Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1155

 

 

 

 

 

 

 

 

2022           12          12                                   2022/ШЦТ/1155

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” болон “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Лд холбогдох эрүүгийн 2209008691013 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, гурван хүүхдийн хамт ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...............

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Л нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, бараа авах гэж буй мэтээр нэхэмжлэл бичүүлэх, захиалгын дагуу авсан бараагаа авахаа больсон гэж буцааж төлбөрийг авах, захиалгын дагуу авсан барааг компанид хүлээлгэж өгөхгүйгээр захиран зарцуулах зэргээр хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж нийт 46,572,800 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас 2022 оны 6 дугаар сарын 21ий өдөр 606 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209008691013 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Н.Энхтулгаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс:

-“Ц” ХХК-иас авсан Г.Л авлагын товчоо, тайланг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Ажлын байрны тодорхойлолтыг (хавтаст хэргийн 38-40 дүгээр тал),

-Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг (хавтаст хэргийн 52-55 дугаар тал),

-Иргэний хариуцагч Б.Тын “өр төлбөр тооцоогүй” талаарх баримтыг (хавтаст хэргийн 190 дүгээр тал),

-Иргэний хариуцагч Б.Эийн “Ц” ХХК-д мөнгө шилжүүлсэн талаарх гар утасны мессэжээр ирүүлсэн баримтыг (хавтаст хэргийн 192 дугаар тал),

-Иргэний хариуцагч Н.Уийн “Ц” ХХК-д мөнгө шилжүүлсэн талаарх гар утасны мессэжээр ирүүлсэн баримтыг (хавтаст хэргийн 194 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 9 хуудас нотлох баримтыг шинээр гарган өгч, хэргийн зүйлчлэлийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

 

Харин шүүгдэгч Г.Л “хавтаст хэргийн материалаас уншиж судлах зүйлгүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Л нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, бараа авах гэж буй мэтээр нэхэмжлэл бичүүлэх, захиалгын дагуу авсан бараагаа авахаа больсон гэж буцааж төлбөрийг авах, захиалгын дагуу авсан барааг компанид хүлээлгэж өгөхгүйгээр захиран зарцуулах зэргээр хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж нийт 46,572,800 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чын “...Манай Ц ХХК нь Оюутолгой компанийн ханган нийлүүлэгч буюу уул уурхайн жижиг тоног төхөөрөмж, сэлбэг, материал нийлүүлдэг, Сүхбаатар дүүргийн 1-р хороо Дипломат оффис 5 давхар 507 тоотод үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Манай компанид ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Л /УХ88112394/ нь албан тушаалаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан үйлдэл гаргасан бөгөөд Г.Л нь компанийг төлөөлж гаалиас ирсэн барааг авч, захиалгат байгууллагад нь хүлээлгэж өгөх ажил эрхэлдэг юм. Манай байгууллага нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М ХХК-иас 11 тонны арматурын төмөр худалдаж авахаар утсаар тохиролцож тус компанийн нэхэмжлэлийн дагуу 27,500,000 төгрөг шилжүүлсэн боловч Г.Л нь М ХХК-ийн данснаас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 24,750,000 төгрөгийг Л өөрийн данс руу шилжүүлчихсэн байгаа юм. Тэгээд үүнийг тодруулахад ямар нэгэн арматурын төмөр авсан зүйл байхгүй, нэхэмжлэлийн дагуу манай Ц компаниас мөнгө авчхаад үүнийг Л өөртөө авсан байсан, компанид ямар нэгэн арматурын төмөр хүлээлгэж өгсөн зүйл байхгүй байгаа. Энэхүү М компани нь арматур зардаг компани биш бөгөөд кабелын утас зардаг компани байгаа юм. Тухайн компанийн захирлаар Б.Э /99995122/ ажилладаг юм. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Есөн Оюу Трэйд” компаниас тросс авахаар 2,728,000 төгрөгийн Г.Л явуулсан нэхэмжлэлийн дагуу Ц компанийн 473008434 дугаарын данснаас Есөн Оюу Трэйд компанийн 5009958694 дугаарын данс руу 2,728,000 данс уруу шилжүүлсэн. Тэгтэл нийт 310 ширхэг тросс авах байсныг 100 ширхгийг бараагаар авч 210 ширхэгийн мөнгийг өөрийн данс руу шилжүүлээд авчихсан байсан. 100 ширхэг троссыг компанид хүлээлгэж өгсөн зүйл байхгүй юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. “Есөн Оюу Трэйд” компанийн ажилтан 99176884 утастай байсан юм. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өнө Мөнх Цацраг компаниас 454,800 төгрөгөөр авах байсан селикон, хөөс, модон пүрш, нойлын утас гэх мэт нэхэмжлэлийн дагуу Өнө мөнх цацраг компани уруу шилжүүлсэн бөгөөд үүнийг лавлаж асуухад бараа материалыг бүгдийг нь Лавч явсан гэж надад хэлсэн. Тэгтэл Л бараа материал захиалгат компанид өгсөн зүйл байхгүй байгаа юм. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бодь тэргэл ХХК-иас барилгын материал авахаар 12,055,000 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу компанийн данснаас Бодь тэргэл компанийн 5619045853 дугаарын данс уруу 10,155,000 төгрөгөөр нэг удаа, 1,900,000 төгрөгөөр нэг удаа нийт 12,055,000 төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд Бодь тэргэл компанийн ажилтан У /99727600/-ээс лавлаж асуухад бараа материалаа бүгдийг нь Л аваад явсан, нэмэлт өртгийн албан татвараа шивүүлээгүй, утсаа авахгүй алга болчихсон гэж хэлсэн. Үүний дараа манай компанийн хувьцаа эзэмшигч Э.Пгийн Хас банкны 5002480025 дугаарын данснаас Элбэгсайхан гэх хүний 5009298091 гэсэн дугаарын Хаан банкны данс уруу 3,250,000 төгрөгийг Г.Л хэлсний дагуу ширээ авахаар захиалга өгч мөнгө өгсөн бөгөөд ширээ авсан зүйл байхгүй, мөнгөө ч эргүүлж авсан зүйлгүй байгаа юм. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай хувьцаа эзэмшигч Элбэгбаянгийн Пгийн Голомт банкны 3455109414 дугаарын данснаас Г.Л хэлсэн 5075464346 дугаарын Хаан банкны данс уруу 585,000 төгрөгийг Хьюндай маркийн машины босоо тэнцүүлэгчийн ком авахаар шилжүүлсэн боловч машины сэлбэг авсан зүйлгүй, энэ мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй болсон юм. Ийнхүү дээрх байдлаар Г.Л нь захиалгын нэхэмжлэлийг компанид үзүүлж үүний дагуу компанийн данснаас болон компанийн хувь эзэмшигчийн данснаас мөнгийг шилжүүлж авчхаад уг бараа материалыг компанид юу ч хүлээлгэж өгөөгүй бөгөөд үүнийг өөрөөс нь тодруулахаар бүгдийг нь өөрөө ашигласан гэж хэлдэг юм. Ийм байдлаар дээрх 6 удаагийн үйлдлээр компанид 46,572,800 төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Г.Лтэй байгуулсан ажлын байрны тодорхойлолт гэрээ байгаа бөгөөд компанийн ложистикийн мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр ажиллаж байсан юм. Ийм асуудал гаргасан учир 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн юм. Л нь захиалгын дагуу үнэ судалж бараа материал олно, үүний дагуу тухайн компаниас нэхэмжлэл авч үүнийг Ц компанид үзүүлж үүний дагуу бид мөнгө шилжүүлж байгаа юм. Үүнд манай компани нь зөвхөн өөрсдийн компанийн данснаас мөнгө шилжүүлдэг юм. Дансны хуулга болон 4 компанийн данс уруу шилжүүлсэн нэхэмжлэл байгаа. Л нь нийт компанид захиалга өгсөн хүмүүсийн бараа авахаар шипжүүлсэн мөнгө болох 46,572,800 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр үнийн дүнгээс ямар ч хүлээлгэн өгсөн зүйл байхгүй бөгөөд Оюу толгой компаниас болон бусад харилцагчаас захиалсан бараагаа нэхэмжлээд байгаа юм. Барааны овор хэмжээнээс шалтгаалж их овортой бол Г.Л өөрөө хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд хэрвээ бага овор хэмжээтэй, шахуу хугацаатай биш бол компани дээр авч ирж, бичиг баримт бүрдүүлж, битүүмжилж янзлаад аваачиж өгдөг юм. Харин Л нь дээрх хохирлыг компанид учруулахдаа захиалагч болон манай Ц компанид ямар ч бараа материал өгөөгүй. ...Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэр “М” ХХК нь 10 хувийн НӨАТ-ын шимтгэл бичсэн 27,500,000 төгрөгийн 10 хувь болох 2,750,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлж өгсөн. ...Л сарын 1,700,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. П нь манай компанийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа больсон, одоо хувьцаа эзэмшигчээр байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 169 дүгээр тал),

-Гэрч Б.Тын “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын манай компанийн дэлгүүрээс Л гэх эрэгтэй нь 300 ширхэг “тросс зүлгүүр”-ийг авахаар болж манай компани 2,728,000 төгрөгийн нэхэмжлэл бичиж өгсөн бөгөөд Ц ХХК-иас 2,728,000 төгрөгийг манай Есөн Оюу Трэйд ХХК-ийн данс уруу шилжүүлж үүнээс НӨАТ-ын 10 хувь, хассан бөгөөд манай компанид 50 ширхэг зүлгүүр байсан учраас 400,000 төгрөгийн үнэ бараа материал авахаар болж үлдэгдэл мөнгөөр өөр хүнээс бараа материал авна гэж хэлэхээр нь би өөрийн хувийн данс болох Хаан банкны 5017264914 дугаарын данснаас Л 5166698204 дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2,005,200 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Тэгээд надаас авсан 400,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг зүлгүүрийг “Машинд багтахгүй байна, дараа авъя” гэж хэлээд үлдээсэн бөгөөд дахиж ирж аваагүй. Тэгээд 7 хоногийн дараа залгаад “Өнөөдөр авна” гэж хэлээд бас ирээгүй, ингээд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу залгасан бөгөөд Л нь “8,000 төгрөгөөр авсан зүйлсээ буцаая” гэж хэлэхээр нь би буцаалт хийхгүй талаар түүнд тайлбарлаж хэлэхэд “Одоо наад зүлгүүр чинь надад хэрэггүй, 1 ширхгийг 2,000 төгрөгөөр тооцож 50 ширхгийг буцаалт хийлгэе” гэж хэлсэн. Ингээд би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн Хаан банкны 5041213878 дугаарын данснаас Л гэх хүний 5166698204 дугаарын дансанд 100,000 төгрөгийг шилжүүлж өгч энэ хүнд ямар нэгэн өр төлбөргүй салсан юм. Л гэх хүнтэй холбоотой өр авлагын зүйл байхгүй. Л нь анх 300 ширхэг тросс авахаар нэхэмжлэл бичүүлсэн, үүнээс манай компанид 2,728,000 төгрөг нэхэмжлэлийн дагуу орж ирэхэд НӨАТ бичүүлж аваад, манай компанид тухайн үед байсан 50 ширхэг троссын зүлгүүр авахаар болж 250 ширхэг троссын зүлгүүрийн мөнгийг буцааж хувийн дансаар шилжүүлж авсан юм. Дараа нь 50 ширхэг троссоо авахгүй удсан бөгөөд сүүлд нь буцаалт хийлгэж мөнгөө авсан, одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Би Л гэх хүнийг огт танихгүй бөгөөд 100 айлаар бараа материал цуглуулахаар явдаг байж магадгүй. Манай компанийн зүгээс нэмэлт өртгийн албан татварыг бүрэн шивж өгөөд, дэлгүүрт байсан 50 ширхэг зүлгүүрийг зарахаар болж харин Л нь үлдэгдэл мөнгийг буцааж авч, хувь хүнээс эсвэл өөр газраас авахаар болсон юм. Тухайн үед бараа материалын хомсдолтой байсан учраас манай компанид 300 ширхэг троссын зүлгүүр байгаагүй, 50 ширхэг л байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2,005,200 төгрөг, үүний дараа 100,000 төгрөгийг буцаалт гэж шилжүүлсэн, одоо ямар нэгэн өр, авлагын зүйл байхгүй. ...Л нь манай “Есөн Оюу Трэйд” ХХК-иас 2,728,000 төгрөгийн нэхэмжлэл бичиж өгч үүнээс НӨАТ-ын 10 хувь буюу 272,800 төгрөгийг компанийн дансанд авч, НӨАТ-ын тайланд оруулж баримт шивсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123, 177 дугаар тал),

-Гэрч Н.Уийн “Өмнө нь манай нөхрийг таньдаг байсан Л гэх залуу нь Ц ХХК-г төлөөлж түгжээ 2500 ширхэг, вибараторын хошуу 3 ширхэг, вибаратор 2 ширхэг, эргэдэг хомут 400 ширхэг, эргэдэггүй хомут 400 ширхэг, богино дэгээ 750 ширхэг, урт дэгээ 750 ширхэг, чагтан чойнт 250 ширхгийг авахаар 12,055,000 төгрөгийн нэхэмжлэл бичүүлж уг мөнгийг манай компанийн данс уруу шилжүүлж авсан юм. Шилжүүлэхээс өмнө манай компанийн зүгээс Лд чагтан чойнт 250 ширхэг байхгүй гэдгийг хэлтэл Л нь “НӨАТ шивдэггүй газраас авч байгаа, нэхэмжлэл бичээд өгчих, 10 хувийг нь суутгаж аваад мөнгөө хувийн дансаар аваад би өөрөө өөр газраас худалдаад авчихъя” гэж хэлсэн бөгөөд Лд хувийн дансаар нь мөнгө шилжүүлж өгсөн бөгөөд үүнээс хойш Л нь хэд хэдэн удаа хувийн дансаар мөнгө авсан бөгөөд 10,592,500 төгрөгийг Лд өгчихсөн байгаа юм. Энэ мөнгийг би болон нөхрийн хувийн дансаар Лд өгсөн байгаа. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр 30 ширхэг панер авсан гэхдээ энэ дээр нэхэмжлэл бичүүлж аваагүй бөгөөд энэ нь 2,040,000 төгрөгийн үнэтэй юм. Үүний мөнгийг дээрх Ц ХХК-иас өгнө гэж хэлсэн юм. Энэ 30 ширхэг хавтанг зээлж авсан юм, юунд ашигласныг мэдэхгүй байна. Мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа. Харин нэхэмжлэл бичүүлсэн 12,055,000 төгрөгийн материалаас огт юу ч аваагүй бөгөөд мөнгийг нь цувуулж аваад дуусчихсан. Би Лхагва-Эрдэнийг танихгүй. Манай компаниас бараа материал авна гэж бичиж өгсөн бөгөөд үүнээс 5,500,000 төгрөгийн үнэ бүхий “чагтан чойнт” байгаагүй учраас хувь хүнээс авна гэж хэлээд нэхэмжпэл дээрээ нэмж бичүүлсэн юм. Гэхдээ манайхаас огт бараа аваагүй юм. Манай нөхөр болон миний хувийн данснаас миний санаж байгаагаар 2,900,000 төгрөг, 7,800,000 төгрөгөөр, 300,000 төгрөг, 500,000 төгрөгөөр авсан, эдгээр дансны гүйлгээ байгаа бөгөөд үүнийг гаргаж өгнө. ...Л нь манай “Бодь тэргэл” ХХК-иас 12,055,000 төгрөгийн нэхэмжлэл бичүүлсэн бөгөөд тухайн бараа материалаас 5,500,000 төгрөгийн “чагтан чойнт нь манай дэлгүүрт байгаагүй тул хувь хүнээс авна гээд манай компанийн нэр дээр нэхэмжлэлээ бүрэн бичүүлж авсан юм. ...Нийт 12,055,000 төгрөгөөс нэмэлт өртгийн албан татварын 10 хувийн шимтгэл болж үлдээгээд бусдыг нь Лд шилжүүлсэн бөгөөд шимтгэл болох 10 хувьтай тэнцэх 1,205,500 төгрөг нь манай компанийн дансанд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125, 174 дүгээр тал),  

-Гэрч Л.Г “...Би хувиараа мужааны ажил хийдэг юм. Л гэх зүс таних хүн надаар ширээ хийлгүүлэхээр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд ширээ хийх төлбөр болгож 3,250,000 төгрөгийг Лэс авсан, мөнгөө компаниас шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлсэн юм. Тэгтэл мөнгө орж ирсний дараа “материалыг нь өөрөө авч өгье” гэж хэлээд надаас материалын мөнгө гэж 2,150,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн бөгөөд 2-3 хоногийн дараа дахиад 300,000 төгрөг авсан. Дараа нь 100 айл дээр уулзаж “Би ширээ хийлгэхээ болилоо” гэж хэлсэн бөгөөд 200,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгч үлдэгдэл мөнгө болох 600,000 төгрөгийг бэлнээр өгч түүнд надад өгсөн 3,250,000 төгрөгийг бүгдийг нь өгсөн юм. Би нэхэмжлэл бичиж өгсөн зүйл байхгүй, “болилоо” гэж хэлээд бүх мөнгөө буцааж авсан. Ямар компаниас гэдгийг мэдэхгүй анх мөнгөө өгчхөөд зургаа баталгаажуулж хийлгэх ширээгээ тодорхой болгоно гэж хэлээд явсан, дахин ярихад материалыг нь Л өөрөө авна гэж хэлсэн юм. Би 2,650,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Дансаар шилжүүлж өгсөн дансны хуулгыг гаргаж өгнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дүгээр тал),

-Гэрч Б.Эийн “Манай компаниас өмнө нь “Ц” ХХК компанийн ажилтан Л нь 2021 оны эхээр 2-3 удаа барилгын материалын эд зүйлс авч байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Л нь над уруу утсаар залгаж “Хөгшөөн нэг нэхэмжпэл бичээд өгчих, “Ц” ХХК нь арматур авах гээд нэхэмжлэл хэрэгтэй байна, чи тэгээд 10 хувийг нь суутгаад авчих” гэж хэлсэн юм. Тэгээд Лд арматурын нэхэмжлэл /хэдэн тонн арматур гэдгийг нь санахгүй байна/ бичиж өгөөд манай компанийн дансанд 27,500,000 төгрөг орж ирсэн бөгөөд үүнийг тэр дор нь 10 хувийг суутгаж авч 24,550,000 төгрөгийг Л 3455109466 дугаарын Голомт банкны данс уруу шилжүүлсэн юм. Тухайн үед Л нь манай компаниас ямар нэгэн бараа материал аваагүй бөгөөд манай компани арматурын төмөр зардаггүй юм. ...Л 27,500,000 төгрөгийн нэхэмжлэл бичүүлж 10 хувийг хасуулсантай тэнцэх мөнгийг буцааж “Ц” ХХК уруу шилжүүлсэн байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128, 180 дугаар тал),

-Гэрч Э.Пгийн “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Л нь Галсайхан гэх хүнээр 3,250,000 төгрөгөөр гар хийцийн ширээ сандал хийлгүүлэхээр болсон бөгөөд ...компанийн данснаас мөнгө шилжүүлэх гэхээр тухайн хувь мужаан хийдэг хүн нь баримт гаргаж өгөх боломжгүй байсан учир би өөрийн хувийн Хас банкны 5002480025 дугаарын данснаас 3,250,000 төгрөгийг Галсайхан гэх хүний данс уруу шилжүүлж өгсөн юм. Харин Л нь Галсайханаар ширээ сандал хийлгүүлээгүй мөнгийг хувьдаа ашигласан байсан. Мөн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрдэмбилэг гэх хүнээс Киа автомашины сэлбэг худалдан авахаар 585,000 төгрөгийг би өөрийн Голомт банкны 3455109414 дугаарын данснаас Б.Эрдэмбилэг гэх хүний 5075464346 дугаарын дансанд шилжүүлж өгсөн юм. Энэ сэлбэг зарах хүнийг мөн Л олж өгсөн бөгөөд түүний хэлснээр мөнгийг шилжүүлсний дараа сэлбэг авчирсан зүйл байхгүй байгаа юм. Дээрх хоёр удаагийн гүйлгээгээр гарсан нийт 3,835,000 төгрөг нь надад биш компанид учирсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 171 дүгээр тал),

-“Ц” ХХК-иас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “М” ХХК-ийн данс уруу 27,500,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-“Есөн Оюу Трэйд” ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-“Ц” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Есөн Оюу Трэйд” ХХК-ийн данс уруу 2,728,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

-“Бодь тэргэл” ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-“Ц” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бодь тэргэл” ХХК-ийн данс уруу 10,155,000 төгрөг, 1,900,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-“Өнө мөнх цацраг” ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-“Ц” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Өнө мөнх цацраг” ХХК-ийн данс уруу 454,800 төгрөгийг шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Гэрч Э.Пгээс гэрч Л.Г данс уруу 3,250,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Хас банкны цахим гүйлгээний мэдээлэлийн хуулбар (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-Гэрч Э.Пгээс Б.Э данс уруу 585,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Голомт банкны цахим гүйлгээний баримтын хуулбар (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-Гэрч Л.Г Хаан банк дахь дансны хуулга /шүүгдэгч Г.Лд 2,150,000 төгрөгийг, 300,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн талаарх/ (хавтаст хэргийн 106 дугаар тал),

-Гэрч Б.Тын Хаан банк дахь дансны хуулга /шүүгдэгч Г.Лд нь 2,005,200 төгрөгийг, 100,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн талаарх/ (хавтаст хэргийн 134-135 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Г.Л нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Мөн прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан /үргэлжилсэн үйлдлээр/-ыг журамлаж, залилах гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч ирсэн. Шүүхээс энэ байдлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна. Харин уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэдэг зүйлчлэлийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Г.Л нь бүрэн дунд боловсролтой, ямар нэгэн мэргэжилгүй, “Ложистик”-ийн мэргэжилтэн гэх ажлын байрны тодорхойлолтод байгаа боловч төгссөн сургууль, соёл байхгүй.  Ложистикийн мэргэжилтний хувьд гаальд гаалийн агуулгын ачааг буулгах, гаалийн талбай дээр ажиллах ажил бөгөөд энэ нь ажлын байрны тодорхойлолтод тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын байранд ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн авах эрх, үүрэг байгаагүй. Хэрвээ бараа, үйлчилгээ хийх, худалдан авах эрх, үүрэг нь байсан бол Г.Л өөрөө зүйлчлэлийн хувьд өөрөөр зүйлчлэгдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “завших” гэмт хэргийн шинжийг агуулах байсан. Тэгэхээр ийм ажил, үүрэг гүйцэтгээгүй учраас залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх боломжгүй. Ажлын байрын тодорхойлолт болон Хөдөлмөрийн хуульд заасан ажил үүргийн байдлаас хараад үзэх юм бол албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх боломжгүй байгаа. Албан тушаалтан гэж хэнийг ярих вэ гэвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т нийтийн албан тушаалтныг тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг зааж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувьд ажил үүргийн байдлаас “албан тушаалтан” мөн эсэхийг аваад үзэхээр Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон зүйл байхгүй. Г.Лхагва-Эрдэнийг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй учраас зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү.  Ажил үүргийн хувьд хууль зүйн ойлголт нь өөр, хөдөлмөрийн гэрээгээр “Ц” ХХК-ийн тусын тулд ажил үүргээ хийж байсан талаар тодорхой дурдсан” гэж мэтгэлцсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэрэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Л нь “Ц” ХХК-д ложистикийн мэргэжилтнээр ажилладаг болох нь хавтаст хэргийн 52-55 дугаар талд авагдсан “Хөдөлмөрийн гэрээ” болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Түүний “Ажлын байрны тодорхойлолт” (хавтаст хэргийн 49-51 дүгээр тал)-д ажиллах үндсэн чиг үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд тэрээр “компанийн гадаад, дотоод татан авалтын үүрэг, ачааг захиалагчид хүлээлгэн өгөх, бараа материалын агуулахын үйл ажиллагаа, төслийн нэгжийн худалдан авалтын ложистикийн ажлыг хийхээс гадна ажил үүргийн хуваарийн дагуу “барааг нийлүүлэгчээс авахад шаардлагатай татан авалтын хүснэгт бэлтгэж баталгаажуулж төлбөрийг гүйцэтгүүлэх, ачааг худалдан авах буюу хүлээн авах, захиалгын дагуу бичиг баримтуудыг бэлтгэн, барааг тоолж, нийлүүлэх байгууллагуудад ангилан, сав баглааг хийх” гэх мэт бусад ажлуудыг хийхээр тусгагджээ.

 

Гэтэл шүүгдэгч нь тухайн компанид дээрх ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах хугацаандаа өөрийн компанийг хуурч, бараа захиалсан мэтээр компанийн удирдлага, санхүүгийн хэлтэст ойлгуулан бодит байдлыг нуух замаар гэрчүүдээс нэхэмжлэл бичүүлэн авч, уг нэхэмжлэлийн дагуу “Ц” ХХК-иас шилжүүлсэн мөнгийг буюу өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн ажиллаж байсан “Ц” ХХК-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч “Ц” ХХК-д нийт 46,572,800 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд иргэний хариуцагч “М” ХХК 2,950,000 төгрөгийг, “Бодь тэргэл” ХХК 1,205,000 төгрөгийг, “Есөн Оюу Трэйд” ХХК 272,800 төгрөгийг, нийт 4,427,800 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 42,145,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.

 

Гэвч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 өдрөөр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирол төлбөр төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Лэс 42,145,000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч “Ц” ХХК-д олгох нь зүйтэй. Харин иргэний хариуцагч нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Л үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан болно.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан боловч төлж барагдуулж чадсангүй, гэхдээ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн хувийн байдлын тухайд эхнэр нь 3 хүүхдээ орхиод БНСУлс руу явсан, түүний 3 хүүхэд одоо Г.Л асрамжид байгаа, хүүхдүүдийн эрх ашгийг бодолцож өгнө үү, хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх саналыг тус тус гаргажээ. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Г.Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 185 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч, залилж өөрийн өмчлөлд шилжүүлж авах нь хууль бус гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Мөн хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул түүнийг бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Лэс 42.145.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Ц” ХХК-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч нараас гаргуулах хохирол төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН