Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/1101/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1158 |
Огноо | 2022-12-12 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1158
2022 12 12 2022/ШЦТ/1158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. ургийн овогт .. Тд холбог.дох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,....оны ... дугаар сарын ..-ний өдөр ... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Р... сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эмээ, өвөө, дүү нарын хамт Улаанбаатар хот, ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .................../.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь Сүхбаатар дүүргийн ... хойд замд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 00 минутын орчимд “Т.” 2 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” болон 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Пийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Э..с: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Э.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. Үүнд:
-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-10 дугаар тал),
-Хохирогч Д.Пийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад гэртээ харих зорилгоор Улаанбаатар чуулгын хойд замаар зүүнээс баруун тийш чиглэлд явган хүний замаар явж байгаад явган хүний зам автомашины замтай огтлолцсон хэсэгт зам гарч явтал урдаас хойш чиглэлд ирсэн автомашин зогсолгүй миний зүүн өвдөг рүү зүүн талаас мөргөсөн. Би мөргүүлээд газарт унаагүй бөгөөд машин зогсож жолооч нь гэх залуу гарч ирээд шууд “эмнэлэг явъя” гэхээр нь машинд нь суугаад гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмч “ясны хугарал байхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байна, .. авхуул” гэхээр нь бүтэн сайн өдөр авхуулахад ясны хугаралтай байна гэсэн ...Мөн чагтан холбоос сэмэрсэн байна гэж байсан. Би тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг харсан бөгөөд зогсох байх гэж бодож байсан. Тэр машин маш аажуухан явж байсан бөгөөд миний урд явж байсан 2 хүн гарчихсан бөгөөд би араас нь цуваад явж байх үед мөргөсөн. Би ажлынхаа залуугийн хамт явж байсан. Миний явж байсан газарт явган хүний гарц тэмдэг байсан. ...Би анх машин мөргөх үед нь зүүн гараараа хамар дээр нь тулаад эргэх үед хөл хөшигдсөн...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 17-25 дугаар тал),
-Иргэний хариуцагч Б.Сын “...Манай хүү Т миний нэр дээр байдаг .. загварын ... дугаарын автомашиныг унадаг юм. 2021 онд энэ автомашиныг худалдан авсан бөгөөд түүнээс хойш би болон манай хүү унадаг юм. Энэ автомашин нь ямар нэгэн зээл байхгуй миний нэр дээр байдаг. Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сард оношилгоонд орж тэнцсэн. ...Т манай төрсөн хүү учир бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
-Гэрч Б.Н“...Т намайг Этүгэн сургуулийн хажуугаас ирж авсан юм. Тухайн үед ... загварын ... дугаарын автомашиныг Т унаад би хажууд нь суугаад ... хойд талын уулзварт урдаас нь ирээд хурдаа удаашруулаад машин ирж байгаа эсэхийг хараад баруун тийш буюу зүүн гар тал руугаа хараад хөдөлтөл зүүн талаас буюу баруун гар талаас 2 явган зорчигч урд гарч ирээд нэгийг нь мөргөөд нөгөөд нь тулаад зогссон. Машин зогсоод Т буугаад очоод биеийг нь асуугаад “өвдөөд байна” гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү машиндаа суулгаад аваад явсан, би бас хамт явсан ...Ттэй хамт Налайх явах гэж байсан юм. Бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
-Гэрч Б.Бий “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад гэртээ харих гээд хамт ажилладаг Д.Пийн хамт ...-ийн ... хойд замд зүүнээс баруун тийш чиглэлд явган хүний замаар явж байсан. Би Д.П ийн баруун гар талд нь явж байсан. Яг тухайн замд явган хүний зам автомашины зам 2 огтлолцох үед урдаасаа баруун гар тийш эргэх гэж байсан автомашин гэнэт хаазлаад Пийг мөргөх үед би үсрээд хажууд нь гарчихсан. Пийн зүүн хөл рүү өвдөг хэсэг рүү нь мөргөсөн гэж бодож байна. Ослын өмнө зүгээр алхаад явж байсан боловч машинд мөргүүлээд “хөл өвдөөд байна” гээд нөгөө ... загварын автомашинд суугаад гэмтлийн эмнэлэг орсон. Осол гарсан газарт хэвтээ тэмдэглэл байхгүй боловч явган хүний гарц гэсэн тэмдэг байсан. Осол гарах үед Э.Т нь машин унаж явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Би автомашинд мөргүүлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “1. Д.Пийн биед зүүн шаант ясны гадна булууны үений гадаргуу дайрсан сэлтэрсэн шахагдсан хугарал, гадна хагас саран жийргэвчийн урд эврийн их биеийн урагдал. зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн ... дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),
-Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “1.Жолооч Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Д.П нь ЗХДүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх ... дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /жолооны үнэмлэхийн дугаар ../ (хавтаст хэргийн 58 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.
Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Э.Тгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 16.1-т заасан заалтуудыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Э.Тгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Пийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар тал)-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Д.Пийн зүгээс “хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 74 дүгээр тал) гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгээр шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Т нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН