Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         01        25                                   2023/ШЦТ/121

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэндулам,

Улсын яллагч: М.Гансувд,

Шүүгдэгч: О.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 00  дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.У нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатарын талбай” гэх газарт тайван замаар жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлэн зогсож байсан хэсэг хүмүүсийн дунд “Төрийн ордон руу дайръя, энд зогсоод ямар ч шийдэл хүрэхгүй” гэж хэлэн хууль бус үйлдэлд өдөөн турхирч байхад нь хууль сахиулагч буюу тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Б, Э.У нар тухайн жагсаал болж байгаа газарт хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа очиж, түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлагыг тавьж, хэн болохыг тодруулах зорилгоор зогсож байсан газраас нь өөр газар шилжүүлэн 67 дугаар постын байранд аваачихаар авч явсан боловч хуульд заасан уг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “явах шаардлага байхгүй” гэж хэлж зугтаах үйлдэл хийж улмаар барьж авсан цагдаа П.Быг хүч хэрэглэн тонгорч унаган, цагдаа Э.Уын дүрэмт хувцаснаас татаж чангаан эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тэсо гэх ажлын үйлдвэрээсээ гараад явж байсан. Тухайн өдөр ажлаа тараад талбай дээр үзэл бодлоо илэрхийлэх гэж очсон. Төрөөс өмнө нь нүүрс 600 төгрөг гэж үнэгүй болгосон энэ мөнгөнөөс идсэн учир би их бухимдалтай байсан. Тухайн үед хуулийн мэдлэггүйгээсээ болж ийм хэрэгт орооцолдсон. Жагсаж байх үедээ бид нар яахаараа гадаа даарч зогсож байдаг юм. Төрийн ордон руу орж энэ хүмүүс шиг адилхан дулаахан зогсъё гэж хэлсэн. Над дээр хоёр цагдаа ирээд ийшээ явъя гэж хэлэхээр нь дагаад явсан. Надад 2 удаа шаардлага тавьсан би шаардлага биелүүлсэн ч дахиад ийшээ явъя гээд байхаар нь би яваагүй. Тэгтэл надад хүч хэрэглээд хоёр талаас сугадаад аваад явсан. Би айгаад хойшоо зугтаасан. Тэгээд зугтааж байтал хойноос гүйгээд ирэхээр нь үүрээд унагасан...”гэв.

 

Эрүүгийн 00 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Хохирогч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-33, 36-38 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-46, 49-50 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №16566 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 85-88  дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч О.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/, гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 118-126 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 21 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.У нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатарын талбай” тайван замаар жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлэн зогсож байсан хэсэг хүмүүсийн дунд “Төрийн ордон руу дайръя, энд зогсоод ямар ч шийдэл хүрэхгүй” гэж хэлэн хууль бус үйлдэлд өдөөн турхирч байхад нь хууль сахиулагч буюу тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Б, Э.У нар тухайн жагсаал болж байгаа газарт хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа очиж, түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлагыг тавьж, хэн болохыг тодруулах зорилгоор зогсож байсан газраас нь өөр газар шилжүүлэн 67 дугаар постын байранд аваачихаар авч явсан боловч хуульд заасан уг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “явах шаардлага байхгүй” гэж хэлж зугтаах үйлдэл хийж, улмаар барьж авсан цагдаа П.Быг хүч хэрэглэн тонгорч унаган, цагдаа Э.Уын дүрэмт хувцаснаас татаж чангаан эсэргүүцсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч П.Бын “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр болж буй хууль бус жагсаал цуглааны үеийн хэв журмын үүргийг дэд ахлагч Э.Уын хамтаар гүйцэтгэн Сүхбаатарын хөшөөний хойд талд буюу тугны суурины хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед 40 орчим залуучууд юм яриад зогсож байсан ба энэ үед тэр залууд дундаас 1 залуу гүйж бид 2 дээр ирээд “тэнд нэг залуу, бид нарыг уриалаад Төрийн ордон руу дайръя, энд зогсоод ямар ч шийдэлд хүрэхгүй” гээд уриад буруу тийшээ турхираад байна гэж хэлсэн.Энэ үед би дэд ахлагч Э.Уын хамтаар уг хэсэг бүлэг залуучууд дээр очиж 25-30 орчим насны ажлын ногоон Секурити гэсэн бичигтэй хувцастай залуу уг40 орчим залуучуудын дунд нь ороод “хэдүүлээ одоо энд зогсоод ямар ч шийдэлд хүрэхгүй байна. Төрийн ордон руу дайръя, оръё” гээд уриалаад зогсож байсан.Тэнд байсан залуучууд дэд ахлагч Э.У бид 2-г очиход энэ “хүнийг аваач, холдуулаач” гэж хэлж байсан. Ингээд дэд ахлагч Э.У бид 2 уг залууд Цагдаагийн албаны тухай хуульд заасан хууль ёсны шаардлага тавьж, хэн болохыг нь тогтоох зорилгоор Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоол дээр байрлах цагдаагийн пост руу дагуулан авч явж байтал, уг залуу “би тийшээ явахгүй, тийшээ явах ямар ч шаардлага байхгүй” гэж шаардлага эсэргүүцсэн. Тухайн үед уг залууд дахин шаардлага тавихад уг залуу бид 2-с зугтаж Сүхбаатарын хөшөө тал руу гүйсэн. Ингээд дэд ахлагч Э.У бид 2 уг залуугийн араас нь хөөж би уг залууг араас нь тэвэрч авах үед намайг уг залуу үүрч газар шидэж унагаагаад цаашаа зугтаасан. Энэ үед энгийн хувцастай цагдаагийн албан хаагч араас нь гүйж очин уг залууг барьж аваад дэд ахлагч Э.У бид 2 авчирч өгсөн. Тэгээд дэд ахлагч Э.У бид 2 уг залууг Сүхбаатарын талбайн авто зогсоол дээр байсан жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний автомашинд хүлээлгэн өгөөд эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн...уг залуу ганцаараа голд нь орсон тэнд байсан залуучуудыг уриалж байсан. Өөр хамт явсан хүн байгаагүй ..Харин тэнд байсан залуучууд нь уг залууг аваач, буруу зүйлд турхираад байна гэж хэлж байсан... эрүүл байх шиг байсан...очиход уг залуу “хэдүүлээ энд зогсоод ямар ч шийдэлд хүрсэнгүй, хэдүүлээ төрийн ордон руу дайръягээд уриалаад зогсож байсан. Уг залуу гартаа ямар нэгэн уриа лоозон бариагүй байсан ..бид 2-г уг залууд хандан Цагдаагийн албаны тухай хуульд заасан хууль ёсны шаардлага тавьж хэн болохыг нь тогтоох зорилгоор “та энд бусдыг буруу зүйл рүү уриалж турхирч болохгүй, таны хэн болохыг тодруулах шаардлагатай байна бидэнтэй хамт явна уу” гэж хэлэхэд бид 2-той хамт явж байснаа Сүхбаатарын авто зогсоолын хойд талд ирэх үед гэнэт уг залуу “би ийшээ явах шаардлагагүй, би явахгүй” гэж хэлээд зугтаасан. Ингээд бид 2 уг залуугийн араас гүйж Сүхбаатарын хөшөөний урд хэсэгт очиж би уг залуугийн араас нь тэвэрч барьж авах үед намайг үүрээд шидэж газар унагаасан...Тухайн үед би уг залууд үүрүүлээд шидүүлээд нуруу хэсгээрээ газарт унасан. Тэгэхэд ямар нэгэн зовуурь үүсээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Уын “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн хүлэг 67 постод 24 цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байсан. Тэгээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатарын талбай дээр иргэдийн зүгээс 10 цагийн орчимд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Тэгээд 15 цаг 20 минутын орчимд 40 орчим иргэн Сүхбаатарын хөшөөний хойно тугны суурины голд бөөгнөрчихсөн хоорондоо юм яриад зогсоцгоож байсан ба би эргүүлийн цагдаа, дэд ахлагч П.Бын хамтаар тухайн хүмүүсийн ойролцоо үүргээ гүйцэтгээд явж байхад тэр цугларсан 40 орчим хүний дунд Security гэсэн бичигтэй ногоон өнгийн хувцас өмссөн залуу тэр хүмүүст хандаж “хэдүүлээ 2-3 өдөр жагсаж байна, ямар ч үр дүнд хүрсэнгүй төрийн ордон руу дайръя” гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгтэл тухайн бөөгнөрсөн залуучууд тэр залууд хандаж бид нар тайван жагсаал хийж байна, чи битгий бусдыг турхираад буруу зүг рүү чиглүүлэх гээд бай гэж хэлсэн. Тэгтэл тэр дундаас нэг залуу Бямба-Очир бид 2 дээр хүрч ирээд “энэ залууг аваарай, энэ залуу буруу зүйл рүү турхираад байна гэж хэлэхээр нь Бямба-Очир бид 2 явж очиход тухайн ногоон өнгийн хувцастай “төрийн ордон руу дайръя” гэж хэлсэн залуутай уулзаж аваад явж байтал тэр залуу Сүхбаатарын хөшөөний зүүн урд талд гэнэт зугтаах гэсэн үйлдэл гаргасан юм Тэгэхээр нь Бямба-Очир бид 2 тэр залууг 2 талаас нь хувцаснаас бариад автал нөгөө залуу гүйгээд яваад өгсөн. Харин манай цагдаа Бямба-Очир хойноос нь гүйгээд тэр зугтаасан залууг бариад автал, Бямба-Очирыг тэр залуу шууд тонгорч газар унагаагаад зугтаасан ба манай цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Чинбатын хажуугаар гүйгээд гараад явсан. Би шууд хойноос нь гүйж, бас нэг энгийн хувцастай цагдаа хойноос нь гүйж бид 2 тэр залууг барьж аваад цагдаагийн алаг тэрэг зогсож байхаар нь аваачиж суулгаад Бямба-Очир бид 2 буцаад эргүүлийн чиглэл рүүгээ явсан...Тэр залуугийн хэн болохг нь өөрөөс ньтухайн үед асуутал тэр залуу бид 2-т нэрээ хэлэхгүй байсан. Тэгээд Бямба-Очир бид 2 хэн болохыг нь тодруулах зорилгоор пост руу авч явна гэхэд явахгүй би явах шаардлага байхгүй гэж хэлээд орилж хашгираад байсан. Бямба-Очир алив постон дээр очоод танаас хэдэн зүйл тодруулах шаардлагатай байна гэж хэлээд л тайлбарлатал эсэргүүцэж байгаад дагаж явсан. Тэгээд дагаж явж байхдаа Бямба-Очирыг тонгорч унагаагаад зугтаасан... тэр залуу ганцаараа явж байсан...Миний биед халдсан асуудал байхгүй. Харин зугтаах гэж хувцаснаас зууралцаж эсэргүүцэл үзүүлсэн... Тухайн үед энгэрийн камер гадаа олон цагаар үүрэг гүйцэтгээд зарцчихсан тэгээд асахгүй байсан болохоор бичлэг хийгээгүй. Харин тэр залууг бөөгнөрсөн хүмүүс дунд орчихсон орилж байхад нь эргүүлийн постны гар утсаар бичлэг хийж авсан. Тэрнээс биш зугтаагаад бас Бямба-Очирыг тонгорч унагаагаад гүйх үеийн бичлэг бол хийгдээгүй...миний цагдаа куртикний цахилгааны доод талын товч мултарч унасан. Куртикны товчийг тухайн хүн эсэргүуцэж байхдаа унагаасан...” гэсэн мэдүүлэг,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...2022.12.06 гэх бичиглэлтэй ногоон цагаан өнгийн хатуу СД, “талбайн бичлэг хяналт камер” гэх бичиглэлтэй ногоон цагаан өнгийн хатуу СД-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Уг бичлэгийг эхлүүлэхэд Жанжин Сүхбаатарын талбай дээр хүмүүс бөөгнөрч тойрог болж зогссон байх ба тухайн бөөгнөрч тойрог болж зогссон хүмүүсийн голд нь улбар шар өнгийн малгайтай, ногоон өнгийн куртик, өмдтэй, куртик дээрээ Security гэсэн бичвэртэй эрэгтэй хүний дүрс гарч байна. Уг бичлэгт тойрог болж зогссон хүмүүс “яв л даа, чи битгий турхираад бай, энийгээ аваач” гэж хэлж байх ба хүмүүсийн голд нь зогссон улбар шар өнгийн малгайтай, ногоон өнгийн куртик, өмдтэй эрэгтэй хүн “шийдэлд хүрье, энд зогссоны хэрэг байхгүй” гэж хэлж байна Бичлэгийн 15 секундэд тойрог руу цагдаагийн алба хаагч орж тухайн ногоон өнгийн куртик өмдтэй эрэгтэй хүнийг 2-уулаа уулзъя цаашаа яваад өг ахын дүү гэж хэлж байх бөгөөд бичлэг дуусаж байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...ертөнцийн зүгээр зүүн талын ногоон гацуурын хажуугаар ногоон хантааз өмссөн цагдаагийн 2 алба хаагч голдоо нэг хар бараан хувцастай эрэгтэй хүний хамтаар камерын зүг рүү чиглээд ирж байгаа харагдаж байх бөгөөд бичлэгийн 05 секундэд уг иргэн явахгүй зогсож цагдаагийн алба хаагчийн ард үлдэж хоцорч байх ба цагдаагийн 2 алба хаагч эргэн харж уг иргэнийг гараас нь барьж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд уг иргэн явахгүй гэж эсэргүүцэж байгаа харагдаж байх ба 2 цагдаагийн алба хаагч 2 талаас нь гараас нь барьж татаж байгаа харагдаж байна. Бичлэгийн 24 секундэд уг иргэн цагдаагийн алба хаагчийн гараас мултраад хойшоо чиглээд гүйж байх бөгөөд уг 2 цагдаагийн алба хаагчийн, нэг алба хаагч нь хойноос нь гүйж очин барьж авах үед уг иргэн цагдаагийн алба хаагчийг газар үүрч унагааж байх бөгөөд өөрөө мөн адил газар унан босоод үргэлжлүүлэн цаашаа зугтааж байгаа харагдаж байна. Мөн уг хүний хойноос цагдаагийн алба хаагчид гүйж явж байгаа харагдаж байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Шүүгдэгч О.Уын яллагдагчаар өгсөн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 5 шард байдаг Тэсо үйлдвэрээс 13 цагийн орчимд гараад 14 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбай дээр ганцаараа өөрийн эзэмшлийн 07-32 ДАА улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Миний ирсэн шалтгаан бол Фейсбүүкээр яваад байсан нүүрсний хулгайн хэргийн талаар үг, үзэл бодлоо илэрхийлэх, ард түмэнтэйгээ нэгдэх гэж ирсэн. Сүхбаатарын талбайн гол хэсэгт би оюутнуудтай маргалдаж байсан ба оюутнууд намайг тролл гэж хэлээд байсан. Цагдаа нар оюутнуудын ойролцоо буюу ард нь явж байсан ба надад хандан чи наашаа хүрээд ир ойролцоо очоод юм ярилцъя гэж хэлсэн. Тэгээд би тухайн 2 цагдаагийн алба хаагчтай хамт шаардлагынх дагуу Сүхбаатарын талбайн урд хэсэг рүү явж байсан. Төрийн ордон руу оръё гэсэн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн... Миний бие жагсаал цуглааны үеэр бөөнөөрөө  “Төрийн ордон руу оръё наадуул чинь гарч ирэхгүй” гэж үзэл бодлоо илэрхийлсэн ба тухайн жагсагчид нь намайг тролл гэж хэлээд байсан ба цагдаагийн алба хаагчид ойрхон байсан учраас надтай ирж уулзсан.. Цагдаагийн алба хаагчид нь надад ийшээ ойрхон яваад ярилцъя гэж хэлсэн. Тэр үед би хэлсэн шаардлагынх нь дагуу талбайн урд хэсэгт очсон ба би энэнээс цааш явахгүй гэж хэлэхэд Цагдаагийн алба хаагчид надад хүч хэрэглэн буюу намайг сугадан авч явсан... Миний бие Цагдаагийн алба хаагчийг үүрч унагаасан үйлдэл гаргасан...Жагсаалд оролцож байсан иргэд юм уу оюутнууд нь намайг хэн нэгний явуулга тролл байна чи эндээс яв, чиний дансанд мөнгө орчихсон уу гэж хэлээд байсан ба цагдаагийн алба хаагчид нь намайг жагсагчид тэгж хэлсний улмаас ийшээ холдоод ярилцъя гэж хэлсэн...Би гэм буруугаа хүлээн зевшөөрч байна... Би цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж үүрч унагаасан асуудалдаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.У нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Тодруулбал хэрэг явдал болох хугацаанд “Сүхбаатарын талбай”-д тайван замаар жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлэн зогсож байсан хэсэг хүмүүсийн дунд шүүгдэгч О.Уоос “Төрийн ордон руу дайръя, энд зогсоод ямар ч шийдэл хүрэхгүй” гэж хэлж бусдыг өдөөн турхирах үг хэлж, үйлдэл гаргах үед олон нийтийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлэх зорилгоор хууль сахиулагч П.Б, Э.У нараас тухайн жагсаал болж байгаа газарт хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа очиж, түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлагыг тавьж, хэн болохыг тодруулах зорилгоор зогсож байсан газраас нь өөр газар шилжүүлэн 67 дугаар постын байранд аваачихаар авч явах үед О.Уоос цагдаа П.Быг хүч хэрэглэн тонгорч унаган, цагдаа Э.Уын дүрэмт хувцаснаас татаж чангаан эсэргүүцсэн байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа дараахь тохиолдолд хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгана:” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.2-д “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, завдсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлтэй;” гэж зааснаар цагдаагийн албан хаагч нараас О.Уод хууль ёсны шаардлага тавьсан байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа шаардсан бол тухайн хүн бичиг баримтаа шалгуулах, эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн огноог хэлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу цагдаагийн албан хаагч нараас шүүгдэгчийг хэн болохыг тодруулах зорилгоор тавьсан шаардлагыг зөрчиж хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.  

      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

 “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн байхыг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл хийсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. 

 

П.Б, Э.У нар нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь тогтоогдсон байна.

 

Ийнхүү шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Уыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгч О.Уоос “...өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б, Э.У нараас “...шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч О.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч О.Уод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.У нь дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, жудо, чөлөөт бөхөөр хичээллэж тодорхой амжилтууд гаргаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч О.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн санал гаргаж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тус тус илэрхийлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч О.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч О.Уод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгч О.Уод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, спортоор тогтмол хичээллэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах тохиромжгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв авч явах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч О.Уыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч О.Уод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч О.Уод хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хууль зүйл хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4.  Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН