| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0791/З |
| Дугаар | 221/МА2025/0087 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0087
С.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 934 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 123/2024/0791/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.А нь “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 934 дүгээр шийдвэрээр: “…Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А ээс Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан гаргасан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Шүүх шийдвэр үндэслэх хэсгийн 14-19 дэх хэсэгтээ Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5 дахь заалт нь прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн хэмжээтэй холбоотой ба нэхэмжлэгчийг уг заалтыг зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч Прокурорын тухай хуулийн 11-25 дугаар зүйлд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, дээд шатны прокурор болохын хувьд доод шатны прокурорын үйл ажиллагааг хянах бус Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсныхаа хувьд “Б ” ХХК-аас гаргасан гомдолд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаартай мэдэгдэх хуудсаар хариу өгсөн байна гэх дүгнэлтийг хийсэн. Гэсэн атлаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.8 дахь заалт буюу мөн адил Прокурорын тухай хуулийн 11-25 зүйлд заасан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутган дүгнэлт гаргасныг үндэслэлтэй гэх зөрчилтэй дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.1-2.3.13 дахь заалтад прокурор зөвхөн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн хэм хэмжээг нэг бүрчлэн нэрлэн заасан ба дүрмийн 2.4-т прокурорын хяналтын чиг үүргээс гадуур бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зохицуулсан. Нэхэмжлэгч нэгэнт хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь дээрх байдлаар нотлогдож, дүгнэгдэж байгаа тохиолдолд түүнийг буруутгаж буй “Б ” ХХК-ийн гомдолд хариу өгсөн үйлдэл нь дүрмийн 2.3.1-2.3.13-д заасан аль ч тохиолдолтой хамаатуулах, эдгээр заалтад зохицуулсан хэм хэмжээний урьдчилсан нөхцөлийг хангах боломжгүй … Ажлын алба нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор холбогдох шалгалтыг явуулж дууссан дүнг Зөвлелийн даргад танилцуулсан. Зөвлөлийн дарга журмын 3.2-т зззснаар гомдлыг шийдвэрлэж, 2020 оны 8/2600 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс энэ талаар асуулт асууж зөрүүтэй байдлыг тодруулах шаардлагатай талаар санал гаргасан боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа энэхүү зөрүүтэй асуудал нь шүүхийн шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байгаагүй гэж тайлбарласан. Гэсэн атлаа шүүх бичгээр гарсан шийдвэрийн үндэслэх хэсгийн 31 дэх хэсэгт гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг нэгжийн шалгалтаар тогтоогдоогүй байхад Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхгүйгээр хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрлэсэн” гэж зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлэн, нэхэмжлэгч талын тайлбар, дээр дурдсан холбогдох баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ... Нэхэмжлэгч нь 2020 оны 8/2600 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Б ” ХХК-ийн гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд гомдолд дурдсан асуудлыг шалгуулахаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шилжүүлэх талаар мэдэгдсэн. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Прокурорын ес зүйн зөвлөлиин ажиллах журмын 6.12, 6.14-т заасны дагуу Улсын ерөнхий прокурор, шүүхэд гомдол гаргах боломжтой юм ... Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоогүй, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын хувьд прокурорын ёс зүйн зөрчилтэй гомдлыг шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, журамд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгч, гомдлыг шилжүүлснээрээ буруутгагдах боломжгүй ба Прокурорын ёс зүйн дүрэмд ч уг үйлдэлтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ байхгүй болно.
3.4. ... Энэ талаар нэхэмжлэгч өөрөө тухайн саналтай танилцсаны хувьд эх сурвалжийг нь зааж, өмгөөлөгчийн зүгээс … хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан атлаа зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, хэрхэн сэргэх нь тодорхойгүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн талаарх Улсын ерөнхий прокурорын газрын албан бичигтэй нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гарсны дараа танилцсан болно.
3.5. Нөгөөтэйгүүр, Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрэмд заасан үндэслэл бүрдээгүй, тэдгээрт нийцээгүй дүгнэлтээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан буруутайд тооцсон нь түүний хууль ёсны ашиг сонирхолд шууд халдаж буй үйлдэл юм. Аливаа хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагаас хууль, дүрэмд заасан үндэслэлгүйгээр буруутгагдах тохиолдолд захиргааны шүүхэд хандан эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй бөгөөд хууль бус болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсоноор эрх ашиг нь сэргэнэ гэж үзэж байна. Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байсан бол уг хэргийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэгэнт хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг дурдаж байгаа нь ойлгомжгүй.
3.6. Эдгээр үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 934 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч С.А нь Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “...прокурорын ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг шалгах чиг үүрэг бүхий ажлын албаар бүрэн шалгуулж, иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдолд анхааралтай хандаж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Б.Б-н гомдол, тайлбараар тогтоогдож байна ... гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй … Журмын дээрх зохицуулалтуудаас үзвэл, прокурорын ёс зүйн зөрчилд холбогдуулан аливаа этгээдээс ирүүлсэн гомдлыг эхлээд Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж хүлээн авч 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг хийсний дараа тус нэгжээс танилцуулга бэлтгэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулна. Харин аливаа этгээдээс прокурорт холбогдуулан гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдаанд оруулахгүйгээр буюу зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг өөрөө шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна ... хариу мэдэгдэх хуудсаар хариу өгөхдөө нэхэмжлэгч нь “Б ” ХХК-аас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/70 тоот гомдлын дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4-д зааснаар Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжээс шалгалт хийж танилцуулга хийгдээгүй байхад түүнээс хойш 8 хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8/2600 тоот хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн буюу Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оруулаагүй нь буруу байна. Мөн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаартай маргаан бүхий дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох, тухайн дүгнэлтийг хүчингүй болгосноор ямар эрх сэргэх нь тогтоогдоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.4. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын ерөнхий прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 48.1.4-д “Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилуулах, чөлөөлүүлэх тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”, 66 дугаар зүйлийн 66.3-д “Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргаж буй энэ тохиолдолд уг дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокуророос аливаа шийдвэрүүд гарсан эсэх, санал, зөвлөмж хүргүүлсэн эсэхийг бүрэн тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
2.6. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00 дугаартай зарлиг, Монгол Улсын Ерөнхий Прокуророос түүний орлогч С.А ийг чөлөөлүүлэх, бүрэн эрхийг нь дуусгавар болгохтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан санал, Үндэсний аюулгүй байдлын 2024 оны 09 дүгээр сарын зөвлөмжийг тус тус гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан атлаа зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, хэрхэн сэргэх нь тодорхойгүй гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
2.7. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нэхэмжлэгчид ямар нэгэн арга хэмжээ аваагүй төдийгүй түүний эрх зүйн байдалд хэрхэн сөргөөр нөлөөлсөн болох үүнийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн сэргэх зэргийг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
2.8. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ