Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1154

 

 

 

 

 

 

 

 

2022           12           12                                 2022/ШЦТ/1154

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч Ц.М, хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа,

Шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эт холбогдох эрүүгийн 2209021901837 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, .......... зөөгч ажилтай, ам бүл 3, ээж, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-206 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................./.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах Лакс нэртэй бааранд хохирогч Ц.Мыг “Эмэгтэй хүнд гар хүрлээ гэх шалтгаанаар маргалдан зодож биед нь дээд, доод уруулд цус хуралт, шарх, үүдэн хоёр шүдний булгарал, зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209021901837 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч С.Болорзулаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Баяраагаас:

-Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

-Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

-Эмчилгээний зардлын баримтууд (хавтаст хэргийн 44-50 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинээр 4 хуудас /хохирлын баримт/ баримт гарган өгч, хохирол төлбөр нөхөн төлүүлэх, өмгөөллийн хөлсийг хохирогчид олгуулах байр суурьтай оролцохоо илэрхийлж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасанжаваас:

-Гэрч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 08 дугаар тал),

-Хохирогч Ц.Мы мөрдөн шалгах ажиллагааны шатанд анх болон дахин өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 15-16, 75 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 58 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 хуудас/-ыг шинээр гаргаж өгч, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлэв.

 

Хохирогч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “надад учруулсан гэмтлийг Б.Э учруулсан. Тиймээс энэ хүнээс надад учирсан эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр нь нөхөн төлөх болно” гэх мэдүүлгийг тус тус гарсан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

-Гэрч Г.Хгийн “...2022 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед миний найз Э, Мөөжий, Эрхэмээ, Бямбаа, Дашка, Эсүй бид нар Лакс баар луу орсон. Гэтэл 05 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Мөөжий бүжгийн талбай руу явж байгаад үл таних залуугийн хажуугаар өнгөрөхөд тэр залуу Мөөжийг гараараа түлхсэн. Тэгээд Мөөжий “яагаад байгаа юм бэ” гэхэд дахиад түлхсэн. Мөөжийг тэр залуу бүүр цохих гээд байсан. Гэтэл Мөөжий тэр үл таних залуутай маргалдаж эхлэх гэж байхад нь би дөхөж очоод “болиочээ” гээд салгах гэхэд тэр үл таних залуу намайг гараараа цохисон. Би унах үед тайзны хажуугийн ширээг дагзаараа цохиж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дугаар тал),

 

-Хохирогч Ц.Мы “...Би 2022 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй бааранд өөрийн үеэл эгч Бадамтуяа, Зулбадам, Долгорсүрэн, хүргэн ах Өлзийбаяр нарын хамт орж үйлчлүүлсэн... Тэгээд би эгч нартайгаа тухайн баарны бүжгийн талбай орчимд бүгдээрээ тойроод бүжиглэж байгаад нэг үл таних эрэгтэй хүнтэй шүргэлцсэн. Тэгсэн чинь тухайн залуу над руу уурлаж, бид хоёрын дунд маргаан болсон... Над руу дайрсан залуучуудын нэг нь миний нүүрэн хэсэгт гараараа олон удаа цохиж газар унагааж, энэ үед миний үүдэн шүд унаж гэмтэл учирсан. Тухайн үйл явц баарны бүжгийн талбай орчимд болсон. ...Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Епуда” гэх баруун дөрвөн замд байрлах шүдний эмнэлэгт үзүүлж шүдний рентгэн зураг авхуулж, сувгийн эмчилгээ хийлгэхэд 190,000 төгрөгийн зардал гарсан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хатуу тагнайтай хиймэл шүд хийлгэсэн, үүнд 67,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уян хиймэл шүд хийлгэж 95,000 төгрөг болсон. Үүний дараагаар “Ortho Med гэх шүдний эмнэлэгт суулгадаг имплант 2 шүд хийлгэсэн, үүний нийт төлбөр 5,525,000 төгрөг болсон. Миний хувьд эмчилгээний зардалд нийт 5,877,000 төгрөг зарцуулаад байна. Эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан учир эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байсан. Эмчилгээний зардалд зарцуулсан 5,877,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 75 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “1.Ц.Мы биед дээд, доод уруулд цус хуралт, шарх, үүдэн хоёр шүдний булгарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Үүдэн хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. 5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн 10968 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

-Гэрч С.Мын “...2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай найзууд болох Э эхнэртэйгээ, Э, манай найз охин Есөнцацал нар манай гэр болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 1-8 тоотод ирж хоол идээд, хөзөр тоглож байгаад манай гэрээс 00 цаг болох гэж байхад гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх бааранд орсон. Тухайн баарнаас гарах гээд алхаж байгаад ...нэг эмэгтэйг бүжиглэж байхад нь шүргэсэн юм шиг байна лээ, тэгтэл тухайн эмэгтэй намайг “яагаад байгаа юм” гэж хэлэхээр нь би “уучлаарай” гээд уучлалт гуйсан. Тэгтэл тухайн эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй над руу дайраад хардаад байсан байх гэж ойлгосон. Улмаар над руу дайраад бид хоёр хоорондоо маргалдсан, тэгээд Эын эхнэр Хг тухайн залуу цохиод унагаачихсан. Намайг цохих гэж байгаад цохиод унагаасан уу гуй юу мэдэхгүй. Тэгээд Хг уначихлаа гээд Х руу хараад буцаад хартал манай найз Э тухайн залуутай муудалцаж байгаад цохисон. Бусад хүмүүс бол гарах гээд үүд хэсэг рүү явж байсан. Э, тухайн залуу бид гурав ард үлдсэн. Тухайн залууг баарны хамгаалагч нар аваад 00 өрөө рүү аваад орсон. Тухайн үед манай найз охин явъя гээд би түрүүлээд найз охин Есөнцацалын хамт явчихсан. Тухайн залууг Эаас өөр цохисон хүн байхгүй байх, Э тухайн залуу хоёр барьцалдаад нэг нэгнийгээ цохиж байсан. Их хүнтэй учраас салгах гээд бужигналдаад байсан. Баар дотор зодоон болсон гадаа бол зодоон болоогүй. Тухайн залуугийн шүд нь унасныг нь маргааш өглөө нь мэдсэн. Э бол тухайн үед эмэгтэй хүнийг цохиод унагаачихлаа гэд уурлаад цохисон юм шиг байсан. Тухайн үед Э уучлалт гуйгаад байсан. Миний санаж байгаа зүйл ийм л байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

-Гэрч А.Эын “...Тухайн үед өөрийн эхнэр Х, М, Э, Бямбажаргал бид нар байсан. Улмаар бид нар хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, тухайн баарнаас гарах гээд явж байхад манай найз Э нэг залуутай маргалдаж, зодолдож байсан. Этай зодолдож байсан залууг баарны хамгаалагч гар 00-ийн өрөө рүү аваад орсон. Улмаар бид нар гарсан. Гадаа гараад 2 охин, 2 залуу байсан цагдаа дуудсан гэсэн. Тухайн зодоон болох үед би гарах гээд ширээний тэнд байсан, тухайн үед зодоон бол тайзан дээр болсон. Тухайн үед юу болсон талаар би сайн мэдэхгүй, зодоон болох үед би байгаагүй. Тухайн баарнаас гарч ирээд зодолдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь хохирогчийн биед халдаж, нүүрний хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Эт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч эмчилгээний төлбөрт нийт 5,877,000 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна. Энэхүү эмчилгээний зардлаас шүүгдэгч Б.Э нь 3,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Ц.М дээрх хохирлоос үлдэх хохирол буюу 2,877,000 төгрөгийг нэхэмжлэхээс гадна өмгөөлөгчийн зардалд 300,000 төгрөгийг зарцуулсан тул энэхүү зардлыг гэм хорын хохиролд нэмж нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн болно.

 

Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Шүүх хуралдаанд эрхээ хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч авсан. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй бол ингэж эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Өмгөөлөгчид төлсөн зардал бол хохирогчоос гэмт хэргийн улмаас шууд бусаар гарч байгаа зардал мөн. Тиймээс төлөгдөөгүй байгаа хохирол болох 2,877,000 төгрөг дээр өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөгийг нэмж, нийт 3,177,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “эмчилгээний баримтууд нь хуулийн шаардлага хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байгаа, мөн хохирогч өмгөөлөгчдөө төлсөн мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогч өмгөөлөгч сонгон оролцуулах нь түүний өөрийнх нь эрх гэж бодож байна, эрхээ эдэлж байна. Тиймээс өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцсэн үндэслэлийг харгалзан хэрэгт нотлох баримтаар нотлогдож буй хохирлын баримт болох 2,877,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн өмгөөлөгчдөө төлсөн 300,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь, хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй тул энэхүү эрхээ эдэлжээ.

 

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 2,877,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нь тодорхой орлоготой, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Мөн хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул түүнийг бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Батбаатарын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 2,877,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.М