Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 37

 

Д.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн давж заалдах гомдлоор Д.Г-д холбогдох 1928000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Айфронтэр ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод  оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Г  нь  2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замын оочирт Х.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Д.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Г эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 1820000  төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн “Ай фронтиер” ХХК-иас авах ёстой цалинг эмчилгээнд зарцуулсан гэх 1090798 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б-д буцаан олгож, шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О давж заалдах гомдолдоо: “Хятадад эмчилгээнд орсон миний цалингийн 2824 юань буюу 1090798 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хохирогч Б гомдлоо илэрхийлсэн.

Эмчилгээнд 2824 юань буюу 1.090.798 төгрөгийг өөрөөсөө өгсөн ба компани нь таван сарын цалингийн үлдэгдлээс эмнэлэгт өгснийг Х.Б хүлээн зөвшөөрч эмчилгээгээ яаралтай хийлгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8-р заалтын... 1090798 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж шүүгдэгч Д.Г-ээс 1090798 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгуулж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Д.Г-ийн зүгээс цалингаас нь суутгаж эмчилгээний зардалд төлсөн байдаг. Х.Б-ийн эмчилгээнд төлсөн мөнгө нь Д.Г-ийн цалингаас гарсан зардал байгаа. Х.Б-ийн цалингаас гарсан үгүй нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д зааснаар тухайн гэмт хэрэгт учирсан хохирол, хор уршгийн хэмжээгээр хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хор уршгийг арилгах зардлыг мөнгөн дүнгээ илэрхийлэх хэмжээгээр шүүх гэмт хэргийн хохирлын хор уршгийг тодорхойлно гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, саналдаа: Миний бие анхан шатны шүүх хохирол төлбөрийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон талаар гомдол гаргасан.  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Энжина хошууны эмнэлэгт 6 хоног хохирогч Х.Б хэвтэж эмчилгээ хийлгэсэн баримт, орчуулгын хамт хэрэгт хавсаргагдсан. Х.Б нь 24-ний өдөр гэмтэл аваад 25-ны өдөр эмчилгээ хийлгэхдээ эхний ээлжинд 5000 юанийг байрлуулаад 6 хоног эмчлүүлээд одоо Улаанбаатар хотод эмнэлгийн чөлөөтэй хэвтэж байгаа. Тухайн гэмтэл авсан даруйд нь Ч.Б гэдэг хүн Х.Б-ийг 25-ны өдөр Хятад улсын Далайхүүгийн эмнэлэгт авчирч хэвтүүлж эмчилгээг нь хийлгүүлсэн. Тэгээд эмнэлгээс 5000 юань байршуул гэсэн. Х.Б-ийн цалин нь 2824 юань буюу 1 090 798 төгрөг болдог. Иймд үлдэгдэл мөнгийг нь Х.Б-ийн ээж Лхамсүрэнгээс  утсаар яриад 800 000 төгрөгийг Ч.Б гэдэг хүний дансанд шилжүүлж өгсөн. Ингээд нийт 5000 юань болсон байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эмчилгээндээ зарцуулсан 1 090 798 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тус 5000 юанийг төлсөн баримт хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд ягаан баримт мөн түүнийг орчуулсан баримт байгаа. Х.Б-ийн эмчилгээний зардлыг төлсөн гэдэг нь баримтан дээр харагдаж байгаа тул энэхүү хохирол төлбөрийг холбогдогч Д.Г-ээс гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байгаа  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.О-ийн бичсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Г  нь  2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замын оочерт Х.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Бат-Эрдэнийн /хх-7-8/, гэрч Ц.Ч /хх-9/, Д.Ж /хх-11/, Б.С /хх-12/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-16/, хохирогч Х.Б-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-39-40/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж  анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замын оочирт Х.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Д.Г-д оногдуулсан торгох ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Г-ийн үйлдэл, үр дагаврын улмаас үүссэн хохирлыг хуулинд зааснаар гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б нь эмчилгээ хийлгэхэд 5000 юанийн зардал гаргасан талаарх хятад хэлнээс орчуулсан Эжина хошууны ардын эмнэлгийн ор хоногийн барьцаа төлбөрийн баримт /хх-88-93/, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-60/44 дугаартай БНХАУ-ын юанийн ханшийн лавлагаа хэрэгт авагдсан /хх-100/  байх тул Д.Г-ээс дээрх эмчилгээний зардал 1090798 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.                     

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 13-р хороо, 4-р хэсгийн 35 тоотод оршин суух, /регистрийн дугаар РЮ95050350/ Харцагууд овгийн Дашмягмарын Гансүхээс 1090798 /нэг сая ерин мянга долоон зуун ерин найман/ төгрөгийг гаргуулан Х.Б олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтаас “бусдад төлөх төлбөргүй” гэснийг хассугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                     

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 Т.БЯМБАЖАВ