Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 238

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Э овогт Т-ийн Б-т холбогдох,

             Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Т.Б-тай 2009 онд танилцаж, 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөрхүү Б.Ц төрсөн. Хүү Б.Ц-ыг би 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс одоог хүртэл өөрийн аав ээжийн хамт өсгөж байна. Энэ хугацаанд Т.Б хүү бид хоёрыг эргэж тойрон, ирж очдог байсан боловч хамт байхдаа архи ууж хардаж, хэрэлдэж, дарамтлан зоддог байсан. Мөн 2014-2015 онуудад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Б.Х гэгчтэй дотноссон байсныг би мэдсэн. Энэ үеэс хойш бидний маргаан эхлэж, түр хөндийрсөн байсан ч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр сумандаа мэргэжлийн дагуу ажилд орсноос хойш бас л ирж очин байсаар 2017 оны 7 дугаар сарын 28-нд бид албан ёсоор хуримаа хийсэн. Гэтэл Т.Б нь хамт амьдраад нэг сар ч болоогүй архи ууж зодож, дарамтлаад Хар цагаан усанд гурван сар гаруй болоод буцаж ирэхэд нь ээж, аав хоёр гэр барьж өгөөд Т.Б-аас дахин архи ууж агсам согтуу тавихгүй гэсэн ам тангараг аваад бид гурав 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарсан долоон сарын хугацаандТ.Б нь мөн л архи уудаг, ажил хийдэггүй мөртлөө гадуур тэнэж, хэрүүл тэмцэл хийдэг байсан. Т.Б 2018 оны 5 дугаар сарын 15-наас хойш 2019 оны 4 дүгээр сар хүртэл хүү болон надтай албан ёсоор уулзах гэж ирээгүй. Энэ хугацаанд хааяа 98137600 дугаараас элдэв хараалын үгтэй зурвас явуулж дарамталдаг байсан. Гэрлэснээс хойш 4 жилийн хугацаа бидний дунд хамтын амьдрал байгаагүй тул цаашид амьдрах боломжгүй. Иймээс Т.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүгээ миний бие үргэлжлүүлэн асарч, хүүхэддээ хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

       Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2009 оноос эхнэртэйгээ танилцаж үерхээд оюутан цагаа хамтдаа өнгөрөөж, хамтран амьдарч байсан бөгөөд миний зан аашийг эхнэр маань маш сайн мэднэ. Би эхнэр, хүүхэддээ хайртай. Би эхнэрээ өөр хүнтэй ярих, зурвас бичихэд нь дургүйцэж уурлаж гар хүрч байснаа хүлээн зөвшөөрч буруугаа ойлгож байна. Гэхдээ гэр бүл цуцлах хэмжээний зэрлэг ааш авир гаргаж байгаагүй. Би хүү Ц-таа маш их хайртай, цаашид хүүгээ зөв боловсон хүн болгож өсгөхийг хүсэж байна. Үүний тулд гэр бүлээ цуцлахгүйгээр ажил хөдөлмөр хийж, хүүхдийнхээ сурах хүмүүжих орчныг бүрдүүлэх болногэжээ.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Б.Н, Т.Б нар 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Ц төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

         Гэрлэгчид нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй байх тул Б.Н, Т.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

       Зохигчдын дундаас төрсөн хүү Б.Ц-ыг бага насных, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байсан зэргийг харгалзан эх Б.Н-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Ц-ыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Т.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүх хүүхдийг эх Б.Н-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

           Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

     Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 172.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгох нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хариуцагч Т.Бт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хоёр дахь удаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Б-ийн Н, Э овогт Т-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Ц-ыг эх Б.Н-гийн асрамжид үлдээсүгэй.

      3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Цыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.

       4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

    5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

          7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.400 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас 172.400 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ