Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        01         26                                    2023/ШЦТ/123

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэндулам,

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч: Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1992 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах З бааранд хохирогч Т.Аыг өшиглөж эрүүл мэндэд нь “умдаг орчмын зөөлөн эдийн няцрал” гэм бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.    

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

            Хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-18, 24-26 дугаар хуудас/, 

 

            Гэрч Н.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №14583 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хын мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах З бааранд хохирогч Т.Аыг өшиглөж эрүүл мэндэд нь “умдаг орчмын зөөлөн эдийн няцрал” гэм бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Т.Агийн “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 цагийн орчим найз залуутайгаа хоёулаа Ариунжаргал гэх найзынхаа төрсөн өдөрт очсон. Очоод найЗдтайгаа уулзалдаад байж байсан чинь гэнэт нэг архи цацраад нүд рүү орсон. Би шампанскаа буудуулаад байна гээд эргээд хартал нөгөө ширээн дээрээс дахиад их шингэн зүйлс цацагдаад байсан. Нөгөө ширээн дээр хэрүүл болоод байхаар нь би найз залуугаа хайгаад хартал 2 ширээний голд байсан шатан дээр зогсож байсан. Би найз залуу руугаа очих гээд явж байтал үл таних эрэгтэй хүн над руу ойртож ирээд орилоод байсан. Над руу цохих гээд орилоод байхаар нь “та нар одоо болиоч юу болоод байгаа юм бэ” гэхэд над руу үргэлжлүүлээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Би айгаад найз залуу руугаа очих гэтэл миний хажуу талаас өшиглөөд араас ирээд дахиад нэг өшиглөсөн. Би “чи яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ” гэхэд над руу дайраад байсан. Найз залуу маань намайг өмөөрч урдуур нь ороход түүн рүү бас давшлаад дайраад байсан. Би найз залуугаа дагуулж намайг өшиглөсөн хүнээс уучлалт гуйлгамаар байна гээд гартал гадна үүдэнд намайг харчихаад галЗ юм шиг дайраад давшлаад байсан Би найз залуугийнхаа араар орж нуугдтал найз залуу руу бас дайрч давшилсан. Би арга эвээр учрыг нь олъё гэтэл миний үгийг сонсохгүй байсан... ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Лгийн “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 02 цагийн орчимд Хүлэг-10-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “З” бааранд зодууллаа гэсэн дуудлага хүлээн авч улмаар 02 цаг 20 минутын орчимд очиход иргэн Анужингийн гомдлын дагуу уулзаж шалгахад иргэн Даваасүрэн нь иргэнийн биед халдсан үйлдэл гаргаж танхайрсан. Иргэн Анужинг зодсон гэх иргэн Б.Эг мөн Даваасүрэнгийн хамтаар Гүнт-120-д эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Дийн “...манай эхнэр найЗдтайгаа уулзаж “З” бааранд очсон байсан. Шөнө 02 цагийн орчимд манай эхнэр болох Болортуяа нь над руу залгаад “намайг З баарны эндээс ирээд авчих” гэж ярьсан. Би Дөлгөөний хамт тэндээс гарч Япон элчингийн тэндээс такси бариад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Хүүхдийн 100” тэнд явж очсон. Түшиг төвийн төлбөртэй зогсоолын тэнд цагдаа нар ирсэн, тэнд манай эхнэр байсан. Би очоод яагаад манай эхнэрийг түлхэж байгаа юм бэ гэж цагдаагийн алба хаагчтай муудалцсан... Тэр хоёр цагдаа хүчээр намайг машинд суулгаж, мөн Энхжин гээд манай эхнэрийн найзынх нь нөхрийг надтай хамт эрүүлжүүлэх байр руу авч явж хийсэн. Би Т.А гэх эмэгтэйг танихгүй. Түүнийг бусдад зодуулсан талаар мэдэхгүй, зодоон цохион болох үед би байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар 27-ны өдрийн №14583 дугаартай дүгнэлтэд “...1. Т.Агийн биед умдаг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Анужин гэх охиныг над руу хундага шидсэн гэж ойлгоод өшиглөж гэмтэл учруулсан. Би гэхдээ санаатайгаар өшиглөе гэж өшиглөөгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь тодорхойгүй шалтгааны улмаас хохирогч Т.Аг өшиглөсөн болохыг хохирогчоос тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Т.Агийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Эээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А, түүний хууль ёсны төлөөлөгч П.Хэрлэн-Ундрахаас “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Эг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Э нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Эд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.Э танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН