Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 148

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Н.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Монгол овогт Дамдинсүрэнгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625021963 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 41-185б тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, эрүүл, ухаан бүрэн, / РД: ХН 79022371/ Монгол овогт Дамдинсүрэнгийн Отгонбаяр нь:

- 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Баярмагнайг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Баярмагнай хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өглөө Д.Отгонбаяртай 11 цаг өнгөрч байхад тааралдсан. Д.Отгонбаяр ярихдаа “ 100.000 төгрөгөө авахаар явж байна. Мөнгөө авчихаад Хаан зочид буудалд 60.000 төгрөгний өрөө өгчихөөд 40.000 төгрөгөөр нь ууж иднэ. Мөнгөө авчихаад уулзъя “ гээд салсан. Тэгээд үдээс хойш нөхөртэйгээ явж байтал нөхрийн танил тааралдаад юм яриад зогсохоор нь би түрүүлээд алхаад явж байтал 33 дугаар байрны урд Д.Отгонбаяр шонгийн нүх ухаад зогсож байсан. Би очоод “ Чи 100.000 төгрөгөө авсан уу? ” гэж асуухад “ Чамд хамаагүй шүү. Пизда минь “ гэхээр нь би “ Чи өөрөө өглөө мөнгөө аваад уулзъя гээд байсан биз дээ ” гэтэл “ Чамд хамаагүй шүү. Юу гээд байгаа юм “ гээд газар ухаж байсан лоомоороо миний хөлөнд цохьсон. Тэгээд би “ Чи юун сүртэй юм бэ. Чи өөрөө л эхлээд мөнгө авахаараа уулзъя гээд байсан биз дээ “ гэтэл дахиад хүрч ирээд лоомоороо мөн хөл болон ташаа орчимд цохьсон. Намайг ямар ч шалтгаангүй цохиж гэмтээсэнд гомдолтой байна гэжээ. / хх 9-10 /  

 

 Гэрч Н.Ганзориг хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 34 дүгээр байрны хажуу талын махны дэлгүүрийн үүдэнд саравч бариад байж байсан. Тэгтэл Д.Отгонбаяр хүрч ирээд “ Танд би туслая “ гээд надад шонгийн нүх ухаж өгсөн юм. Тэгтэл 100 айлд архи уугаад яваад байдаг хулх Очирын эхнэр нь хүрч ирээд Д.Отгонбаярын араас нь өшиглөөд “ Банк руугаа яваач “ гээд толгой руу нь гараараа цохьсон. Тэгтэл Д.Отгонбаяр уурлаад газар ухаж байсан турбагаар хөл рүү нь цохьсон. Тэгтэл нөгөө эмэгтэй “ Би чамайг цагдаад өгч мөнгө чамаас авна даа “ гээд хашгираад байсан. Тэгтэл Д.Отгонбаяр зугтаагаад яваад өгсөн гэжээ.  / хх 12 /

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10006 тоот дүгнэлтэнд: 

1. Ч.Баярмагнайгийн биед шилбэ тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 16 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 24 /

 

           Шүүгдэгч Д.Отгонбаярыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр / хх 20-21 /,  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-23 /  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаяр мэдүүлэхдээ: Тухайн өдөр би эрүүл байсан. Би тухайн үед араас өшиглөөд толгой руу цохихоор нь гэмтэл учруулсан. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

 Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Баярмагнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож,  бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд:  … Д.Отгонбаяр шонгийн нүх ухаад зогсож байхаар нь би очоод “ Чи 100.000 төгрөгөө авсан уу? “ гэж асуухад “ Чамд хамаагүй шүү. Пизда минь гээд газар ухаж байсан лоомоороо миний хөлөнд цохьсон гэж хэрэг бүртгэлтийн явцад хохирогч Ч.Баярмагнайгийн мэдүүлэг / хх 9-10 /, Д.Отгонбаяр шонгийн нүх ухаж байтал Очирын эхнэр нь хүрч ирээд Д.Отгонбаярын араас нь өшиглөөд банк руугаа яваач гээд толгой руу нь гараараа цохьсон. Тэгтэл Д.Отгонбаяр уурлаад газар ухаж байсан турбагаар хөл рүү нь цохьсон гэж хэрэг бүртгэлтийн явцад гэрч Н.Ганзоригийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 12 /, …Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10006 тоот дүгнэлт зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Отгонбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Дамдинсүрэнгийн Отгонбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

2. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, Д.Отгонбаяр нь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярын цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

4. Д.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ