Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

 

2023           01           17                                      2023/ШЦТ/91

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Х.Ч,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.О,

Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нар оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Чт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гадна чулуу нийлүүлэх гэрээ”, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Дотор чулуу нийлүүлэх гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Угаалтуурын тавцан чулуу худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд урьдчилгаа төлбөрт нийт 550.757.390 төгрөг авсан боловч ажил үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэлгүй залилж их хэмжээний буюу 425.980.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Анхнаасаа гэрээ хийж халхавчилж залилсан гэж байна, гэвч надад тийм залилах санаа зорилго байгаагүй. Урьдчилгаа төлбөр болох мөнгийг Намхай ахад өгсөн байсан. Үлдэгдэл мөнгө нь дутсан. 2020 оны гадна чулууны гэрээн дээр болохоор цар тахал гараад захилга нь нэлээд олон сар хойшилсон. Хятад 21.000.000 төгрөгийн чулуу захиалсан байсан. Энэ захилга удсан. Тухайн захилга ирэхэд нь цар тахалтай холбоотой захилга ирэхгүй байж байгаад хөл хорио тогтоосон учраас хил хаалттай гээд удаж байгаад ирсэн. 21.000.000 төгрөгийн эргээд төлж чадаагүй байсан. Тэр мөнгийг Х.Ч ах төлж авсан. Би анхнаасаа гэрээгээр халхавчилж залилсан зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан мөнгөн дүн болох 550.757.390 төгрөгийн захилгыг авсан бөгөөд үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. Гэрээний хугацаатай холбоотой маргах зүйлгүй. Хятад руу явуулах 30%-ийг урьдчилгаанд хийж, үлдэгдэл 70%-ийг 7 хоногт зүсээд бэлдчихдэг. 70%-ийн мөнгийг дансанд үлдээгээд урьдчилгаа 30% болох 45.000.000 төгрөгийг захирал Намхайдорж ахаар урагшаа захиалуулах гээд 45.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл мөнгө бүрэн эсэхийг тодруулж асуусан. Дутуу бол чулуу гарахгүй гэж хэлсэн. Би урьдчилгаанд 100.000.000 төгрөг явуулах ёстой байсан. Үлдэгдэл мөнгө нь өр, ширэнд орсон байсан. Өр, ширэнд өгөөд 20.000.000 төгрөг дутсан байсан юм. 20.000.000 төгрөгийг олоод тухайн үед 80.000.000 төгрөгийг 100.000.000 төгрөг болгочихъё гэж бодоод онлайн покер тоглож мөнгөө алдсан...” гэв.

 

Хохирогч Х.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 4 удаагийн гэрээ хийсэн. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гадна чулуу нийлүүлэх гэрээний дагуу 113.536.590 төгрөг шилжүүлсэн. Үнийг нь 100% төлсөн. Ажлын гүйцэтгэл болох 81.7% нь нийт чулууг авчирч өгсөн. Үлдэгдэл 18% нь дутуу, ирээгүй. Захиалсны дагуу чулуу дутуу ирсэн учраас ажил явахгүй, ажил удааширч илүү зардал гарч алдагдал гарсан. Ажлаа зогсоохгүйн тулд ажилтнуудад 21.000.040 төгрөг төлж ажлаа дуусгаж байсан. Авчирсан чулуугаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу чулууг наах ажилд 36.035.000 төгрөг төлсөн, 88.8% биелүүлсэн. Талбайгаа хэмжээд тооцоог нь гаргасан. Тэрний дараа өмнөх хоёр гэрээг итгэл үнэмшилтэйгээр тодорхой хувийг нь биелүүлж итгэл олох замаар залилсан. Анх манай үйлдвэрийн эзэн надад даатгаж өгсөн, би хариуцаж явж байгаа гэж бид нарыг итгүүлсэн. Миний үйлдвэр биш гэж хэлсэн бол гэрээ хийхгүй байсан. Дотор чулууг нийлүүлээд өгье гэхээр нь өмнөх ажлаа 80% гүйцэтгэлтэй хийсэн учраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 449.748.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Харин 382.285.800 төгрөгийг буюу 80%-ийг гэрээний дагуу төлсөн. 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр угаалтуурын тавцанд чулуу нийлүүлэхээр 18.900.000 төгрөгийн гэрээ хийж, мөнгийг нь 100% шилжүүлсэн. Ажил гүйцэтгэл нь материал ирэхээр нь хийхээр болсон. Материал нь ирээгүй. Тухайн үед цар тахлын үе байсан боловч биечлэн уулзахгүйгээр захилга өгч, мөнгийг шилжүүлж үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэрээний төлбөрөө дансаар шилжүүлээд захиалга өгөөд явж байсан. Бараа материалаа захиалсан. 2 сарын дараа ирэхгүй , 3 сар болоод хүлээгээд байдаг, барилгын ажил явахгүй, барилгын ажил явахгүй байгаа учраас урсгал зардал их гардаг. Тэрийг бол нэхэмжлээгүй. Удаа дараа захилгын бараагаа асууж тодруулахад ирж байгаа гэж байнга хэлдэг байсан. Зам-Үүдэд ирж байна гэж ярьдаг байсан. Баталгаа гэж хятад бичигтэй чулууны зургийг “Viber”-аар буюу онлайнаар үзүүлдэг. Итгэл олж залилсан үйлдэл хийгээгүй байсан бол яагаад удааж байгаа шалтгаанаа хэлэх байсан. Үүний улмаас барилгын ажил зогссон. Ажилчид мөн адил хохирсон. Нийт 425.000.000 төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай байгууллагын хувьд 28.000.000 төгрөгөөр хохирсон. Зээлийн гэрээ байгуулсан. 24 сараар 20.000.000 төгрөгийн зээл авсан. Лексус маркийн автомашиныг барьцаалж зээл авсан байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа зээл төлөх чадварын тодорхойлохдоо чулуу үйлдвэрлэдэг гэсэн анкет, нийгмийн даатгал төлдөг талаар баримт гаргаж өгсөн. Лексус маркийн автомашин нь өмчлөлийн манай нэр дээр, эзэмшлийн хувьд Батбуянд байсан. 21.800.000 төгрөгийг тээврийн хэрэгслийг биет байдлаар нь авах хүсэлтэй байна. Энэ хэрэгтэй холбоотой захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн...” гэв.

 

Эрүүгийн 00 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 96-113 дугаар хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,

Хохирогч Х.Чийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Чулуу нийлүүлэх гэрээ /1-р хх-ийн 7-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 242-248 дугаар хуудас/,

Хохирогч Х.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Үын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 59-66 дугаар хуудас/,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,

Гэрч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,

Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Х.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ё.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Бийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 157-234 дүгээр хуудас/,

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №07210037 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 235-250 дугаар хуудас/,

Зээлийн гэрээ /3-р хх-ийн 39-45 дугаар хуудас/,

М.Бы Депозит дансны хуулга /3-р хх-ийн 46 дугаар хуудас/,

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 109-114 дүгээр хуудас/,

“С” ХХК-ийн М.Бг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /1-р хх-ийн 131/

Шүүгдэгч М.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 85 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Чт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гадна чулуу нийлүүлэх гэрээ”, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Дотор чулуу нийлүүлэх гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Угаалтуурын тавцан чулуу худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд урьдчилгаа төлбөрт нийт 550.757.390 төгрөг авсан боловч ажил үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэлгүй залилж их хэмжээний буюу 425.980.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Хохирогч Х.Чийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Гадна чулуу нийлүүлэх гэрээ, Дотор чулуу нийлүүлэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ,  

Хохирогч Х.Чийн “...Миний барьж буй барилга нь шинээр баригдаж байгаа Чингэс хаан музей зуун гар талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 590 м2 бүхий “Магна пийк капитал” ХХК-ний эзэмших гэрчилгээтэй, барилга барих тусгай зөвшөөрлүүдийг бүрдүүлэн авч, 8-н давхар, оффис, үйлчилгээний зориулалтай, 3395,25 м2 талбай бүхий барилга баригдаж байна. Барилгын гүйцэтгэл 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байгаа. М.Бтай 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр барилгын гадна чулуу нийлүүлэх гэрээгээр 310 м2 чулуу нийлүүлэх гэрээгээр 113 сая төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлэн, үлдэгдэл мөнгийг 9 дүгээр сарын 24-ны өдөр 23,5 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр чулуу ирсний дараа наах, зүсэх ажил гүйцэтгэх гэрээг 36 сая төгрөгөөр байгуулсан, 22-ны өдөр 14,6 сая төгрөгийг шилжүүлэн, 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 сая төгрөгийг бартераар төлөхөөр Стана маркийн автомашин хүлээлгэн өгсөн, үлдэгдэл төгрөгийг бас өгсөн. Ажлын гүйцэтгэл 81,7 хувьтай гүйцэтгэсэн. Яагаад 81,7 хувьтай гүйцэтгэсэн гэж дүгнэсэн гэвэл гадна хананд наасан чулууг метрээр хэмжиж үзэхэд 81,7 хувь наагдсан байна. Үлдэгдэл 18,3 хувийн чулуу ирээгүй, чулуу зардаг хүмүүсийн барьцаанд байсныг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа мэдээд, өөрсдөө Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Zhao Yinhai гэх хунд 21.445.000 төгрөг, Сансар гэх хунд 6.500.000 төгрөгийг нэмж төлөөд чулуугаа олж авсан. Барилгын дотор талд нийт 900 м2 бүхий гоёлын гантиг чулуу нийлүүлэх гэрээг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан, гэрээний нийт үнийн дүн 449.748.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу Батбуянд З-н удаагийн төлбөрийг хийж, нийт 382.285.800 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Батбуянтай хамтран ажиллахаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ариун цэврийн өрөөний угаалтуурын 40 м2 бүхий тавцан чулуун нийлүүлнэ гэж хамтран ажиллах гэрээ байгуулан 18.800.000 сая төгрөгийн гэрээ байгуулан, түүний хаан банкны данс руу шилжүүлэн боловч чулуу огт нийлүүлээгүй байна. Х.Батбуян нь чулуу нийлүүлэх гэрээгээр халхавчилж, нийт 550.757.390 төгрөгийг аваад, 124.770.190 төгрөгтэй тэнцэх бараа, ажил үйлчилгээг үзүүлээд, үлдэгдэл 425.980.280 төгрөгийг залилан мэхэлж авсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Сын “...Анх ажил гүйцэтгүүлэх гэрээ Батбуянтай хийхдээ нэг удаа тооцоо бодсон. Мөн 2021 онд ажлаа хийхгүй залилан мэхэлж байх үед нь түүнийг оролцуулан тооцоо нийлсэн. Хамгийн сүүлд мөрдөгч барилга дээр очоод Батбуян, Чингэс ах, барилгын инженер Баяраа нарыг оролцуулан үзлэг хийхдээ м2 тус бүрээр тооцоо гаргасан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Мийн “...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Батбуянтай Модны 2-т уулзсан. Түүний машинд суугаад явж байтал тэрээр их хэмжээний мөнгө буюу 65 сая төгрөгийг өөрийн  дансанд хийнэ гэсэн. Би түүнээс миний 5585397989 дугаар данс руу оруулаад гаргачихаа дараа нь банкнаас зээл авахад мөнгө оруулж гаргаж байсан гэдэг мэдээлэл нь үлдэнэ гэсэн. Тэрээр зөвшөөрч бэлэн мөнгөө надад өгөөд би Хаан банкны данс руу ороод өөрийн 5585397989 дугаар данс руу шилжүүлсэн. Данс руугаа оруулаад буцаагаад Батбуянгийн данс руу 64.900.000 төгрөгийг шилжүүлсэн. 100.000 төгрөгийг надад үлдээгээд бензин хийгээрэй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Нийн “...Батбуян нь 2008 онд анх манай компанид туслах ажилчнаар ажилд орж байсан. Тэрээр манай компанид 2019 он хүртэл ажилласан. Тэрээр 2019 онд ажлаас гарахдаа Буянт Ухаад байх байраа зараад, нэг найзтайгаа нийлж, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас чулуу оруулж ирээд, зармаар байна гэсэн. Түүнд туслахаар болоод, тэрээр амьдарч буй байраа зараад, 2019 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсаас чулуу авчирсан, гэхдээ чулуугаа амжилттай борлуулж чадахгүй байсан. Гэтэл өнгөрсөн 7 хоногт Батбуян нь над руу 88106886 гэсэн гар утсаар залгаад, “цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Чингэс гэдэг хүн надад гомдол гаргасан, Чингэс гэдэг хүнээс авсан чулуу захиалгын мөнгөөр нь цахим мөрийтэй тоглоом тоглоод мөнгийг үрчихсэн. Та надад тус болооч, Чингэс гэдэг хуний чулууны захиалга 30 хувь буюу 70 сая төгрөгийг танд олоод егье, та Бүгд Найрамдах Хятад Ард улс руу өөрийн харилцагч компани руу урьдчилгаа төлбөрийг шилжүүлээд өгөөч гэсэн. Тэгэхдээ түүнд компани нэрээр захиалахгүй, чи өөрөө мөнгөө бариад хүрээд ирэхээр чинь банк дээр дагуулж очоод, шилжүүлгийг чинь хийгээд өгье” гэж хэлсэн. Батбуян тэгж хэлээд алга болсон, холбоо бариагүй байна. Бүгд Найрамдах Хятад Ард улс руу гоёлын чулуу захиалга хийхэд, гэрээ нь Англи хэлээр хийгдэнэ, шаардлагатай бол чулууны дээжийг буухиа шуудангаар авчирдаг. Тэгээд авчирсан чулууг цэвэрхэн гологдолгүй зүсэж, өнгөлөөд, захиалгын талбай дээр хүргэж өгдөг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Сын “...М.Б нь манай найз Намхайдорж, Өлзийбаяр нарын ажилчин юмаа. Батбуян нь 2019 оноос хойш надаас чулуу авдаг, би түүнээс бас чулуу авдаг байсан. Ажил хэргийн хувьд танилцаж байсан. Сүүлд 2020 онд байхаа өөрөө чулуу оруулж ирээд, тэр нь би аваад, ашиглаж байсан. Батбуян нь 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр надаас ширхэг хавтан буюу 39 м2 чулуу авсан, 1 м2 чулууг 175.000 төгрөгөөр тооцож авсан, нийт 6.780.000 төгрөг авахаар тохиролцсон. Надад 2 дугаар сарын 08-ны өдөр мөнгийг өгнөө гэж хэлээд, чулуугаа аваад явсан. Түүнээс хойш чулууны тооцоо хийгдээгүй, 5 дугаар сарын дундуур уулзаад, зарсан чулууны мөнгийг өгөхгүй байхаар нь туунд байсан 33-н ширхэг буюу 55 м2 хавтан чулууг аваад, “мөнгөө өгөөд энэ чулуугаа аваарай” гэсэн. Түүнээс хойш чулуугаа авах талаар надтай Батбуян ярилцаагүй алга болсон. Гэтэл чулууны эзэн гэх хүн над руу яриад, чулуугаа авах тухай ярилцсан. Тэгээд тэр хүмүүс Батбуяны надад өгөх ёстой 6.780.000 төгрөгийн өрийг өгөөд, өөрсдийн чулуугаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Пийн “...Батнаа бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн өр, авлага байхгүй. Харин бид нар нэг уугаад сууж байхад Батнаа “та дансаа өгчих би мөнгө хийх гэсэн юм” гэж миний дансны дугаарыг авч мөнгө хийгээд миний гар утсаар покер тоглож байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Бийн “...Миний нэр дээр 5016442720 тоот данс бүртгэлтэй байдаг. Уг дансыг би өөрөө ашиглаж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 10-аас 18-ны өдрийн хооронд манай ажлын газартай зэргэлдээ ажил нь байдаг Дарханбаяр гэдэг хүн намайг дансаа 4 хоногийн хугацаатай хэрэглүүлээч би чамд данс хэрэглүүлсний төлбөрт 400.000 төгрөг өгнө гэхлээр нь би зөвшөөрөөд дансаа өгсөн юм. Миний дансаар покер тоглуулсан мөнгө орсон байж магадгүй гэж намайг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ё.Тын “...Миний хуучин ажлуудын өрийг нийлүүлж бодоход нийт 7 сая төгрөгийг Батбуянаас авахаар байсан. Тэгтэл Батбуян над руу залгаад чи Нүхтийн ажлыг дуусгачих, би чамд 3.5 сая төгрөгийг одоо өгье гэсэн. Тэгээд би Нүхтийн барилгын ажлыг хийж байтал чамд өгсөн мөнгө чинь наад хийж байгаа ажлын чинь хөлс шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн “...Би Бүгд Найрамдах Хятад Ард улсаас чулуу захиалахын тулд Намхайдорж ах руу захиалгын урьдчилгаа болох 45 сая төгрөгийг шилжүүлээд араас нь 100 сая төгрөг хийх ёстой байсан боловч уг 100 сая төгрөгийг мөрийтэй тоглоод алдчихсан болохоор Намхайдорж ахад өгсөн 45 сая төгрөгөөс 13 сая төгрөгийг буцааж аваад өөрөө хэрэглэсэн. Хятадаас чулуу захиалахын тулд нийт захиалж байгаа чулууны 30 хувийг төлсөн байхыг цаад Хятадын компаниас шаарддаг юм. Миний захиалах гэж байгаа чулууны 30 хувь нь 45 сая төгрөг болж байсан юм. Тэгтэл би урьдчилгаа болох 45 сая төгрөг болон араас нь өгөх 100 сая төгрөггүй болсон. Яагаад би мөнгөгүй болсон бэ гэхээр би Намхайдорж ах руу урьдчилгаа 45 сая төгрөгийг шилжүүлээд байж байтал Намхайдорж ах над руу утсаар залгаад “би энэ мөнгийг чинь урагшаа явуулаад чулууны захиалгаа хийлээ шүү, захиалга хийсний дараа 7 хоногийн дотор үлдэгдэл 100 сая төгрөгийг хийх хэрэгтэй, чамд үлдэгдэл мөнгө нь байгаа юм уу” гэж асуусан. Ингээд би данс дахь мөнгөний үлдэгдлийг шалгахад миний дансанд 80 сая төгрөг байсан. Тэгэхээр нь би Намхайдорж ах руу залгаад үлдэгдэл мөнгө арай болоогүй байна, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би өр зээлээ төлөөд үлдсэн байсан 80 сая төгрөгөө 100 сая төгрөг болгож өсгөх гээд мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан...Би Чингэс ахад 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гадна чулуу нийлүүлэх гэрээ байгуулахад би бусдад ямар нэгэн өргүй байсан. Харин 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор чулуу нийлүүлэхэд бусдад өртэй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Батбуянгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №07210037 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...Иргэн М.Бы Хаан банк дахь 5077104903 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр 373.634.572 төгрөгийн бэлэн орлого орж ирсэн байна....” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

М.Бы Депозит дансны хуулга,

“С” ХХК-ийн М.Бг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл М.Б нь хохирогчид “баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ, энэ төрлийн үйлдвэрийн ажлыг хариуцаж ажилладаг” гэж хэлж ойлголтыг төрүүлсэний улмаас хохирогч Х.Чтэй 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гадна чулуу нийлүүлэх гэрээ” байгуулж 113.536.590 төгрөгийг шилжүүлэн авч, тухайн ажлаас 81.7 хувийг, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”  байгуулж 36.035.000 төгрөгийг шилжүүлэн авч, тухайн ажлаас 88.8 хувийг тус тус хийж гүйцэтгэн хохирогчид итгэл үнэмшил төрүүлж улмаар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Дотор чулуу нийлүүлэх гэрээ” байгуулж 382.285.800 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Угаалтуурын тавцан чулуу худалдан авах гэрээ” байгуулж 18.900.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан атлаа тухайн ажлуудыг хийж гүйцэтгэлгүй хохирогчтой тохиролцсон гэрээний эсрэг мөнгийг авч хувьдаа зарцуулсан болох нь тогтоогдсон.

 

Хохирогчоос шүүгдэгч М.Бгийн “баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ, энэ төрлийн үйлдвэрийн ажлыг хариуцаж ажилладаг” гэж хэлж, үйлдвэрийг танилцуулах зэрэг үйлдэлд итгэл төрж, улмаар 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өддүүдэд байгуулсан гэрээний дагуу дийлэнх ажлыг хийсэн байдал нь итгэл үнэмшил улам төрж, түүнчлэн хохирогчид “бараа ирж байгаа, Замын –Үүдэд ирж байна” гэх мэтчилэн удаа дарааллан хэлж, гар утас руу нь авсан гэх чулууны зургийг явуулах зэргээр хохирогчид худал хэлсэн, үг үйлдлээрээ гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Шүүгдэгч М.Бгийн хувьд барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, түүнтэй холбоотой засвар, үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг “Сод мана” ХХК-нд ажиллаж байсан боловч тэрээр 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажилладаггүй, тэрээр санхүү, мөнгөний эрсдэлийг даван туулах хөрөнгийн эх үүсвэргүй, бодит боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогчид худал, ташаа ойлголт төрүүлэн мөнгөн хөрөнгийг авч түүнээс зарим хэсгийг биелүүлж итгэлийг өөртөө олж авч, харин дийлэнх мөнгийг төлөхгүй гэсэн гэсэн санаа зорилгоор тухайн мөнгийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж буй үйлдэл нь залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг агуулсан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Х.Ч-д 425.980.200 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ;” гэж тогтоосон ба нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар заасан.    

 

Шүүгдэгч нь хохирогчийн “барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгүүлэх” гэсэн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь  залилах гэмт хэргийн шинж, гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Бг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... миний үйлчлүүлэгч хохирогч Х.Ч хоёрын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдвэрлэхээр тохиролцсон. Тодорхой хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэсэн. Хохирол хор уршгийн асуудлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй, Бодит байдлыг нуух замаар гэдэг байдал нь тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү..” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар өмгөөлөгчийн санал дараах байдлаар няцаагдсан.

 

Шүүгдэгч М.Б хохирогч Х.Ч нарын хоорондГадна чулуу нийлүүлэх гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Дотор чулуу нийлүүлэх гэрээ”, “Угаалтуурын тавцан чулуу худалдан авах гэрээ” байгуулсан боловч шүүгдэгчээс эхний хоёр гэрээний үндсэн дээр тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байгаа мэт боловч тэр нь дахин гэрээ байгуулж хохирогчоос дахин мөнгийг нь авах санаа зорилгыг агуулж, шүүгдэгчээс санхүүгийн хөрөнгө чадваргүй байгаагаа мэдсээр атлаа дахин дахин гэрээ байгуулж, мөнгийг авч өөр зүйлд зарцуулах зорилгоор итгэл төрүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон.

 

Шүүх хэрэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын удаа дараагийн өгсөн мэдүүлэгт хохиролын талаар маргаагүйгээс гадна тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ, бусад баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нотлогдсон гэж үзсэн.

 

Түүнчлэн хохирогчид учирсан хохирлын хэмжээг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоох талаар хуульд тусгайлан зохицуулаагүй.

 

Шүүгдэгчээс хохирогчид хэрэг болсон цаг хугацаанд “Сод мана” ХХК-нд ажиллаагүй атлаа тухайн компанийн барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, түүнтэй холбоотой засвар, үйлчилгээний ажлыг хариуцан ажилладаг, захиалсан чулуу ирж байгаа талаар хэлж, зураг үзүүлэх зэргээр идэвхитэй үйлдэл хийгээд зогсохгүй санхүү мөнгөний хувьд өр зээлтэй, эрсдэл өндөртэй байдлаа мэдсээр байж гэмт үйлдлээ дахин давтан үргэлжлүүлсэн нөхцөл байдлууд нь “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэсэн шинжийг агуулсан гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.    

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Х.Чт 425.980.200 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 50.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул үлдэгдэл 375.980.200 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Баас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Х.Чт 7.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 368.980.200 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нэт Капитал ББСБ” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч энэ хэргийн хувьд тухайн хуулийн этгээд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

М.Б нь “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-тай автомашин худалдан авах зориулалтаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлэн авч, тухайн худалдан авсан “Lexus CT200H маркын, 14-09 УБЕ улсын дугаартай автомашинаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хийжээ.

 

Ийнхүү тэдгээрийн хооронд зээлийн гэрээ хийгдэж иргэний эрх зүйн харилцаа үүсч, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК байх ба тэдгээрийн хооронд хийсэн гэрээний харилцааны хугацаа дуусаагүйгээс гадна М.Бгаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр зарим хэсгийг тухайн автомашиныг худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иргэний нэхэмжлэгчийг төлөөлж Т.Оээс “...Зээлийн гэрээг цуцалж, хохирлоо гаргуулмаар байна. Автомашиныг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнийг сэргээж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан байх ба “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд биш тул түүний “зээлийн гэрээг цуцалж, хохирол гаргуулах” тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.  

 

Харин 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1642 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай прокурорын зөвшөөрлөөрНэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Lexus CT200H” маркын, 14-09 УБЕ улсын дугаартай автомашинд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Тиймээс тухайн автомашинд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснээр “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь гэрээний эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд иргэний эрх зүйн харилцаатай холбоотой маргаанаа зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Б нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор буюу 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Бгийн анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ар гэрийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү....” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгч М.Бгаас залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахаар шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Бы Хаан банкны, Голомт банкны дугаарын данснууд болон 62-30 УНА улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл, 14-09 УБЕ улсын дугаартай Лексус сити 200 эйч /Lexus cm 200h/ маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1642 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 368.980.200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Чт олгосугай.

6. Шүүгдэгч М.Бы Хаан банкны, Голомт банкны  дугаарын данснууд болон 62-30 УНА улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл, 14-09 УБЕ улсын дугаартай Лексус сити 200 эйч /Lexus cm 200h/ маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1642 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН