Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 261

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: М овогт Х-ийн П-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Ц овогт Б-ийн Б-д холбогдох,

        Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.П, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Х.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Б-той 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид ихэр хүү, охинтой бөгөөд 2016 оны 2 сарын 12-ны өдөр охин Б.Б, хүү Б.М нар төрсөн. Бид гэрлээд хүүхдүүд төрөх хүртэл бидний харилцаа хэвийн байсан бөгөөд хуүхдүүд төрснөөс хойш амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хааяа үл ойлголцож, нөхөр Б.Б нь намайг зодож цохидог болсон. Би тэр болгоныг нь тэвчиж, ар гэрийнхэндээ болон хууль, цагдаагийн байгууллагад мэдэгдэжбайгаагүй. Дөнгөж гэр бүл болсон байсан болохоор хүн амьтнаас ичиж эмээгээд нөхрийн ааш занг тэвчин амьдарчбайсан. Нөхөр болох Б.Б нь архи дарс хэрэглээд байдаггүй хирнээ ширүүн, хэрцгий, зожиг зан авиртай. Би тухайн үед Чандмань Увс ХХК-д 2 халуун усны газрыг хариуцаж эрхлэгчээр ажилладаг байсан бөгөөд ажлын ачааллаас шалтгаалж гэртээ оройтож ирэх үе байсан. Энэ бүхнийг нөхөр Б.Б ойлгохгүй намайг ажлаасаа оройтож ирлээ гэж уурлаж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 29-ний орой би ажлаа тараад гэртээ 21 цагийн үед ирэхэд нөхөр Б.Б намайг ямар их орой ирдэг юм бэ гэж уурлан хэрүүл маргаан үүсгэж улмаар миний хүзүү тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Тэр үед миний толгой манаран ухаан алдсан ба нөхөр Б.Б-ын төрсөн дүү Б.А цагдаа дуудсан байсан. Үүнээс өмнө би Б.Б-д зодуулсан ч цагдаа дуудаж байгаагүй. Б.Б нь энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан бөгөөд тухайн үед би хүүхдүүдийнхээ эцгийг шоронд орох вий гэхээс эмээж, шүүх хуралдаан дээр гомдолгүй гэж хэлснээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Тэр үеэс хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд би 2 хүүхдээ өөр дээрээ авч асран халамжилж байна. Энэ хугацаанд нөхөр Б.Б нь ганц нэг удаа хүүхдүүдээ эргэж тойрч ирснээс өөрөөр анхаарал халамж тавьж байгаагүй. Миний хувьд нөхөртөө маш их гомдсон, одоо ч тэр гомдол цөхрөл маань хэвээр байгаа учраас би цаашид Б.Б-той хамт амьдрах ямар ч боломжгүй. Шүүхээс бидэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй. Иймд биднийгэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань эх Х.П миний асрамжид үлдээж, эцэг Б.Боос хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.П бид хоёр 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон. Одоо хүү, охин хоёртой. Би эхнэр болон хүүхдүүддээ маш их хайртай, эхнэрээсээ салахыг хүсэхгүй байна. Би архи, дарс огт уудаггүй. Эхнэрээ төрснөөс хойш эхнэр бид хоёр хамтдаа хүүхдүүдээ асарч халамжлах ажлыг хамтдаа хийдэг байсан. Хүүхдүүд маань арван сартай байхад эхнэр маань ажилд орж улмаар би хүүхдүүдээ харж, асран халамжилдаг болсон. Эхнэр маань амьдрахын тулд ажил хийж байгааг би маш сайн ойлгодог, эхнэрээ ажилд явсан үед нь ихэр хүүхдүүдээ ганцаараа харж, гэр орны ажлаа ч өөрөө хийж эхнэртэй аль болох тус нэмэр болохыг хичээж ирсэн. Х.П-ийн хэлээд байгаа шиг байнга зодож цохиод байсан зүйл байхгүй. Тухайн үед 2 хүүхэд маань ханиад авчихсан халуураад уйлаад би ганцаараа гал түлж, хоол хийхээс авахуулаад гарч бие засах ч завгүй ядартлаа хүүхдүүдээ асарч байхад эхнэр маань орой 23 цаг өнгөрч байхад гэрт ирэхээр нь би бухимдаад хүүхдүүд халуураад уйлж байхад яасан оройтож ирдэг юм гэж л хэлсэн тэгтэл эхнэр маань уурлаад над руу аяга авч шидсэнээс болж маргаан гарсан. Би эхнэртэй маш их хайртай, цаашид эхнэртэйгээ уулзаж эвлэрээд хамтдаа сайхан амьдармаар байна. Хэрэв шүүх гэрлэлт цуцалбал 1 хүүхдээ би өөрийнхөө асрамжид авмаар байна гэжээ.

              Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Гэрлэгчид нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.М, охин Б.Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

            Гэрлэгчид нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй байх тул Х.П, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

           Зохигчдын дундаас төрсөн хүү Б.М, охин Б.Б нарыг бага насных, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа, ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан эх Х.П-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.М, охин Б.Б нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б-оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүх хүүхдийг эх Х.П-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

              Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

        Нэхэмжлэгч Х.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 200.764 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-т олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М овогт Х-ийн П, Ц овогт Б-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.М, охин Б.Б нарыг эх Х.П-ийн асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.М, охин Б.Б нарыг 11 нас  хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

         4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

         6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

        7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.764 /хоёр зуун мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 200.764 /хоёр зуун мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.П-т олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ