрөгийн үнэ бүхий хулдаасан хэвлэл, хөдөлгөөнт самбарыг зарлагадсан зарлагын баримт авагджээ.

Татварын улсын байцаагчийн зүгээс зөрчил гаргагч Д.У-г хэвлэлийн зардал 700.000 төгрөгийг данснаас бэлнээр авч зарцуулсан гэж үзсэн, гомдол гаргагч Д.У уг зардлыг бэлнээр гаргасан талаар тайлбар гаргасан ба энэ талаар маргаангүй болно.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

Зөрчлийн хэргийн холбогдогч Д.У нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргаж зарцуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж, татварын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.

Иймд Д.У-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” бүрэн эрхийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллага хэрэгжүүлэхээр зааж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 сарын 14-ний өдрийн А/74 дугаар тушаалаар “Аймаг,нийслэл,сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам,эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах,зардлын тайланд аудит хийх, хнах,дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах” журмыг баталсан байна.

Уг журмын 15.3 дахь хэсэгт нам,эвсэл,нэр дэвшигчид зардлын данснаас бэлнээр зарлага гаргахыг хориглоно гэж тодорхойлж заасан байна.Хэдийгээр уг журам Д.У данснаас бэлнээр зарлага гаргасан 2020 оны 10 сарын 13-ны өдрөөс 1 хоногийн дараа батлагдсан ч Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан “ данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргах” журмын дагуу дансны гүйлгээг хийх юм.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “ Увс аймаг дахь төрийн аудитын газраас гаргасан А/74 дугаар тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдсан харилцааг зөрчөөгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

Зөрчилд холбогдогч Д.У-гаас 2021 оны 08 сарын 05-ны өдөр мэдүүлэг авч, хэргийн материалыг танилцуулсан тухай баримтад Д.У гарын үсэг зурсан байх тул Увс аймгийн Прокурорын газрын прокурорын зөрчлийн хэрэг нээх тухай 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 98 дугаар тогтоолыг танилцуулаагүй гэх гомдлын шаардлагын хүрээнд  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Д.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.У-ийн “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц-гийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Д.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНЦЭЦЭГ