Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1666

 

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/01666

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Ганболд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 65,000,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Хариуцагч Рд холбогдуулан Т газрын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Т газар-тай байгуулсан контракт гэрээг зөрчиж, байгууллагын санхүүгээс 2015 оны 01 дүгээр сард 40,000,000.00 төгрөгийг бэлнээр, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 25,000,000.00 төгрөгийг *******ны ******* дугаарын дансанд шилжүүлж, 2016 оны 07 дугаар сард 3,500,000.00 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,300,000.00 төгрөгийн үнэтэй Айфоне 6 маркийн гар утас хувьдаа авсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М газрын оффисын түрээсийн төлбөр болох 6,000,000.00 төгрөгийг эхнэр С *******ны ******* данс руу шилжүүлсэн, охин А М нарын сургалтын төлбөрт 2,310,000.00 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ тус тус зарцуулж хувьдаа завшсан гэх хэрэгт С газраас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Хөрөнгө завших/-д зааснаар 1709001980360 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан.

 

Мөрдөн шалган ажиллагааны явцад хариуцагч Рг 68,500,000.00  төгрөгийг хувьдаа авсан болохыг баримтаар тогтоосон ба тэрээр төрд 68,500,000.00 төгрөгийн хохирол учруулснаас 65,000,000.00 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна.

 

Хариуцагч Р нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хувьдаа завшин үрэгдүүлсэн 65,000,000.00 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд холбогдох хэрэг нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдсан тул энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон юм.

 

Гэтэл хариуцагч Р нь Т газрын орлогоос хувьдаа завшсан 65,000,000.00 төгрөгийн хэрэгт шалгагдаж байхдаа уг төлбөрийг тус байгууллагад нөхөн төлөхөө илэрхийлж байсан боловч одоог хүртэл хохирлыг төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т газраас тус дүүргийн прокурорын газрыг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасны дагуу манай байгууллагаас Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд тус тус зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

 

Иймд, хариуцагч Ргаас 65,000,000.00 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү” гэжээ

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний бие *******,******* настай, эхнэр 2 охины хамт ... тоотод амьдардаг. 2013-2018 оны хооронд М газрын захирлаар ажилласан бөгөөд тус үйлдвэрийн хөрөнгөөр орон сууцны байрны урьдчилгаанд нэхэмжлэлд дурдсан мөнгийг тушаасан нь үнэн.

 

Тухайн үед үүнийг Төрийн өмчийн хороогоор оруулж шийдвэрлэх ёстой байсан боловч 2015-2016 онд ТӨХ-ны хурал хийгдээгүй, дарга нь байнга солигдсон байдалтай, өмнөх дарга Н нь шүүхдэж заргаа авч, яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас бүрддэг ТӨХ-ны хурал ирц хүрдэггүй, төрийн нарийн бичгийн дарга нар бүгд ажлаа хийж чадахаа байсан үе таарсан бөгөөд Засгийн газрын тэргүүний хэвлэлд ярилцлага өгч байснаар төрийн өмчит үйлдвэрүүдтэй зөвхөн татвараар дамжин харилцаж байх, үйл ажиллагаанд нь төр оролцохыг эрс багасгах тухай шийдвэр гарч, Засгийн газрын шийдвэрээр хороог татан буулгасан байв.

 

 Мэдээж намайг ийм үеийг далимдуулсан мэт харагдаж болох ч үнэхээр гадаад дотоод нөхцөл байдал тэгж таарсан ба хувийн амьдралын гачигдал нөлөөлсөн. Энэ үед миний хувийн амьдрал хүнд, эхнэр хүүхдээс салаад 8 жилийн дараа буцаж нийлэхээр шийдсэн ба өөрийн орон гэргүй, 11 дүгээр хороололд айлын хажуу өрөөнд амьдарч байсан гэх зэрэг ийм аргагүй байдалд орж эргэж гэр бүлээ сэргээх гэж байж хадмын өмчлөлийн маргаантай байранд 8 жилийн дараа эр хүн гуяа ганзагалаад очих үнэхээр гудамшигтай байсан тул “Э” ХХК-ийн орон сууцанд 1 өрөө байр захиалсан байсныг 3 өрөө болгож захиалсан юм.

Нөхцөл байдалд яагаад тэгж шахагдсан бэ гэвэл тус байранд үндсэндээ 3 өрөө байр 1 ширхэг үлдсэн, урьд нь захиалсан 1 өрөөний гэрээг шинэчилэн 3 өрөө болгох боломж байсан юм. Хэрэв Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүлээсэн бол юун ганц миний орон сууцны өргөдөл байтугай хурлаа хийхгүй хэдэн сар болж, хороо нь өөрөө татан буугдсан тул ямар ч шийдвэр гаргахгүй байсаар 2016 оны 06 дугаар сард УИХ сонгууль болж, миний амьдрал ч бахь байдгаараа өнгөрөх байсан болов уу.

 

Миний бие хар залуу наснаасаа Ардчилсан хувьсгалын төлөө, нийгэм улс төрийн тэмцэл хөдөлгөөнд идэвхийлэн оролцож, 1990-1997 оны хооронд ямар нэг тогтсон цалин хөлсгүй Монголын оюутны холбоонд зохион байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 онд УИХ-ын тамгын газарт Ардчилсан холбоо эвслийн бүлгийн ажлын албанд ажилласан ч 2000 онд засаг солигдож, дахиад гудамжинд гарч ажилгүй амьдрал туйлын хүнд явсаар 2004-2006 оны үед хадгаламж, зээлийн хоршооны хэрэг гэгч маш олон хохирогчтой санхүүгийн будиантай хэргийн балгаар хохирч, эх адаггүй хэрүүлийн улмаас над руу чиглэсэн байнгын дайралт доромжлолыг үл тэвчин өөрийн эгчийг шоронд явуулалтай биш би явъя гэж хэлээд гэр бүл маань салж, хоёр бага насны охин, эхнэртээ амьдарч байсан байраа орхин, өөрөө эгчийндээ толгой хоргодох байдалд хүрсэн.

 

Би, улс нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж, хариуцсан ажилдаа үнэнч шударгаар хандаж ирсэн, элдэв хулгай луйвар албан тушаалын гэмт хэрэг гэгчээс хол, улс орондоо хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан хүнлэг энэрэнгүй шударга нийгмийг байгуулахын төлөө өлсөж, жагсаж тэмцэж явж ирсэн. Энэ удаа ийнхүү төрийн өмчийн газрын мөнгийг завшсан хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа ч нэгд, төсвөөс 1 ширхэг зоосны санхүүжилт авдаггүй байгууллага, хоёрт, энэ улс орны хөгжил, сайн сайхан байдал гэр бүлээс эхлэлтэй нь үнэн юм бол, төр улсын бодлого бүх ажил хүний төлөө хүнлэг энэрэнгүй нийгэм юм бол миний гэр бүл, их сургуулийн багш эхнэр, оюутан 2 охин минь тодорхой хэмжээнд тав тухтай орчинд төрсөн эцэгтэйгээ амьдарч цаашид эх орондоо ихийг бүтээх эмч, хуульч болон бэлтгэгдэж байгаа нь миний хийсэн үйлдлийг эрх зүйн хувьд биш ч ёс зүйн хувьд бага ч атугай зөвтгөх үр дүн юм болов уу.

 

Хийсэн үйлдэлдээ би гэмшиж ухамсарлаж байсан учраас хуулийн байгууллагын өмнө үнэнээ хүлээсэн, гэхдээ өнөөдөр өнөөгийн улс орны байдлыг хараад төрийн өндөр дээд албанд ямархуу санхүүгийн сахилга хариуцлага ноёрхож, УИХ дахь тэрбумтан гишүүд нь өөрсдөө иргэдийнхээ боломжийг булааж идсэн байгааг, тэрэндээ өчүүхэн ч гэмшиж хариуцдага үл хүлээж байгааг харахад миний хувьд өөрийгөө бараг зөвтгөх хэмжээний сэтгэгдэл төрж байна.

 

Дашрамд дурдахад ТӨХ-оос ТӨҮГ-ын даргатай байгуулсан контракт гэрээнд орон сууцны асуудлыг оруулсан байдаг. Нас явж 50 гарчихаад хамаг залуу насаа жагсаал цуглаан тэмцэл хөдөлгөөнд өнгөрөөж гэр оронгүй, орон сууцны асуудлаа шийдэж чадахгүй бахь байдгаараа гон бие гозон толгой явж байвал хүн "энэ Р ёстой мундаг шудрага сайн хүн" гэх болов уу, харин ч арчаагүй тэнэгээр минь дуудах байсан болов уу, хэлж мэдэхгүй байна, янз бүр байх гэж бодож байна.

 

Би, 2008 оны 07 дугаар сарны 01-ний өдөр шанаандаа буудуулан шарх авч улмаар хилсээр ял тулгагдан Ганц худагт сар хоригдон, хэрэг маань хэрэгсэхгүй болж байв. Төр засгаас миний Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт болон төр нийгмийн төлөө зүтгэсэн зүтгэл оролцоог үнэлж ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, АН-ын дээд шагнал Чингис хааны алтан одон, МоАХ-ноос бүх л төрлийн одон медалиа харамгүй өгч, МоАХ-ны дарга асан өнөөгийн ерөнхийлөгчийн санаачилгаар нэг өрөө орон сууцаар шагнуулж (бэлэглэлийн гэрээ бүхий, харамсалтай нь тэр нэг өргөмжлөл батламж л олгогдож явсаар 3 жил болов) байлаа.

 

Ийнхүү би 5 жил ажиллах хугацаандаа төр, аж ахуйн нэгж, иргэдийн тамгыг хийдэг энэ онцлогтой байгууллагад ямар нэг хууль зөрчсөн явдал гаргахаас сэргийлж, тус төрийн өмчит үйлдвэрийн газрын өмнөх дарга нарын үеийн элдэв өглөг татварын өрийг хуулиар хүлээсэн бүх татвар хураамжийг цаг тухай бүр найдвартай төлж, улмаар эхний 2 жилд 30,000,000.00 гаруй төгрөгийн ногдол ашгийг ТӨХ-нд буюу улсын санд тушаасан. Ашигтай сайн ажиллуулж ажилчдаа анхааран төрийн өмчийн ногдол ашгийг тушаасан тул намайг ТӨХ-оос 8,000,000.00 төгрөгөөр шагнасан  ба түүгээр нь өөртөө нэг бугуйн цаг, 1 өрөө байр захиалж байлаа.

 

Би, Монгол тамгын ажилтан албан хаагчдыг нэг ч хүнийг захиргааны санаачилгаар халсангүй, харин бүх ажилтнууддаа тусламж үзүүлж амьжиргаанд том тус дэм болсон учир сэтгэл дүүрэн явдаг. Улсын хамаг тамгыг хийдэг 20 гаруй жил болсон ганц үйлдвэр гэхэд ажилчдынх нь амьдрал дэндүү хөөрхийлөлтэй байсан гэдгийг хэлэх ёстой. Орон гэр ахуй нөхцлийн хувьд туйлын хүнд байсан 20 гаруй жил ажилласан 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх бэлтгэгч эмэгтэйд орон сууцны урьдчилгаа гаргаж өгч байртай болгож, мөн ахмад ажилтан мастер, нягтлан нарт мөн орон сууцны нөхцлөө сайжруулахад нь байгууллагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд байр авахад нь мөнгө тааруу ч тус бүр 10,000,000.00 төгрөг гэх мэт гаргаж өгч, нөгөө ажилтны ар гэрийн гачигдлыг харгалзан дэмжлэг үзүүлж ажиллаж байсан” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т газраас хариуцагч Рд холбогдуулан гэм хорын хохиролд 65,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус байгууллагаас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00267 тоот тогтоолоор хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, түүнд хэргийн материалыг дахин танилцуулж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13:30 цагт товлож, энэ тухай зохигч болон иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн хэдий ч талууд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч Т газраас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр С газарт хариуцагч Рд холбогдох 65,000,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах итгэмжлэл өгчээ /х.х-ийн 5 хуудас/.

 

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж, мөн 20.3.-д “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу С газраас энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар С газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 170900198 тоот тогтоолоор хариуцагч Рд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж,  хэрэг  бүртгэлийн хэрэг нээжээ /х.х-ийн 6, 76 хуудас/.

 

 Тодруулбал, хэрэгт авагсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б-ийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн М газарт ажиллах үеэр тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй асуудлуудын талаар шалгуулах танилцуулгын дагуу хариуцагч Рг 2015 оны 01 дүгээр сард 40,000,000.00 төгрөг, 2015 оны 05 дугаар сард 25,000,000.00 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 3,500,000.00 төгрөгийг тус тус албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэсэн үндэслэлээр шалгасан байна /х.х-ийн 7, 8, 108, 109 хуудас/.

 

Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/25 тоот актаар М газрын 2015 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар хариуцагч Рг уг байгууллагаас байрны төлбөрт 65,000,000.00 төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасныг тус тус зөрчин хувьдаа авсан болохыг тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхийг даалгажээ /х.х-ийн 10, 77 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар С газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тогтоолоор хариуцагч Рд холбогдох 1709001980360 тоот эрүүгийн хэргээс байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол,  харин 17 тоот тогтоолоор түүнд холбогдох 68,500,000.00 төгрөгтэй холбоотой эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 103-107 хуудас/.

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д “Энэ хуулийн 3.1.-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасны дагуу хариуцагч Рг тийнхүү 2015 оны 01 дүгээр сард 40,000,000.00 төгрөг, 2015 оны 05 дугаар сард 25,000,000.00 төгрөг, нийт 65,000,000.00 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан үйлдэлтэй хэргийг уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

 

 Хэдийгээр хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг 65,000,000.00 төгрөгийг авах болсон үндэслэлээ тодорхой хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас авч, орон сууц худалдан авахад зарцуулсан, тус хөрөнгийг өөрт нь олгох талаар шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс шийдэхгүй удсан гэж тайлбарласан боловч тэрээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 тоот тогтоолд гомдол гаргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.-д “Энэ хуулийн 7.1.-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, мөн 10.9.-д “Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу нэгэнт хариуцагч тал прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, түүнд холбогдох эрүүгийн хэргийг энэхүү хуулийг хэрэглэн хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

Нөгөө талаар прокурорын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 тоот тогтоолд дурдсанаар хариуцагч тал 2016 оны 07 дугаар сард авсан 3,500,000.00 төгрөгийг төлж, харин үлдэх 65,000,000.00 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримт, мөн хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбараар хариуцагч нь 65,000,000.00 төгрөгийг хувьдаа авсан үйл баримт болон хохирлын хэмжээний талаар маргаагүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 65,000,000.00 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                  

 

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ргаас 65,000,000.00 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 482,950.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МАНДАЛБАЯР

 

        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНБОЛД

 

                                                                                                        Д.ЗОЛЗАЯА