Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга О.Болормаа,

            улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ

            шүүгдэгч Б.Баянмөнх

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:      

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Борын Баянмөнхөд 201525022440 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар байрны 29 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: АЮ 75081810 / Боржигон овогт Борын Баянмөнх нь:

 

- 2015 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдын гүүрний далангийн орчим иргэн Ч.Дашхүүтэй “ айлын эхнэр өвөр дээрээ суулгаж зохисгүй авир гаргалаа “ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт духаараа хоёр удаа мөргөж, бие махбодид нь 4 шүдний булгарал, 1 шүдний хөдөлгөөн бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Дашхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай том бэр эгчийн холын хамаатан Л.Чимэдийн гэрт өдөржин байсан. Тэгээд орой нь 23:00 цагийн үед Б.Баянмөнх гэдэг залуу ирж байна гэхлээр нь Л.Чимэд бид хоёр 7-н буудлын эцэс дээрээс Б.Баянмөнхийг тосож авсан. Тэр залуу ирэхдээ 1 шил  гэдэг архи, 1 ш  ундаатай ирсэн. Тэгээд Л.Чимэдийн гэрт Т.Түмээ, Б.Баянмөнх, Л.Чимэд бид дөрөв нийлж архийг нь хувааж уусан. Тэгээд Б.Баянмөнх дахин 20.000 орчим мянган төгрөг гаргаад Т.Түмээ бид хоёр явж 1 шил 0.75 литрийн "Ерөөл" архи авчирч хувааж ууцгаасан. Тэгээд шөнөжингөө л архиа ууцгааж, юм ярьцгааж байгаад би газраар хивсэн дээр гудас дэвсээд унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл Б.Баянмөнх босоод ирчихсэн байсан. Б.Баянмөнх намайг "хоёулаа айлд хонох гээд байна. Гарч уулзъя " гэсэн. Тэгэхлээр нь би гартал Б.Баянмөнх намайг Л.Чимэдийн хашааны гадна далан дээр шууд заамдаж авсан. Тэгэхлээр нь би яах гэж байгаа юм гэтэл Б.Баянмөнх намайг "чи энэ айлын эхнэр нөхөр хоёрын дундуур орох гээд байна, чи энд унтаж амарч болохгүй" гэсэн тэгэхээр нь би энд чинь угаасаа 2-3 хонож байна, яахаараа энд унтаж амарч болдоггүй юм бэ гэсэн чинь Б.Баянмөнх намайг болохгүй л гэсэн бол болохгүй гээд надруу дайраад байхаар нь би зөрүүлээд Б.Баянмөнхийг барьж авсан. Тэгсэн чинь Б.Баянмөнх толгойгоороо миний нүүр рүү эхлээд нэг удаа мөргөсөн. Үг хэлэхийн завдалгүй Б.Баянмөнх дахиад миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн тэгтэл миний шүд бадайраад явчихсан тэгснээ амнаас нилээд их цус гараад нулимах тоолонд цус гараад байсан. Тэгэхлээр нь би Л.Чимэдийн гэр рүү ороод толинд нь шүдээ хартал миний баруун дээд 1 шүд унаад ирсэн. Б.Баянмөнх намайг 2 удаа мөргөж гэмтээсэн дээд 4 шүд унасан, доод 1 шүд хөдөлгөөн орсон гэжээ. / хх 10-11 /

 

Гэрч Л.Чимэдлхам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр урьд нь хамт Нарантуул зах дээр жижиглэн хүнс зардаг байхдаа танилцсан Б.Баянмөнх гэдэг залуугийн 9604-7555 дугаарын утас руу залгаж “ 30.000 төгрөг зээлдүүлээч. Би сирок авч зарж байгаад 2 хоногийн дараа буцааж өгье “ гэж хэлтэл зөвшөөрсөн. Орой 23:00 цагийн орчимд над руу залгаад 7-н буудал дээр ирчихлээ гэхээр нь манай нөхөр Т.Түмэнбаяр, Ч.Дашхүү хоёр Б.Баянмөнхийг авчирсан. Б.Баянмөнх манайд ирэхдээ 1 шил 0.75 л архи, ундаа, набортой авчирсан. Архийг манай нөхөр Т.Түмэнбаяр, Ч.Дашхүү, Б.Баянмөнх бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Б.Баянмөнх дахиад 2 шил архи авч бүгдээрээ хувааж уугаад би Б.Баянмөнх, Ч.Дашхүү хоёрт цуг унтчих гээд газраар ор засаж өгсөн. Тэгээд би унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрээд хартал манай гэрт Б.Баянмөнх, Ч.Дашхүү хоёр байхгүй байхаар нь би Дашхүү рүү залгаад "чи чинь хааччихдаг юм бэ" гэтэл Цагдаагийн хэлтэс дээр байна, Б.Баянмөнх миний 4 шүдийг унагаачихсан гэж надад хэлсэн гэжээ. / хх 15-16 /

 

Гэрч Т.Түмэнбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Маргааш өглөө нь сэртэл Ч.Дашхүү надад “ Б.Баянмөнх нь миний 4 шүдийг унагаачихлаа “ гээд барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь “ Юу болсон бэ “ гэж асуутал Б.Баянмөнх, Ч.Дашхүү хоёр манай хашааны гадна маргалдаад Б.Баянмөнх нь Ч.Дашхүүгийн нүүр рүү нь мөргөөд шүдийг нь унагаасан гэж Ч.Дашхүү надад өөрөө хэлсэн гэжээ. / хх 17-18 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16451 тоот дүгнэлтэнд:

1.Ч.Дашхүүгийн биед дөрвөн шүдний булгарал, нэг шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15% алдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. / хх 24 /

Шүүгдэгч Б.Баянмөнхийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 64-66 /, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 67-69 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 70 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баянмөнх мэдүүлэхдээ: Би Л.Чимэдлхамтай зах дээр юм зарж байхдаа танилцаад 3-4 жил болж байна. Би Л.Чимэдлхамтай 2-3 жил хамт амьдарсан боловч болж бүтээгүй салсан юм.  Тэр өдөр Л.Чимэдлхамын гэрт бид нар 3 шил архи хувааж уусан. Адилхан уугаад бүгд  адилхан согтсон. Л.Чимэдлхам согтоод Ч.Дашхүүгийн өвөр дээр суухаар нь би Ч.Дашхүүд “ Айлын хүмүүс унтаг гээд хамт гарсан.  Гараад үүнээс болж маргалдаад Ч.Дашхүү миний шилбэ рүү хальт өшиглөсөн. Би заамдаж аваад 2 удаа мөргөсөн. Тэгтэл 1 шүд нь унаад цус гарсан. Ч.Дашхүүд эмчилгээний зардалд 700.000 төгрөг бэлнээр төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Баянмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдын гүүрний далангийн орчим иргэн Ч.Дашхүүтэй “ айлын эхнэр өвөр дээрээ суулгалаа “ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт духаараа хоёр удаа мөргөж, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Б.Баянмөнх намайг "хоёулаа айлд хонох гээд байна, гарч уулзъя" гэхээр нь гартал Чимэдийн хашааны гадна далан дээр шууд заамдаж аваад " Чи энэ айлын эхнэр, нөхөр хоёрын дундуур орох гээд байна. Чи энд унтаж амарч болохгүй" гээд толгойгоороо миний нүүр рүү 2 удаа мөргөснөөс 4 шүд унаж, 1 шүд хөдөлгөөн орсон гэж хохирогч Ч.Дашхүүгийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / хх 10-11 /, ... Маргааш өглөө нь сэрээд хартал манай гэрт Б.Баянмөнх, Ч.Дашхүү хоёр байхгүй байхаар нь Дашхүү рүү залгаад " Чи чинь хааччихдаг юм бэ" гэтэл Цагдаагийн хэлтэс дээр байна. Б.Баянмөнх миний 4 шүдийг унагаачихсан гэж надад хэлсэн гэж гэрч Л.Чимэдлхамын мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / хх 15-16 /, ... Тэгээд маргааш өглөө нь сэртэл Ч.Дашхүү манай гэрт Б.Баянмөнх нь миний 4 шүдийг унагаачихлаа гээд барьчихсан орж ирсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Түмэнбаярын мэдүүлэг / хх 17-18 /,  ... хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16451 тоот дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Баянмөнхыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал, хүсэлтийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                       

ТОГТООХ нь: 

1. Борын Баянмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Баянмөнхийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Баянмөнх нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Баянмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Б.Баянмөнхөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

7. Шийтгэх  тогтоолыг  ялтан,  хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

                 

                   

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ